Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 116

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,

улсын яллагч С.Мөнхгэрэл,

шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг,

шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Б.Тэнгис нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.Бт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Мд тус бүр холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1902007200308 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.М,

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ч.Б,

Холбогдсон хэргийн талаар:

Ч.Б нь М.Мтой бүлэглэн гэмт хэрэгт хамтран оролцож 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 44/1 дүгээр байрны 31 тоотод Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай уутны хамт 0,3 грамм жинтэй шавар мэт мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар М.Моос авч биедээ хадгалсан,

М.М нь Ч.Бтай бүлэглэн гэмт хэрэгт хамтран оролцож 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 44/1 дүгээр байрны 31 тоотод Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай уутны хамт 1,9 кг жинтэй өвс мэт мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч хадгалсан, Ч.Бт өгч түүнийг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

Шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2019 оны 09 сарын эхээр Борнуураас Улаанбаатар хот руу ирж байхдаа нэг хүн машиных нь дугуй нь хагарчихсан гээд нэг хүн байхаар нь би запас дугуйгаа өгсөн. Тэгээд Урьхан дээр дугуй засвар ороод надад миний дугуйг өгөхөөр тохиролцсон байсан. Би өмнө хүнд ингэж дугуйгаа өгөөд хууртаж байсан учраас ямар нэгэн барьцаа болгож юм өг гэхэд тэр хүн надад нэг цоожтой үнэтэй хар цүнх өгсөн. Би энэ дотор юу байгаа юм бэ гэсэн чинь хэрэгтэй юм байгаа онгойлгоод яах вэ гэж хэлсэн. Тэгээд би Урьхан дээр очоод хүлээж байгаад ирэхгүй байхаар нь ирэхгүй болохоор нь над руу залгах байх гэж бодоод ажилтай байсан учраас явчихсан. Би тэр хүний дугаарыг мэдэхгүй миний дугаарыг тэмдэглэж авсан. Тэр хүний гар утасны цэнэг дуусчихсан гээд Урьхан дээр ирээд цэнэглээд над руу залгана гэж тохиролцсон. Би тэр хүмүүсийг хүлээгээд ирэхгүй болохоор нь гэр рүүгээ явсан. 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр цүнхийг нь оруулж ирээд тавьчихсан байсан. Тэгээд тэрнээс хойш 10 хоногийн дараа өмхий үнэртээд байхаар нь онгойлгоод харахад өвс, савтай байсан. Би хараад л юу болохыг нь мэдсэн. Тэгээд би илжирсэн хэсгийг нь хаяад хатсан хэсгийг нь аваад үлдсэн. Би өмнө нь Нэшнл жиграфик /National geographic/ сувгаар үзэж байсан учраас Юүтүб /Youtube/-ээс хайгаад мэдээллийг нь хайгаад сайн лавлаж мэдсэн. Хатаасан өвсөө интернетэд байсан мэдээллээр өвсийг шавар болгох гэж үзээд бүтэлгүйтсэн. Маш бага хэсгийг нь шавар болгож авсан. Тэгээд тэрнээс хойг 2 долоон хоногийн дараа Ч.Б манайд ирэхээр  нь би ийм зүйл байдаг юм байна гэж сонирхуулж харуулсан. Би тэр зүйлийг 2-3 удаа хэрэглэсэн. Эхний 2 удаа хэрэглэхэд толгой эргэж бөөлжиж байсан. Ч.Быг ирдэг өдөр хэрэглэхэд толгой эргээгүй. Тэгээд Ч.Б 3 хоногийн дараа манайд дахин ирээд Ч.Б компьютер тоголж байсан би зурагт үзээд эхнэртэйгээ байж байтал гаднаас хаалга тогшоод манай эхнэр хаалга онгойлгоход цагдаа нар орж ирсэн. Тэгээд намайг баривчилсан. Би байгаа бүх зүйлээ гаргаж өгсөн. Би нуугаагүй байсан тагтан дээр ил байсан. Гаргаж өгсөн өвсний зургийг аваад баримтжуулаад аваад явсан. Тэгээд хорих 461 дүгээр ангид 36 цаг хоригдоод гарч ирсэн. Би Ч.Бт өөрөө өгөөгүй Ч.Б ширээн дээр ил байсан өвсийг надад хэлэлгүйгээр авсан байсан гэв.

