| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шарын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 147/2016/00395/И |
| Дугаар | 397 |
| Огноо | 2016-11-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 397
Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч Сүхбаатар аймаг Сүхбаатар сумын 4 дүгээр баг Ланз гэдэг газарт нутаглах Хатгин овогт Мажигийн Хурцбилэг
“ Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлт ирүүлснийг 2016.11.04-нд хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнийг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Хурцбилэг шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Би 1968 онд 4 дүгээр ангиа төгсөөд аав ээжийнхээ хамт Сүхбаатар суманд мал маллаж байгаад 1974.06.01-нд цэргийн албанд татагдаж 1977.онд цэргийн албанаас халагдаж ирээд Сүхбаатарын зам нэгдэлд 1991 оныг хүртэл малчнаар ажилласан. Манай багийн даргаар ажиллаж байсан Гомоо гэдэг хүн миний хөдөлмөрийн дэвтрийг хурааж аваад буцааж өгөөгүй тул ажилласан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон юм. Миний иргэний үнэмлэхийн нэр бол Мажигийн Хурцбилэг гэдэг.аймгийн Архивын тасгийн 2010.09.14-ны өдрийн 233/15 тоот цалингийн лавлагаанд М.Хурц гэж бичигдсэн байна. Иймд уг лавлагааны жинхэнэ эзэмшигч нь М.Хурцбилэг миний бие мөн болохыг тогтоож, мөн 1972.01.01-ээс 1974 оныг дуустал, 1977.01.01-ээс 1985 оныг дуустал, 1987.01.01-нээс 1991 оныг хүртэл ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлтийг бүрэн ханган шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.
Хатгин овогт Мажигийн Хурцбилэг нь Хурц гэж нэрлэгдэж байсан болох, мөн тухайн орон нутагт М.Хурц нэртэй өөр хүн байгаагүй нь гэрч Ч.Сүх, П.Эрдэнэчимэг нарын мэдүүлгүүдээр нотлогдож байгаагаас гадна овгийн үсэг тохирч байгаа зэргийг харгалзан үзээд М.Хурцбилэгийг аймгийн Архивын тасгийн 2010.09.14-ны өдрийн 233/15 тоот лавлагааны жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоох боломжтой байна.
М.Хурцбилэгийг 1972 оноос 1974.05.01 хүртэл, 1977.оны 6 дугаар сараас 1986, 1987-1991 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь аймгийн Архивын тасгийн 2010.09.14-ны өдрийн 233/15 тоот архивын лавлагаа, тухайн үед нэг бригадад ажиллаж байсан гэрч Ч.Сүхийн шүүхэд өгсөн ” . . . М.Хурцбилэг нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд хүүхэд байхаасаа малчин болоод аав ээжийнхээ хамт 1970 -аад оны эхэн үеэс л мал малласан. М.Хурцбилэг нь 1982-1985 онуудад миний туслах малчнаар ажиллаж байсан. Дараа нь нэг наст мал аваад надаас салаад тусдаа мал малласан. Хурцбилэг нь тус нэгдлийг тарах хүртэл малчнаар ажиллаж байсан. Манай нэгдэлд Жамцын Хурц гэдэг залуу байж байгаад нас барсан, өөр Хурц нэртэй хүн байгаагүй. Бид Хурц л гэдэг байсан. Хурцбилэг гэдэг нэрийг нь бол мэдэхгүй.” гэх, гэрч П.Эрдэнэчимэгийн “. . .М.Хурцбилэг нь 1970 оноос нэгдэл тартал Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдлийн 2 дугаар бригадад малчин байсан. Ажиллаж байхдаа цэргийн алба хаасан. Бусад үед нь тасралтгүй л мал малласан. Манайхан нэг суурьт мал маллаж олон жил явсан. М.Хурцбилэг бид нэг бригадад малчин байсан болохоор ажиллаж байсан талаар нь сайн мэднэ. Бид Хурц л гэж дууддаг байсан” гэсэн мэдүүлгүүдээр нотлогдож байх тул ажилласан байдлыг тогтоох боломжтой байна.
Нэхэмжлэгч М.Хурцбилэгийг улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төлөхөөс чөлөөлсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан С.Хурцбилэгийг аймгийн Архивын тасгийн 2010.09.14-ны өдрийн 233/15 тоот лавлагааны жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож, 1972 оноос 1974.05.01-ийг хүртэл 1977 оны 6 дугаар сараас 1986 оныг дуустал, 1987-1991 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тус тус тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Хурцбилэгийг улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч С.Хурцбилэг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