| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2020/0025/Э |
| Дугаар | 48 |
| Огноо | 2020-01-06 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Цэрэнжамц |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 48
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: Д.Хулан
улсын яллагч: Г.Цэрэнжамц
шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов :
шүүгдэгч: Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Бод холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906067262720 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т.Б,
Холбогдсон хэргийн талаар:
Т.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо АОС-ны 42-2 тоотод оршин суух Т.Дийг гэрээсээ найз охиноо гаргаж өгөөд орж ирэхэд нь гар утас, ХААН банкны 2 ширхэг виза карт, иргэний үнэмлэх зэргийг нууцаар хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар хулгайлан авч нийт 519.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Т.Дд хэлээгүй авч гарсан зүйл байхгүй. Би хохирогчийн эд зүйлийг гэрээс нь авч гараад Сансарт явж байхдаа өөртэй нь таараад “Найз нь хэд хоногоос өгнө. Миний найз гэрээс ороод авчхаарай. Найз нь хүнд байдалд орчихоод байна” гэж хэлсэн. Гэрээс ороод хэлээд авчих зүйл дээр заавал цагдаа сэргийлэх гэж явах шаардлага байгаагүй. гэв.
Шүүгдэгч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Т.Дийг гэрээс нь гарсан хойгуур Т.Дийн эзэмшлийн самсунг эс 8 плас болон утасны хойно кэйсэнд 2 ширхэг хаан банкны карт, 1 ширхэг иргэний үнэмлэх зэргийг нь Т.Дийн гэрээс авч гарч яваад Сансарт байрлах ломбарданд 190.000 төгрөгөөр тавиад 40.000-50.000 төгрөгийг өөрийнхөө хэрэглээнд үлдсэнийг нь хаан банкны цалингийн зээлэнд төлсөн. Би гар утсыг нь ломбарднаас буцаагаад аваад өгчихсөн, мөн бичиг баримт нь Т.Дд өгсөн байгаа, бичиг баримт нь манай гэрт байсан. Би учирсан хохирлоо бүгдийг нь барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-н 21-22/
Хохирогч Т.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тэгээд 19 цаг 40 минутын үед манай найз охин Ариука гэр рүүгээ явахаар болоод тэгээд би найз охиноо Чулуун овооны ойролцоо байдаг Номин худалдааны төвийн ойролцоо хүргэж өгсөн. Тэр хооронд Т.Б гэх нэртэй залуу яваад өгсөн байсан. Мөн миний гар утас, хаан банкны виза карт, иргэний үнэмлэх зэрэг зүйл алга болсон байсан...” гэх мэдүүлэг / хх-н 5-7/
Гэрч Н.Зундуймаа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 18-ны үед манай нэг таньдаг найз эмэгтэйтэй Хавдар судлалын үндэсний төв дотор манай хүү Буянтогтох таарсан байсан. Т.Б нь өмнө нь ходоодны шархтай эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж байсан. Гэр бүлийн хүмүүжил сайтай хүүхэд. Элдэв янзын муухай ааш араншин байхгүй. Өмнө нь ямар нэгэн байдлаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй. Т.Дийн иргэний үнэмлэх болон хаан банкны 2 ширхэг виза карт манай гэрээс олдсон. Харин би өөрийн нөхөр С.Хаянхярваатай хамт Т.Дийн “Samsung galaxy S8 plus” маркийн гар утсыг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сансрын үйлчилгээний төвийн ойролцоо байрлах Андууд гэх нэртэй ломбарданд очиж 203.000 төгрөг тушааж байж авсан. 12 дугаар сарын 10-ны өдөр 14:00 цагийн үед гэрт ирчихээд тэр өдрийнхөө орой гараад явсан байсан, нөхөр бид хоёр ажлаас ирэхэд гэрт байхгүй байсан. 10-ны орой гэртээ ирээд залгахад 13 дугаар хороололд хүүхэдтэй уулзчихаад очьё гэж хэлсэн, тэр өдрөө ирээгүй, маргааш нь буюу 11-ний өдөр ажилтай гэж хэлсэн, 5 дугаар сургуулийн ард талд Сан хотел гэр нэртэй зочид буудалд ээлжийн ажил хийдэг гэж надад хэлсэн, би яг очиж үзээгүй, хаана байдаг талаар мэдэхгүй байна. 10-ны шөнө утас нь холбогдохгүй өнөөдрийг хүрч байна, одоо гэртээ ирээгүй байна, өнөөдөр 14:00 цагийн үед миний чатруу ээжээ ажил дээр байна, ээлжийн хүн ирээгүй байна, маргааш цагдаа дээр яваад очъё гээд байцаагчид хэлээд өгөөч, миний гар утас цэнэггүй байна гэж хэлсэн. 2019 оны 6 дугаар сараас хойш нэг гарахаараа 5-6 хоног гараад сураггүй алга болчихоод байгаа, хааяа нэг чатаар холбогдоод байдаг, ирээд бариач гэж хэлэхээр ааваас айж байна, аавын царайг яаж харах юм гээд байдаг. Нийлдэг найз нөхдийг нь мэдэхгүй байна, сүүлийн үед буруу хүмүүстэй нийлээд байж магадгүй гэж хардаж байна...” гэх мэдүүлэг / хх-н 12-13, 23-24/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол/ хх-н 14/
