Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 118

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа,

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.Бд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906062790540 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Б,

           Холбогдсон хэргийн талаар:

            Б.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 16-ны оройн 21 цаг 50 минутын орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Цэцээ гүн дээд сургуулийн хойд талын зогсоол дээр Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах үндаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин согтуурсан үедээ “Тоёота Марк Х” маркийн 52-44 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож яваад мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зогсож байсан “Тоёота Приус” маркийн 39-27 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг араас нь мөргөж уг тээврийн хэрэгсэлийн жолооч У.Баярзулын эрүүл мэндэд хөнгөн, зорчигч Т.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... гэв.

- Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал,осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-12-р тал/,

- Хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, эд зүйлд үнэлгээ хийлгэх тухай тогтоол /хх-ийн 38-р тал/,

- Кости-Эстимэйт” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт /хх-ийн 34-37-р тал/,

- Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 39-40, 44-45, 60-62-р тал/,

- Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх-ийн 48-49-р тал/,

- Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11834 тоот шинжээчийн дүгнэлт:

1. У.Баярзулын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ө.Сарангэрэл гэх дүгнэлт /хх-ийн 42-р тал/,

- Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11835 тоот шинжээчийн дүгнэлт:

1. Т.Бийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ө.Сарангэрэл гэх дүгнэлт /хх-ийн 43-р тал/,

- Нэмэлт шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх-ийн 52-р тал/,

- 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1292 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1. Т.Бийн 2019.10.04-нд хийгдсэн бүтэн нурууны соронзон резонанст ТГ-н шинжилгээг шинжилгээнд тусгаж бичлээ.

2. Т.Бийн 2019.10.04-нд хийгдсэн бүтэн нурууны соронзон резонанст ТГ-н шинжилгээг шинжилгээнд тусгаснаар бүсэлхийн 5 ууцны 1-р нугаламын түвшин дэх жийргэвч мөгөөрсний сэмэрсэн бүрэн бус урагдалт нь 11835 дугаартай дүгнэлтийн гэмтлийн зэрэгт өөрчлөлт орж гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Шинжээч эмч Ө.Сарангэрэл гэх дүгнэлт /хх-ийн 50-51-р тал/,

- Нэмэлт шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх-ийн 57-р тал/,

- 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1293 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1. У.Баярзулын 2019.10.06-нд хийгдсэн тархины соронзон резонанст ТГ-н шинжилгээг шинжилгээнд тусгаж бичлээ.

2. У.Баярзулын 2019.10.06-нд хийгдсэн тархины соронзон резонанст ТГ-н шинжилгээг шинжилгээнд тусгаснаар 11834 дугаартай дүгнэлтийн гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохооргүй байна. Шинжээч эмч Ө.Сарангэрэл гэх дүгнэлт /хх-ийн 55-56-р тал/,

- Зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 69-74-р тал/,

- Хохирогч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: ...2019 оны 09 дүгээр сарын 26-ны орой 22 цаг 40 минутын орчим Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Цэцээ гүн сургуулийн хойд талын зогсоол дээр У.Баярзулын эзэмшлийн Тоёота Приус-11 маркийн 39-27 УНЦ улсын дугаартай машин дотор сууж байтал сууж байсан машины араас Тоёота Марк Х маркийн 52-44 УБЭ улсын дугаартай машин маш хүчтэй ирж мөргөөд Цэцээ гүн сургуулийн хашааг мөргөж зогссон. Тэр мөргөсөн машин маш өндөр хаазтай ирж мөргөсөн. Тэгээд машинаас буутал осол гаргасан машины жолооч нилээн согтуу машинаасаа буугаад шууд зам руу гүйгээд такси бариад суухаар нь би араас нь гүйж очоод тэр таксинд нь цуг суугаад тэр залууг барьж байтал ард цагдаагийн машин ойрхон явж таараад тэр согтуу жолоочийг барьсан. Тухайн үед мөргүүлэхэд сууж байсан машин бараг 20 метр орчим анх зогсож байсан газраасаа шидэгдсэн байсан. Тэгэхээр тэр залуу их хурдтай явсан байх, угаасаа машин нь аймаар өндөр хаазтай ирж мөргөсөн машинд сууж байхад хаазалж байсан дуу нь сонсогдож байсан. Би тэр машинд Баярзулын хамт машины хойно сууж байсан юм. Тухайн ослоос болж миний нурууны хоорондын үений жийргэвч нь урагдаж, мэдрэлийн судас дарагдаж 2 хөл рүү байнга өвддөг болсон, мөн 2 гар бас бадайрч өвддөг болсон, хагалгаа хийлгэх шаардлагатай болоод байгаа. Надад учирсан хохирлыг төлөөгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 75-77-р тал/,

