| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2020/0117/Э |
| Дугаар | 139 |
| Огноо | 2020-01-24 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Я.Сансар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 139
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,
улсын яллагч Я.Сансар,
шүүгдэгч Т.Б өөрийгөө өмгөөлж оролцож тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Бд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1906068680083 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т.Б,
Холбогдсон хэргийн талаар:
Т.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 202-31 тоотод гэртээ хамтран амьдрагч Ч.Лыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэргийн талаар ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч Ч.Л мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хамтран амьдрагч Т.Б бид хоёр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 202-31 тоотод гэртээ байж байгаад орой унтах гэж байсан байх, 00 цаг болох гэж байхад нөхөр Т.Б чамаас тамхи үнэртлээ гээд хэрүүл хийгээд байхаар нь би дуугарахгүй байсан чинь дуугарсангүй гээд миний толгойн тус газар цохиод, дараа нь үснээс зулгааж байгаад гуя, гар, хөл гэх мэт газрууд руу хэд хэдэн удаа өшиглөөд байсан юм. Тэгэхээр нь би цагдаад хэлнэ гээд утсаараа бичлэг хийсэн чинь утас булаацалдаад дахиад зодсон. Дахин зодохдоо бас л үснээс зулгаагаад нилээн асуудал болсон, тэгээд уурлаад хувцасаа өмсөөд явах гэхээр нь шөнө хаачих нь вэ гэсэн чинь хамаагүй гээд гараад явсан. Би өөрийгөө хамгаалах гэж ганц нэгэн удаа маажсан гэсэн. Эмчилгээ оношлогоо хийлгэсэн, нийт хэдэн төгрөг гэдгийг санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-н 19-24-р тал/,
Шүүгдэгч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэртээ хамтран амьдарч бид 2 амарч өнжсөн.Тэгээд 00 цагийн үед бид хоёр унтах гэж байгаад би хамтран амьдрагч Лувсандолгорыг яагаад тамхи татчихсан юм бэ гээд хэлчихсэн чинь дуугарахгүй байхаар нь чи сүүлийн үед их сонин байна,тамхи татна,утсаар янз бүрийн чат бичнэ гэсэн чинь хэрүүл болсон учир нь миний хаягнаас миний өмнөөс бичээд байсан юм,шалтгаан нь намайг хэн нэгэнтэй хардаж сэрдээд байсан юм.Түүнээс үүдэлтэй хэрүүл болоод би явлаа гээд боссон чинь дотуур өмд татаад урчихсан.Би яаж нүцгэн гарахав дээ хувцасаа өмсөх гэхээр өгөхгүй, бас уурлаад намайг маажаад байхаар нь дайрах маягтай орон дээр нь дарж байгаад хувцасаа авчихсан юм.Тэгсэн чинь дараа нь миний утсыг авч шидэх гээд байхаар нь би булааж аваад тэр утсаараа цагдаад дуудлага өгсөн.Үсдээд дарсан нь үнэн, ор луу нь түлхэж унагасан нь үнэн өөр зодсон зүйл байхгүй.Бие дээр нь байсан хөх толбо ноцолдож байхад энэ тэнд нь санаандгүй байдлаар цохиж үүссэн толбо байх гэж бодож байна гэсэн мэдүүлэг / хх-н 29/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 25-р тал/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 13547 тоот шинжээчийн дүгнэлт:
1. Ч.Лын биед зүүн бугалга, шуу, зүүн бугуй, баруун гарын алга, баруун тохой, цээж, баруун гуя, баруун шилбэ, зүүн гуя, шилбэнд цус хуралт, эрүүнд зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шинжээч эмч Т.Чимэд-Очир гэх дүгнэлт /хх-ийн 26-р тал/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 27-р тал/,
Т.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34-р тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35-р тал/,
Т.Бд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 36-р тал/, прокурорын тогтоол /хх-ийн 37-38-р тал/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 39-41, 51-р тал/,
Т.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 42-43-р тал/ зэрэг болно.
Т.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 05-ны шөнө 00 цагийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 202-31 тоотод гэртээ хамтран амьдрагч Ч.Лыг унтахаар орондоо орох үед чамаас тамхи үнэртэж байна гэсэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 13547 тоот шинжээчийн дүгнэлтээр Ч.Лын биед зүүн бугалга, шуу, зүүн бугуй, баруун гарын алга, баруун тохой, цээж, баруун гуя, баруун шилбэ, зүүн гуя, шилбэнд цус хуралт, эрүүнд зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон үйлчлэлээр үүсгэгдэнэ.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ./хх-ийн 26-р тал/
Хохирогч Ч.Лын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...нөхөр Т.Б чамаас тамхи үнэртлээ гээд хэрүүл хийгээд байхаар нь би дуугарахгүй байсан чинь дуугарсангүй гээд миний толгойн тус газар цохиод, дараа нь үснээс зулгааж байгаад гуя, гар, хөл гэх мэт газрууд руу хэд хэдэн удаа өшиглөөд байсан юм. Тэгэхээр нь би цагдаад хэлнэ гээд утсаараа бичлэг хийсэн чинь утас булаацалдаад дахиад зодсон. Дахин зодохдоо бас л үснээс зулгаагаад нилээн асуудал болсон, би өөрийгөө хамгаалах гэж ганц нэгэн удаа маажсан гэсэн нэхмэдүүлэг /хх-ийн 19-24-р тал/,
Шүүгдэгч Т.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... Үсдээд дарсан нь үнэн, ор луу нь түлхэж унагасан нь үнэн өөр зодсон зүйл байхгүй.Бие дээр нь байсан хөх толбо ноцолдож байхад энэ тэнд нь санаандгүй байдлаар цохиж үүссэн толбо байх гэж бодож байна гэсэн мэдүүлэг / хх-н 29/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Т.Б нь хамтран амьдрагч Ч.Лыг тамхи үнэртэж байна гэсэн зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний үснээс зулгаан толгой орчимд нь гараараа цохих, хөл, гуя,гар луу нь хөлөөрөө өшиглөсөнөөс Ч.Лын биед зүүн бугалга, шуу, зүүн бугуй, баруун гарын алга, баруун тохой, цээж, баруун гуя, баруун шилбэ, зүүн гуя, шилбэнд цус хуралт, эрүүнд зулгаралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай тогтоогдож байна.Т.Бын дээрх үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Иймд Т.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ хэргийн улмаас Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Хохирогч Т.Баас нэхэмжлэх зүйлгүй гэсэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн зэргийг харгалзан үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Т.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Б нь торгох ялыг 6 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Б нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Т.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Т.Б бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.