Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 145

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа,

улсын яллагч Я.Сансар,

шүүгдэгч А.И, түүний өмгөөлөгч Б.Жаргалсайхан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Ит холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 2006 00240 0110 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А.И,

Холбогдсон хэргийн талаар:

А.И нь 2019 оны 12 дугаар сарын 29-630-нд шилжих шөнө  Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн офицер цагдаагийн ахлах дэслэгч Б.Гийг ажлын байрандаа албан үүргээ гүйцэтгэж байхад нь нүүрэн тус газар нь гараараа цохиж хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн, улмаар Б.Гийн биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

Шүүгдэгч А.И шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, Өөрийн хэргээ сайн дураар хүлээн мэдүүлсэн учир нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: ...2019 оны 12 сарын 29-30-ны шилжих шөнө 04 цаг өнгөрч байхад хэлтсийн 1 давхрын коридорт байх ширээний дэргэд сууж байхад 25-30 орчим насны эмэгтэй хүн орж ирээд /өөрийнхөө нэрийг Маралаа гэж хэлж байсан гэх/ манай найз залуу намайг дарамтлаад, миний утас болон юмнуудыг авчихаад өгөхгүй байна, намайг зодоод байна, одоо машинд согтуу сууж байгаа, та аваад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр эмэгтэйг та түр хүлээгээд байж бай, би цагдаад хэлье гэхэд тэр эмэгтэй за гэснээ дахин орж ирэхээр нь би тэр эмэгтэйн хамтаар хэлтсийн гадна гарсан. Тэгэхэд цагдаагийн хэлтсийн хойд талын зогсоолд Приус-30 маркийн машин байсан бөгөөд уг машины жолоочийн хойд талын суудал дээр 25-30 орчим насны, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нэг залуу байсан. Тэгэхээр нь би юу болсон юм бэ гэж асуухад найз охинтойгоо маргалдсан гэж хэлэхээр нь та ороод ир гээд цагдаагийн хэлтэс рүү дагуулаад орсон. Тэгээд 1 давхрын коридорт байх ширээний дэргэд сууж байхад тэр эмэгтэй нөгөө залуугийн халааснаас гар утсаа авахад тэр залуу найз охин руугаа дайрахаар нь би дундуур нь ороод мөр хэсгээс нь барьж хөдөлгөөнийг нь хориод газар суулгасан. Тэгэхэд өөдөөс элдвээр хэлж орилоод надаас зуураад тавихгүй байхаар нь би тавь гэсэн шаардлага тавихад хуцаад бай гээд муухай орилоод байсан. Тэгээд зуураад тавихгүй байснаа миний цавь хэсэгт өшиглөхөөр нь би хөдөлгөөнийг хориглож, гарыг нь ард нь өчөөд конторын цагдаагийн хамтаар эрүүлжүүлэх саатуулах байр руу авч орсон. Тэр үед тэр залуугийн хамарнаас цус гарч байсан бөгөөд намайг өшиглөхөөр нь хөдөлгөөнийг нь хориглох үед цус гарсан байсан. Тэрнээс биш би тэр залууг цохиогүй, өөрөө сүүлд надад хэлэхдээ 2 сарын өмнө хамраа гэмтээж байсан, ер нь эмзэглэлтэй байдаг гэж хэлж байсан. Тэгээд эрүүлжүүлэх саатуулах байр руу ороод эмчийн өрөөний үүдэнд явж байхад миний уруул хэсэгт гараараа хүчтэй цохисон бөгөөд миний уруулнаас цус гараад би уруулаа даран эмчийн өрөө рүү зугтсан. Тэгэхэд тэр залуу миний араас цохих гэж хөөхөд эрүүлжүүлэхийн цагдаа уг хүнийг хориглож зогсоосон. Тэгээд би цусаа тогтоочихоод коридорт алхаж байхад тэр залуу камерийн өрөөнд орохгүй, үзлэг хийлгэхгүй, би чамайг ажилгүй болгоно гээд элдвээр хэлээд байсан. Сүүлдээ аргаа ядаад эрүүлжүүлэхийн цагдаа тэр хүнийг эрүүлжүүлсэн байх... гэх мэдүүлэг /хх-ийн 4-7-р тал/,