- Хууль ёсны төлөөлөгч томилох тухай мөрдөгчийн тогтоолд: хохирогч У.Баярзул Солонгос улс руу эгчийгээ эмчлүүлэхээр явсан тул түүний төрсөн эгч У.Баяржаргалыг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоов. /хх-ийн 79-р тал/,

- Хууль ёсны төлөөлөгч У.Баяржаргал мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: ...Манай дүү Баярзул нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр БНСУ руу 2 сарын хугацаатай явсан. Би тэгэхээр нь дүүгээ төлөөлөөд энэ зам тээврийн ослынхон хэрэг дээр оролцох болно. 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Цэцээ гүн дээд сургуулийн хойд талын зогсоол дээр манай дүү Баярзул өөрийн эзэмшлийн Тоёота Приус маркийн 39-27 УНЦ улсын дугаартай автомашинтай зогсож байхад нь Тоёота Марк Х маркийн 52-44 УБЭ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч нь мөргөж эрүүл мэндэд нь болон машиныг нь эвдэж хохирол учруулсан байсан. Тухайн үед манай дүү Баярзул нь салсан нөхөр Баттөмөрийн хамт машиндаа сууж байсан гэсэн. Тэр мөргөсөн жолооч нь тухайн үед нилээн согтуу байсан гэсэн. Тэгснээ зам тээврийн осол гаргаад зугтах гэж байхад нь араас нь хөөж байгаад барьж авсан гэж надад хэлсэн. Эмчилгээний зардал бүгдээрээ баримттай байгаа тэр мөнгөө болон ослоос болж ажилгүй байсан хугацааныхаа цалин зэргийг нэхэмжилнэ. Машин тэргийг нь авч янзлуулмаар байна. Машин нь журмын хашаанд байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 80-82-р тал/,

- Иргэний хариуцагч Ц.Пүрэвсүрэн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: ...Би Тоёота Марк Х маркийн 52-44 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2015 онд таньдаг хүнээсээ авсан юм. Тэрнээс хойш би өөрөө унаж байгаад 2019 оны 08 дугаар сарын дундуур Баяннамсрай гэх залуугаар барилга бариулаад тэрнийхээ хөлсөнд 7.000.000 /долоон сая/ төгрөгөнд бодож өгсөн юм. Тэгээд дараа нь Баяннамсрайг машинаа өөр дээрээ шилжүүлж ав гэж хэлсэн чинь зам тээврийн осол гаргаад журмын хашаанд байгаа энэ асуудал дууссаны дараа л шилжүүлж авахаас гэж надад хэлсэн. Бид 2 худалдах, худалдан авах гэрээ энэ тэр юм хийгээгүй хоорондоо тохироод л би тэр залууд өгсөн. Одоо бол тэр Баяннамсрайгийн л өөрийнх нь мэдлийн машин байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 87-88-р тал/,

- Гэрч М.Батхуяг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: ...Манай дүү их аймхай, даруухан зантай, хүний үгнээс гардаггүй их дуулгавартай хүн байгаа юм. Уг нь архи дарс хэрэглэдэггүй юм. Тэр үед харин юу болоод яагаад архи уугаад машинаа барьсан юм байгаа юм сайн мэдэхгүй л байна. Одоо цаад хохирсон хүнийх нь хохирол мөнгийг төлөх талаар бид нар ах дүү нараараа ярилцаад л байж байгаа, ер нь бол хохирлыг нь төлнө...гэх мэдүүлэг /хх-ийн 89-р тал/,

- Гэрч Д.Бямбажав мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: ...Одоо манай дүү Баяннамсрай нь Баянзүрх дүүргийн Монелд эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, дээрээ 3 эгчтэй, доороо 4 дүүтэй. Тэр хэдийнхээ амьдралд өөрийнхөө чадах хэмжээнд тус нэмэр болоод л явдаг юм...гэх мэдүүлэг /хх-ийн 90-р тал/,

- Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 94-р тал/,

- Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-н Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 95-101-р тал/,машины эвдрэл осол гарахад нөлөөлөөгүй гэжээ.

- Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 102-103, 107-109-р тал/,

- Хохирогч нарын хохирлын тооцоо /хх-ийн 110-111-р тал/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.Баяржаргал, хохирогч Б.Баттөмөр нарын хүсэлтүүд /хх-ийн 112-113-р тал/,

- Хохирогч У.Баярзул, Т.Б нарын эмчилгээний зардлын талаарх баримтууд /хх-ийн 114-123-р тал/,

- Б.Бгийн жолоочийн лавлагаанд: В,С,D ангилалын 282005 дугаартай үнэмлэхтэй байна гэжээ. /хх-ийн 126, 130-р тал/,

- Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 104-р тал/,

- Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 415 тоот дүгнэлт:

1. Toyota Mark X маркийн 52-44 УБЭ улсын дугаартай автомашины жолооч Баянсангийн Баяннамсрай нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. жолоочид дараах зүйлийг хориглоно:

а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; мөн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Зорчигч Т.Б, У.Баярзул нар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. Цагдаагийн ахмад Ш.Ариун-Эрдэнэ гэх дүгнэлт /хх-ийн 105-106-р тал/,

- Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: ...2019 оны 09 дүгээр сарын 26-ны орой 22 цаг өнгөрч байх үед гэрийнхээ гадна буюу Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Цэцээ гүн сургуулийн хойд талын зогсоол дээр машин дотроо 1 лааз Heineken нэртэй пиво ганцаараа сууж байгаад уугаад 23 цагийн үед өөрийн эзэмшлийн Тоёота Марк Х маркийн 52-44 УБЭ улсын дугаартай автомашинаа тэндээ эвтэйхэн байрлуулж тавих гэж байгаад тоормоз хааз хоёроо андууран гишгэж урдаа зогсож байсан Тоёота Приус-11 маркийн 39-27 УНЦ улсын дугаартай автомашиныг мөргөсөн. Тухайн үед Тоёота Приус-11 маркийн машин дотор Баттөмөр, Баярзул гэх 2 хүн сууж байсан юм билээ... Би хохирогч Баттөмөрт эмчилгээний зардал болон хагалгаанд орох зардал болох 2.000.000 /хоёр сая/ төгрөг бэлнээр өгсөн. Баярзулын эмчилгээний зардал болон машиных нь зардалд 3.625.000 төгрөгийг бэлнээр өгсөн..гэх мэдүүлэг /хх-ийн 148-149-р тал/,

- Б.Бгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 161/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 129-р тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 132-р тал/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 133-р тал/, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 134-р тал/,

- Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 138-139-р тал/,

- “Арвижих-Эстимэйт” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт /хх-ийн 136-137-р тал/,

- Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 140-142-р тал/,

- Б.Бд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 143-р тал/, прокурорын тогтоол /хх-ийн 145-146/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 147-149-р тал/,

- Б.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 150-151-р тал/ зэрэг болно. 

Б.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 16-нй оройн 21 цаг 50 минутын орчимд  Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Цэцээ гүн дээд сургуулийн хойд талын зогсоол дээр Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах үндаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин согтуурсан үедээ Тоёота Марк  Х  маркийн 52-44 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож яваад мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул,саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зогнсож байсан Тоёота Приус маркийн 39-27 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг араас нь мөргөж уг тээврийн хэрэгсэлийн жолооч У.Баярзулын эрүүл мэндэд хөнгөн, зорчигч Т.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

          Хохирогч У.Баяржаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...манай дүү Баярзул өөрийн эзэмшлийн Тоёота Приус маркийн 39-27 УНЦ улсын дугаартай автомашинтай зогсож байхад нь Тоёота Марк Х маркийн 52-44 УБЭ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч нь мөргөж эрүүл мэндэд нь болон машиныг нь эвдэж хохирол учруулсан байсан. Тухайн үед манай дүү Баярзул нь салсан нөхөр Баттөмөрийн хамт машиндаа сууж байсан гэсэн. Тэр мөргөсөн жолооч нь тухайн үед нилээн согтуу байсан гэсэн. Тэгснээ зам тээврийн осол гаргаад зугтах гэж байхад нь араас нь хөөж байгаад барьж авсан гэж надад хэлсэн. Эмчилгээний зардал бүгдээрээ баримттай байгаа тэр мөнгөө болон ослоос болж ажилгүй байсан хугацааныхаа цалин зэргийг нэхэмжилнэ. Машин тэргийг нь авч янзлуулмаар байна” гэх мэдүүлэг /хх-ийн 80-82-р тал/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11834 тоот шинжээчийн дүгнэлтээр У.Баярзулын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэж тогтоогдсон байна./хх-ийн 42-р тал/,

 

