| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 169/2020/0023/Э |
| Дугаар | 23 |
| Огноо | 2020-02-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Оюунбат |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 23
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга: Б.М
Улсын яллагч: М.О
Шүүгдэгч: Б.А нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А-д холбогдох 1922003580015 тоот хэргийг 2020 оны 2 сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Сайнцагаан суманд ...............-ны онд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх, хэрэгт холбогдох үедээ ................ ажиллаж байсан, ам бүл .........., ................... хамт ...................... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1/ Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.А нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын 3-р баг Онгийн 6-2 тоотод иргэн Б.Г-ын толгойн тус газарт сандлаар цохиж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч Б.Г-ын: Би 2019.11.20-ны өдрийн орой ангийн найз Х.Э, цагдаа Б.А нартай хамт А гэх айлд орсон. Тэр айлынх гэрийн найр хийсэн гээд гэрийн хувь өгсөн. Тэгсэн Х.Э-ийг хүн утсаар дуудаад гараад явсан А бид хоёр тэр айлд сууж байгаад гэрээс гарч барилдаж байгаад гэрлүү орсон. Тэгээд А намайг үгээр өдөөд хэл амаар доромжлоод байсан, би “айлд хоёулаа муудалцаад яах юм бэ” гэсэн чинь А намайг сууж байсан сандлаараа миний толгойд нэг удаа цохьсон толгойноос цус гарч миний толгойн орой хэсэг урагдсан гэх мэдүүлэг /хх-15, 16-18/
- Гэрч Ө.Ж, Б.А, Г.А, Э.Н нарын “Б.А Б.Г нар нь гэрийн гадна барилдаж орж ирээд маргалдаад байсан, мөн Б.А нь Б.Г-ын толгойн тус газарт сандлаар нэг удаа цохьсоныг харсан” талаараа мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-22-25/
- Гэрч Б.Н-ийн /их эмч/: 2019 оны 11 сарын 20-ны орой 21 цаг 30 минутын үед сувилагч Б над руу залгаж эмнэлэг дээр ирэх шаардлагатай байна. Толгойгоо хагалуулсан хүн ирлээ гэж ярьсан. Гантулгын толгойноос бага зэргийн цус гарсан, 0,5-аас 1 см-ийн гүнтэй, 4-5 см урттай язарч зүсэгдсэн байдалтай байсан. Манай сувилагч Г-ын толгойн орой язарсан байсныг хусаж цэвэрлээд оёход бэлэн болгосон байсан. Би Г-ын толгойн оройн язарч зүсэгдсэн хэсэгт 5 оёдол тавьж эмчилгээ бичиж өгчихөөд явсан гэх мэдүүлэг /хх-21/
- Шинжээчийн 2019.11 28-ны өдрийн 299 дүгээр дүгнэлтэд: Б.Г-ын биед зулайд шарх гэмтэл тогтоогдлоо, Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх-39-40/
- Шинжээч Д.Д-ийн : Б Г-ын биед учирсан зулайн хуйханд язарсан шарх нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хатуу мохоо зүйл гэдэгт ир ирмэг, үзүүртэй зүйлээс бусад зүйлийг ойлгоно. Энэ нь хүчтэй зүйлээр цохих, хүчтэй ирмэгтэй зүйл дээр унах зэргээс дээрх шарх үүснэ. Үзүүлэгч Б.Г биед учирсан зулайн хуйханд үүссэн шарх нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой Тухайн гэмтэл нь шинэ шарх байсан. Үзлэгээр зулайн хуйх хэсгийн орой хэсэгт хөндлөн 5.5 см урттай Тухайн шарханд 5 оёдол тавьсан байсан. Б.Г биед үзлэг хийж байхдаа асуухад “2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр сандлаар толгой руугаа цохиулсан" гэж хэлж байсан. Тэрнээс хаана, хэнд цохиулсан талаараа хэлээгүй” гэх мэдүүлэг /хх-45-46/ зэрэг баримтууд хамаарна.
