Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 0031

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Энхтуул хөтлөн

улсын яллагч Г.Билгүүжин

хохирогч Г.Г

шүүгдэгч Б.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Жд холбогдох эрүүгийн 1905043891329 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.Ж 2019 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барилгын 7-1-76 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Г.Гийг бусадтай хардан зодож, нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацарт зулгаралт, баруун өвдөгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Ж шүүхийн хэлэлцүүлэгт: Би мөрдөн байцаалтын явцад үйлдсэн хэргийн талаар мэдүүлгээ үнэн зөв өгсөн.  Яллах дүгнэлтийг зөвшөөрч байгаа гэв.

 

Хохирогч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт: Манай нөхөр Ж ихэнхдээ хөдөө явчихдаг. Тухайн өдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 21-нд нөхөр Жы эзгүйд би найзуудтайгаа уулзаад шөнө гэртээ согтуу ирсэнээс шалтгаалж манай нөхөр Ж намайг хардаж  ийм зүйл боллоо гэж бодож байна. Бид хоёр дундаасаа нэг хүүхэдтэй. Манай нөхөр сайн хүн. Бид хоёр эвлэрсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

         Хавтаст хэргээс:

          Хохирогч Г.Г мөрдөн байцаалтанд: Би 2019 оны 10 дугаар сарын 21-ний шөнө 01 цагийн үед би найзуудтайгаа уулзаад гэртээ орж ирэхэд манай нөхөр Ж үгийн зөрүүгүй намайг гараараа баруун нүдний доод хэсэг гурван удаа цохисон. Тэгээд манай хүүхэд хараад болиоч гээд байсан. Тухайн үед Ж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Намайг хардаад цохисон. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Өмнө нь нэг удаа маргалдаад цагдаад дуудлага өгч байсан. Одоо надад ямар нэгэн зовиур байхгүй. Бид хоёр эвлэрээд хамт амьдарч байгаа...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 28, 30/ гэх мэдүүлэг,  

 

            Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 11-12/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12836 дугаартай дүгнэлтэнд “...Г.Гийн биед баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацарт зулгаралт, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.  Хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чавдар алдангид нөлөөлөхгүй” /хх-ийн 35/ гэсэн дүгнэлт,

 

Б.Ж мөрдөн байцаалтанд: Би гэртээ байнга очоод байх боломжгүй, жолоочийн ажил хийдэг. 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ажлаа хийж байгаад эхнэр Г рүү залгахад гар утсаа авахгүй байсан. Тэгээд 17 цагийн үед гэртээ очиход эхнэр байхгүй байсан. Тэгээд гэртээ байж байхад манай найз дуудаад би гэрээсээ гараад найзтайгаа уулзаад нэг шил архи ууж байгаад буцаад гэртээ очиход эхнэр Г 01 цагийн үед хаалга тогшоод орж ирсэн. Тэгээд би хаалга онгойлгож өгөөд Г-г цохисон. Г согтууруулах ундаа хэрэглээд орж ирэхээр баруун нүдний доод тал руу нэг удаа уур хүрээд цохисон. Одоо тухайн асуудлын талаар уучлалт гуйгаад хамт амьдарч байгаа. Би эхнэртээ дахин гэр хүрэхгүй. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. /хх-ийн 40/ гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой Б.Ж эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 49/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                     

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Б.Ж 2019 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барилгын 7-1-76 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Г.Гийг бусадтай хардан зодож, нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацарт зулгаралт, баруун өвдөгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 

Энэ байдал нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан;

Б.Жы үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “Г согтууруулах ундаа хэрэглээд орж ирэхээр нь баруун нүдний доод тал руу нэг удаа уур хүрээд цохисон...” /хх-ийн 30/ гэсэн мэдүүлэг,

         хохирогч Г.Гийн”.. 2019 оны 10 дугаар сарын 21-ний шөнө 01 цагийн үед найзуудтайгаа уулзаад гэртээ орж ирэхэд манай нөхөр Ж үгийн зөрүүгүй намайг гараараа баруун нүдний доод хэсэг  гурван удаа цохисон....” /хх-ийн 27-28/ гэх мэдүүлэг болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12836 дугаартай “...Г.Г-н биед баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хацарт зулгаралт, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 34/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

          Хэрэгт авагдсан баримтуудаар Б.Ж, Г.Г нар хамтран амьдардаг эхнэр, нөхөр байх бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч...тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” нэгэн адил хамаарахаар зохицуулжээ.  

 

Шүүгдэгч Г.Жы эхнэр Г.Гийн баруун нүдний доод хэсэгт гараараа цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай гэмт хэрэгт тооцогдох үйлдэл” байх бөгөөд уг үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн санаатай гэмт хэрэгт” тооцогдоно.

 

        Хяналтын прокуророос Б.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас Б.Жыг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч;

        шүүгдэгч Б.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Хохирогч Г.Г мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Б.Жыг  бусдад төлөх төлбөргүйд тооцлоо.

 

Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүхээс, Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Б.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн Шударга ёсны болон  Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч Б.Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд  анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Жы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдал гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт  дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

 

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Ж цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.