| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 169/2020/0010/Э |
| Дугаар | 20 |
| Огноо | 2020-01-29 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.Баянмөнх |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга: Г.А
Улсын яллагч: Д.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Х.О
Шүүгдэгч: М.Н нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Н-д холбогдох 1922002890142 тоот хэргийг 2020 оны 1 сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Баянжаргалан суманд 1993.04.26-нд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, ...........................ажилтай гэх, ам бүл....., .................. хамт .........................тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, М.Н нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1/ Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Н нь 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр “Тоёота приус” маркийн 12-37 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Дундговь аймгийн Баянжаргалан сумын 3-р баг Дөшийн 4-1 тоот хашааг дайрч хашааны дотор байсан монгол гэрийг цөмлөн зогссоны улмаас гэрт байсан иргэн Б.О-гийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “Хэрэг учрал болсон гэх газар нь Дундговь аймгийн Баянжаргалан сумын 3-р баг Дөшийн 4-1 тоот хашаанд болсон байлаа. Уг хашаанд 2 гэр байх ба ертөнцийн зүгээр баруун талд байрлах төмөр ногоон өнгийн 2х1,60см харьцаатай үүдний амбаартай гэр байх ба уг гэрийн ертөнцийн зүгээр баруун талаар нь 12-37УБУ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн приус-41 маркийн тээврийн хэрэгсэл мөргөж дайрсан байдалтай зогссон уг гэрийг шалан дээрээс нь талд нь ортол түрсэн гэрийн тооно хэмхэрч гэрийн унь, багана дээш цухуйж эмх замбараагүй байдалтай болсон байлаа”гэжээ. /хх-3/
- Хэргийн газрын схем зургууд, гэрэл зургууд /хх-4-7/
- Хохирогч Б.О-гийн: Би 2019.07.29-ний өдөр Дундговь аймгийн ................тоотод байх өөрийн ах Т гэрт ганцаараа гэрийн баруун талын орон дээр үсээ угааж байтал гадаа их чанга, ямар нэгэн зүйлийг мөргөж байгаа мэт чимээ сонсогдсон, би юу болов гэж бодох зуур гэрийн баруун талаас нэг юм гэр цөмлөөд түрээд орж ирсэн би юуг нь ч мэдэлгүй тухайн зүйлд мөргөгдөж гэрийн зүүн урд хэсэгт нэг мэдэхнээ газар унасан байсан, би босох гэтэл босож чадахгүй, баруун талын хөл гишгэж болохгүй байсан гэрээс гарахад манай хашааг баруун талаас нь мөргөсөн байдалтай, манай гэрийн баруун талаас Тоёота приус маркийн 12-37 УБУ улсын дугаартай, саарал өнгийн машин мөргөсөн байсан, машин нь асаалттай байсан, тэгэхээр нь би машин дээр очиход Н машиндаа ганцаараа, өөрөө жолоон дээрээ суучихсан, жолоогоо дэрлээд унтаж байсан. Би түүнийг дуудахад аан гэж хэлчихээд сэрэхгүй эргээд унтчихсан Тэгэхээр нь би машиныг нь унтраасан, би эгчийн гэр лүү орж хэвтсэн тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй. Ослын улмаас миний баруун хөл хугарсан, баруун чамархай хэсэгт зулгарсан, нуруу муруйсан гэмтэл тогтоогдсон, өөр ямар нэгэн гэмтэл учраагүй. “гэх мэдүүлэг/хх-81-82/
- Гэрч Д.О-ын: Би түүнийг явахад нь ундаа, ус аваад ирээрэй гэж захисан юм, дараа нь утсаар залгаж сануулсан, намайг түүнтэй утсаар ярихад Н нь зүгээр л ярьж байсан. Тэгтэл л удалгүй Нийг хүн мөргөчихсөн гэнэ гээд ээж, аав нь сум руу явсан. Уурхайгаас явахдаа эрүүл байсан, явснаасаа хойш нэг их удалгүй хүн мөргөсөн гэж сонсогдсон.Н нь тухайн үед 2-3 хоног нойргүй ажилласан байсан, ер нь л Н маш их ажилладаг, махруу хүүхэд байгаа гэх мэдүүлэг/хх-84/