Шүүгдэгч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 09 дүгээр сарын 30-наас 2019 оны 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө би найз М.Мын гэрт байж байгаад баригдаж явсан М.Мын гэрт очоод компьютер тоглоом тоголсон. Би 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр эхлээд М.Мын гэрт очиж нэг удаа шавар гэх зүйлийг хэрэглэж үзсэн. Тэр зүйлийг мөнгөн цаасан дээр шатаасан. Тэгээд хайлж утаа гарахаар нь сорсон. Яг тухайн үед намайг хэрэглэхэд миний биед огт нөлөөлөөгүй. Би дараа нь дахиж хэрэглэж үзье гэж бодоод нэг хэрэглэж хэмжээтэй аваад утсан дээрээ наачихсан. Тэгээд 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш дахин хэрэглээгүй. Тэгээд би 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ажлаа тараад М.Мын гэрт очсон. Намайг очсоноос хойш 3 цагийн дараа цагдаа нар орж ирсэн. Хүмүүс орж ирж байна гэж сандраад ширээн дээр байсан утааг нь сордог байсан ороосон мөнгөнөөс нь аваад халаасандаа хийчихсэн. Цагдаа нар орж ирээд миний утсыг шалгаж миний утсан дээр  наасан байсан шаврыг гаргаж ирсэн. Тэгээд цагдаагийн газарт очиж мэдүүлэг өгөөд хэргээ хүлээгээд хорих 461 дүгээр ангид 36 цаг хоригдсон гэв.

Шүүгдэгч М.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: ...Би 2019 оны 09-р сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Төв аймгийн Борнуур суманд очиж машин үзчихээд хот руу буцаад явж байсан. Би тухайн үед аавынхаа Волксвагены машинтай ганцаараа явж байсан. Тэгээд би Урьхан цайны газар дөхөөд явж байтал зам дээр Королла маркийн машинтай 3 залуу зогсож байсан. Тэгээд би орой болсон болохоор зогсохгүй гэж бодоод тойроод гарах гэсэн чинь нэг эрэгтэй нь мөргүүлэх шахам гүйж ирээд миний машины урдуур орж намайг зогсоосон. Тэгээд миний машины запас дугуйг гуйгаад 2 дугуй хагарчихлаа гээд байсан. Тэгэхээр нь би зөвшөөрөөд дугуйгаа өгтөл надад барьцаанд нь түгжээтэй хар өнгийн спорт цүнхтэй эд зүйл өгсөн. Надад уг цүнхэн дотор юу байсныг хэлээгүй бөгөөд хэрэгтэй юм байгаа шүү гэж хэлсэн. Тэгээд бид нар 2 машинтайгаа бөөнөөрөө хөдлөөд би урд нь явж байтал нөгөө хэд араас машинтайгаа явж байгаад алга болсон. Тэгээд би 61-ийн гарам дээр баахан хүлээж байгаад ирэхгүй болохоор нь гэртээ харьсан. Гэртээ хариад нөгөө цүнхтэй юмыг гэртээ оруулчихаад хэд хоногийн дараа өмхий үнэртээд байхаар нь нээж үзтэл “өвс” байсан. Сүүлдээ өмхий үнэртээд байхаар нь би цүнхнээс нь гаргаж хатаасан. Тэр үедээ “өвс” гэдгийг нь мэдээд сонирхоод хэрэглэж үзсэн. Тэгээд би интернэтээс өвсний талаар нилээн их судалсан. Тэгэхэд “шавар” гэж зүйлийн талаар гарч ирсэн ба би бичлэгийг нь үзэж байгаад уг “өвс” гэх бодисноос “шавар” хийж гаргаж авсан. Би гэртээ байсан хүрэн өнгийн шилэн аяганд газаар ууршуулж шахаж байгаад шавар гаргаж авсан. Тэгтэл яг өдрийг нь санахгүй байна, баригдахаас 2 хоногийн өмнө манай найз Б манай гэрт ирэхээр нь би энэ тухай хэлээд Б бид 2 манай гэрт хэрэглэж үзсэн. Тухайн үед манай эхнэр гэртээ байхгүй байсан. Эхнэр жирэмсэн болохоор би энэ тухай эхнэрээс нуусан. Тэгээд 2019 оны 09-р сарын 30-наас 10-р сарын 01-нд шилжих шөнө Б манай гэрт дахиж ирээд бид 2 нөгөө шавар, өвснөөс дахиад хэрэглэж байгаад баригдсан. Харин Б надад хэрэглэхгүйгээр “шавар” тасдаж авсан байсан. Дараа нь Б “шавар” авчихсан гэдгээ хэлэхээр нь за за чи ав гээд би өгсөн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 116-117-р тал/,