Гэрч М.Ахмарал мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: ...И надтай уулзахад нэг пиво уусан гэж байсан бөгөөд миний дэргэд орцон дотор 2 пиво уусан. Тэгээд гэрийнхэн гарч ирж магадгүй, жоохон холдъё гээд би машинаа бариад И миний хажууд суугаад явж байсан юм. Тэгээд миний утсыг үзье гэхээр нь би үзүүлэхгүй гэхэд уурлаад байсан. Тухайн үед манай аав, ээж над руу залгаад байхаар нь би найзуудтайгаа явж байгаа гэж хэлсэн, тэгтэл утсыг аваад ээжид би хамт явж байна, санаа зоволтгүй гэж хэлсэн. Тэгээд дүүргийн чиглэлд явж байгаад Номинтой байрны тэнд явж байтал И миний утсыг өгөхгүй байхаар нь би дүүргийн цагдаагийн хэлтсийн хашаа руу машинтайгаа орсон. Тэгээд би Ит би чамайг цагдаад хэллээ шүү гээд машинаас бууж нэг цагдаад хэлэхэд дотор жижүүрт хэлчих гэж хэлсэн. Тэгэхээр нь цагдаагийн хэсэг рүү ороод нэг цагдаа ширээний тэнд сууж байхаар нь ах аа манай найз залуу миний утсыг өгөхгүй байна, та аваад өгчихөөч гэж хэлсэн.  Тэгэхэд тэр цагдаа надтай хамт гараад Иийг дагуулаад цагдаагийн хэлтэс дотор орсон. Тэгээд би Иийн халааснаас утсаа авах гэхэд И байж бай гээд миний гарыг түлхсэн. И цагдаад юм хэлэх гээд байсан. Тэгтэл тэр цагдаа Иийг газар унагаахад Иийн хамарнаас цус гарсан. Тэгэхэд И цагдаа руу чи намайг цохилоо гээд орилоод дайраад байхаар нь цагдаа Иийг эрүүлжүүлэх байр руу оруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р тал/,

Телекамерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: ...04:38:27 цагт А.Иээс М.Ахмаралд хандаж чи яах гэж намайг цагдаад өгч байгаа юм гэж хэлэхэд чи намайг зодоод байгаа биз дээ гэж хэлж байх ба Б.Гөөс А.Ит хандаж гараа аваарай гэхэд чадахгүй гэх бөгөөд Б.Г энэ яасан даварсан гөлөг вэ гэж хэлэхэд А.И нь Б.Гийн гуяны орчимд өшиглөж байв...Эрүүлжүүлэх саатуулах байрны коридорын хэсгийн камерийн бичлэг байх бөгөөд Б.Г А.Иийг сугадаад явж байхад А.И зүүн гараараа Б.Гийн нүүр орчимд цохиж байх бөгөөд Ганхөлөг амаа дараад эрүүлжүүлэхийн эмчийн өрөө рүү явж байв. Түүний араас А.И эмчийн өрөө рүү орох гэхэд эрүүлжүүлэх, саатуулах байрны цагдаа түүнийг хориглож холдуулж байх бөгөөд Б.Г эмчийн өрөөнөөс гарч ирэн коридорын хэсэгт явахад А.И малгайгаа шидэж байв...гэжээ. /хх-ийн 11-р тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 12-р тал/ дуу дүрсний бичлэг бүхий DVD нэг ширхэгийг эд мөрийн баримтаар тооцсугай гэжээ.

Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 13-р тал/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 898 тоот шинжээчийн дүгнэлт:

1. Б.Гийн биед дээд уруулд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ш.Цэцэгмаа гэх дүгнэлт /хх-ийн 14-15-р тал/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 16-17-р тал/,

А.Иийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 18/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 29-32/, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх-ийн 33-р тал/,

А.Ит Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 19/, прокурорын тогтоол /хх-ийн 20-21/,

А.И мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...Тэгээд хэлтэс дотор ороод Ахмарал бид 2 дахиж маргалдсан бөгөөд Ахмарал намайг цагдаад энэ намайг байнга дарамталдаг, зодсон гээд хэлсэн. Тэгэхэд цагдаа намайг согтуу байгаа юм бол эрүүлжүүлэх байранд хийнэ гэхээр нь би орохгүй гээд цагдаатай маргалдсан. Тэгээд маргалдахад цагдаа намайг бариад гар өчихөөр нь би цагдаатай зууралдаад өшиглөсөн. Тэгэхэд цагдаа намайг хүчээр аваад эрүүлжүүлэх байр руу орсон бөгөөд цагдаатай зууралдаад байж байхад миний хамарнаас цус гарахаар нь би тэр цагдаатай дахиж маргалдаад эрүүлжүүлэх байрны коридорт орсон. Тэгээд би тэр цагдааг нэг удаа гараараа уруул орчимд нь цохисон. Би хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэйг мэдэж байгаа, тэгээд маргалдсанаас болж уурандаа цохисон нь үнэн. Өөрийн буруугаа ойлгож хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/

А.Ит хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 25-26/, А.И, Б.Г нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал /хх-ийн 38-39-р тал/,

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 20 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 40-р тал/ зэрэг болно.

