Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 400

 


Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд   нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар: 

Хүсэлт гаргагч Сүхбаатар аймаг Асгат сумын 2 дугаар баг Дугуйн говь гэдэг газарт нутаглах Зээрднүүд овогт Лхасүрэнгийн Энхтуяа

“ Ажиллаж байсан байдал тогтоолгох”  тухай хүсэлт ирүүлснийг 2016.11.11-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ, нэхэмжлэгч Л.Энхтуяа нарыг оролцуулав.
                
ТОДОРХОЙЛОХ нь: 

 Нэхэмжлэгч Л.Энхтуяа шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би  1981 оноос 1994  оныг хүртэл Сүхбаатар аймгийн Асгат сумын Дөхөм бригадад мал маллаж байсан. Одоо ч мал маллаж байгаа. Анх аав ээжийнхээ хамт зундаа үнээ сааж, бусад үед нь төл бойжуулах ажил хийж байгаад  1983 онд хүнтэй суугаад өрх тусгаарлаж бид тэмээ хариулах болсон. Тэгээд нэгдэл тартал мал маллаж байгаад нэгдэл тарсны дараа Соёмбо ББХК-д малчнаар 1995 оныг хүртэл ажилласан юм. Иймд 1981-1994 оныг хүртэл ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв. 
ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлтийн зарим хэсгийг ханган шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

Зээрднүүд овогт Лхасүрэнгийн Энхтуяа нь 1983.09.01-ээс 1991 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Асгат сумын Соёмбо нэгдэлд малчнаар, 1991-1995 оныг хүртэл Асгат сумын Соёмбо ББХК-д малчнаар ажиллаж байсан болох нь аймгийн Архивын тасгийн 2016.11.09-ны өдрийн 259/15 тоот лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргээс гадна гэрч С.Мажигсүрэнгийн шүүхэд өгсөн  ” . . . Л.Энхтуяа нь 1980 онд ТМС төгсөж ирээд 1981 оноос Асгат сумын Соёмбо нэгдлийн Дөхөм бригадад малчнаар ажилд орж байсан. Л.Энхтуяа нь 1981-1991 онуудад нэгдэлд саальчин, малчнаар, 1992-1994 онуудад Соёмбо компанид малчнаар ажиллаж байсан. Би Асгат сумын Соёмбо нэгдэлд 1958-1991 оныг хүртэл тоо бүртгэгч, бригадын дарга, нэгдлийн хянан байцаах комиссын дарга, тооцооны ня-бо , нэгдлийн эдийн засагч, сүү тосны заводын эрхлэгч зэрэг ажлуудыг хийж байсан учир Л.Энхтуяаг тасралтгүй ажиллаж байсныг сайн мэднэ гэх, гэрч Ж.Ганбаатарын “. . .Л.Энхтуяа нь 1981-1991 оныг хүртэл  Сүхбаатар аймгийн Асгат сумын Соёмбо нэгдлийн Дөхөм бригадад малчнаар, 1991-1994 онуудад Соёмбо компанид малчнаар тасралтгүй ажилласан. Би Асгат сумын Соёмбо нэгдэлд 1978-1990 оныг хүртэл малын эмч, зоо техникчээр ажиллаж байсан. Бид нэг нэгдэлд олон жил хамт ажилласан болохоор ажиллаж байсан талаар нь сайн мэдэж байна” гэсэн мэдүүлгүүдээр  нотлогдож байх тул ажилласан байдлыг тогтоох боломжтой байна.

Харин Л.Энхтуяаг 1981 оноос 1983.09.03-ыг хүртэл ажиллаж байсан талаар нь хангалттай нотлох баримт байхгүй байгаа учир эдгээр онуудад ажиллаж байсан болохыг энэ удаад тогтоох боломжгүй байна.

Нэхэмжлэгч Л.Энхтуяагийн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Зээрднүүд овогт Лхасүрэнгийн Энхтуяаг 1983.09.01-ээс 1991 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Асгат сумын Соёмбо нэгдэлд малчнаар, 1991-1995 оныг хүртэл Асгат сумын Соёмбо ББХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Энхтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Энхтуяа шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.                        

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ш.ОЮУНГЭРЭЛ