| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 169/2020/0027/Э |
| Дугаар | 30 |
| Огноо | 2020-03-05 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | М.Оюунбат |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга: Б.М
Улсын яллагч: М.О
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Л
Шүүгдэгч: Н.Ц нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ц-д холбогдох 1922003220009 тоот хэргийг 2020 оны 2 сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Сайнцагаан суманд ..............-ны өдөр төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл .........., ........................... хамт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 3-р баг “................. оршин суух, урьд ял шийтгэлгүй, ...............................Ц.Н нь мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад:
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1/ Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Ц нь 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 3-р багийн нутаг дэвсгэрт бэлчээрлэж байсан малнаас иргэн А.А-ийн 1 тооны хонийг мөн иргэн О.О-ын 1 тооны ямааг 2 удаагийн үйлдлээр хулгайлж бусдад 190.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч А.А-ийн: “2019 оны 7-р сарын 30-ны өдөр би Улаанбаатар хотоос шуудангаар ирсэн юм. Би айлд ороод сууж байсан чинь манай эхнэр надр уу утсаар яриад чи туслахын хашааруу очоод Хатантай уулзаатах тэднийд манай хонийг хүн аваачаад өгчихсөн юм шиг юм яригдаад байна гэхээр нь би туслахын хашаанд очоод үзсэн чинь манай чихлээстэй хар толгойтой эм хонь уяатай байсан. Тэгээд энэ хонийг хэн өгсөн талаар асуухад манай багийн Н.Ц гэх залуу нэг хүүтэй хамт ирж өгсөн гэж байсан. Тэгээд би хөдөө яваад Цогтсайхан болон хамт явж байсан гэх О гэх хүүхэдтэй уулзаад асуухад манай мал усан дээр байхад тэр хоёр очоод манай малнаас нэг хонь аваад Хатан гэх ченжид өгчихсөн юм билээ. Манай хонь хавар эрт хурга хаячихсан зусаг хонь байсан. Зөв талын чих цуулбар, буруу талын чих цэцэг чихлээстэй хар хүзүүтэй эм хонь байсан. Би мал алга болох үеэр Улаанбаатар хотруу ангийн уулзалтанд яваад 7 хоноод ирсэн чинь араар эзэнгүйг мэдээд авч байхгүй юу. Н.Ц манайхаас мал болон эд хөрөнгө захиран зарцуулах эрх байхгүй. Би Н.Цд ямар нэг мал болон эд хөрөнгийн өр авлага байхгүй” гэх мэдүүлэг/хх-18-19/
- Хохирогч О.О-ын: “Би хугацааг нь сайн мэдэхгүй байна. 2019 оны 7 дугаар сарын сүүлээр байх эхнэр бид 2 эзгүй байсан, 8 дугаар сарын эхээр малаа тоолоход 1 ямаа дутсан. Зүсээр шарга зүсмийн хязаалан эр ямаа, зөв талын чих урд талаасаа ухам, буруу талын чих цуулбар, зөв талын эвэр дотор талдаа цэнхэр будагтай, эрх ямаа байсан. 130.000 төгрөгөөр үнэлж байна. Манай багийн Ц, О нар манай ямааг хулгай хийгээд сумын төвийн ченж Х-д өгсөн гэж өөрсдөө ирж хэлсэн” гэх мэдүүлэг /хх16-17/
- Гэрч А.О-ийн: “2019 оны 8 сарын эхээр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 3-р багийн иргэн Ц гэх хүн бэлчээрт байсан малнаас 1 ямаа дүүрч авч явсан байсан. Тухайн үед манайх мэдээгүй болохоор цагдаад мэдэгдээгүй, харин сүүлд нь манай саахалт айлын хүү А Ц гэх хүн танай малнаас шарга зүсмийн 1 эр ямаа мотоцильтой ирээд дүүрч авч явсан байна гэж хэлсэн. Ц гэх хүний мотоцикльтой авч явсан, шарга зүсмийн эр ямаа манай ямаа мөн байсан” гэх мэдүүлэг /хх-23/
