Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 401

 


Зохигчдын эвлэрлийг баталж, 
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

    Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэл би, Хаан банкны Сүхбаатар салбарын харьяа Баруун-Урт тооцооны төвийн нэхэмжлэлтэй Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2-р багт оршин суух Боржигон овогт Цогтбаатарын Ариунзул, Хатгин овогт Энхтуяагийн Жаргалсайхан, Хатгин овогт Найдангийн Цэнд-Аюуш нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 9.539.963,28 / есөн сая таван зуун гучин есөн мянга есөн зуун жаран гурван төгрөг хорин найман мөнгө / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад

            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Сүхбаатар салбар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа: Хаан банкны тус салбараас Эрдэнэцагаан сумын харъяат Боржигон овогтой Цогтбаатарын Ариунзул / ЛЮ83031008 , / Хатгин ургийн овогтой Найдангийн Цэнд-Аюуш нар нь 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 11,600,000 / арван нэгэн сая зургаан зуун мянган / төгрөгийн цалингийн зээлийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь зээлийг авснаас хойш үндсэн зээлийн төлбөрөөс 2,381,348.78 төгрөг, зээлийн хүү 2,724.523,99 төгрөг, хугацаа хэтэрсэн зээлийн хүү 9,309.76, нийт 5,115,182.53 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нар нь сар бүр зээлийн гэрээг зөрчин хугацаа хэтрүүлдэг бөгөөд одоогоор 89 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иймд зээлийн үндсэн төлбөр 9.218.651,22 төгрөг, үндсэн зээлийн хүү 314.704,39 төгрөг, хугацаа хэтэрсэн зээлийн хүү 6607,67 төгрөг, нийт 9.539.963,28 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Жаргалсайхан, Ц.Ариунзул нар нь тус зээлээ хувааж төлөхийг зөвшөөрч, Н.Цэнд-Аюушийг хамтран хариуцагчаас чөлөөлүүлэх хүсэлт гаргасаныг Хаан банкны Сүхбаатар салбар хүлээн зөвөөрч, хариуцагч Э.Жаргалсайхан, Ц.Ариунзул нараар зээлийг хувааж төлүүлэхээр эвлэрэн хэлэлцсэн тул гэрээний дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

Хариуцагч Ц.Ариунзул, Э.Жаргалсайхан нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хаан банкны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Бид Хаан банкны нэхэмжилсэн 9.539.963,28 төгрөгийг хоёр хувааж Ц.Ариунзул 4.769.982 төгрөгийг, Э.Жаргалсайхан 4.769.982 төгрөгийг тус тус төлөхөөр болсон ба хамтран хариуцагчаар татагдсан Н.Цэнд-Аюуш нь энэ зээлийн төлөлтөнд хамааралгүй тул Н.Цэнд-Аюушийг хамтран хариуцагчаас чөлөөлж өгнө үү. Бид 9.539.963 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Сүхбаатар салбар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 9.539.963,28 төгрөгийг хариуцагч Э.Жаргалсайхан, Ц.Ариунзул, Н.Цэнд-Аюуш нараас гаргуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч Хаан банкны Сүхбаатар салбар нь хамтран хариуцагчаас Н.Цэнд-Аюушийг чөлөөлүүлж, хариуцагч Э.Жаргалсайхан, Ц.Ариунзул нараар 9.539.963,28 төгрөгийг хувааж төлүүлэхээр, хариуцагч Э.Жаргалсайхан 4.769.982 төгрөг, Ц.Ариунзул 4.769.982 төгрөгийг тус тус төлөхөөр зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулж, зохигчид эвлэрэн хэлэлцэж, тайлбараа бичгээр ирүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуулинд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 167.589 төгрөгийн 50 хувь болох 83.795 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал  хувь болох 83.795 төгрөгийг хариуцагч Э.Жаргалсайхан, Ц.Ариунзул нараас гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Сүхбаатар салбарт олгохоор шийдвэрлэлээ.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.    Нэхэмжлэгч Хаан банкны Сүхбаатар салбар нь зээлийн гэрээний үүргийн
гүйцэтгэл 9.539.963,28 төгрөгийг хариуцагч Э.Жаргалсайханаас 4.769.982 төгрөг, Ц.Ариунзулаас 4.769.982 төгрөгийг гаргуулж хувааж төлүүлэхээр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 167.589 төгрөгийн 50 хувь болох 83.795 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал  хувь болох 83.795 төгрөгийг хариуцагч Э.Жаргалсайхан, Ц.Ариунзул нараас гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Сүхбаатар салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 


ШҮҮГЧ                                Ш.ОЮУНГЭРЭЛ