Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 27

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Б.М

Улсын яллагч: Г.Х

Шүүгдэгч: Д.Ө нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ө-д холбогдох 2022000300012 тоот хэргийг 2020 оны 2 сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн ...................... өдөр төрсөн, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, холбооны залгагч мэргэжилтэй, ............ ажилтай, ам бүл ...., .......нарын хамт Дундговь аймгийн ..................... тоотод оршин суух, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, волейболын спортын 3-р зэрэгтэй гэх ......................Д.Ө нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1/ Холбогдсон хэргийн талаар:

 

          Шүүгдэгч Д.Ө нь 2020 оны 1 сарын 7-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын .............. тоотод байрлах гэртээ төрсөн ах Д.С-ийн  зүүн мөр хэсэгт хутгалж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:

     -Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт: 2020 оны 1 дүгээр сарын 7-нд би гаднаас согтуу гэрт ирсэн чинь ах бас согтуу байсан. Дэлгүүрээс ахдаа дуртай юм гээд нэг шил архи авч очсон байсан. Хамт хувааж уугаад сууж байгаад, хоол хийх санаатай бандан дээр мах хөшиглөөд сууж байсан чинь ах өөдөөс уурлаж элдвээр загнаад эхэлсэн. Жоохон  хоорондоо маргалдаж байгаад айлгах санаатай хутгаа бариад босоод очсон. Чи чаддаг юм бол шаачих гээд байхаар нь очоод хутгаараа дохьсон чинь мэдрэл муу гараараа хаах гэж байгаад зүүн мөрийг нь шүргээд гарсан. Тэгээд хажуу айлын эгч орж ирээд та хоёр чинь яаж байгаа юм гэсэн. Би гараад явсан гэв.

     -    Гэмт хэргийн талаархи гомдол,мэдээллийг 2019.01.07-ны өдрийн 20 цаг 17 минутад хүлээн авсан тэмдэглэлд: Сайнцагаан сум 8-р баг Айраг 10-9 тоотод согтуу хүмүүс маргалдаад нэгнийгээ хутгалсан байна гэжээ /хх-2/