Шүүгдэгч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: ...Би хэрэг гарахаас өмнө 2-3 хоногийн өмнө өөрийн найз М.Мын Баянзүрх дүүргийн 4-р хороонд байрлах Американ дэнж хотхоны 44/1 дүгээр байрны 31 тоот гэрт найзтайгаа уулзах зорилгор очсон. Тэгээд тэр өдөр гэрт нь орсон чинь ширээн дээр нь “шавар” мэт зүйл ил байхаар нь би энэ юу юм гэж асуугаад үнэртэж үзтэл М.М “шавар” гээд “өвс”-ний төрлийн бодис байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би сонирхоод тэр “шавар” гэх бодисноос нь анх удаа хэрэглэж үзсэн. Би хэрэглэх аргыг нь М.Моор заалгуулаад мөнгөлөг цаасан дээр шатааж утааг нь сорсон. Тухайн үед надад ямар нэгэн мэдрэмж төрөөгүй. Тэгээд би гэрээс нь гарч явахдаа нөгөө “шавар” гэх бодисноос дараа хэрэглэж үзэх зорилгоор бага зэргийг авч гар утасныхаа арын хэсэгт наасан. Тэгээд би харихаар болоод гэр рүүгээ явсан. Харин дараа нь хэрэг гардаг өдөр буюу 2019 оны 09-р сарын 30-наас 10-р сарын 01-нд шилжих шөнө ажлаа тараад М.Мын гэрт дахиад очиж “Дота” гэх тоглоом тоглоод сууж байтал хаалга тогшсон. Тэгээд М.Мын найз охин хаалга онгойлготол энгийн хувцастай цагдаа нар ороод ирсэн. Тэгэхээр нь би сандарсандаа ширээн дээр байсан 10, 20 төгрөгийн хуйлсан байсан дэвсгэртүүдийг аваад халаасандаа хийчихсэн юм. Би гар утасныхаа ар талд наасан “шавар” гэх бодисноос хэрэглэх гэж байсан боловч мартсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 121-р тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-14-р тал/,    

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: М.Мын биед хийсэн үзлэг/ хх-ийн 15-17-р тал/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: М Ч.Бын биед хийсэн үзлэг /хх-ийн 18-21-р тал/,

Биологийн дээж авч мансууруулах,сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлд: Ч.Бын биед хийсэн үзлэгийн талаар /хх-ийн 22-23-р тал/,

Хүний биеэс биологийн дээж авч мансууруулах,сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлд: М.Мын биед хийсэн үзлэгийн талаар /хх-ийн 24-25-р тал/,

Ч.Чинзоригийн Самсунг галакси НӨТ-3 маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 29-33-р тал/,