- Гэрч Ч.О-ийн: “Би 2019 оны 7 дугаар сарын 20-доор байхаа хугацааг нь сайн мэдэхгүй байна ...бид хоёр манай гэрээс хойшоо Ц ахын гэр рүү явж байсан чинь Тэнгэлэгийн хярын усан дээр олон хонь, ямаа байсан. ..эргээд усан дээр ирсэн тэгээд энэ хонин дотор манай нэг төлөг байгаа гэж хэлээд Ц ах онгоцонд ус хийж байгаад онгоцны эхэнд орж ирсэн нэг хар хүзүүтэй хонийг бариад миний араар суугаад нөгөө хонио дүүрээд Эрдэнэдалай сум руу яваад суман дээр ирээд Х гэх ченжид нөгөө хонио өгсөн. Ц ах нөгөө хонио 60000 төгрөгөнд өгчихлөө гэж байсан. Надад 5 литр бензин хийж өгсөн. Ц ах нөгөө мөнгөөр архи дарс аваад 2 хүнтэй хамт уусан. Тэгээд тэр оройгоо 20 цагийн үед байхаа буцаад Тэнгэлэг багийн малчин А гэх айлд дахиад очсон чинь А гэх хүний хүү нь эхнэр хүүхэдтэйгээ хамт байсан. Тэнд нэг шил архи уугаад тэндээс гараад чи намайг гэрт хүргээд өг гэж хэлээд бид хоёр айлаас баруун хойш даваад явсан чинь замд нилээд олон тооны хонь ямаа байсан. Ц намайг чи зогсож байгаарай энэ манай хонь байж магадгүй гээд чи хонь хураагаад бай гэхээр нь мотоцикльтой хонийг нь тойроод байсан чинь Ц ах намайг дуудаад чи буугаад нэг ямаа бариад ав миний хөл өвдөөд гүйцэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би мотоциклоосоо буугаад загал зүсмийн эр ямааг барьсан тэр ямаа эврэндээ цэнхэр өнгийн будагтай байсан. Тэгээд би мотоциклоо унаад Ц ах ямаагаа дүүрээд миний араар мордсон. Тэгээд сум руу 21 цаг өнгөрч байхад орж ирээд Хатан гэх хүнд 55000 төгрөгөөр өгсөн гэж байсан. Тэгээд мөнгөе авчихаад Г гэх айлд очиж хоноод өглөө нь явсан. Тэр айлд архи дарс авч очоод ууж хоносон байгаа. Би тухайн үед хулгайн мал байсныг нь мэдээгүй. Ц ах манай мал байгаа юм гээд байсан. Сүүлд хонь ямааны эзэд нь ирээд Ц ахтай уулзсан байсан” гэх мэдүүлэг /хх26-27/
- Гэрч С.Х-ын: “ Манай сумын 3-р багт байдаг Өжөөгийн Цогоо гээд байдаг яг жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байна. 2019 оны 7-р сарын 20-доор байх хугацааг сайн санахгүй байна, би Улаанбаатар хотоос 7-р сарын 6-ны өдөр ирээд хонь, ямаа авч эхэлсэн тэгээд мал авч байхад Ц надад 2 тооны мал өгсөн. Ц гэх залуу нэг танихгүй хүүтэй хамт шар өнгийн хужаа мотоцикльтой ирээд нэг хар толгойтой эм хонь авчирч өгсөн би тэрийг сайн санаж байна. Тэр өдөр мал цөөхөн ирсэн, би тэр малыг 60.000 төгрөгөөр бодож авсан байх аа. Тэгээд маргааш нь байх нэг “загал” зүсмийн эр ямааг бас нөгөө залуугийнхаа хамт орой болсон хойно авчирч өгсөн. Тэгээд би 60.000 төгрөгөөр авсан. Би Ц-д чи хаанаас мал өгөөд байна гэсэн чинь миний мал байгаа юмаа. Надад бас буурлын буян байгаа гэж хэлсэн. Би эцэг эхийг нь сайн танина. Тэднийх бол олон тооны малтай байх ёстой. Маргааш нь 3-р багийн малчин А гэх хүн миний алдсан мал байна гээд ирж үзээд малаа авсан. Ц надаас бэлэн мөнгө аваад явсан. Дахиж надад мал зараагүй. Хар толгойтой эм хонь байсан зөв талын чих нь цуулбар, буруу чих нь цэцэг имтэй хонь байсан. Мөн эр ямаа нь эврэндээ цэнхэр өнгийн будагтай байсан, чихлээсийг нь сайн санахгүй байна. Манайх авсан малаа бүгдийг нь хийгээд зах зээлд зарж борлуулсан” гэх мэдүүлэг /хх-24/
- Үнэлгээний комиссийн 2019.11.28-ны өдрийн дүгнэлтэд ” нэг тооны эм хонь 80.000 төгрөг /хх-34/, нэг тооны эр ямаа 110.000 төгрөг” гэсэн /хх-42/ баримтууд хамаарна.
Дээрх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай баримт тул шүүх нотлох баримтаар үнэлж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Прокурор 2020 .01.15-ны өдрийн 1922003220009 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчах татах тухай тогтоол, мөн 2020.02.12-ны өдрийн 14 дугаартай яллах дүгнэлтэд тус тус гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг “2019 оны 7 сарын 20-ны орчим” гэж тусгасан байна. /хх-44, 81-83/ Шүүгдэгч Н.Ц-д холбогдох эрүүгийн хэргийг судалж үзэхэд хохирогч А. 2019 оны 7 сарын 30-ны өдөр хотоос ирсэн өдрөө хонь алдагдсаныг олж мэдсэн, С.Х шүүгдэгч Н.Ц-аас хонь худалдаж авсны маргааш өдөр нь хохирогч А.А ирж хонио авсан, 1 тооны хонь авсан өдрийнхөө орой 20 цагийн орчимд дахин 1 тооны ямаа авч яваад ченж С.Хатанбаатарт худалдсан талаар мэдүүлсэн хохирогч А.А, гэрч С.Х, гэрч Ч.О нарын мэдүүлгээр /хх-18, 26, 24/ шүүгдэгч Н.Ц нь 2019 оны 7 сарын 29-ний өдөр мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байна.
