Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 134/ШШ2016/00168

 

          Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: 1978 онд төрсөн, 38 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Багш нарын байрны 19 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй Алиа овогт Хүүгийн Амаржаргалын /РД:ЕС78062009, утас:99023249/ нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Нийтийн номын санд холбогдох /РД: /РД:4611195, утас:99971724/ холбогдох

 

ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Амаржаргал, түүний өмгөөлөгч Э.Сайханаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарнай, түүний өмгөөлөгч Т.Саранчимэг, гэрч Ц.Цогзолмаа, А.Чимэгмаа, Ш.Түмэннаст, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхбаяр нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  

    Нэхэмжлэгч Х.Амаржаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Амаржаргал миний бие 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр аймгийн номын санд ном сэлбэн засагчийн ажлын байранд анх ажилд орсон. Тус байгууллагад тасралтгүй 5 дахь жилдээ ажиллаж байна. Ажиллах хугацаандаа хариуцсан ажлаа хариуцлагатай, шударгаар гүйцэтгэж, санаачлагатай ажиллаж байсан. 2015 оны 09 дүгээр сарын 25-нд Соёлын ажилтны өдрөөр өргөмжлөл, мөнгөн шагналаар, 2015 онд байгууллагын хөдөлмөрийн аваргаар шалгарч тус тус шагнагдаж жил бүр ажил үүргээ дүгнүүлэхэд хангалттай сайн үнэлгээ авч байсан. Гэтэл 2016 оны 01 дүгээр сарын 25-нд Номын сангийн захирал Д.Батмэнд Б/01 тоот тушаал гаргаж ном сэлбэн засагчийн ажлын байрнаас өөрчилж, уншлага үйлчилгээний номын санчаар шилжүүлэн ажиллуулсан. Дээрх 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Х.Амаржаргалыг ажлаас чөлөөлөх тухай Б/01 дугаартай тушаал нь хууль зүйн үндэслэлгүй миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн тушаал гэж үзэж байна. Учир нь урьдчилан зөвшилцөлгүй ажлын байранд тавигдах шаардлага энэ тэрийг харгалзахгүй хүчээр тулган шилжүүлсэн. Ингээд номын санчаар ажиллаж байтал 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр мэдэгдэл өгсөн. Тус мэдэгдэлд Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасны дагуу номын санчийн ажилд мэргэжлийн хувьд тэнцэхгүй тул 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлөхийг мэдэгдсэн байсан. Би мэдэгдэл хүлээн аваад зөвшөөрөхгүй гэдгээ албан ёсоор захирал Д.Батмэндэд хэлтэл чи мэргэжлийн бус, мэргэжлийн хүн авч ажиллуулах шаардлага дээрээс тавьсан тул чи тэнцэхгүй хална гэсэн. Энэ мэдэгдэл нь хууль зүйн үндэслэлгүй, мэргэжлийн ур чадвар, түвшин тогтоох комиссийн шийдвэр гараагүй байхад мэдэгдэл өгсөн байсан. Би энэ бүх шийдвэр үйлдлийг харахад намайг зориуд ажлаас халах зорилгоор ажлын байр шилжүүлж, дараа нь мэргэжил таарахгүй гэдгээр ажлаас халсан гэж үзэж байна. Би хариуцсан ажлаа сайн хийж хамт олонтойгоо эвтэй, нэр хүндтэй сайн ажиллаж байсан гэж бодож байна. Сэлбэн засагчаар ажиллах хугацаанд идэвхи санаачлагатай ажиллаж олон ажил санаачлан амжилттай, үр дүнтэй гүйцэтгэж байсан. Сэлбэн засагчийн ажлын байрны тодорхойлолтонд дээд боловсролтой гэж мэт тавигдах шаардлагыг ханган ажиллаж ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүргээ гүйцэтгэж байсан. Номын сангийн ажилдаа дуртай болж цаашид мэргэжлийн сургуульд суралцан тогтвортой сайн ажиллах зорилго бодолтой байсан. Би 2-16 насны 5 хүүхэдтэй. Амьдралын төлөө ажилтай, орлоготой байх хэрэгтэй. Манай бага хүүхэд 2 настай. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд заасан заалтыг мөн зөрчсөн. Иймд намайг уншлага үйлчилгээний номын санчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Говьсүмбэр аймгийн Нийтийн номын сан шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарнай нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн номын сан нь 2011 он дуусах гэж байхад 11 дүгээр сарын 10-нд Х.Амаржаргалыг сонгон шалгаруулалтгүйгээр ном сэлбэн засагч албан тушаалд томилж анх ажилд авсан. Төрийн албаны тухай хууль болон Төсвийн удирдлага, санхүүжилтийн тухай хуулиудад байгууллагын удирдлага нь санхүүгийн ажлын эхэнд тухайн оны батлагдсан төсвийнхөө хүрээнд ямар бүтэц, ямар орон тоотой ажиллахаа зохицуулах бүрэн эрх, үүрэгтэйг заасан байгаа. Бүрэн эрхийнхээ хугацаанд номын сангийн хувьд 2014, 2015 2016 онуудад жилийн эхний 1 дүгээр саруудад төсвийнхөө хүрээнд ямар бүтэц, орон тоотой ажиллахыг байгууллагынхаа хуралд танилцуулж, санал хүсэлтийг сонсоод тушаал гаргаж ажиллаж ирсэн. 2014-2015 онуудад аймгийн иргэдээс гомдлыг хүлээн авах АЗДТГ-ын 70543434 нээлттэй утсанд иргэд, уншигчдаас удаа дараа ирүүлсэн /өдөр цайны цагаар ном авахаар очиход нэг номын санчтай учир өдөр цайны цаг нь давхцсан хаалттай байдаг, орой ажил тараад ирэхэд номын санч ажлаасаа буугаад явчихсан. Бямба, ням гарагт номын сан хаалттай байдаг гэсэн/ шүүмжлэл гарч 2015 онд удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр номын сангийн захиралд иргэд уншигчдын хүсэлтийг судалж үзээд 2 ээлжээр номын санчаа ажиллуулах зохицуулалт хий гэсэн үүрэг даалгавар өгөгдсөн талаар ажилтнуудын хурал дээр хэлэлцэж Х.Амаржаргалыг уншлага үйлчилгээний номын санчаар ажиллуулахаар ярилцаж шийдвэрлэсэн. Ажлын байранд тавигдах гол шаардлага нь номын сан судлал, мэдээллийн ажилтан, номын сангийн мэргэжилтэй байх ёстой. Гэвч тухайн үед орон нутагт мэргэжлийн хүн байгаагүй учраас дотроосоо Х.Амаржаргалыг сонгож ажиллуулсан. Ингээд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/15 тоот тушаалаар Х.Амаржаргалыг батлагдсан ажлын байрны тодорхойлолтонд заасан мэргэжлийн үндсэн шаардлагыг хангахгүй байгаа үндэслэлээр ажлаас халсан. Учир нь Соёлын дээд сургуулийг төгссөн мэргэжилтэй хүмүүс мэргэжлийн байгууллагад орж ажиллах гэтэл Аймгийн номын сан мэргэжлийн бус хүн ажиллуулчихаад бид нарыг ажилд авахгүй байна гэсэн гомдол ирсэн байсныг харгалзан үзээд байгууллагын хурлаар мэргэжлийн хүнийг ажиллуулахаар шийдвэрлэсэн. Х.Амаржаргал ч яригдаж буй асуудлыг хүлээн авч, үгүйсгээгүй. Х.Амаржаргалыг ажилд орсноос нь хойш мэргэжлийн болоорой гэж удаа дараа хэлж байсан боловч өөрөө идэвхи санаачлага гаргаж хариуцлагатай хандаагүй. Гэтэл хамт ажилладаг номын санч нь эчнээгээр сураад мэргэжилтэй болсон. Х.Амаржаргалыг ур чадварын хувьд хангалтгүй гэж ажлаас халаагүй, харин Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан мэргэжлийн хувьд ажилдаа тэнцэхгүй гэдгээр мэдэгдэл өгч, ажлаас халсан гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Амаржаргал нь Говьсүмбэр аймгийн Нийтийн номын санд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийлгүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

          Говьсүмбэр аймгийн Нийтийн номын сангийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/15 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.4, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн уншлага үйлчилгээний номын санч ажилтай Х.Амаржаргалыг батлагдсан ажлын байрны тодорхойлолтонд тавигдсан мэргэжлийн үндсэн шаардлагыг хангахгүй байгаа, өөр ажлын байранд шилжүүлэн ажиллуулах хүсэлт тавьсан боловч уг ажлаас татгалзсан үндэслэлээр 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь халсан байна.   