Шинжилгээнээс буцаан ирүүлсэн эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 34-р тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол: /хх-ийн 37-р тал/, Эрүүгийн 109200720 дугаартай хэрэгт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Американ дэнж 44/1 дүгээр байрны 31 тоотод үзлэг хийх явцад хураагдсан хар өнгийн спорт цүнх нэг ширхэг, хар өнгийн үүргэвчин цүнх 1 ширхэг, 61 гэж дугаарласан хүрэн өнгийн шилэн аяга,62 гэж дугаарласан пртетка нэг ширхэг, АЕ97278888 серийн дугаартай хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт,АG 9010317 серийн дугаартай хуйлсан 20 төгрөгийн дэвсгэрт,63 гэж дугаарласан цагаан өнгийн гялгар уут бүхий 86,3 грамм ургамал, 64 гэж дугаарласан цэнхэр өнгийн гялгар уут бүхий 514,5 грамм ургамал, 60 гэж дугаарласан хар өнгийн гялгар уут бүхий 1338,3 грамм ургамал, Ч.Бын биед үзлэг хийх явцад хураагдсан 66 гэж дугаарласан зип лок түгжээ бүхий гялгар уутны хам 0,3 грамм шавар гэх мансууруулах бодис, Ч.Бын Самсунг галакси нөт-3 маркийн гар утас зэрэг эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцсугай гэжээ.

          Гэрч Ч.Анхбаяр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: ...Би Ч.Бын төрсөн эгч нь байгаа юм. Б нь одоо Баянзүрх дүүргийн 15-р хороонд байрлах 15-р хорооллын 2-р байрны 28 тоотод Чинзориг болон миний хамт амьдардаг. Манай дүү Б нь үг дуу цөөтэй, дотогшоо хүүхэд байгаа юм. Ичимхий, аливаа юмыг сурахдаа хурдан, эелдэг, даруу төлөв зантай...гэх мэдүүлэг /хх-ийн 38-р тал/,

          Гэрч Д.Батмаа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: ...Энэ талаар надад мэдэх зүйл үнэндээ байхгүй. Би одоо 4 сартай жирэмсэн болохоор гэрээ байнга цэвэрлээд байж чаддаггүй. М.М балкон дээр тавьсан байсан болохоор надад мэдэх боломж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 39-р тал/,

          Гэрч Э.Цэрэндолгор мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: ...Миний мэдэхээр М.М ямар нэгэн муу зуршилгүй. Хааяа энгийн тамхи татдаг. Архи дарс уугаад байдаггүй...гэх мэдүүлэг /хх-ийн 40-р тал/,

2019.10.04-ний өдрийн 5516 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1. Шинжилгээнд “Б УХ91051035 2019.10.01” гэж хаягласан 100 мл орчим шээсийг хуванцар саванд хийн битүүмжлэн ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн “Б УХ91051035 2019.10.01” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /THC/ илэрсэн.

3. Тетрагидроканнабинол /THC/ НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно. Химийн лабораторийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Б.Ламчин гэх дүгнэлт /хх-ийн 41-42-р тал/,

Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 43-р тал/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 44, 48, 56-57-р тал/,

2019.10.04-ний өдрийн 5518 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1. Шинжилгээнд “М.М” гэж хаягласан 30 мл орчим шээсийг хуванцар саванд хийн битүүмжлэн ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн “М.М” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /THC/ илэрсэн.

3. Тетрагидроканнабинол /THC/ НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно. Химийн лабораторийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Б.Ламчин гэх дүгнэлт /хх-ийн 45-46-р тал/,

Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 47-р тал/,

2019.10.08-ны өдрийн 5525 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1. Шинжилгээнд ирүүлсэн хуйлсан АЕ7278888 серийн дугаартай Монгол Улсын 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, хуйлсан AG9010317 серийн дугаартай Монгол улсын 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, 60 гэж дугаарласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл /1340 грамм/, 61 гэж дугаарласан хүрэн өнгийн шилэн аяга, 62 гэж дугаарласан претка, 63 гэж дугаарласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл /87 грамм/, 64 гэж дугаарласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл /58 грамм/, 66 гэж дугаарласан шавар мэт зүйл /0,3557 грамм/ байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн хуйлсан АЕ7278888 серийн дугаартай Монгол Улсын 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, хуйлсан AG9010317 серийн дугаартай Монгол улсын 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, 60 гэж дугаарласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл, 61 гэж дугаарласан хүрэн өнгийн шилэн аяга, 62 гэж дугаарласан претка, 63 гэж дугаарласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл, 64 гэж дугаарласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл, 66 гэж дугаарласан шавар мэт зүйлд делта 9 тетрагидроканнабинол илэрсэн.