- Гэрч Б.М-ын: “2019.07.29-ний өдөр өөрийн хүү Нийг уурхай дээр ажиллуулж байгаад Баянжаргалан сумын төвд байх гэртээ харьж амарч байгаад ир гээд явуулсан юм. Тэгтэл 16 цагийн үед Отгончимэг гэх манай сумын эмэгтэй надруу утасдаад Н энд айлын хашаа, гэр дайрчихлаа гэж хэлсэн тэгэхээр нь сумын төв ороход Дөш хороолын баруун захад байх Тийн хашаа, гэрийг нь Нийн унаж явсан Тоёота Приус маркийн 12-37 УБУ улсын дугаартай машинаар дайрчихсан, машин гэрийн баруун талаас цөм мөргөөд орчихсон байсан, О зүүн талынхаа гэрт орчихсон хэвтэж байсан, Огаас юу болсныг асуухад гэрт толгойгоо угаагаад байж байтал гэнэт баруун талаас цөмлөөд ороод ирсэн, намайг мөргөсөн, миний хөл өвдөөд байна гэж хэлсэн, нүүр нь бага зэрэг шалбарсан байсан. Нийг цагдаагийн хэсгийн байр луу аваад явсан байсан, Н дээр очиход манарсан, цочирдсон байдалтай байсан, архи дарс уусан зүйл ажиглагдаагүй, үнэртээгүй. Н нь осол гаргахаасаа өмнө 2-3 хоног өдөр, шөнөгүй ажилласан юм. Нойр, хоол муутай явж байгаад ядаргаанд орсон байх гэж бодож байна, Н нь өөрөө хэлэхдээ нэг мэдэхэд л осол болчихсон байсан гэдэг. Н нь уурхайгаас 12 цаг енгөрч байхад явсан байх, ганцаараа явсан юм гэх мэдүүлэг /хх-88/
- Гэрч Б.Г-ийн: 2019.07.29-ний өдөр 15 цагийн үед гадуур ажилтай явж байтал манай дүү Отгончимэг над руу утасдаад Н нь машинаар хашаа дайраад, гэр дайрчихлаа, гэрт О байсан юм, Ог бас мөргөчихжээ хөл нь өвдөөд байна гэнэ, манайд хэвтэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Дундговь аймгийн Баянжаргалан сумын төв Дөшийн 4-1 тоотод байх дүү Тийн гэрт очиход хашааных нь баруун талаас хашааг нь мөргөж нураагаад чигээрээ явсаар гэрийн баруун талаас нь цөм мөргөж зогссон Тоёота прүс маркийн машин байсан. Тэгэхээр нь би машиных нь хаалгыг нээхэд машин дотор Н машиныхаа рулийг дэрлэчихсэн ухаангүй согтуу унтаж байсан тэгэхээр нь би татаж сэрээгээд яаж байгаа юм чи гэж асуухад би яачихсан юм гээд өөдөөс хэгжүүрхээд байсан тэгэхэд нь чи айл ийм болгосон байна шүү дээ гэж хэлэхэд яасан юм бэ? гээд юу болж байгааг ч мэдэхгүй байсан, тэр үед хэсгийн төлөөлөгч Б, цагдаа Э нар ирсэн. Н нь тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь илт мэдэгдэж байсан, Н-аас архи үнэртэж байсан, биеэ хянах чадваргүй, мэдрэлгүй согтуу байсан.Би тухайн үед Н-ийг цохиж, зодоогүй. Би тухайн үед Хишигбаяр гэх хүнтэй хамт явж байсан тэр хүн намайг цохиж зодоогүй гэдгийг мэдэж байгаа. Н машиндаа ганцаараа байсан, машинд нь архи согтууруулах ундааны зүйл байсан үгүйг мэдэхгүй байна”гэх мэдүүлэг/хх-91/
- Гэрч Ч.Б-ийн /хэсгийн мөрдөгч/: 2019.07.29-ний өдөр иргэн О болон Т нь манай гэрийг машинтай хүн дайрчихлаа гэсэн дуудлага өгсөн, дуудлагын дагуу очиход Тоёота Приус-41 маркийн мөнгөлөг өнгийн машин Дөш гэр хорооллын 4-1 тоот хашааны баруун талаас нь мөргөсөн, хашаан дотор байх 2 гэрийн баруун талын гэрийг нь мөргөж дотогш цөмлөөд зогссон байсан, тэнд машины жолооч Н, Т-ийн ах Г нар байсан. Би Н-ийг цагдаа Э-ний хамтаар ажилруу явуулчихаад би хэргийн газарт холбогдох ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн, машинаар