  • согтуурал шалгасан тухай 2020.01.07-ны өдрийн 21 цаг 25 минутад үйлдсэн тэмдэглэлд: “Д-ын Ө согтуурлын зэрэг-2,85%”гэжээ/хх-3/
  • согтуурал шалгасан тухай 2020.01.07-ны өдрийн 21 цаг 53 минутад үйлдсэн тэмдэглэлд: “Д-ын С согтуурлын зэрэг-1,84%” гэжээ/хх-4/
  • Д.Ө-аас “БНХАУ-д үйлдвэрлэгдсэн нийт 24см урт, 12см урт хар өнгийн хуванцар бариултай, 12 см төмөр ажлын хэсэгтэй ажлын хэсэг нь цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, бариул нь ажлын хэсэгтэй 3 ширхэг цагаан өнгийн хадаасаар тавлагдсан байх ба уг хадааснуудын нэгийг нь гар аргаар хийсэн, хуучин өөр онцлох содон шинжгүй 1 ширхэг хутга”-ыг 2020.01.20-ны өдрийн 17 цаг 20 минутанд хураан авсан тэмдэглэл /хх-6/
  • Хохирогч Д.С-ийн: Би 2020 оны 1 сарын 7-ны өдөр 200 грамм хэртэй архи ганцаараа гэртээ уусан юм. Миний хувьд тал цус харвасан өвчтэй учраас амархан согтсон байсан. Тэгээд согтоод дүү Ө-ыг хоол хийгээд сууж байхад нь би эрүүл байхдаа үглэдэг хүн,  согтуудаа бүр их уурыг нь хүргэсэн байх юу гэж хэлсэнээ сайн санахгүй байна. Нэг мэдсэн чинь дүү хоол бэлдэж сууж байгаад уурлаж босч ирээд гартаа барьж байсан хутгаараа миний зүүн мөрөнд нэг удаа хутгалчихаад гараад явчихсан, мөрнөөс цус гараад байхаар нь би гараад Б-д хэлсэн. Тэгээд түргэн дуудсан. Ө согтууруулах ундаа хэрэглэсэн байсныг сайн мэдэхгүй байна. Би ахархаад хүн уурлахаар хорон үг хэлсэн байх. Тухайн үед юу гэж хэлсэнээ мэдэхгүй байна. Тал цус харвасан болохоор мартаж санадаг болсон. Бид 2-ыг маргалдаж, муудалцах үед хажууд манай ээж байсан. Манай ээж хараагүй, дүлий хэвтрийн хүн байдаг юм тэгэхээр юу болсоныг мэдэхгүй байх. Зүүн мөрөнд хутгалуулсан. Өөр ямар нэгэн гэмтэл байхгүй гэх мэдүүлэг /хх12-13/
  • Гэрч Д.Б-ийн: Би Д.С, Д.Ө гэх хүмүүсийг танина. Д.Ө нь манай төрсөн дүү, Д.С нь миний төрсөн ах байгаа юм. Энэ хүмүүс нэг гэрт ам бүл хамт амьдарч байгаа. Манай ээж Д, ах Д.С нар Д.Ө-ны асаргаанд байдаг. Бид төрөл садангийн харьцаатай байдаг. Бид нэг хашаанд цуг амьдардаг. Намайг 2020.01.07-ны өдөр 18 цагийн үед ээжийнхээ гэрт ороход манай төрсөн дүү Д.Ө, төрсөн ах Д.С нар нь архи уусан халамцсан байсан. Дараа нь би 20 цагийн үед дахин гэрт нь ороход манай ах Д.С-ийн зүүн мөрнөөс нь цус гарсан байхаар нь би цагдаагийн газарт хандаж дуудлага өгсөн. Тэгээд би Д.Ө-аас болсон асуудлын талаар асуухад, би мэдэхгүй гээд суугаад байсан. Энэ асуудал болоход хажууд нь манай ээж байсан боловч манай ээжийн 2 нүд юм харахгүй, 2 чих нь дүлий болохоор болсон асуудлыг  тодорхойлж мэдэхгүй гэх мэдүүлэг /хх-18-19/
  • Яаралтай тусламжийн хуудаст: 2020 оны 1 сарын 7-ны өдрийн 21 цаг 00 минут. Зүүн мөрнөөс цус гарна. Дүүдээ хутгалуулсан гэнэ. Зүүн мөрний үеийн дээд урд хэсэгт 2 шархтай, урд талд 1 см, дээд талд 2 см шархтай, уг шархнаас ус гарна. Шарханд 1% повидоноор мэдээ алдуулж, 1 см зүслэг нэмж хийн оёдол тавив. Онош: хатгагдсан шарх гэжээ /хх-21-22/
  • Шинжээчийн 2020.01.14-ний өдрийн 32 дугаартай : Д.С-ийн биед зүүн мөрөнд шарх, зүүн хацар, баруун зүүн хөмсөг, баруун зовхи, зулай, зүүн шуунд зулгаралт, зүүн бугалга. баруун зүүн хацар дух, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Үзлэгээр хиймэл эрхтэн тогтоогдсонгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарнилах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид еренхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Д.С-ийн биед үүссэн зүүн мөрний шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэг, бусад зүүн хацар, баруун зүүн хөмсөг, баруун зовхи, зулай. зүүн шуунд зулгаралт, зүүн бугалга, баруун зүүн хацар, дух, зүүн шуунд цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, бүрдэл байдлаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-23-24/ зэрэг баримт хамаарна.

          Шүүгдэгч Д.Ө нь 2020 оны 1 сарын 7-ны өдрийн 20 цагийн орчимд  Дундговь аймгийн Сайнцагаан сумын ............. тоотод байрлах гэртээ төрсөн ах Д.С-тай архидан согтуурч, маргалдан улмаар Д.С хутгалж зүүн мөрөнд нь  шарх гэмтэл учруулсан болох нь дээрх баримтуудаар нотлогдож байна.

          Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.С-ийн биед зүүн хацар, баруун зүүн хөмсөг, баруун зовхи, зулай, зүүн шуунд зулгаралт, баруун зүүн хацар, дух, зүүн шуунд цус хуралт гэмтэл учирсан байсан ба эдгээр гэмтэл хатуу мохоо хүчин зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх, гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтлүүд болохыг тогтоосон байна. Хохирогч Д.С-аас 2020 оны 2 сарын 11-ний өдөр гэрт нь мэдүүлэг авахад “Тэр гэмтэл шарх бол манай дүүтэй ямар ч хамаагүй, би өөрөө тал цус харвасан болохоор явж бараг чадахгүй. Гарч орохдоо ойчдог юм. Түүнээс болоод үүссэн гэмтэл байгаа юм. Ө урьд өмнө нь намайг зодож цохиж байгаагүй. Бид хоёр архи уугаад согтоод түүнээсээ болоод маргалдахдаа ийм юм болчихлоо. Архи уусны гай. Би үлдэгдэл жаахан архийг уусан. Өвчтэй болохоор их согтсон байсан” гэж мэдүүлжээ. /хх-52/ Хохирогч Д.С нь тархинд цус харвалтын дараахь үлдэц баруун талын саажилт өөртөө үйлчлэх чадваргүйн улмаас байнгын асаргаа шаардлагатай иргэн болох нь эмнэлгийн байгууллагын тодорхойлолтоор /хх-54/ нотлогдож байна. Эдгээр баримтыг судалж үзээд  хохирогчийн бие махбодид учирсан хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн  олон тооны зулгаралт, цус хуралт гэмтэл нь Д.Ө-ны үйлдэлтэй огт холбоогүй, Д.С нь өөрөө өөртөө учруулсан гэж мэдүүлж  байгааг хүлээн авч,  дээр дурьдсан гэмтлүүд нь Д.Ө-ны үйлдэлтэй шалтгаант холбоогүй үүссэнд тооцов.

Шүүгдэгч Д.Ө нь архидан согтуурсан үедээ төрсөн ах Д.С-г маргааны улмаас зүүн мөрөн тус газарт нь нэг удаа хутгалж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл уруулсан болох нь согтуурал шалгасан магадлагаа, хохирогч Д.С-ийн мэдүүлэг, яаралтай тусламжийн хуудас, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт болон өөрийнх нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр /хх-3, 4, 12-13, 21-22, 23-24/ нотлогдож байх тул Д.Ө-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

 

2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч Д.Ө-ны үйлдлийн улмаас хохирогч Д.С-ийн биед зүүн мөрөнд шарх гэмтэл учирсан, энэхүү гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох жумын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн  2020.01.14-ний өдрийн 32 дугаар дүгнэлтээр тогтоогдож байх тул хохирогч Д.С-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

        Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд  уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж  мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж  тус тус заасан байна.

       Дээрхи хуулийн заалтаар өөрийн санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг шүүгдэгч Д.Ө нь хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч Д.С нь өөрийнхөө эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахыг гэм буруутай этгээд болох Д.Ө-аас шаардах эрхтэй байна.

        Хохирогч Д.С нь иргэний нэхэмжлэл гаргаагүй бөгөөд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа цагдаагийн байгууллагад бичгээр илэрхийлсэн /хх-27/, хохирогч нь 2020 оны 1 сарын 20-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “миний бие бүрэн эдгэрсэн. Мөнгө төгрөг болон бусад нэхэмжлэх зүйл байхгүй” /хх12-13/, хэргийн материалтай 2020 оны 2 сарын 12-ны өдөр танилцаад санал хүсэлт гаргаагүй /хх-60/, 2020.02.18-ны өдөр шүүхэд гаргасан  хүсэлтдээ “гомдох зүйл, нэхэмжлэх төгрөг байхгүй” гэжээ.

Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж, хохирогч Д.С нь иргэний нэхэмжлэл гаргаагүйн улмаас шүүхээс түүний эрүүл мэндэд учирсан гэм хорын асуудлыг өнөөдрийн шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч Д.С-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь баримтаар тогтоогдсон тул хэрэв хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг нөхөн төлүүлэх шаардлагатай гэж үзвэл иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Д.Ө-аас нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолын “тогтоох” хэсэгт заахаар шийдвэрлэв.

 

3/ Оногдуулах ял шийтгэлийн талаар:

          Шүүгдэгч Д.Ө урьд шүүхээр 2 удаа шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-43/, Дундговь аймгийн Сум дундын  шүүхийн 1998.09.14-ний өдрийн 194 дугаартай, мөн шүүхийн 2001.04.03-ны 45 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбараар /хх45-46/ тус тус тогтоогдож байна. 

          Шүүгдэгч Д.Ө-ны ял шийтгүүлсэн байдлыг тооцож үзэхэд:

  1. Дундговь аймгийн Сум дундын шүүхээс 1998.09.14-ний өдөр Д.Ө-ныг олон нийтийг илт хүндэтгэхгүйгээр нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 20.000 төгрөгөөр торгох ял оногдуулжээ. Д.Ө нь торгох ялаар шийтгүүлснээс хойш Эрүүгийн хуулийн /1986 оны/ 54 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  “д”-д заасан ял шийтгэлгүй болох хугацаа тоологдож байгаад Өршөөл үзүүлэх тухай 2000.07.07-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар ял шийтгэлгүй болох хугацаанаас үлдсэн хугацаа өршөөлд хамрагдаж хэрэгсэхгүй болгогдсон байна.
  2.  Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 2001.04.03-ны өдөр Д.Ө-ыг бусдын эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд уг эд хөрөнгийг завшсан  үрэгдүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн /1986 оны/  126 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,  хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн байна. Д.Ө нь 2001.04.03-ны өдрөөс хойш 1 жилийн хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх тул Эрүүгийн хуулийн /1986 оны/ 54 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “б”-д зааснаар 2002.04.03-ны өдөр ял шийтгэлгүй болсон байна.

          Иймд Д.Ө нь урьд шүүхээр 2 удаа ял шийтгүүлсэн гэмт хэрэгтээ ялгүй болсон гэж үзэх үндэслэлтэй байна. 

          Шүүгдэгч Д.Ө-ны үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч Д.Ө нь өөрийн асран хамгаалж буй цус харвалтын улмаас саажилт өвчтэй ах Д.С-гийн эсрэг буюу эрхшээлдээ байгаа хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн  6.6 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

          Иймд шүүгдэгч Д.Ө нь ялгүй болсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шударгаар мэдүүлсэн, хохирогч “нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй” гэж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, прокурортой тохиролцсон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.

          Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт 24 см урт, 12 см урт хар өнгийн хуванцар бариултай, 12 см урт төмөр ажлын  хэсэгтэй бариул нь ажлын хэсэгтээ 3 ширхэг цагаан өнгийн хадаасаар тавлагдсан хутгыг устгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2

     дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд

тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

    1. Шүүгдэгч Д.Ө-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ө-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

    3. Шүүгдэгч Д.Ө нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч Д.С нь “иргэний нэхэмжлэл гаргаагүй, гомдолгүй” гэсэн  болохыг тус тус дурьдсугай.

    4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Д.С нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбогдох нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Д.Ө-с нэхэмжлэх эрхтэйг заасугай.

    5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Ө-ны  гэмт хэрэг  үйлдэхдээ хэрэглэсэн ажлын хэсэг 12 см, бариулын урт 12 см хуванцар хар бариултай ахуйн хэрэглээний хутгыг устгасугай.

    6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

    7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ө-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          8. Энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан  торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш  90 хоногийн  дотор биелүүлэх үүрэгтэй ба уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солино гэдгийг Д.Ө-д анхааруулсугай.

          9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин  төгөлдөр болмогц гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хутгыг Дундговь аймгийн шүүхийн Тамгын газарт хүлээлгэн өгч, баримтыг  Д.Ө-д холбогдох хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Н-д даалгасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       С.СЭРЖМЯДАГ