| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 169/2020/0031/Э |
| Дугаар | 33 |
| Огноо | 2020-03-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Оюунбат |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга: Б.М
Улсын яллагч: М.О
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Л
Шүүгдэгч: С.З нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.З-т холбогдох 2022000420021 тоот хэргийг 2020 оны 3 сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн ............-нд төрсөн, ............. настай, эрэгтэй, боловсролгүй, бичиг үсэг огт мэдэхгүй, мэргэжилгүй, ................. ажилтай гэх, ам бүл ....., ........... хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын ............... тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, /С.З нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгчийн мэдүүлгийг сонсож, талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1/ Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.З нь 2020 оны 1 сарын 12-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг Нарлагын 4-1 тоотод байрлах хашаанд хонины нэхий ачих ажил хийж байхдаа хамт ажиллаж байсан иргэн Д.Дыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:
-Хохирогч Д.Д-ын: “Би энэ өдөр 11 цагийн үед аймгийн түүхий эдийн ченж “.......” хочит Ө гэх залуугийнд очиж дан хонины нэхий том машины тэвшин дээр үл таних залуусын хамт хөлсөөр ачсан юм. Тэгээд намайг зоддог С.З гэх залуу бид 2 машины тэвшин дээр гараад дороос өгч байсан арьсыг машины тэвшин дээр зулж дэвссэн. Тэгээд С.З арьсаа хамаагүй эмх замбраагүй шидлээд байхаар нь би урьд өмнө нь арьс ачиж сурсан болохоор С.З-т хандаж, чи арьсаа аятайхан ачихгүй бол арьс нь дараа нь машиндаа багтахгүй шүү, чадахгүй бол буугаад доороос арьс аваад өгчих гэж хэлсэн. Тэгэхэд С.З надад хандаж, би Ө-н юмыг хийж байгаа болохоос чиний юмыг хийж байгаа юмуу гээд намайг миний өмсөж байсан куртикны энгэрээс барьж байгаад тэвшин дээр зулсан байсан арьсан дээр намайг унагасан. Тэгээд намайг унахад С.З миний баруун чихний орчимд гараараа 2 удаа их хүчтэй цохисон. Тэгэхэд нь миний толгой манараад хэсэг байж байгаад бид нар буугаад дээшээ Г гэдэг залуу машины тэвшин дээр гарсан. С.З намайг зодсоны улмаас миний толгой өвдөж байна, баруун чихний дэлбэнгийн ар хэсэгт язарсан шарх үүсч цус гарсан гэх мэдүүлэг /хх-5-6/
-Гэрч У.А: “2020.01.12-ны өдөр Номгон худалдааны төвийн урд талд түүхий эдийн ченж Таахай хочит Ө ажилчдын хооллодог өрөөнд 13 цагийн үед хоол хийж байгаад гарч ороод байсан. Миний ажигласнаар манай нөхөр Д тэнд хамт ажиллаж байсан Заанбаатар гэдэг залуутай маргалдаад байгаа бололтой байсан. Манай нөхөр Д орж ирээд хоол идсэн. Би нөхрөө ажигласан чинь манай нөхрийн баруун чихнээс цус гарсан байсан. Би нөхрөөсөө юу болсон талаар асуухад тэр Заанбаатарыг заагаад зодоонч юм байна. Намайг хоёр шаагаад авлаа гэж хэлсэн. Тэгээд тэр Заанбаатар хоол идэхээр гаднаас орж ирэхгүй байсан. Өлзийбаяр тэр Заанбаатарыг орж ир гэж хэлээд оруулж ирүүлээд хоол идүүлсэн. Би хоол хийж өгчихөөд гэртээ харьсан. Тэгээд манай нөхөр ажиллаж байгаад 20 цаг өнгөрөөгөөд гэртээ ирсэн” гэх мэдүүлэг/хх-7/