мөргөсөн гэрт байсан О нь зүүн талын гэрт нь хэвтэж байсан, О-аас юу болсныг асуухад гэртээ байж байтал гэнэт л гэрийн баруун талаас хана дайрч, намайг мөргөсөн гэж хэлсэн. Гэрчээс мэдүүлэг авах, хэргийн газрын үзлэг, хэмжилт хийх зэрэг ажиллагаануудыг хийж дуусгаад цагдаагийн хэсэг дээр очиход 18 цаг өнгөрч байсан. Тэндээс Н-ийг авч яваад эмнэлэг орж эмчээр цусыг нь авахуулж хуруу шилэнд хийж авсан, Н-ийг ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгсөн. ...Намайг анх дуудлагаар очиход Н нь тонгойгоод суучихсан байхаар нь юу болсныг асуухад өөдөөс юм хэлэхгүй, согтуу ч юм шиг, ухаангүй ч юм шиг, цочирдсон ч юм шиг байдалтай байсан, архи дарс үнэртэж байна уу гэж үзээгүй. Би Нийг согтуу байна л гэж бодсон. Машин тэргэнд нь архи, согтууруулах ундааны зүйл байгаагүй, шил, сав ч байгаагүй. Би Н-ийн биенээс осол болсноос хойш 4-5 цагийн дараа цус авсан, тэр цусыг шинжилгээнд өгсөн. Яагаад согтолт илрээгүй болохыг хэлж мэдэхгүй байна. Н болон О нартай ямар нэгэн хувийн харилцаа байхгүй. Би тэднийг Баянжаргалан сумынх гэдгээр нь мэднэ гэх мэдүүлэг/хх-92/
- Шүүх эмнэлгийн шинжээчийн 2019.11.06-ны өдрийн 287 дугар дүгнэлтэд: Б.О-гийн биед дунд чөмөг, шаант ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна, Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэжээ /хх-94-96/
- Биологийн шинжээчийн 2019.08.07-ны өдрийн 4380 дугаартай дүгнэлт, мөн 2019.11.29-ний өдрийн 6505 дугаар дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн М.Н-ийн гэх цус нь АВО системээр B(III) бүлгийн харъяалалтай гэжээ /хх-17, 108-109/
- Химийн шинжээчийн 2019.08.12-ны өдрийн 4379 дугаар дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн А39727337 гэсэн код бүхий хуруу шилтэй цусанд спиртийн агууламж илрээгүй гэсэн /хх-16/ баримтууд хамаарна.
Шүүгдэгч М.Н-ийг зам тээврийн осол гаргах үедээ машиныхаа рулийг дэрлээд унтаад байсан, жолоо барих чадваргүй байсан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, хэвийн бус байдалтай байсан гэх гомдлыг хохирогч Б.О гаргасан /хх-19/, энэ талаар Баянжаргалан сумын хэсгийн мөрдөгч Ч.Б, хохирогч Б.О-гийн төрсөн ах Б.Ганзориг нар гэрчлэн мэдүүлсэн, /хх-90-92/, хохирогч Б.О-гийн мэдүүлэг /хх-81-82/ зэргээр тогтоогдож байна.
Дундговь аймгийн Баянжаргалан сумын хэсгийн мөрдөгч Ч.Б нь 2019 оны 7 сарын 29-ний өдрийн 19 цаг 23 минутанд сумын эрүүл мэндийн төвийн хүлээн авах өрөөнд сувилагч лаборант Ц.З-ээр М.Н-аас 10 гр цусны дээж авахуулж А39727337 дугаартай хуруу шилэнд хийж зориулалтын газарт хадгалсан ажиллагаа /хх-8/, А39727337 дугаартай цусанд химийн шинжилгээ хийхэд спиртийн агууламж илрээгүй болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-16/ зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.10, 27.3, 27.6 дугаар зүйл, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10, 12 дугаар зүйл, Шинжилгээний объектийг шүүхийн шинжилгээний байгууллагад хүргүүлэх, хадгалах, шилжүүлэх, устгах журамд нийцүүлэн явуулсан байх тул уг ажиллагаа болон уг ажиллагааны үр дүнд гаргасан “М.Нийн цусанд спиртийн агууламж илрээгүй” гэх шинжээчийн дүгнэлтийг шүүх нотлох баримтаар тооцох үндэслэлтэй байна. Иймд хохирогчийн “М.Н нь ухаангүй, согтуу байсан“ гэх гомдол нь баримтаар нотлогдохгүй байна гэж үзлээ.