3. Делта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно. Химийн лабораторийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Б.Ламчин гэх дүгнэлт /хх-ийн 49-53-р тал/,

Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 54-55, 58-59-р тал/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт 1239:

1. М.М нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2. М.М нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

3. М.М нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

4. М.М нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. М.М нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

6. М.М нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна.

7. М.Мд сэтгэцийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

8. М.М нь мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна. Шинжээч О.Баатаржав, Я.Ганхүү, Д.Баттөр гэх дүгнэлт /хх-ийн 60-61-р тал/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт 1240:

1. Ч.Б нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2. Ч.Б нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

3. Ч.Б нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.

4. Ч.Б нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. Ч.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

6. Ч.Б нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна.

7. Ч.Б нь сэтгэцийн хувьд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

8. Ч.Б нь мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна. Шинжээч О.Баатаржав, Я.Ганхүү, Д.Баттөр гэх дүгнэлт /хх-ийн 62-63-р тал/,

Сэжигтэн Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: ...2019 оны 09-р сарын 30-ны орой 18:00 цагийн үед ажлаа тараад Американ дэнж хотхонд байдаг найз М.Мын гэрт очсон. М.Мынд очоод ПС тоглоом тоглосон. Тэгээд ПС тоглоом тоглож байтал цагдаа нар гаднаас ороод ирсэн. Харин өмнө нь М.Мынд уулзахдаа би өөрийнхөө Самсунг маркийн гар утасны арын хэсэгт бага зэрэг шавар тасдаж авсан байсан. М.М бид 2 М.Мын гэрт нь 3-4 хоногийн өмнө өвс гэх нэршилтэй мансууруулах бодис хэрэглэсэн. Харин өнөөдөр миний хувьд хэрэглээгүй. М.М хэрэглэсэн эсэхийг мэдэхгү байна...гэх мэдүүлэг /хх-ийн 64-р тал/,

Сэжигтэн М.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: ...тэгээд хотод орж ирээд хүлээтэл нөгөө залуучууд надтай холбогдоогүй болохоор нь уг цүнхтэй зүйлийг Баянзүрх дүүргийн 4-р хороонд  айрлах 44/1 дүгээр байрны 31 тоот гэртээ хадгалсан. Тэгээд 10 орчим хоногийн дараа тэр цүнхийг нь задалж үзтэл ялзарсан үнэр үнэртэж байсан. Тэгээд дотроос нь 2 ууттай өвс гарч ирсэн. Тэгээд би өвс гэдийг нь мэдээд сонирхоод хэрэглэж үзсэн. Мөн Youtube дээрээс өвсийг яаж хэрэглэдэг талаар аргуудыг сурч авсан. Тэгээд би 3-4 удаа уг өвснөөс хэрэглэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 65-66-р тал/,

Сэжигтэнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол / хх-н 68/Ч.Быг баривчлах тухай тогтоол,баривчлагдсан сэжигтнийг суллах тухай прокурорын тогтоол /хх-ийн 72-р тал/,

Сэжигтэнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 69-р тал/,

М.Мыг баривчлах тухай тогтоол, баривчлагдсан сэжигтнийг суллах тухай прокурорын тогтоол /хх-ийн 73-р тал/,

Ч.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 78-р тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 76-р тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91-р тал/,

Ч.Бт Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 113/, прокурорын тогтоол /хх-ийн 118/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 119-121-р тал/,

Ч.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 123-124-р тал/,

М.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 86-р тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 89-р тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90-р тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 94-97-р тал/, 

М.Мд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 113/, прокурорын тогтоол /хх-ийн 114-115/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 116-117-р тал/,

М.Мд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 122-126-р тал/ зэрэг болно.