 

          Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Учир нь:

 

          Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах тухай зохицуулалтыг огт баримтлаагүй бөгөөд шүүх хуралдаанд энэ талаараа ...тушаалд хуулийн заалтыг тусгаагүй боловч Хөдөлмөрийн тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар мэдэгдэл хүргүүлсэн, мөн зүйлийн ажилтан мэргэжлийн хувьд ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэснийг салгаж ойлгож  ажлаас халсан хэмээн тайлбарлажээ.

 

          Ажил олгогч Говьсүмбэр аймгийн Нийтийн номын сангийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/03 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар “уншлага үйлчилгээний номын санч” албан тушаалын ажлын байрны тодорхойлолтыг батлахдаа ажлын байранд тавигдах шаардлагыг “номын сангийн мэргэжилтэй байх” хэмээн тодорхойлсон хэдий ч уг албан тушаалд 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Х.Амаржаргалыг томилохдоо уг шаардлагыг хангаагүйг мэдсээр байж томилсон болох нь талуудын шүүхэд гаргасан маргаангүй тайлбар, ажлын байрны тодорхойлолт, гэрч Ц.Цогзолмаа, А.Чимэгмаа, Ш.Түмэннаст нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

          Иймд ажил олгогч анхнаасаа ажлын байрны тодорхойлолтонд тавигдсан шаардлагыг хангасан мэргэжилтэй хүнийг сонгон шалгаруулж ажилд томилоогүй байж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг үндэслэн ажилтан мэргэжлийн хувьд албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэж үзэж ажилтныг ажлаас халсан нь үндэслэлгүй байна.

 

Учир нь дээрх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тохиолдолд урьдчилан тогтоосон салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссийн болон хөндлөнгийн байгууллагын шийдвэр гарсан байх ёстой бөгөөд хариуцагч талын шүүхэд гаргасан хариу тайлбараа нотолсон 2 удаагийн хурлын тэмдэглэл нь ажилтныг шууд ажлаас халах буюу дээрх үндэслэлийг нотлох баримт болохгүй.

 

Өөрөөр хэлбэл Х.Амаржаргалыг номын сангийн мэргэжилгүйн улмаас уг албан тушаалд тэнцэхгүй болсон талаар шийдвэр гараагүй, харин ч тухайн ажилтан ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээнд заасан мэргэжилгүй хэдий ч эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандаж, ажиллаж байсныг тодорхойлсон ажлын төлөвлөгөө, тайлан, өргөмжлөл болон хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...ажилдаа хариуцлагагүй хандсан, ур чадваргүй гэсэн үндэслэлээр ажлаас халаагүй гэсэн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасан ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж татан буугдсан болон энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэснийг хариуцагч зөрсөн байна.  Нэхэмжлэгч Х.Амаржаргал нь 2 нас 4 сартай хүүхэдтэй болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар, мөн дээрх хуульд заасан тохиолдол бий болоогүй болох нь талуудын маргаангүй тайлбараар тогтоогдож байна.

 

Иймд Х.Амаржаргалыг Говьсүмбэр аймгийн Нийтийн номын сангийн  уншлага үйлчилгээний номын санчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хэрэгт авагдсан цалингийн картыг үндэслэн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэрийг танилцуулсан өдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг дуустал хугацаанд /9 дүгээр сард ажлын 19 хоног, 10 дугаар сар бүтэн, 11 дүгээр сард ажлын 15 хоног/ үндсэн цалин 450 224 төгрөгнөөс ажлын нэг хоногт ноогдох цалинг тооцож /450 224: 21,5 нэг сарын ажлын дундаж хоног = 20 940/  нийт 1 162 184 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож,  түүний нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв. 

         

Энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул хариуцагчаас ажилд эгүүлэн тогтоох шаардлага буюу үнэлэх боломжгүй шаардлагын улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагад ноогдох улсын тэмдэгтийн хураамжинд 32 442  төгрөг, нийт 102 642 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

  

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Амаржаргалыг Говьсүмбэр аймгийн Нийтийн номын сангийн уншлага үйлчилгээний номын санчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Говьсүмбэр аймгийн Нийтийн номын сангаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 1 162 184 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Амаржаргалд олгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгя Х.Амаржаргалын нийгмийн даатгалын дэвтэрт сар бүр шимтгэл, хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Нийтийн номын санд даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлитйн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Говьсүмбэр аймгийн Нийтийн номын сангаас улсын тэмдэгтийн хураамжинд 102 642 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

4.Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.НАРАНЧИМЭГ