Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 26

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Б.М

Улсын яллагч: Г.Х

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О

Шүүгдэгч: Э.А нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.А-д холбогдох 1922003600006 тоот хэргийг 2020 оны 2 сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Дэрэн суманд ............-нд төрсөн, .....настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, .................. ажилтай, ам бүл ..., нөхөр, хүүхдүүдийн хамт ................... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Э.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгчийн мэдүүлгийг сонсож, талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1/ Холбогдсон хэргийн талаар:

 

          Шүүгдэгч Э.А нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Дундговь аймгийн  Дэрэн сумын Соёлын төвийн байранд Ч.А-тай маргалдаж, зодсон болох нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:

          Хохирогч Ч.А-ийн: 2019 оны 12 дугаар сарын 10 -ны өдөр Дундговь аймгийн Дэрэн сумын “Соёлын төв”-д ажил дээрээ байж байхад тус сумын ЕБС-ийн багш ажилтай П, А гэх багш болон Ү гэх эгч нар гаднаас хамт орж ирсэн. А багш надад хандаж хүүхдийн тоглолтын хувцас авах гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би У багш түрүүлж авна гэж хэлсэн болохоор нь Ууганцэрэн багшид тоглолтын хувцас гаргаж өгсөн. Тэгтэл У багш толгойн боолт байна уу гэж асуухаар нь би хайгаад сууж байтал А багш надад хандаж цэнхэр өнгийн бүжгийн дээлээ яасан юм бэ гэж асуухаар нь би А багшид хандаж “байхгүй актлаад удаж байна” гэж хэлтэл намайг “тэнэг сасуу юм уу, хадгалж хамгаалж мэддэггүй, хүний хийгээд өгсөн юмыг” гээд намайг загнахаар нь “манайх чамаар юмаа зүгээр хийлгэдэггүй биз дээ” гэж хэлсэн. Харин А багш “та энэ байгууллагад ороод юу хийсэн юм эв эвдэхээс”  гэж хэлэхээр нь би А багшид хандаж “чи эцэг шигээ дээрэлхүү зантай юм байна. Миний муу нагац ахыг минь зодож хаяад эхнэрийг аваад сууж байсан юм байна л даа” гэж хэлтэл та яасан зэвүүн юм бэ гэж миний зүүн дал мөр лүү цохиод байхаар нь би элгээ хамгаалаад хоёр гараараа тэврээд буланд шахагдсан ба хэдэн удаа өшиглөж, цохьсон талаар сайн мэдэхгүй байна. Тэгтэл араас цохиод байсан. Цохиж байх үед миний биенээс доошоо шингэн зүйл 2-3 удаа гарсан. Тухайн үед хажууд байсан У багш салгасан байх” гэх мэдүүлэг /хх17-18/

          Гэрч Г.У-ийн: ...би түрүүлээд хүүхдийн тоглолтын хувцас аваад ангийнхаа хүүхдүүдэд өмсүүлчихээд буцаад ороод ирсэн чинь А эгч, А багш хоёр маргалдаад байж байсан би өрөөнд нь ороод хайрцагтай хувцаснаас жижиг хувцас хайж байх тэр хооронд тэр хоёр хувцасны мөнгө төгрөгнөөс болоод маргалдаад байх шиг байсан. Тэгээд А багш явах гээд хаалгаар гартал А эгч чи яг аав шигээ дээрэлхүү юм байна гэж хэлж байх шиг байсан. Тэгтэл А багш эргэж очоод та яагаад хүн доромжлоод байгаа юм гэж хэлээд А эгчийн харьт хавьцаа 2-3 удаа цохиод байсан ба тухайн үед би харж байсан. Тэгтэл соёлын төвийн ажилтан Тэгшээ эгч орж ирээд А эгчийг аваад гарсан тухайн үед би А эгчтэй үлдээд та хоёр юунаас болж маргалдаад байгаа юм бэ гэж асуутал бид хоёр ажлын хувцаснаас л болж маргалдлаа гэж байсан. Тэгээд би А эгчийн өрөөнөөс гарсан. А эгч цохиулаад зогсоод байсан” гэх мэдүүлэг /хх-19/