Тод үнэлгээ ХХК-ны эд зүйлийн үнэлгээний тодорхойлолт /хх-н 15/
Эд зүйлийн үнэлгээ танилцуулсан тэмдэглэл/ хх-н 16-17/
Т.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 28/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 29 /, мэргэжлийн боловсролын үнэмэлхийн хуулбар / хх-н 30-31
Т.Бод Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 18/, прокурорын тогтоол /хх-н 19-20/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 21-22/
Т.Бод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 26-27/ зэрэг болно.
Т.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо АОС-ны 42-2 тоотод оршин суух Т.Дийг гэрээсээ найз охиноо гаргаж өгөхөөр явсан хойгуур гар утас, ХААН банкны 2 ширхэг виза карт, иргэний үнэмлэх зэргийг нууцаар хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар хулгайлан авч нийт 519.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:
Хохирогч Т.Дийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: Т.Б гэх нэртэй залуу яваад өгсөн байсан. Мөн миний гар утас, хаан банкны виза карт, иргэний үнэмлэх зэрэг зүйл алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг,
Тод үнэлгээ ХХК-ны эд зүйлийн тодорхойлолтод: samsyng galaxy s8plus гар утас -450.000 төгрөг, ХААН банкны виза карт- 20.000 төгрөг, иргэний үнэмлэх – 49.500 төгрөг гэж тус тус үнэлжээ./ хх-н 15/
Гэрч Н.Зундуймаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Т.Дийн иргэний үнэмлэх болон хаан банкны 2 ширхэг виза карт манай гэрээс олдсон. Би өөрийн нөхөр С.Хаянхярваатай хамт Т.Дийн “Samsung galaxy S8 plus” маркийн гар утсыг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сансрын үйлчилгээний төвийн ойролцоо байрлах Андууд гэх нэртэй ломбарданд очиж 203.000 төгрөг тушааж байж авсан гэсэнмэдүүлэг / хх-н 12-13, 23-24/
Шүүгдэгч Т.Бын мөрдөн шалгах ажиллагааны өгсөн ...Т.Дийг гэрээс нь гарсан хойгуур Т.Дийн эзэмшлийн самсунг эс 8 плас болон утасны хойно кэйсэнд 2 ширхэг хаан банкны карт, 1 ширхэг иргэний үнэмлэх зэргийг нь Т.Дийн гэрээс авч гарч яваад Сансарт байрлах ломбарданд 190.000 төгрөгөөр тавиад 40.000-50.000 төгрөгийг өөрийнхөө хэрэглээнд үлдсэнийг нь хаан банкны цалингийн зээлэнд төлсөн. Би гар утсыг нь ломбарднаас буцаагаад аваад өгчихсөн, мөн бичиг баримт нь Т.Дд өгсөн байгаа, бичиг баримт нь манай гэрт байсан. Би учирсан хохирлоо бүгдийг нь барагдуулсан гэсэн мэдүүлэг зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Т.Б нь Т.Дийн гэрт байж байгаад мөнгө олох зорилгоор Т.Дийг найз охиноо унаанд суулгаж өгөх гээд гарсаны дараа түүний гар утсыг / гар утасны кейс дотор иргэний үнэмлэх, виза карт зэрэг байсан байна/авч явсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай тогтоогдож байна.
Иймд Т.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр,нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь хохирогч Т.Дийн эд зүйлсийг буцаан өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэргийн улмаас Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгч Т.Бод ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдплбг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээгээр нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Т.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр,нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Быг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Т.Б нь нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Т.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.