Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 436

 


Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг  шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан иргэний шүүх хуралдаанаар: 

Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймаг Баруун-Урт сум 8 дугаар баг Хайлаастын   
17-17 тоотод оршин суух Хавхчин овогт Дамдингийн Цогзолмаа

“ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлт ирүүлснийг 2016.10.13-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ, хүсэлт гаргагч Д.Цогзолмаа нарыг  оролцуулав. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Хавхчин овогт Дамдингийн Цогзолмаа шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтдээ: Би 1980 онд 10 дугаар ангиа төгсөөд МХЗЭ-ийн илгээлтээр Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдлийн 2 дугаар бригадад  мал малласан хүн. Анх өөрийн төрсөн ах Бадарчийн суурьт туслах малчнаар очиж ажилласан. 1981 онд тус сумын Түвшинжаргал гэдэг хүнтэй гэр бүл болоод тус бригаддаа өөрсдөө бие дааж хонин суурьтай байсан. Нэгдэл тартал тасралтгүй ажилласан. Би 10 хүүхэд төрүүлснээс одоо 7 хүүхэд маань байгаа. 1991 оныг хүртлэх хугацаанд бол 6-н хүүхэд төрүүлсөн. Хүүхэд төрүүлсэн боловч малыг маань нөхөр хөриулж л байсан. Би бол дандаа хөдөө мал маллаж байгаад 2006 оноос аймагт ирсэн юм. Намайг 1981-1990 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлтийг ханган шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

Хавхчин овогт Дамдингийн Цогзолмаа нь 1981 оноос 1990 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь аймгийн архивын 2016.07.27-ны өдрийн 187/15 тоот лавлагаа, 1991 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2/9 тоот нэгдлийн гишүүдийг тогтоох тухай тогтоолын хавсралтын Д.Цогзолмаагийн ажилласан жил 11 гэсэн байгаагаас гадна  10 хүүхэд төрүүлсний 6 нь 1981-1991 онуудад гарсан болох нь тэдгээрийн төрсний гэрчилгээний хуулбаруудаар нотлогдож байна. Мөн тухайн үед хамт ажиллаж байсан гэрч Г.Мөнхжаргалын шүүхэд өгсөн “ . . .  Д.Цогзолмаа нь 1981 оноос Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдлийн 2 дугаар бригадад хонин суурьт малчин байсан. 1992 оныг хүртэл ажилласан. Бид нэг бригадад хамт ажиллаж байсан болохоор сайн мэдэж байна” гэх мэдүүлэг, гэрч М.Энхбатын шүүхэд өгсөн “. . . Д.Цогзолмаа нь 1981-1992 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан. Эднийх Хажуу гэдэг газарт намаржиж, өвөлдөө Цоржин гэдэг газарт өвөлжддөг байсан. Эднийх 2 дугаар бригадад хоньтой, манайх адуутай байсан юм. Бид айл саахалт явсан болохоор ажиллаж байсан талаар сайн мэднэ”  гэх мэдүүлгүүдээр зэрэг нотлох баримтуудаар  ажиллаж байсан нь нотлогдож байх тул 1981-1990 оныг хүртэл ажилласан байдлыг тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
 
Д.Цогзолмааг улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төлөхөөс чөлөөлсөн болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Хавхчин  овогт Дамдингийн Цогзолмааг 1981 оноос 1990 оныг хүртэл Сүхбаатар аймгийн  Эрдэнэцагаан сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж  байсан болохыг  тогтоосугай.

    2.  Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн  41 дугаар зүйлийн 41.1.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д заасныг баримтлан Д.Цогзолмааг улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан  сонсгомогц хуулийн хүчинтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар  хүсэлт гаргагч Д.Цогзолмаа шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн  Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.                        

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               Ш.ОЮУНГЭРЭЛ