Хохирогч Т.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн У.Баярзулын эзэмшлийн Тоёота Приус-11 маркийн 39-27 УНЦ улсын дугаартай машин дотор сууж байтал сууж байсан машины араас Тоёота Марк Х маркийн 52-44 УБЭ улсын дугаартай машин маш хүчтэй ирж мөргөөд Цэцээ гүн сургуулийн хашааг мөргөж зогссон. Тэр мөргөсөн машин маш өндөр хаазтай ирж мөргөсөн. Тэгээд машинаас буутал осол гаргасан машины жолооч нилээн согтуу машинаасаа буугаад шууд зам руу гүйгээд такси бариад суухаар нь би араас нь гүйж очоод тэр таксинд нь цуг суугаад тэр залууг барьж байтал ард цагдаагийн машин ойрхон явж таараад тэр согтуу жолоочийг барьсан. Тухайн үед мөргүүлэхэд сууж байсан машин бараг 20 метр орчим анх зогсож байсан газраасаа шидэгдсэн байсан. Тэгэхээр тэр залуу их хурдтай явсан байх, угаасаа машин нь аймаар өндөр хаазтай ирж мөргөсөн машинд сууж байхад хаазалж байсан дуу нь сонсогдож байсан. Би тэр машинд Баярзулын хамт машины хойно сууж байсан юм. Тухайн ослоос болж миний нурууны хоорондын үений жийргэвч нь урагдаж, мэдрэлийн судас дарагдаж 2 хөл рүү байнга өвддөг болсон, мөн 2 гар бас бадайрч өвддөг болсон, хагалгаа хийлгэх шаардлагатай болоод байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 75-77-р тал/,

2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1292 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Т.Бийн 2019.10.04-нд хийгдсэн бүтэн нурууны соронзон резонанст ТГ-н шинжилгээг шинжилгээнд тусгаж бичлээ.Т.Бийн 2019.10.04-нд хийгдсэн бүтэн нурууны соронзон резонанст ТГ-н шинжилгээг шинжилгээнд тусгаснаар бүсэлхийн 5 ууцны 1-р нугаламын түвшин дэх жийргэвч мөгөөрсний сэмэрсэн бүрэн бус урагдалт нь 11835 дугаартай дүгнэлтийн гэмтлийн зэрэгт өөрчлөлт орж гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэж тогтоогдсон байна.

 Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 415 тоот дүгнэлтээр Toyota Mark X маркийн 52-44 УБЭ улсын дугаартай автомашины жолооч Баянсангийн Баяннамсрай нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; мөн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Зорчигч Т.Б, У.Баярзул нар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна гэжээ.

Жолооч Б.Бгийн согтуурлыг драгейр багажаар шалгахад 1.51% согтолттой,согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... машин дотроо 1 лааз Heineken нэртэй пиво ганцаараа сууж байгаад уугаад 23 цагийн үед өөрийн эзэмшлийн Тоёота Марк Х маркийн 52-44 УБЭ улсын дугаартай автомашинаа тэндээ эвтэйхэн байрлуулж тавих гэж байгаад тоормоз хааз хоёроо андууран гишгэж урдаа зогсож байсан Тоёота Приус-11 маркийн 39-27 УНЦ улсын дугаартай автомашиныг мөргөсөн. Тухайн үед Тоёота Приус-11 маркийн машин дотор Баттөмөр, Баярзул гэх 2 хүн сууж байсан юм билээ. Би хохирогч Баттөмөрт эмчилгээний зардал болон хагалгаанд орох зардал болох 2.000.000 /хоёр сая/ төгрөг бэлнээр өгсөн. Баярзулын эмчилгээний зардал болон машиных нь зардалд 3.625.000 төгрөгийг бэлнээр өгсөн..гэх мэдүүлэг /хх-ийн 148-149-р тал/зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Б.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машинаа байрлуулах гэж хөдөлгөөн хийхдээ урдаа байсан машины араас мөргөж машин дотор нь сууж байсан У.Баярзулын биед хөнгөн хохирол, Т.Бийн биед хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай тогтоогдож байна.

Иймд Б.Бд холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д заасан  автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ  үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь хохирогч  У.Баярзул болон Т.Б нарт учруулсан хохрлыг бүрэн төлж баргдуулсан хохирогч нар цаашид нэмж нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэргийн улмаас Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Б.Бгийн тээврийн хэрэгсэл жолоодох В,С,D ангилалын 282005 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Бүртгэл хяналтын төвд хүргүүлэхээр шийдвэрлэв.

Шүүх ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн  гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршигийг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан  хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар Б.Бгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссүгэй.

          3. Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан тодорхой ажил,үүрэг гүцэтгэх, 2.5-д заасан оршин суух газар,ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргүүдийг, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан согтууруулах ундаа хэрэглэхгүй байх үүргийг тус тус 3 жилийн хугацаанд хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар Б.Бгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг үүрэг хүлээлгэсэн үеэс эхлэн тоолж эдлүүлсүгэй.

5. Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Б.Бгийн тээврийн хэрэгсэл жолоодох В,С,D ангилалын 282005 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хүргүүлсүгэй.

8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.