-Гэрч П.Гн: “ Би Таахай хочит Өлзийбаяр гэдэг хүн дээр түүхий эд авч ажилладаг. 2020.01.12-ны өдрийн ... 11 цаг өнгөрөөгөөд хашааны хаалганы үүдэнд чиргүүлтэй автомашиныг тулгаж тавиад арьс ачиж эхэлсэн. Би тэр хооронд хүмүүсээс арьс нэхий аваад байж байсан. Хашааны үүдэнд байсан автомашин дээр Д, нэг намхан биетэй залуу хоёр арьс ачиж байсан. Доороос сургуульд сурдаг гэхээр хүүхэд нэг танихгүй залуу хоёр арьс шидэж өгч байсан. Би хашааны гадаа гарчихаад буцаад ороод ирсэн чинь хонины нэхий ачиж байсан хүмүүс чанга дуугараад байсан. Тэгтэл машины тэвшин дээр Д, намхан биетэй залуу хоёр арьс ачиж байсан. Д гэдэг хүн тэр намхан биетэй залууд хандаж “ингэж ач” гэж зөвлөж хэлж байсан. Тэгж байгаад Д тэр намхан биетэй залуутайгаа маргалдаад эхэлсэн. Сүүлдээ тэр хоёр хоорондоо маргалдаад барилцаж авсан. Тэгж байгаад тэр намхандуу биетэй залуу нь Д гэдэг хүнийг арьс ачиж байсан ачааны автомашины тэвшин дээр унагааж байгаа харагдсан. Тэгээд босож ирээд тэр хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Дараа нь тэр Д гэдэг хүн машины тэвшин дээрээс бууж ирээд ажилчдын хоол иддэг байр луу ороод буцаад гараад ирэхэд тэр хуний чихнээс цус гарсан байсан.” гэх мэдүүлэг /хх-9/
-Гэрч Б.Ө: 2020 оны 1 сарын 12-ны өдөр иргэн Заанбаатар, Д нар манай хашаанд арьс нэхий ачиж байсан. Тэр хоёрыг зодолдож байх үед би хажууд нь байгаагүй. 3аанбаатар ачааны машин дээр байж байсан. Харин Д ачааны машины тэвшин дээрээс буусан, хажуу талд нь хацарнаас нь цус гарсан байдалтай байж байсан. Тэгээд тэр үед би З-т хандаж “чи яагаад настай хүн зодож байгаа юм наад хүн чинь эмчийн хяналтанд байдаг хүн гэж хэлээд дахиж зодолдох асуудал байхгүй шүү” гэж хэлсэн. Манайд ирэх үедээ ил харагдах ямар нэгэн шарх сорви байгаагүй, Заанбаатартай маргалдаж зодолдсоны улмаас чих нүүр нь урагдаж цус гарсан гэх мэдүүлэг /хх-10/
-Шинжээчийн 2020.01.15-ны өдрийн 36 тоот дүгнэлтэд: Д.Д-ын биед баруун чихний дэлбэн ар суурь хэсгээр язарч урагдсан гэмтэл тогтоогдлоо. Д.Д нь дунд чихний архаг үрэвсэлтэй байна. Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой гэх /хх-17-18/ баримтууд хамаарна.
Дээрх баримтуудаар шүүгдэгч С.З нь зүй ёсны шаардлага тавьсан хохирогч Д.Д-д уурлаж түүнийг заамдаж унагасан, баруун чихэн тус газарт нь 2 удаа цохисны улмаас хохирогчийн бие махбодид “баруун чихний дэлбэн ар суурь хэсгээр язарч урагдсан, хөнгөн зэргийн” гэмтэл учирсан болох нь нотлогдож байна.
Шүүгдэгч С.З-ын энэхүү үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан санаатай үйлдэл байх тул С.З-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж, шийтгэх үндэслэлтэй байна.
