Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/01080

 

Н.Агийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

   Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн    

          2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/03259 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 626 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Н.А

          Хариуцагч: Д.Мд холбогдох

          Зээлийн гэрээний үүрэгт 26.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Нэхэмжлэгч Н.А, түүний өмгөөлөгч Э.У нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.А, түүний өмгөөлөгч Э.У, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

         Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 12-р сард Д.Мын хүсэлтээр 30.000.000 төгрөг 2016-12-29-ний өдөр бэлнээр зээлүүлж, 2017-04-27-ны өдөр түүнийгээ баталгаажуулж гэрээ хийсэн. Дээрх мөнгөнөөс 4.000.000 төгрөгийг авсан. Иймд үлдэгдэл 26.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. /хх 1/

         Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н.Агаас мөнгө зээлж аваагүй. Харин Н.А нь Жи тайм гэх компанийг сонирхоод мөнгө оруулъя гэсэн. Тэр үед Д.М Жи тайм компанид ажилладаг байсан. Н.А баталгаа гэсэн бичиг хийж өгөөч гэсэн тул хийж өгч гарын үсэг зурсан. Охин У.Ундармаа нь Жи тайм компанийн дансанд 15.750.000 төгрөг шилжүүлсэн. Н.Агаас мөнгө зээлж аваагүй тул  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх 19/

       Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/03259 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Д.Маас 11.750.000 төгрөг гаргуулан Н.Ад олгож, үлдэх 14.250.000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 287.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Д.Маас улсын тэмдэгтийн хураамжид 202.950 төгрөгийг гаргуулан Н.Ад олгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 626 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017-12-21-ний өдрийн 181/ШШ2017/03259 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Д.Маас зээлийн гэрээний үүрэгт 26.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

        Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянхонгор аймгаас Улаанбаатар хотод давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцох зорилгоор ирсэн. Өмгөөлөгч маань өглөө 8.30 цагт ирээрэй 2 дахь хурал гэж хэлсэн. Ингээд өглөө 8.30-с өмнө ирээд хүлээсэн. Гэтэл хариуцагч талын төлөөлөгч н.Өнөрзаяа орж ирээд шатан дээр таарч мэндэлчхээд дээшээ гарсан. Ингээд буцаад өмгөөлөгчийнхөө хамт араас нь 08.35 гээд ороход эхний шүүх хуралдаан хойшлоод манай хурал шууд орчихсон, дотроосоо түгжээтэй байсан. Энэ үед миний хуралдаанд орох гэж байгааг шүүхээс хэн ч надад хэлээгүй намайг ирсэн эсэхийг ч асуугаагүй. Ингээд давж заалдах шатны хурлаар миний шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүйгээс зөвхөн хариуцагчийн төлөөлөгчийн элдвээр ор үндэсгүй гүтгэх гүтгэлгийн дор энэ асуудлыг шийдэж нэхэмжлэлийг маань бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Бодитоор бол би өөрөө Хаан банкнаас зээл гаргуулж 15.750.000 төгрөгийг Мөнхжаргалын хүсэлтээр хотод байдаг охиныхоо дансаар шилжүүлж охин маань авч Мөнхжаргалд бэлнээр өгсөн. Мөнхжаргал нь Худалдаа хөгжлийн банкны нэгэн дансыг хэлж өгч мөнгийг өөрөө дэргэд нь байж байгаад хийлгүүлсэн байдаг. Мөнхжаргал, түүний төлөөлөгчийн яриад байгаа Жи таймд элсэн орох сонирхол надад огт байгаагүй. Хожим сонсоход тэр Жи тайм гэдэг газарт өөрөө орсон, олон хүн залилсан гээд эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа гэж дуулсан. Анхан шатны шүүх хуралд намайг Жи таймд орсон гэж яриад байгаа нь огт худлаа. Сүүлд мэдэхэд зориудаар миний охины гараар Жи таймын данс руу мөнгө хийлгүүлсэн байдаг. Хэрвээ би Жи таймд орохыг хүссэн бол Д.М надтай зээлийн гэрээ хийхгүй бөгөөд би заавал охиноороо мөнгө авахуулж Мөнхжаргалд өгүүлж тэр данс руу хийх шаардлагагүй юм. Ингээд өмнө надаас бэлнээр авч байсан 2.700.000 төгрөг болон миний банкнаас авсан зээлийн хүүг тооцож байгаад 2017.4.27-ны өдөр нийтдээ 30 сая төгрөгийг батлуулсан. Мөн бэлэн мөнгө авсан тухайгаа баталгаажуулж мөн өдөр бичиж өгсөн гэрээний хавсралт байдаг.  Гэрээний дагуу Д.М миний данс руу 4 сая төгрөг буцаан шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэл гаргахдаа 4 сая төгрөгийг хасч тооцон 26 сая төгрөгийг нэхэмжилсэн. 4 сая төгрөгийг буцаан өгснөө зөвшөөрдөг. Талуудын хооронд үүссэн маргааны зүйл, түүнд хамаарах нотлох баримтыг ИХШХШТХ-ийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэх шаардлагыг хангаагүй гэжээ. Гэтэл 30 сая төгрөгийн зээлийн гэрээ, бэлэн мөнгө хүлээн авсан тухай баримтын тухайд нэхэмжлэгч, хариуцагч гарын үсгээ зурж баталгаажуулсан. Нэхэмжлэгч гэрээний үнийн дүнгийн талаар тайлбарлахдаа бодитоор 15.750.000 төгрөгийг 2016.12.20-нд хариуцагчид өгсөн. Үүнээс өмнө 11-р сард 2.700.000 төгрөгийг бэлнээр авч байсан тухай тайлбарладаг. Харин 30 сая төгрөгийн үнийн дүнгийн тухайд банкнаас зээл авч Мөнхжаргалд зээлдүүлсэн тул зохигчид ярилцаж байгаад банкны хүүг оролцуулаад 30 сая төгрөгийн зээлийн гэрээг 2 талаасаа тохиролцож хийсэн байдаг. Уг гэрээгээр хариуцагч нь 20 сая төгрөгийг 2017-05-10-ны дотор, 10 сая төгрөгийг 6 сарын 10-ны дотор эргүүлэн төлөх үүрэг хүлээсэн. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дээрх гэрээний дагуу 4 сая төгрөгийг буцаан төлсөн тул үлдэх 26.000.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч 4 сая төгрөгийг буцаан төлсөн гэдгээ зөвшөөрдөг. Энэхүү үйл баримт хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас гадна гэрч Ундармаагийн мэдүүлгээр давхар нотлогддог. Ийнхүү өгөхдөө өөрийн охин Ундармаагаар дамжуулж хэрхэн өгсөн талаараа тодорхой ярьдгаас гадна гэрч Ундармаа нь хариуцагч мөнгийг хэрхэн авсан талаар нотолдог, холбогдох гүйлгээний баримтыг нэхэмжлэгч талаас гарган өгсөн. Энэ тухайд давж заалдах шатны шүүхээс уг үйл баримтыг дүгнэхдээ зөвхөн Худалдаа хөгжлийн банкны орлогын баримтаар хязгаарласан байна. Тодруулбал, давж заалдах шатны шүүх “...2016.12.20-ны өдөр гэрч У.Ундармаагийн нэрээр Жи тайм корпорейшн ХХК-ийн 473018711 дугаарын дансанд 15.750.000 төгрөг шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банкны орлогын ордероор тогтоогдож байна. Энэ үйл явдлыг гэрээнд дурдсан мөнгийг хариуцагч Д.М хүлээн авсан гэж үзэх, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үгүйсгэгдэж байна” гэжээ. Гэтэл энэхүү баримт нь үнэхээр Ундармаагийн нэрээр Жи тайм корпорейшн ХХК-ийн данс руу орсон гэдэгтэй нэхэмжлэгчээс маргаагүй бөгөөд чухамдаа энэ баримт нь ямар учраас үйлдэгдэх болсон гэдгийг болон энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг болон бусад баримтуудад дүгнэлт хийгээгүй байна. Хожим үүнийг баталгаажуулж хариуцагч мөнгө авсан баталгаа болон зээлийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулж нотариатаар баталгаажуулсан. Хэдийгээр бодитоор авсан мөнгөний тоо болон зээлийн гэрээний үнийн дүн зөрдөг ч хүчин төгөлдөр байгаа гэрээний талуудын хариуцлага, шударга байдлыг анхан шатны шүүх үнэлэн дүгнэж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Хариуцагчийн татгалзал баримтаар нотлогдоогүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ :

       Н.А 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Д.Мд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 30.000.000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 26.000.000 төгрөгийг шаардсан байна.

       Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “... мөнгө зээлж аваагүй, харин өөрийнх нь охин нь уг мөнгийг Жи тайм корпорейшн ХХК-д шилжүүлсэн...” гэжээ.

       Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 11.750.000 төгрөгийн шаардлагыг хангасан бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа “... Н.А нь охин У.Ундармаагаараа дамжуулан Д.Мд 15.750.000 төгрөг өгсөн  байна... Д.М уг зээлээс 4.000.000 төгрөг буцаан төлж байсан нь тогтоогдсон… 15.750.000 төгрөг өгөх үедээ гэрээг бичгээр байгуулаагүй тул  хүү шаардах эрхгүй...“ гэсэн дүгнэлт хийсэн байна.

       Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “... зээлдүүлэгч мөнгийг бодитоор шилжүүлсэн гэж үзэх боломжгүй байна... У.Ундармаагийн нэрээр Жи тайм корпорейшн ХХК-ийн дансанд 15.750.000 төгрөг шилжүүлсэн нь тогтоогдсоноор зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үгүйсгэгдэж байна... 4.000.000 төгрөг төлсөн нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй...” гэжээ.

       Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд  “...шүүх хуралдаанд биечлэн хүрэлцэн ирсэн байхад оролцуулаагүй буюу хуралдаан болох гэж байгааг шүүхээс хэн ч надад хэлээгүй... зээлийн мөнгийг Мөнхжаргалын хэлсэн дансанд хийсэн... яриад байгаа тэр “Жи тайм” ХХК-д элсэн орох сонирхол надад огт байгаагүй...хожим сонсоход тэр газар хариуцагч өөрөө орсон... олон хүн залилсан гээд эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа гэж дуулсан... хэрвээ би Жи таймд орохыг хүссэн бол Д.М надтай зээлийн гэрээ хийхгүй... би  охиноороо мөнгө Мөнхжаргалд өгүүлэх шаардлагагүй... гэрээний дагуу Д.М миний данс руу 4 сая төгрөг буцаан шилжүүлсэнээ зөвшөөрдөг...Ундармаагийн нэрээр Жи тайм корпорейшн ХХК-ийн данс руу мөнгө ямар учраас шилжсэн гэдэгт дүгнэлт хийгээгүй ...” гэсэн үндэслэлээр гомдсон байна. 

      Шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын  шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

      Н.А нь 30.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлүүлэх, Д.М уг мөнгийг хүлээн авч, гэрээнд заасан хугацаанд буцааж төлөх тухай 2017-04-27-ны өдрийн гэрээ  /хх 4/, 30.000.000 төгрөгийг хүлээн авсан /хх 5/ болон уг мөнгийг 2017-06-15-ны дотор барагдуулах тухай баримт /хх 26/, ХААН банк болон Н.А нарын хооронд байгуулагдсан 2016-12-15-ны өдрийн ЗГ201642874357 дугаартай зээлийн гэрээ /хх 28-32, 33-34/, У.Ундармаагаас 2016-12-20-ны өдөр Жи тайм корпорейшн ХХК-д 15.750.000 төгрөг “вип хөтөлбөрийн барааны үнэ” гэсэн орлогын ордер /хх 35/-г шүүхэд гаргаж өгсөн байна.

       Анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагчийн төлөөлөгч тайлбарлахдаа  “...нэхэмжлэгчид өгсөн 4.000.000 төгрөгийн 3.500.000 төгрөгийг Цэцэгмаа, 500.000 төгрөгийг хариуцагч төлсөн...”  гэснээс /хх 42, 43/ үзвэл Н.Адьяа 4.000.000 төгрөг буцааж авсан байна. Иймд давж заалдах шатны шүүх уг нөхцөл байдлыг тогтоогдоогүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т, харин анхан шатны шүүх хэргийн оролцогч биш этгээдийн өгсөн гэх 3.500.000 төгрөгийг хариуцагч төлсөн байдлаар дүгнэлт хийсэн нь уг хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-40.3-т тус тус нийцээгүй байна. 

       Хэрэгт байгаа нотлох баримтын хэмжээнд хууль зүйн болон бодит үндэслэлийн талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх, улмаар хэргийг эцэслэн шийдвэрлэх буюу өөрчлөлт оруулах боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав. 

   Шүүх хэргийг шийдвэрлэхдээ, болсон үйл баримтын талаар хариуцагчийн төлөөлөгч нь хариуцагчаас өөр тайлбар өгч байгааг анхаарч, нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийн зохицуулалтыг анхаарвал зохино.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/03259 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 626 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 288.000 төгрөгийг захирамжаар буцааж олгосугай.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