Харин М.Н-аас цусны дээж авахдаа хангалттай хэмжээний дээж аваагүй, мөн шээсний дээж авч ирүүлээгүйн улмаас мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис тодорхойлох шинжилгээг хийгээгүй болох нь химийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 4379 тоот дүгнэлтээр тогтоогдож байна. Цус, шээсний дээжийг авах ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул М.Н нь тухайн үед мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн байсан эсэх нь баримтаар тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.Н нь зам тээврийн осол гаргах үедээ 2-3 хоног нойргүй ажилласны улмаас их ядарсан байсан гэж мэдүүлснийг төрсөн эх Н.М, хойт эцэг Б.Мөнхбаатар, иргэн Д.О нар батлан мэдүүлсэн байна.
Шүүгдэгч М.Н нь 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 15 цагийн орчимд 12-37 УБУ улсын дугаартай “Тоёота приус” маркийн автомашинаар замын хөдөлгөөнд оролцож, улмаар Дундговь аймгийн Баянжаргалан сумын 3-р баг Дөшийн 4-1 тоот хашааг дайран орж, уг хашаанд байсан монгол гэрийг цөмлөн зогссоны улмаас гэрт байсан иргэн Б.О-гийн бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь хохирогч Б.О-гийн мэдүүлэг /хх81-82/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх3-7/, шинжээчийн дүгнэлт /хх94-96/, гэрч Б.Т /хх-11,90, гэрч Б.Г /хх-91/, гэрч Б.М /хх88-89/, гэрч Д.О /хх-84/, гэрч Н.М /хх-83/ нарын мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна.
Мөрдөгчөөс дээрх ослын шалтгаан, Замын хөдөлгөөний дүрэм зөрчигдсөн эсэхийг тогтоолгохоор Дунговь аймгийн Замын цагдаагийн тасгийг шинжээчээр томилсон байх бөгөөд шинжээчийн 2019.11.09-ний өдрийн №48 тоот дүгнэлтэд “ Тоёота приус маркийн 12-37 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно а/ тухайн ангилльн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн хуулийн 12.3. жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Хэргийн газрын үзлэг, фото зураг, схем зургаас үзэхэд уг зам тээврийн осол нь жолооч М.Н-ийн буруутай үйлдлээс болж зам тээврийн осол гарсан байна гэжээ /хх-104/
Шинжээч дээрх дүгнэлтийг гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан тусгавал зохих зүйлсийг бүрэн тусгаагүй, ямар объект болон материалд шинжилгээ хийсэн нь тодорхойгүй, энэ талаар шинжээч томилсон тогтоол болон шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 3 дахь заалт, мөн хуулийн 27.4 дүгээр зүйл, мөн хуулийн 27.6 дугаар зүйлийн 1.4,1.5, 1.6 дахь заалтыг тус тус зөрчсөн байна.
Гэвч тухайн шинжээчийн дүгнэлттэй шүүгдэгч М.Н 2019.11.13-ны өдөр /хх-106/, хохирогч Б.О 2019.11.19-ний өдөр /хх-105/ тус тус танилцсан байх бөгөөд шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, хэн аль нь маргаагүй ба хохирогч Б.О, шүүгдэгч М.Н, гэрч Б.Ганзориг нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зурагтай тохирч байгаа нөхцөл байдлыг харгалзан дээр дурьдсан шинжээчийн дүгнэлтийн “дүгнэлт” хэсгийг шүүх нотлох баримтаар тооцлоо.
Шүүгдэгч М.Н нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан үедээ суудлын автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож, уг автомашинаар айлын хашааг дайран орж, гэрийг нь цөмлөн зогсож хохирогч Б.О-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах зам тээврийн осол гаргасан үйлдэл нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Замын хөдөлгөөний оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй” гэх заалт, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ын а/ ...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг жолоочид хориглоно гэх заалт, мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул саад учрахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.
Жолооч М.Н нь “А”, “В”, “С”, “СЕ” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болох нь №638822 тоот жолоочийн үнэмлэхний хуулбараар /хх-27/ тогтоогдож байх бөгөөд жолооч хүний хувьд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглодог гэдгийг болон ийм үйлдлийн улмаас хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдэж хайхрамжгүй хандсаны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дээр дурьдсан баримтаар нотлогдож байна.
Шүүгдэгч М.Н-ийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй байна.
2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, төлбөрийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч М.Н-ийн үйлдлийн улмаас хохирогч Б.Огийн биед дунд чөмөг, шаант ясны далд хугарал гэмтэл буюу эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр /хх-94-96/, иргэний нэхэмжлэгч Б.Т-ийн өмчлөлийн гэрийн хоёр хана, тооно, модон ор, модон ширээ эвдэрч хэмхрэн нийт 1540000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь Баянжаргалан сумын үнэлгээний комиссын үнэлгээгээр /хх-23/ тус тус тогтоогдож байна.
