| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шарын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 147/2016/00374/И |
| Дугаар | 414 |
| Огноо | 2016-11-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 414
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунгэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6 дугаар багт оршин суух Ч.Батдэлгэрийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баяндэлгэр сумын Эрүүл мэндийн төвд холбогдох
“3.312.877 / гурван сая гурван зуун арван хоёр мянга найман зуун далан долоо / төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016.10.20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Батдэлгэр, хариуцагч Ц.Жигмэдсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Батдэлгэр шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би шүүхэд
гаргасан нэхэмжлэлээсээ татгалзахгүй, хариуцагчтай эвлэрэхгүй. Би Баяндэлгэр сумын Эрүүл мэндийн төвд их эмчээр 2013 оны 1 сард ажилд орсон. 2015 онд эмэгтэйчүүдийн эмчийн эмчийн нарийн мэргэжлийн сургалтанд хамрагдаж энэ хугацааны цалин хөлсөө авъя гэсэн юм.Сургалтанд хамрагдахдаа эрхлэгч, засаг даргын орлогч нартай гурвалсан гэрээ байгуулж засаг даргаар батлуулсан. Уг гэрээнд нийгмийн даатгалын шимтгэл болон суралцах хугацааны цалинг олгохоор тохирсон. Би 3, 6, 7 саруудаас бусад сарын цалингаа авна гэж нэхэмжлэл гаргасан. Би төрийн албан хаагч учраас суралцаж байх хугацааны цалингаа авах ёстой. Эмнэлэгийн мэргэжилтэн мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх нийгмийн баталгааг хангах арга хэмжээ авах, хөдөлмөрийн хуулийн дагуу ажилтанд дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгохоор заасан байгаа. Манай эмнэлэг болохоор 4 их эмчийн орон тоотой байтал намайг ажлаас халсан тушаал гаргаагүй байж одоо 2 их эмч аваад 6 орон тоотой болоод ажиллаж байгаа юм. Иймд 3.392.877 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эрүүл мэндийн төвийг
төлөөлж тус төвийн эрхлэгч Ц.Жигмэдсүрэн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг нь зөвшөөрөхгүй, нэхэмжлэгчтэй эвлэрэхгүй. Ч.Батдэлгэр нь 2013 онд манай сумын эмнэлэгт эмчээр ажиллах болсон. 2015 онд нарийн мэргэжлийн эмчийн сургалтанд хамрагдах болсон юм. Мөн гэр бүлийн хүн нь манай эмнэлэгт эмчээр ажиллаж байсан. Хоёулаа резидент эмчийн сургалтанд суралцаж байгаа. Би эхнэрт нь бол цалинг нь өгөөд явж байгаа. Харин Батдэлгэртэй анх явахад нь байгуулсан гэрээндээ төсөв мөнгө хүрч байгаа тохиодолд цалинг өгнө гэж тохирсон юм. 2016 оны 1 дүгээр сараас цалингийн сан хүрэлцэхгүй болсон. Одоо ажиллаж байгаа эмч нарынхаа үндсэн цалинг нь өгөөд илүү цагийнх нь ч мөнгийг өгч чадахгүй байгаа юм. Хүрэлцээтэй төсөв ирэхгүй байна. Манай сумын эмнэлэг бол 4 дүгээр зэрэглэлийн эмнэлэг юм. Хэвийн үйл ажиллагаа явуулахын тулд энэ 2 хүнийг төгсөж иртэл нь оронд 2 эмч авч ажиллуулж байгаа эд нарыг ажилдаа орохоор тэр хүмүүс чөлөөлөгдөнө гэсэн нөхцөлтэйгээр ажиллуулж байгаа. Стандартын дагуу 4-н их эмчийн орон тоон дээр 4 их эмч ажиллаж байгаа. Цалингийн сан хүрэхгүй болохоор урамшууллынхаа зардлаас цалингийнхаа санд зарцуулж байгаа. Бид боломжоор 1 удаа 110.000 төгрөг, 1 удаа 50000 төгрөг өгсөн. Батдэлгэрийн сургалтын төлбөрийг төрөөс дааж мөн сар бүр 300000 төгрөг төрөөс олгож байгаа. Боломж нь байвал өгөх л байсан ямарч боломж байхгүй байгаа тул өгөхгүй. Гэрээндээ ч тэгж л тохиролцсон байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Ч.Батдэлгэр нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эрүүл мэндийн төвөөс “Суралцаж буй хугацааны цалин 3.392.877 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм. Энэ шаардлагыг ханган биелүүлэх боложгүй байна гэж шүүх үзлээ. Учир нь: Цалин гэдэг нь бол хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн тохиолдолд олгодог мөнгө юм. Нэхэмжлэгч Ч.Батдэлгэр нь нарийн мэргэжил олгох резидентийн сургалтанд хамрагдаж байгаа нь зохигчдын тайлбар болон хамтран ажиллах гэрээ зэргээр нотлогдож байна.
Ажилтны ажил албан тушаал хэвээр хадгалагдаж байгаа тохиолдол бүрт олговор олгох үүргийг ажил олгогчид хуулиар хүлээлгээгүйгээс гадна энэ маргааны хувьд хуулийн дагуу олговор олгох үндэслэлгүй байгаа юм. Харин зохигчид гэрээгээр тохиролцож олговор олгох асуудлыг шийдвэрлэсэн нь хуульд харшлаагүй байна. Гэхдээ талууд 2015.09.08-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж уг гэрээндээ “Резидент эмчээр суралцаж байх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг зохих хуулийн дагуу төлж, цалингийн төсөв санхүү хүрэлцэж байгаа тохиолдолд үндсэн цалинг олгоно” гэж харилцан тохиролцжээ.
Гэтэл эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлаас болж Ч.Батдэлгэрт цалинг нь олгохгүй байгааг нь хэрэгт цугларсан төсвийн гүйцэтгэлийн 10 дугаар сарын мэдээ болон бусад нотлох баримтуудаар нотлогдаж байна. Иймд олговор олгоогүй буруу гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Ч.Батдэлгэрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69.236 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 1115.2.3, 116. 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 заасныг баримтлан Суврагачин овогт Чимэддоржийн Батдэлгэрийн 3.392.877 /гурван сая гурван зуун ерэн хоёр мянга найман зуун далан долоо/-н төгрөг гаргуулах тухай Баяндэлгэр сумын Эрүүл мэндийн төвд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Ч.Батдэлгэрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69.236 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болно.
4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг танилцуулсан буюу гардуулснаас хойш 14 хоногт Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж хэргийг хянан шийдвэрлэсэн тухай шатны шүүхэд ирүүлж болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