| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шарын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 147/2016/00399/И |
| Дугаар | 395 |
| Огноо | 2016-11-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 395
Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч Сүхбаатар аймаг Баруун-Урт сумын 3 дугаар баг Чулуутын 13-18 тоотод оршин суух Чойжамцын Буянхишиг
“ Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлт ирүүлснийг 2016.11.11-нд хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ, нэхэмжлэгч Ч.Буянхишиг нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Буянхишиг шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтдээ: Би 1981 онд 8 дугаар анги төгсөөд илгээлтээр хөдөө гарч аав ээжийнхээ хамт Баяндэлгэр суманд мал малласан юм. Би 1981-1991 оныг хүртэл тасралтгүй ажилласан боловч миний хөдөлмөрийн дэвтэр шатаж байхгүй болсон юм. Анх аав ээжийнхээ хамт мал маллаж байгаад 1986 онд Батболдтой гэр бүл болоод өрх тусгаарлаж өөрсдөө бие дааж мал малладаг болсон. Нэгдэл тартал дандаа л мал маллаж байсан. Би 6-н хүүхэд төрүүлсэн боловч одоо 4-н хүүхэд маань байгаа. Би мал маллахаас өөр ажил хийж үзээгүй. Иймд намайг 1982-1990 оныг хүртэл Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлтийг бүрэн ханган шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.
Зээрднүүд овогт Чойжамцын Буянхишиг нь 1982.02.01-ээс 1990 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь аймгийн Архивын тасгийн 2016.11.10-ны өдрийн 264/15 тоот архивын лавлагаа, Баян бригадын бага хувьчлалд мал олгосон баримт зэргээр нотлогдож байгаагаас гадна тухайн үед нэг бригадад ажиллаж байсан гэрч С.Урангуагийн шүүхэд өгсөн ” . . . Ч.Буянхишиг нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр малчин болоод аав ээжийнхээ хамт мал маллаж байгаад 1985 онд хүнтэй сууж нөхрийнхөө хамт мал малладаг болсон. 1982-1991 оныг хүртэл тасралтгүй мал маллаж байсан. Би Ч.Буянхишигтэй нэг бригадад хамт ажиллаж байсан болохоор ажиллаж байсан талаар нь сайн мэднэ” гэх, гэрч Ц.Батжаргалын “. . .Ц.Буянхишиг нь 1981 онд илгээлтээр гарч малчин болоод нэгдэл тартал малчнаар ажиллаж байсан. Хүүхэд төрүүлэх хугацаандаа ганц нэг сараар завсардаж байсан байх, тэрнээс бусад үед бол тасралтгүй ажиллаж байсан. Би 2 дугаар ангиа төгсөөд малчин болсон хүн. Бид нэг бригадад малчин байсан болохоор ажиллаж байсан талаар нь сайн мэднэ” гэсэн мэдүүлгүүдээр нотлогдож байх тул ажилласан байдлыг тогтоох боломжтой байна.
Нэхэмжлэгч Ч.Буянхишигийг улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төлөхөөс чөлөөлсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Зээрднүд овогт Чойжамцын Буянхишигийг 1982 оны 02 дугаар сарын 01-ээс 1990 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.6, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Буянхишигийг улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Буянхишиг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