2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч С.З-ын үйлдлийн улмаас хохирогч Д.Д-ын биед баруун чихний дэлбэн ар суурь хэсгээр язарч урагдсан гэмтэл учирсан, энэхүү гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох жумын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн 2020.01.15-ны өдрийн 36 дугаар дүгнэлтээр тогтоогдож байх тул хохирогч Д.Д-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байна.
Дээрхи хуулийн заалтаар өөрийн санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг шүүгдэгч нь хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч Д.Д нь өөрийнхөө эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахыг гэм буруутай этгээд болох С.З-аас шаардах эрхтэй байна.
Хохирогч Д.Д нь хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “эмчилгээний зардал нэхэмжилнэ” гэсэн боловч эмчилгээтэй холбогдон гарсан зардлыг нотлох баримт гаргаж өгөөгүй байна.
Харин хохирогч цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөлдөө “би одоо З-тай тохиролцож 200.000 төгрөг авч эмчилгээний зардал болгосон. Шүүх хуралд оролцохгүй, хоорондоо учраа олсон тул санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй” /хх-42/ гэсэн, 2020.03.03-ны өдөр хэргийн материалтай танилцаад “санал хүсэлт байхгүй” /хх-52/ гэжээ.
Иймд хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгиг нэхэмжлэх эсэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 8.2 дугаар зүйлд заасан эрхийн асуудал ба хохирогч нэхэмжлэл гаргаагүй байхад шүүхээс тодорхой тооцоо хийх боломжгүй тул холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Хэргийн 41 дүгээр хуудсанд У.А гэх хүний дансанд “З хохирогчийн мөнгө” гэх утга бүхий орлогын гүйлгээ хийсэн баримт хавсаргагдсан байх бөгөөд уг баримтад өмгөөлөгч Г.Л-с “Д-ын гэм хорын хохиролд 200000 төгрөгийг эхнэр У.А-ийн төрсөн эгч У.А-ийн дансанд шилжүүлсэн” гэж тэмдэглэл хийгдсэн байна. Уг баримтыг С.З-аас хохирогч Д.Д-д учруулсан хохирлыг төлсөнийг нотлох баримтад тооцож, энэ талаар тогтоолын тогтоох хэсэгт дурьдах нь зүйтэй.
3/ Оногдуулах ял шийтгэлийн талаар:
Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2013.08.22-ны өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолоор С.Зыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 6 1дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар С.З-т оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, хяналт тавихыг Цагдаагийн хэлтэст үүрэг болгосон нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-24/, Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2013.08.22-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолын хуулбараар /хх35-39/ тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч С.З нь шүүхээс тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн эсэх нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн /2002 оны/ 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар түүнийг ялгүй болсон гэж үзнэ.
Шүүгдэгч С.З нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг шүүхээс өмнөх шатанд сайн дураараа нөхөн төлж, хохирогчийг гомдолгүй болгосон нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч С.З-ын үйлдсэн хэргийн хохирогч Д.Д нь “приор глухонемота” оношийн улмаас хөдөлмөрийн чадвар алдалт 80 хувьтайгаар, хугацаагүйгээр тогтоогдсон хүн болох нь Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2016 оны 8 сарын 4-ний өдрийн 0111591 дугаар шийдвэрээр тогтоогдож байгаа /хх-21/ боловч хохирогч нь биеэ хамгаалах чадваргүй эсэх нь, энэ талаар С.З тухайн үед мэдсэн эсэх нь баримтаар тогтоогдохгүй байх тул тухайн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.
Иймд С.З-т ял оногдуулахдаа дээр дурьдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон ялгүй болсон, бусдад төлбөргүй зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 34.8 дугаар зүйлийн 2, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10,
36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч С.З хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.З-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч С.З нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогч Д.Д-д 200,000 /хоёр зуун мянган/ төгрөг хүлээлгэн өгсөн, хохирогч “гомдолгүй” гэсэн болохыг тус тус дурьдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Д-ын иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар С.З-аас нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай..
5. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.З-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солино гэдгийг С.З-т анхааруулсугай.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