          Гэрч Ц.Т-ийн: ...би хувцас хадгалах өрөөнд ортол манай сумын сургуулийн багш ажилтай А зөрөөд гарсан.  Манай “Соёлын төв”-ийн номын санч ажилтай А эгч А багшид хандаж юм хэлэх шиг л болсон. Тухайн үед яг юу гэж хэлж байгааг нь би сонсоогүй. А багш чанга дуугараад, эргэж орж ирээд А хэд хэдэн удаа цохиж авсан. Тухайн үед У багш тэр хоёрыг салгасан. Би А эгчийг өрөөнд нь оруултал А эгч би доошоо 2-3 удаа шингэн зүйл алдчихлаа гэж хэлээд үзсэн. Тухайн үед би хараагүй, хаалга бариад зогсож байсан. А эгч толгой өвдөөд байна гээд сандал дээрээ суугаад үлдсэн, харин би ажилтай байсан учир гараад явсан. Би тухайн үед А, А багш цохиж байхыг харсан, яг яаж хаана нь цохиод байсан талаар мэдэхгүй байна ямарч байсан хоёр гараараа л цохиод байсан. Соёлын төвийн дотор болон гадна талд нь ямар нэгэн камер байхгүй” гэх мэдүүлэг /хх-26/ зэрэг баримтууд хамаарна.

          Шүүгдэгч Э.А нь хохирогч Ч.А-г цохиж зодсон гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа боловч ийнхүү зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгааг үндэслэн шүүгдэгч Э.А-д холбогдох хэрэгт хавсарган ирүүлсэн баримтыг шинжлэн судалж үзэхэд дараахь нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:

          - Гэрч М.Б-ийн /.....................ажилтай/: 2019 оны 12-р сарын 10-ны орой 19 цаг өнгөрч байхад Ч.А-ийн нөхөр Т манай эхнэрийн бие өвдөөд байна гээд дуудлага өгөхөөр нь би гэрт нь очиж үзсэн. Ч.А надад үзүүүлж байхдаа ажил дээрээ А гэх багшид зодуулсан тэгээд толгой өвдөөд байна гэж хэлж байсан. Намайг очоод үзэхэд даралт ихэссэн 160, 100-тай байсан.  Ч.А толгой өвдөөд байна гэсэн бас доошоо шингэвтэр зүйл гарсан байсан. Хуучин элэгний хатууралтай эмнэлгийн хяналтанд байдаг. Ч.А нь 2019 оны 12-р сарын 10-ны өдрөөс өмнө ямар нэг байдлаар унаж туссан болон хүнд зодууллаа гэж эмнэлгийн байгууллагад хандаагүй. Эмнэлгийн хяналтанд байдаг болохоор хааяа ирж үзүүлдэг байсан. Би тухайн үед даралтны эм өгсөн. Тэгээд дараагийн шатлалын эмнэлэгт үзүүл,  эмэгтэйчүүдийн эмчид үзүүл гэж зөвлөгөө өгсөн. Одоо биеийнх нь байдал гайгүй. Суманд өөр эмчилгээ хийгээгүй, аймаг руу ирж үзүүлээд эмнэлэгт хэвтсэн гэж байсан гэх мэдүүлэг /хх-84/

          - Яаралтай тусламжийн хуудас: 2019 оны 12 сарын 10-ны өдрийн 19 цаг 45 минут Үндсэн зовуурь: толгой өвдөнө, дотор муухайрна, зүүн гарын бугалга хатгаж чинэрнэ. Хэвлийн доод хэсгээр хатгаж өвдөнө гэв. Урьдчилсан онош: АГ II ft тархины доргилт.

          Шийдвэрлэсэн байдал: НЭ-ийн гэмтлийн эмч, эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж онош тодруулахаар явуулав” гэсэн /хх-30-31/

          - Шинжээчийн 2019.12.17-ны өдрийн 08 тоот дүгнэлтэд: Ч.А-ийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Ч.А нь умай, өндгөвчний уйланхайтай байсан байна. Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-28-29/

- Шинжээч М.Б-ийн “Би Дундговь аймгийн цагдаагийн газрын хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч А.Ө-ийн шинжээч томилсон тогтоолоор 2019.12.16-ны өдөр Ч.А-ийн биед хийсэн үзлэгээр тархи доргилтын ерөнхий шинжүүд тогтоогдсон түүнийг үндэслэн гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулсан дүгнэлт гаргасан. Цохилтын хүчнээс хамааран тархи доргилт үүсэх боломжтой. Цохилттой холбоотойгоор их биеийн хүчтэй савалт, биеэрээ хананд савах болон газар унах үед тархи доргилт үүссэн байх боломжтой. Харьтанд бага хэмжээний хүчээр цохилт өгөх үед тархинд доргилт үүсэхгүй. Гэмтэл үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй, тухайн гэмтэл нь үзлэг хийхээс өмнө 5-7 хоногийн дотор үүссэн байх боломжтой. Тархи доргилтын улмаас хохирогчийн суурь өвчин бол хамааралгүй. Тухайн хэвлийн гэдсэнд доргилт авсантай холбоотой тухайн өвчин сэдрэхийг үгүйсгэхгүй” гэх мэдүүлэг /хх34-35/