А.И нь 2019 оны 12 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн офицер цагдаагийн ахлах дэслэгч Б.Гийг ажлын байрандаа албан үүргээ гүйцэтгэж байхад нь нүүрэн тус газар нь гараараа цохиж хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн, улмаар Б.Гийн биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 898 тоот шинжээчийн дүгнэлтээр  Б.Гийн биед дээд уруулд язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэж тогтоогдсон байна./хх-ийн 14-15-р тал/,

Хохирогч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...манай найз залуу намайг дарамтлаад, миний утас болон юмнуудыг авчихаад өгөхгүй байна, намайг зодоод байна, одоо машинд согтуу сууж байгаа, та аваад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр эмэгтэйг та түр хүлээгээд байж бай, би цагдаад хэлье гэхэд тэр эмэгтэй за гэснээ дахин орж ирэхээр нь би тэр эмэгтэйн хамтаар хэлтсийн гадна гарсан. Тэгэхэд цагдаагийн хэлтсийн хойд талын зогсоолд Приус-30 маркийн машин байсан бөгөөд уг машины жолоочийн хойд талын суудал дээр 25-30 орчим насны, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нэг залуу байсан. Тэгэхээр нь би юу болсон юм бэ гэж асуухад найз охинтойгоо маргалдсан гэж хэлэхээр нь та ороод ир гээд цагдаагийн хэлтэс рүү дагуулаад орсон. Тэгээд 1 давхрын коридорт байх ширээний дэргэд сууж байхад тэр эмэгтэй нөгөө залуугийн халааснаас гар утсаа авахад тэр залуу найз охин руугаа дайрахаар нь би дундуур нь ороод мөр хэсгээс нь барьж хөдөлгөөнийг нь хориод газар суулгасан. Тэгэхэд өөдөөс элдвээр хэлж орилоод надаас зуураад тавихгүй байхаар нь би тавь гэсэн шаардлага тавихад хуцаад бай гээд муухай орилоод байсан. Тэгээд зуураад тавихгүй байснаа миний цавь хэсэгт өшиглөхөөр нь би хөдөлгөөнийг хориглож, гарыг нь ард нь өчөөд конторын цагдаагийн хамтаар эрүүлжүүлэх саатуулах байр руу авч орсон. Тэр үед тэр залуугийн хамарнаас цус гарч байсан бөгөөд намайг өшиглөхөөр нь хөдөлгөөнийг нь хориглох үед цус гарсан байсангэсэн мэдүүлэг /хх-ийн 4-7-р тал/,

          Шүүгдэгч А.Иийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...цагдаа намайг согтуу байгаа юм бол эрүүлжүүлэх байранд хийнэ гэхээр нь би орохгүй гээд цагдаатай маргалдсан. Тэгээд маргалдахад цагдаа намайг бариад гар өчихөөр нь би цагдаатай зууралдаад өшиглөсөн. Тэгэхэд цагдаа намайг хүчээр аваад эрүүлжүүлэх байр руу орсон бөгөөд цагдаатай зууралдаад байж байхад миний хамарнаас цус гарахаар нь би тэр цагдаатай дахиж маргалдаад эрүүлжүүлэх байрны коридорт орсон. Тэгээд би тэр цагдааг нэг удаа гараараа уруул орчимд нь цохисон. Би хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэйг мэдэж байгаа, тэгээд маргалдсанаас болж уурандаа цохисон нь үнэн. Өөрийн буруугаа ойлгож хүлээн зөвшөөрч байна гэсэн  мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/, Телекамерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл. зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

А.Ит холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайг тогтоож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ хэргийн улмаас А.И нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болно.

Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шүүх ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, прокурортой ял тохиролцсон байдал зэргийг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. А.Иийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Иийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Ит Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял дээр, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялыг 3.200.000 төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.И нь торгох ялыг 6 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.И нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугцаанд биелүүлэхгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

6. А.И нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг СД-г хэрэг хадагалах хугацаа дуустал хугацаагаар хэрэгт үлдээсүгэй.

8. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, А.И нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

9. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  А.Ит авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.