Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 134/ШШ2016/00167

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Наранчимэг би Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 1 дүгээр байрны 8-115 тоотод оршин суух, Боржигон овогт Октябрийн Энх-Эрдэнэ /РД:ЧИ86032301, эмэгтэй, утас:88864823/-ийн нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 1 дүгээр байрны 8-119 тоотод оршин суух, Шараачин овогт Түвшинжаргалын Төрболд /РД:ЕУ90102416, эрэгтэй, утас:99902806/-д холбогдох гэм хорын хохирол 2 683 284 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч О.Энх-Эрдэнэ нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Манай гэрт 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр дээд айлаас ус алдаж дараах байдлаар хохирол учирсан. Үүнд:

           1.Байрны засварын үнэлгээ хийлгэсний дагуу 2 033 284 төгрөг

           2.Шалны дэвсгэр 550 000 төгрөг /2015 оны 11 сард худалдаж авсан хивс 45 метр урттай/

     3.Принтер эвдэрсэн засварын хөлс 100 000 төгрөг, нийт 2 683 284 төгрөгийг  Т.Төрболдоос гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхны нэхэмжлэлийн шаардлага болох 2 683 284 төгрөгийг багасгаж, хариуцагч талын 1 566 642 төгрөгний 550 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 1 016 642 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулна гэсэн саналыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй гэжээ.

             Хариуцагч Т.Төрболд нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т.Төрболд миний бие О.Энх-Эрдэнийн гаргасан нэхэмжлэлийн дагуу хивсний үнэ 550 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор, үлдэгдэл 1 016 642 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй гэжээ.

 

Зохигчид хоорондоо: ... Нэхэмжлэгч О.Энх-Эрдэнэ нь анхны нэхэмжлэлийн шаардлага болох гэм хорын хохирол 2 683 284 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа 1 566 642 төгрөг болгон багасгаж, хивсний үнэ 550 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор, үлдэгдэл 1 016 642 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор хариуцагч Т.Төрболд нь төлж барагдуулахаар тохиролцож, зохигчид хоорондоо эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Энх-Эрдэнэ нь Т.Төрболдод холбогдуулан ус алдуулснаас учирсан гэм хорын хохиролд 2 683 284 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэхэмжлэгч О.Энх-Эрдэнэ нь анхны нэхэмжлэлийн шаардлага болох 2 683 284 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа 1 566 642 төгрөг болгон багасгаж, хивсний үнэ 550 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор, үлдэгдэл 1 016 642 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор хариуцагч Т.Төрболд нь төлж барагдуулахаар тохиролцож, талууд эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.

 

Уг эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, бусдын эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

           Талууд эвлэрлийн гэрээндээ улсын тэмдэгтийн хураамжийн талаар тохиролцоогүй тул хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд  урьдчилан төлсөн 57 883 төгрөгийн тавин хувь болох 28 941 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 28 941 төгрөгийг орон нутгийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас зохигчдын эвлэрсэн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 20 008 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч О.Энх-Эрдэнэ нь анхны нэхэмжлэлийн шаардлага багасгаж 1 566 642 төгрөг болгон нэхэмжилснийг, хариуцагч Т.Төрболд хивсний үнэ 550 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор, үлдэгдэл 1 016 642 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, зохигчид хоорондоо эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд  урьдчилан төлсөн 57 883 төгрөгийн тавин хувь болох 28 941 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 28 941 төгрөгийг орон нутгийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас зохигчдын эвлэрсэн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 20 008 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

           3.Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

  

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Б.НАРАНЧИМЭГ