| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шарын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 147/2016/00369/И |
| Дугаар | 380 |
| Огноо | 2016-11-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 380
Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан иргэний шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймаг Баруун-Урт сум 6 дугаар баг Далангийн 9-10 тоотод оршин суух Боржигон овогт Лувсанбалдангийн Отгончимэг
Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлт ирүүлснийг 2016.10.17-нд хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ, хүсэлт гаргагч Л.Отгончимэг нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Боржигон овогт Лувсанбалдангийн Отгончимэг шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтдээ: Би 1983 оноос 1991 оныг хүртэл Хотын худалдааны тресстэд бэлтгэгч, тогооч, үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан юм. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл орсон гарсан тушаалаа олж ир гэсэн юм. Гэтэл миний орсон гарсан тушаал олдохгүй байгаагаас гадна хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул аймгийн архиваас ажиллаж байсан үеийнхээ цалинг түүвэрлэн авлаа. Би яг хэдэн оны хэдэн сард нь бэлтгэгч, тогтооч, үйлчлэгчээр ажиллаж байсан талаараа бол хэлж мэдэхгүй байна. Харин тасралтгүй ажиллаж байсан нь үнэн юм. Иймд миний ажиллаж байсан 1983-1991 онуудыг тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлтийг ханган шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.
Боржигон овогт Лувсанбалдангийн Отгончимэг нь 1983.09.01-нээс 1991.07.01 хүртэл, Сүхбаатар аймгийн Баруун –Урт хотын Худалдааны тресстэд бэлтгэгч, тогооч, үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь аймгийн Архивын тасгийн 2016.07.20-ны өдрийн 178/15 тоот лавлагаагаар нотлогдож байгаагаас гадна тухайн үед хамт ажиллаж байсан гэрч М.Бадамсүрэнгийн шүүхэд өгсөн “ . . . Л. Отгончимэг нь 1981 онд ТМС төгсөж ирээд 1982-1989 онуудад Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын Худалдааны тресстийн нийтийн хоолны газарт бэлтгэгч угаагч тогооч зэрэг ажлуудыг хийж байсан. Харин гарсан оныг бол нарийн сайн мэдэхгүй байна. Нилээд удаан л ажилласан юм. Би Баруун-Урт хотын тресстэд касс, бэлтгэгч тогооч зэрэг ажлуудыг 1979-1989 онуудад хийж байсан. Хамт ажиллаж байсан болохоор ажиллаж байсан талаар нь сайн мэднэ, гэрч Г.Цэндсүрэнгийн шүүхэд өгсөн “. . . Л. Отгончимэг нь 1983-1991 онуудад Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын худалдааны тресстийн 1, 3 дугаар гуанзуудад бэлтгэгч, тогооч зэрэг ажлуудыг хийж байсан. Би гуанзны эрхлэгч, хоолны мэргэжилтэн, тогооч зэрэг ажлуудыг 1966-1992 онуудад хийж байсан. Би гуанзны эрхлэгч нь байсан болохоор Л.Отгончимэгийн ажиллаж байсан талаар сайн мэднэ” гэх мэдүүлгүүдээр Л.Отгончимэгийн ажиллаж байсан нь нотлогдож байх тул ажилласан байдлыг тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Л.Отгончимэгийг улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төлөхөөс чөлөөлсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Лувсанбалдангийн Отгончимэг нь 1983.09.01-нээс 1991.07.01 оныг хүртэл, Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын Худалдааны тресстэд үйлчлэгч, бэлтгэгч, тогоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д заасныг баримтлан Л.Отгончимэгийг улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч Л.Отгончимэг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