Ч.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 44/1 дүгээр байрны 31 тоотод Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “ Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай уутны хамт 0,3 грамм жинтэй шавар мэт мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар М.Моос авч биедээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

М.М нь 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө хүртэлх хугацаанд гэртээ буюу Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 44/1 дүгээр байрны 31 тоотод Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “ Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай уутны хамт 1,9 кг жинтэй өвс мэт мансууруулах бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн эд мөрийн баримт, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Ч.Бт холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул, Ч.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

М.Мд холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг  худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Нийслэлийн прокурорын газраас Ч.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт,

М.Мд Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1-д заасан ямар үйлдэлд нь .Б, М.М нар нь хамтран оролцооод байгааг, 3.2 дугаар зүйлийн 1-д заасан Ч.Б, М.М нар нь аль үйлдэлдээ гэмт хэргийн гүйцэтгэгч болж байгааг, 3.4 дүгээр зүйлийн 1-д нь чухам аль үйлдэлд нь .Б, М.М нар нь хатгагч болж хамаараад байгааг тодорхой нотолж ирүүлээгүй тул еөрнхий ангийн зүйлийг журамлахгүйгээр  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Ч.Б, М.М нар нь энэ хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэргийн улмаас Ч.Б, М.М нарын  цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял эдлэсэн хугцаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн спорт цүнх нэг ширхэг, хар өнгийн үүргэвчин цүнх 1 ширхэг, 61 гэж дугаарласан хүрэн өнгийн шилэн аяга, 62 гэж дугаарласан пртетка нэг ширхэг, АЕ97278888 серийн дугаартай хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт,АG 9010317 серийн дугаартай хуйлсан 20 төгрөгийн дэвсгэрт, 63 гэж дугаарласан цагаан өнгийн гялгар уут бүхий 86,3 грамм ургамал, 64 гэж дугаарласан цэнхэр өнгийн гялгар уут бүхий 514,5 грамм ургамал, 60 гэж дугаарласан хар өнгийн гялгар уут бүхий 1338,3 грамм ургамал,Ч.Бын биед үзлэг хийх явцад хураагдсан 66 гэж дугаарласан зип лок түгжээ бүхий гялгар уутны хам 0,3 грамм шавар гэх мансууруулах бодис зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар устгуулахаар Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс,Баянзүрх,Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт даалгах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шүүх Ч.Б, М.М нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эгмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн прокурорын газраас Ч.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт,

М.Мд Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус өөрчилсүгэй.

2. Ч.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг  худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Мыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Быг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ч.Б, М.М нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснар Ч.Б, М.М нарын тус бүр цагдан хоригдсон 15 хоногийг ял эдлэсэн хугацаанд нь тус тус оруулан тооцсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн спорт цүнх нэг ширхэг, хар өнгийн үүргэвчин цүнх 1 ширхэг, 61 гэж дугаарласан хүрэн өнгийн шилэн аяга, 62 гэж дугаарласан притека нэг ширхэг, 63 гэж дугаарласан цагаан өнгийн гялгар уут бүхий 86,3 грамм ургамал, 64 гэж дугаарласан цэнхэр өнгийн гялгар уут бүхий 514,5 грамм ургамал, 60 гэж дугаарласан хар өнгийн гялгар уут бүхий 1338,3 грамм ургамал, Ч.Бын биед үзлэг хийх явцад хураагдсан 66 гэж дугаарласан зип лок түгжээ бүхий гялгар уутны хам 0,3 грамм шавар гэх мансууруулах бодис зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц утсгахыг Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж, Ч.Бын Самсунг галакси нөт-3 маркийн гар утсыг өөрт нь буцаан олгох, нэг ширхэг СД-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх, АЕ97278888 серийн дугаартай хуйлсан 10 төгрөгийн дэвсгэрт, АG 9010317 серийн дугаартай хуйлсан 20 төгрөгийн дэвсгэртүүдийг Монгол банкинд хүргүүлсүгэй.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  Ч.Б, М.М нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.Б, М.М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.