Эдгээр баримтаар шүүгдэгч Б.А нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 21 цагийн орчимд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын 3-р баг Онгийн 6-2 тоотод байрлах иргэн Г.А-ийн гэрт хохирогч Б.Г-тай маргалдаж, улмаар Б.Г толгойн тус газарт сандлаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдэх үедээ Сайхан-Овоо сумын хэсгийн цагдаагаар ажиллаж байсан болох нь Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2019.01.03-ны өдрийн Б/02 тоот тушаалаар нотлогдож байна. /хх-172/ Шүүгдэгч Б.А нь тухайн үед ээлжийн амралттай байсан гэж мэдүүлснийг нотлох баримт шүүхэд ирээгүй тул түүнийг албан үүргээ гүйцэтгэж байсанд тооцно. Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын Сайхан-Овоо сум дахь цагдаа ажилтай, цагдаагийн ахлагч Б.А нь албан үүргээ гүйцэтгэж байгаа үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн, хүний эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдсан нь Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.5-д тус тус заасан цагдаагийн албан хаагчид хориглох зүйлийг зөрчсөн байна. Гэвч энэхүү зөрчил нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжгүй байна.
Тодруулбал: Тухайн хэргийн газарт байсан хохирогч Б.Г, гэрч Ө.Ж, Б.А, Г.А, Э.Н нарын мэдүүлгээр Б.Г, Б.А нарын дунд үүссэн таарамжгүй харилцаа нь барилдаад дийлээгүй гэх маргаанаас үүдэлтэй, өөрөөр хэлбэл хувийн чанартай маргаан байсан болох нь тогтоогдож байх тул прокуророос Б.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон гэж үзлээ.
Шүүгдэгч Б.А нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Г толгойн тус газарт сандлаар цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатайгаар учруулсан нь баримтаар нотлогдож байх тул Б.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулж, шийтгэх үндэслэлтэй байна.
2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байна.
Дээрхи хуулийн заалтаар өөрийн санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг шүүгдэгч Б.А хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч Б.Г нь өөрийнхөө эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахыг шүүгдэгч Б.А-с шаардах эрхтэй байна.
Хохирогч Б.Г нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй ба “би А-с эмчилгээний зардалд 500.000 төгрөгийг бэлнээр авсан, одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй Б.А бид хоёр хоорондоо учраа олж эвлэрсэн” /хх16-18/ гэсэн, мөн “Б.А-той учраа олж эвлэрсэн, одоо надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлтийг /хх-198/ тус тус гаргажээ.
Иймд хохирогч иргэний нэхэмжлэл гаргаагүйн улмаас шүүхээс Б.Г эрүүл мэндэд учирсан гэм хорын асуудлыг шийдвэрлэх боломжгүй тул хохирогч нь Б.А-с 500.000 төгрөг хүлээн авсан гэж хүлээн зөвшөөрсөн, Б.А-той эвлэрсэн гэсэн хүсэлтийг гаргасан болохыг энэхүү тогтоолын тогтоох хэсэгт дурьдах нь зүйтэй.
3/ Оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.А нь урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-62/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг шүүхээс өмнөх шатанд сайн дураараа нөхөн төлж, бусдад төлбөргүй болсон нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд Б.А нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болон түүний хувийн байдал, дээр дурьдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан шар өнгийн модон сандлыг шүүгдэгч Б.А буцаан авах хүсэлт гаргасныг хангах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8, 36.10, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлд
тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.А нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд хөрөнгө хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч М.Гантулга нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, шүүгдэгч Б.А-с 500.000 төгрөг хүлээн авсан гэж хүлээн зөвшөөрсөн, хохирогч М.Г нь Б.А-той эвлэрсэн гэх хүсэлтийг гаргасан болохыг тус тус дурьдсугай.
4. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
5.Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Б.А-н гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн гэх модон сандлыг Б.А-д хүлээлгэн өгч баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Н-д даалгасугай.
7. Шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй ба торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солих журамтай гэдгийг Б.А-д анхааруулсгай.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