Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2020/0443/З |
Дугаар | 221/МА2021/0227 |
Огноо | 2021-05-12 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2021/0227
Д.Б-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, гуравдагч этгээд А.А-ийн өмгөөлөгч Э.Э, Б.О нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 80 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд А.А нарын давж заалдах гомдлоор, Д.Б-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 80 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны Б/45, Б/221 дүгээр захирамжуудыг тус тус хүчингүй болгож, Д.Б-ийг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож”,
2 дахь заалтаар: “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 57 дугаар зүйлийн 57.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б-д ажилгүй байсан 10 сар 19 хоногийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх 10,115,325 /арван сая нэг зуун арван таван мянга гурван зуун хорин тав/ төгрөгийн цалингаас холбогдох татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцож олгон, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгаж”,
3 дахь заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-ийн “Нийслэлийн Засаг даргын 2020 оны Б/46 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У давж заалдах гомдолдоо: “Д.Б-ийн нэхэмжлэлтэй, “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/45 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 80 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасныг үндэслэн давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Нийслэлийн засаг даргын 2020 оны Б/45 дугаар захирамжаар “Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.15, 48 дугаар зүйлийн 48.1.3, Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын 12.2-т заасныг үндэслэн Д.Б-д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.
Ингэж сахилгын шийтгэл ногдуулахдаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсээс Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийн 2019 оны жилийн эцсийн байдлаар ирүүлсэн тайлан нь зөвлөмж хэрэгжүүлж ажиллаагүй, 1 арга хэмжээ хийгдээгүй байсан тул Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс сахилгын шийтгэл ногдуулах санал гаргасан.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсээс Нийслэлийн Аялал жуулчлалын газрын даргад хяналт шинжилгээ, үнэлгээний зөвлөмжийг хүргүүлсээр байтал биелүүлж ажиллаагүй, 1 арга хэмжээг хэрэгжүүлээгүйн улмаас Нийслэлийн Засаг дарга Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний тайланд 1 арга хэмжээг 0 хувийн үнэлгээтэй тайлагнах болж, улмаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр биелэгдэхгүй байдалд хүрсэн иймээс Д.Б-д төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.
Шүүх дүгнэхдээ 2019 оны хагас жилийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийхэд Нийслэлийн Аялал жуулчлалын газар 43,3 хувийн үнэлгээтэй, 2019 оны жилийн эцсийн үнэлгээ 83,3 хувь болж өссөнийг хариуцагчийн зүгээс харгалзан үзэлгүй “Төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна гэсэн байх бөгөөд 83,3 хувь болсон нь тайланг удаа дараа буюу 4 удаа засуулсны эцэст 83,3 хувь болсныг шүүх харгалзаж үзсэнгүй.
Мөн Захиргааны ерөнхий хуульд заасан маргаан бүхий захиргааны актыг мэдэгдэх, сонсох ажиллагаа”-тай адилтган тайлбарлах хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна гэж анхан шатны шүүхээс дүгнэсэнд гомдолтой байна.
Учир нь дээр дурдсан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг тогтоосны дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хүний нөөцийн тасгийн дарга Ц.У сонсох ажиллагаа хийж, Д.Б сонсох ажиллагааны тэмдэглэлд гарын үсэг зурсан, мөн хариу тайлбар албан бичгээр ирүүлсэн баримт хавтаст хэрэгт байхад түүнийг үнэлэлгүй, хууль тогтоомжийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн.
Д.Б 2018 онд сануулах сахилгын шийтгэлтэй, 2019 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьсан дэд хөтөлбөрийг татахаар шууд хандах Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг, байгууллагын дүрэм зэргийг зөрчсөн, хяналт шинжилгээ үнэлгээний зөвлөмжийг биелүүлж ажиллаагүй зэрэг нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.15-д заасан үүргээ биелүүлж чадахгүй байсан, өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг даргыг аялал жуулчлалын бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь мэргэшлийн зөвлөгөөгөөр хангаж ажиллахгүй байсан тул төрийн албанаас халах сахилгын шийтгэл буюу зөрчлийн шинжид тохирсон шийтгэл ногдуулсан гэж үзэж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 80 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд А.А, түүний өмгөөлөгч Д.О нар давж заалдах гомдолдоо: “Д.Б-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 80 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд А.А-ийн зүгээс давж заалдах гомдол гаргаж байна.
1. Нэхэмжлэгч Д.Б-ийг Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/45 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-т заасныг үндэслэн төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Төрийн албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-т заасны дагуу төрийн албанаас халахдаа Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн эсэхийг зайлшгүй шалган тогтоосон байх ёстой. Үүний дагуу хариуцагчаас нэхэмжлэгч Д.Б-ийг төрийн албанаас халахдаа Төрийн албаны тухай хууль, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам, Засгийн газрын 2017 оны 09 дүгээр тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам"-д заасны дагуу түүний гаргасан зөрчлийг шалган тогтоож, тохирсон шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байна.
Нэхэмжлэгч Д.Б-ийг анх Нийслэлийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/248 дугаар захирамжаар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/24 дүгээр захирамжаар жинхлэн томилсон байна.
Түүнийг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын даргаар томилогдон ажиллаж байхад Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам” батлагдаж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний тайланг хэрхэн бэлтгэн тайлагнах талаар зөвлөмжийг Нийслэлийн Аялал жуулчлалын хэлтсийн даргын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 11/1985 дугаар албан бичиг хавсралт зөвлөмжийн хамт/, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Зөвлөмж хүргүүлэх тухай” 10/3716 дугаар албан бичгээр тус тус хүргүүлсэн байдаг.
