Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 428

 


Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэл би, Сүхбаатар аймаг Баруун-Урт сум, 3 дугаар багт байрлах Жавхлантсүх-Баатар ХХК-ны нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум 1 дүгээр баг, Амгалангийн 5-2 тоотод оршин суух, ЛЛ76021362 регистртэй, утас 88161494, Амбгайтан овогт Доржпаламын Түмэнбилэгт холбогдох 596.400 / таван зуун ерэн зургаан мянга дөрвөн зуу / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч Жавхлантсүх-Баатар ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Д.Түмэнбилэг нь Жавхлантсүх-Баатар ХХК-аас 2015.10.21-ний өдөр 2.066.400 төгрөгийн цахилгаан барааг 2015.11.30-ны өдөр эргэн төлөхөөр авсан. Үүнээс 2016.09.01-нд 1.470.000 төгрөгийг төлж, одоогийн үлдэгдэл 596.400 төгрөг байна. Төлөхийг удаа дараа шаардсан боловч төлнө гэсээр одоог хүрлээ. Иймд Д.Түмэнбилэгээс зээлээр авсан барааны үнэ 596.400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

   Хариуцагч Д.Түмэнбилэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Жавхлантсүх-Баатар ХХК-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие Жавхлант тавилгын дэлгүүрээс 2015 оны 10-р сард 2.066.400 төгрөгийг цахилгаан барааг зээлээр худалдан авч, 1.470.000 төгрөгийг төлж үлдэгдэл 596.400 төгрөгийг төлөөгүй байгаа нь үнэн. Үлдэгдэл 596.400 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тал хувийг төлнө гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Жавхлантсүх-Баатар ХХК нь хариуцагч Д.Түмэнбилэгээс 596.400 / таван зуун ерэн зургаан мянга дөрвөн зуу / төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Д.Түмэнбилэг нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 18.540 төгрөгийн 50 хувь болох 9270 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал  хувь болох 9270 төгрөгийг хариуцагч Д.Түмэнбилэгээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Жавхлантсүх-Баатар ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч Жавхлантсүх-Баатар ХХК-ны нэхэмжилсэн 596.400 / таван зуун ерэн зургаан мянга дөрвөн зуу /  төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Түмэнбилэгт төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 18.540 төгрөгийн 50 хувь болох 9270 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал  хувь болох 9270 төгрөгийг хариуцагч Д.Түмэнбилэгээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Жавхлантсүх-Баатар ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

4. Зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 


ШҮҮГЧ                            Ш.ОЮУНГЭРЭЛ