Хэргээс үзэхэд хохирогч Б.О шинжилгээ эмчилгээнд 2795000 төгрөг, бэлнээр 830000 төгрөг, нийт 3625000 төгрөгийг зарцуулсан гэх зардлын тооцоо гаргасан байх бөгөөд уг тооцоонд баримт хавсаргаагүй байна. /хх-42/ Шүүгдэгч М.Н-ийн эх гэх гэрч Н.М-ээс нийт 22 хуудас хохирол төлсөн гэх баримт гаргаж өгснийг шинжлэн судалж үзэхэд үзлэг шинжилгээнд-505000 төгрөг, эм тарианд-540785 төгрөг, эмчилгээнд-520000 төгрөг, бензин түлшинд-336071 төгрөг, нийт 1901856 төгрөгийн зардлын баримт байна /хх48-67/ Хэргийн 70-73 дугаар хуудсанд Б.М-ын ХААН банкин дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга авагдсан байх боловч дээр дурьдсан зарим баримтын төлбөрийн гүйлгээ уг данснаас хийгдсэн, гүйлгээний утгыг тодорхой бичээгүйн улмаас аль гүйлгээг нь Б.О-д бэлнээр өгсөн төлбөрт тооцсон эсэхийг тодорхойлох боломжгүй баримт байна.
Иймд хохирогчийн өөрийн гараар бичсэн тооцоог баримттай тулгаж үзэхэд бодитой учирсан хохирол болох нь баримтаар нотлогдсон 1901856 төгрөгийг М.Н-ийн ар гэрээс бүрэн нөхөн төлсөн болох нь тогтоогдож байгаа, харин хохирогч хөлөө эдгэрэх хүртэл нэг сарын 600000 төгрөг нэхэмжилснээ нотлох баримт гаргаж өгөөгүй байдлыг харгалзан хохирогчийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгуулах тухай нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ” гэх заалтыг хэрэгжүүлэх үүднээс тус шүүхийн шүүгчийн 2020.01.22-ны өдрийн 44 дүгээр захирамжаар Дундговь аймгийн Баянжаргалан сумын иргэн Б.Т-ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, энэ талаар 2020.01.23-ны өдрийн 15 цаг 05 минутад утсаар мэдэгдсэн боловч иргэний нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирээгүй, иргэний нэхэмжлэл гаргаагүй байна.
Хэргээс үзэхэд иргэний нэхэмжлэгч Б.Т нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “Н нь надад 5 ханатай гэр өгсөн, ор ширээг минь өгөөгүй байгаа. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэл гаргаад ор, ширээг минь өгвөл өгнө биз” гэж мэдүүлсэн /хх-90/, шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ “уг ослын улмаас гаргасан хохирлоо бүрэн барагдуулсан” гэсэн, мөн иргэний нэхэмжлэл гаргаагүй, иргэний нэхэмжлэл гаргах эсэх нь тухайн хүний хуульд заасан эрхийн асуудалд хамаардаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүх холбогдох асуудлыг хэлэлцэхгүй орхилоо. Иргэн Б.Т нь шаардлагатай гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж М.Н-аас өөрт учирсан эд хөрөнгийн хохирлыг жич нэхэмжлэх эрхтэй байна.
3/ Оногдуулах ял шийтгэлийн талаар:
Шүүгдэгч М.Н урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-124/ тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Н нь анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлыг шүүхээс өмнөх шатанд сайн дураараа төлж барагдуулсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч М.Н-ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа болон дээр дурьдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэхээр шийдвэрлэв.
Шүүхэд М.Н-д холбогдох хувийн бичиг баримт болон эд мөрийн баримт ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд
тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч М.Н-г Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Н-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч М.Н нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч Б.О нь нийт 3625000 төгрөг төлсөн гэж хүлээн зөвшөөрсөн, иргэний нэхэмжлэгч Б.Т-ийн эд хөрөнгийн хохирлыг адил нэр төрөл, тоотой эд зүйл авч өгч арилгасан, иргэний нэхэмжлэгч Б.Т нь “иргэний нэхэмжлэл хангагдсан, хохирлыг барагдуулсан” гэсэн ба иргэний нэхэмжлэл гаргаагүй болохыг тус тус дурьдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.О-гийн эрүүл мэндэд учирсан гэм хорын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж өөрийн болон М.Н-ийн оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдсугай.
5. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