          - Материалаар шүүх эмнэлгийн шинжилгээ дахин хийсэн шинжээчийн 2020.02.04-ний өдрийн 192 дугаартай  дүгнэлтэд: Ч.А-ийн биед тухайн үед тархи доргилт гэмтэл учирчээ. Дээрхи гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугцаанд үүссэн байх боломжтой байна. Ирүүлсэн задгай материалыг шалгахад Ч.А нь баруун болон зүүн өндгөвчинд уйланхайт өөрчлөлттэй, умайн булчингийн урд хананд 3,8х4см, 2х4см хэмжээтэй хоргүй хавдар буюу миома өвчтэй байна. Уг өвчин нь гэмтлийн улмаас сэдэрсэн, хүндрэл гарсан гэх эмнэлгийн баримт байхгүй байна гэжээ /хх125-128/

- Шинжээч Г.Х-ийн: “Мохоо зүйл гэдэгт ир үзүүртэй болон өндөр, нам хэмийн  үйлчлэл, тэсэрч дэлбэрэх бодисоос бусад зүйлийг хэлнэ. Үүнд гар хөлөөр цохих, цохигдох зэрэг үйлдэл хамаарна. Дээрх гэмтлийг урьд гаргасан  шинжээчийн дүгнэлт, түүнд тусгагдсан бодит үзлэг болон ирүүлсэн задгай материал болох эмнэлгийн бичиг  баримтуудыг үндэслэн тогтоосон. Их бие хэсэгт хүч үйлчилснээр тархи доргилт, гэмтэл учрах боломж багатай. Цохилтын улмаас /их бие/ унах, хана мөргөх гэх мэт нөхцөл байдлаас үүсэж болохыг  үгүйсгэхгүй.  Дүгнэлтийг санал нэгтэй гаргасан” гэх мэдүүлэг  /хх-132/

- Хохирогч Ч.А 2019.12.14-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ: А багш та ямар зэвүүн юм бэ гэж миний зүүн дал мөр лүү цохиод байхаар нь би элгээ хамгаалаад хоёр гараараа тэврээд буланд шахагдсан ба хэдэн удаа өшиглөж цохьсон талаар сайн мэдэхгүй байна. Тэгсэн араас цохиод байсан. Харин цохиж байх үед миний биенээс доошоо шингэн зүйл гарсан. Тухайн үед усархуу шингэн зүйл нилээд их гарсан байсан. Тухайн үед миний бие цохиулсны улмаас зүүн талын гарын мөр улайж бадайрч өвдөж байсан ба толгой их өвдөж, давсаг хавьцаа базалж өвдөж, доошоо ус мэт шингэн зүйл гарсан байсан гэжээ /хх-17-18/

- Хохирогч Ч.А 2020  оны 1 сарын 21-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ:...Зүүн талын дал, мөр, бугалга руу нилээд хүчтэй хэд хэдэн удаа цохьсон тэгэхээр би элэгний өвтэй болохоор элгээ хамгаалаад тонгойгоод ханад шахагдааж байж байхад цохиод байсан. Тухайн үед хэдэн удаа цохьсоныг мэдэхгүй байна, би их сандарсан байсан. Газарт унасан зүйл байхгүй, харин хананд шахагдсан байсан болохоор хананд цохигдсон. Миний зүүн гар бадайрч өвдөж байсан, зүүн бугалга улайж хөндүүр болсон дотор муухайрч, давсаг хавцаа базалж өвдөж доошоо ус мэт шингэн зүйл гарсан байсан. Мөн толгой маш их өвдөж байсан. Би элэгний судасны хавдартай, тэгээд өндгөвчний үрэвсэлтэй байсан. Өмнө нь тархи толгойны өвчин байхгүй байсан. Өмнө нь би биедээ ямар нэг байдлаар гэмтэл авч байгаагүй.

Аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт хэвтэн эмчлүүлсэн. Хажуугаар нь гэмтлийн эмчин заавраар тархи толгойндоо эмчилгээ хийлгэсэн. Одоо хүртэл тархи толгойны эм ууж байна. Намайг тархи доргисон байна гээд эмчилгээнүүд бичиж өгсөн. Түүний дагуу эмчилгээ хийлгэсэн. Одоо болтол эмчилгээгээ үргэлжлүүлж эм ууж байгаа. Одоо миний бие гайгүй, толгой өвддөг гэжээ /хх-83/

          Дээрх баримтуудаар  шүүгдэгч Э.А нь хохирогч Ч.А-г булангийн хананд шахаж зүүн гар, дал мөр лүү нь удаа дараа цохиж зодсон үйлдлийн улмаас хохирогч Ч.А-ийн бие махбодид “тархи доргилт гэмтэл” учирсан болох нь тогтоогдож байх ба уг гэмтэл нь Э.А-гийн хүний эрх эрх чөлөөнд халдаж зодсон үйлдэлтэй шалтгаант холбоотойгоор үүссэн байна.

          Хохирогч нь Э.А-д зодуулахаас өмнө умай, өндгөвчний уйланхайтай байсан ба уг өвчин нь Э.А-д зодуулсны улмаас сэдэрсэн, хүндрэл гарсан эсэх нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй байна.

          Иймд шүүгдэгч Э.А нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Дундговь аймгийн  Дэрэн сумын  Соёлын төвийн байранд хохирогч Ч.А-тай хэрүүл маргаан үүсгэж, улмаар “эцгийг минь доромжиллоо” гэх шалтгаанаар хохирогч Ч.А-ийн хуулиар хамгаалагдсан халдашгүй байх эрх, эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдаж, зодон санаатайгаар бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь дээрх баримтуудаар нотлогдож байх тул Э.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж, шийтгэх үндэслэлтэй байна.

 

2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

        Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд  уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж  мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж  тус тус заасан байна.

        Дээрхи хуулийн заалтаар өөрийн санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг шүүгдэгч Э.А нь хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч Ч.А нь өөрийнхөө эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахыг Э.А-аас шаардах эрхтэй байна.

          Хэргээс үзэхэд хохирогч нь шүүх эмнэлэгийн шинжилгээний төлбөр 8000 төгрөг, эмчилгээтэй холбоотой зардал 96480 төгрөг, бусад зардал 73800 төгрөг, нийт 178280 төгрөгийн  /хх39-44/ баримт ирүүлсэн ба Цагдаагийн газарт гаргасан хүсэлтдээ “эмчилгээний зардлыг  бүрэн хариуцаж хохирлыг барагдуулсан тул иргэн Э.А-д миний зүгээс гомдол саналгүй болно” гэсэн /хх-72/ хүсэлт гаргасан байна.

          Хэрэгт авагдсан депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар шүүгдэгч Э.А нь хохирогч Ч.А-д 400.000 төгрөг дансаар шилжүүлсэн /хх-65/ болох нь тогтоогдож байх тул түүнийг хохирол төлбөрийг бүрэн барагдуулсанд тооцох үндэслэлтэй. Мөн хохирогч нь хэргийн материалтай танилцаад “ хүсэлт байхгүй” гэжээ.

          Иймд дээр дурьдсан хуульд зааснаар хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахыг шүүгдэгчээс шаардах эрхтэй боловч “гомдол, саналгүй” гэсэн тул холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэв. Хохирогч Ч.А шаардлагатай гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Э.Агаас нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.

 

3/ Оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

          Шүүгдэгч Э.А нь урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-52/ тогтоогдож байна.

        Шүүгдэгч Э.А нь санаатай гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг шүүхээс өмнөх шатанд нөхөн төлж, хохирогчийг гомдолгүй болгосон  нь түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Хохирогч, шүүгдэгч нарын хооронд үүссэн хэрүүл маргаан шүүгдэгч Э.Агийн өөрийнх нь дээрэнгүй, түрэмгий зүй бус харилцаанаас үүдэлтэй эхэлсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа ба хохирогчоос шүүгдэгч Э.А-ийн эцгийн талаар муугаар хэлсэн нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл биш учир тухайн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй. Шүүгдэгч Э.А-ийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

        Шүүгдэгч Э.А нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй болсон, хохирогч “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн, мөн түүний хувийн байдал болон дээр дурьдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2,

38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

    1. Шүүгдэгч Э.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.А-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

    3. Шүүгдэгч Э.А нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогчийн дансанд 400000 төгрөгийг 2019.12.23-ны өдөр шилжүүлэн  өгсөн, хохирогч Ч.А нь “гомдолгүй” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан, Э.А нь бусдад төлбөргүй болсныг тус тус дурьдсугай.

    4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 13,  36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Ч.А-ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсантай холбогдох иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

    5. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

    6. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          7. Энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд биелүүлээгүй тохиолдолд торгох ялыг хорих ялаар солино гэдгийг Э.А-д анхааруулсгай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    С.СЭРЖМЯДАГ