Шүүгдэгч Н.Ц нь 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр бусдын эзэмшлийн малыг өөрийн эзэмшлийн мал мэтээр ойлгуулж, гэрч Ч.О-өөр мотоцикл жолоодуулан, бусдын 1 тооны хонь, 1 тооны ямааг 2 удаагийн үйлдлээр хулгайлан авсан нь шууд санаатай, шунахайн сэдэлттэй үйлдэл болох нь дээр дурьдсан баримтаар нотлогдож байх тул хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж, шийтгэх үндэслэлтэй байна.
2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан тул хохирогч А.А, О.О, гэрч С.Х нар нь өөрт учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөхийг шүүгдэгч Н.Ц-аас шаардах эрхтэй байна.
Хохирогч О.О нь хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн /хх16-17/, мөн 2020.01.29-ний хэргийн материал танилцуулсан тэмдэглэлд “гомдол санал байхгүй” /хх-77/ гэсэн, хохирогч А.Ариунбилэг нь өөрийнхөө хонийг С.Х-аас буцааж авсан /хх-13/, хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “гомдол санал байхгүй” гэсэн, мөн 2020.01.29-ний өдөр хэргийн материалтай танилцаад “санал хүсэлт байхгүй, хохирлоо барагдуулсан” /хх-76/ гэсэн, шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “Ц-аас 130000 төгрөг авсан, гомдолгүй” гэжээ. Мөн гэрч С.Х 3 дахь удаа өгсөн мэдүүлэгтээ “Ц-аас хонь ямааны хохирлыг бүрэн барагдуулж авсан. Бид хоёрын дунд төлбөр мөнгөний тооцоо байхгүй. Гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ. /хх-31/
Эдгээр баримтаар хохирогч А.А алдсан хонио буцаан авсан, хохирогч О.О нь 130.000 төгрөг хүлээн авсан ба хохирогч нар иргэний нэхэмжлэл гаргаагүй, гэрч С.Х-ыг иргэний нэхэмжлэгчээр тогтоож ирүүлээгүй шүүх иргэний нэхэмжлэлийн талаар шийдвэр гаргах боломжгүй, хэлэлцэхгүй орхилоо.
Хохирогч А.А, О.О, гэрч С.Х нар нь шаардлагатай гэж үзвэл иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй байна.
3/ Оногдуулах ял шийтгэлийн талаар:
Шүүгдэгч Н.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэгдэж ирсэн ба улсын яллагчаас түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргав.
Эрүүгийн хуульд 2020 оны 1 сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт оруулсан хуулийг 2020 оны 2 сарын 23-ны өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн ба уг хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл” гэснийг хассан байна.[1] Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан тул улсын яллагчийн дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Ц нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-52/ тогтоогдож байна.
Шүүгдэгч нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо шүүхээс өмнөх шатанд төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй болсон нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэг, зүйл, хэсэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Иймд шүүгдэгч Н.Ц нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ба дээр дурьдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал болон өөрийнх нь эрүүл мэндийн байдлыг харгалзан Н.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, засарч хүмүүжих боломж олгохоор, мөн шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явадхдаа харъяа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.Ц-ны амбулаторийн картыг хуулбарлан авч хэрэгт үлдээнэ. Харин түүний рентген зураг хэрэгт хамааралгүй баримт тул эгүүлэн өгөх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 37.2 дугаар
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Н.Ц-г бусдын 2 тооны бог мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Ц-г Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Дундговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар Н.Ц нь шүүхээс тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа Дундговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Шүүгдэгч Н.Ц нь цагдан хоригдоогүй, эд хөрөнгө хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч О.О-т 130,000 /нэг зуун гучин мянган/ төгрөг, хохирогч А.А өөрийн хонио буцааж авсан, хохирогч О.О, А.А нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн ба иргэний нэхэмжлэл гаргаагүй болохыг тус тус дурьдсугай.
5. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар Н.Ц-ны амбулаторийн картыг хуулбарлаж, картын эх хувь, рентген зургийг Н.Ц-д эгүүлэн олгож, хуулбар хувь болон баримтыг 1922003220009 тоот хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Н-д даалгасугай.
7. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ
[1] Төрийн мэдээлэл 2020 оны 02 дугаар сарын 13, №07 /1109/