Өөрөөр хэлбэл хэрхэн эрхэлсэн ажлаа чанартай гүйцэтгэх, гүйцэтгэсэн ажлаа хэрхэн тайлагнах талаар урьдчилан анхааруулсан зөвлөмжийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хүргүүлсэн.
Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 104909 дүгээр албан бичгээр Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2019 оны хэрэгжилтийг хэрхэн тайлагнахыг чиглэл болгосон зөвлөмжийг Нийслэлийн аялал жуулчлалын газарт хүргүүлсэн байна.
Гэвч Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Нийслэлийн Засаг даргын Тамгын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, бодлогыг хэрхэн хэрэгжүүлсэн талаарх тайлан үүргийг хугацаа хоцроож ирүүлсэн, ирүүлсэн тайлан нь шаардлага хангахгүй нийт 3 удаа буцаагдаж, 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр, 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрүүдэд засвар хийлгэж тайланг нь хүлээн авсан байна.
Энэ нь Нийслэлийн Аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан Д.Б өөрийн эрхэлсэн ажилдаа хэрхэн удаа, дараа хариуцлагагүй хандаж байсан нь тодорхой нотлогдох юм.
Түүнчлэн Д.Б даргын хариуцан удирдаж буй Нийслэлийн Аялал жуулчлалын газрын 3 удаа буцаагдаж байж ирүүлсэн тайлангаар хариуцсан ажил нь хангалтгүй хэрэгжилттэй, хэрэгжүүлсэн арга хэмжээ, ажлаа худлаа тайлагнасан, нийт гүйцэтгэсэн байх ёстой 6 ажил нь 43,3 хувийн гүйцэтгэлтэй байхад аргачлалд тохирохгүй үнэлгээ бүхий тайланг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирүүлсэн зэрэг зөрчлийг гаргасныг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний ажлын 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 125 дугаар зөвлөмжөөр тогтоосон.
Хэрэв Нийслэлийн Аялал жуулчлалын газрын 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ирүүлсэн тайланд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсээс нэмэлт мэдээлэл авахгүйгээр шууд үнэлгээ хийхэд 43,3 хувиар үнэлэгдээд байсан тул Д.Б даргаас түүний хариуцсан агентлагийн ажлын тайлан мэдээлэлд нийтдээ 4 удаа өөрчлөлт, засвар хийлгэж байж 83,3 хувийг үнэлгээг өгсөн болох нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн даргын 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 10/4771 дүгээр албан бичиг, хавсралтаар тодорхой нотлогдож байхад үүнийг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 258 дугаар тогтоол, Монгол улсын Ерөнхий сайдын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 01 дүгээр албан даалгавар гарч Төрийн албан хаагчид эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан, үйл ажиллагааны биелэлт хангалтгүй бол тухай бүрд нь хатуу хариуцлага хүлээлгэж байхыг холбогдох албан хаагчдад үүрэг болгосон нь Төрийн гүйцэтгэх эрх мэдлийн албан хаагчид шат шатандаа эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж, ажил удаашруулж, чанаргүй гүйцэтгэсэн тохиолдолд хатуу хариуцлага тооцож байхыг урьдчилан сануулсан.
Гэвч анхан шатны шүүх “гаргасан зөрчилд нь шийтгэл нь тохироогүй, хүндэдсэн, зөрчлийн шинж байдалд тохироогүй, төрийн албанаас халах шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна” гэж дүгнэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа нь төрийн ажлыг чанаргүй гүйцэтгэдэг, эрхэлсэн ажилдаа хайхрамжгүй ханддаг төрийн удирдах албан тушаалтныг өөгшүүлсэн шийдвэр боллоо гэж үзэж байна
Түүнчлэн Нийслэлийн аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байсан Д.Б-ийн гаргасан зөрчлийг захиргаанаас шалган тогтоож түүнд мэдэгдэж тайлбар гаргах боломжоор хангасан бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа болон “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.6-д заасан шаардлагыг нэгэн зэрэг хангасан үйл ажиллагаа юм.
Өөрөөр хэлбэл “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.6-д “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь бичгээр мэдэгдсэн байна” гэж заасан нь Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааны нэг хэлбэр бөгөөд тус хуулийн болон журмын зохицуулалт аль аль нь зорилгын хувьд захиргааны шийдвэрийн улмаас эрх нь хөндөгдөж буй этгээдийг тайлбар гаргах, эрх, хууль ёсны ашиг сонирхлоо захиргаанаас шийдвэр гаргахаас өмнө хамгаалах боломжийг олгож байгаагийн хувьд адил юм.
Гэвч анхан шатны шүүх “...журмын 1 дүгээр зүйлийн 1.6-д заасны дагуу нэхэмжлэгчид мэдэгдээгүй байх бөгөөд Захиргааны ерөнхий хуульд заасан маргаан бүхий захиргааны актыг мэдэгдэх, сонсгох ажиллагаа”-тай адилтган тайлбарлах хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм” гэж хууль, журмыг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн.
Тодруулбал, нэхэмжлэгч Д.Б-д сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө захиргаанаас түүнд мэдэгдэж, тайлбар гаргах боломжийг олгосон бөгөөд Д.Б хууль болон журамд заасан эрхээ эдэлж тайлбараа бичгийн хэлбэрээр өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан байхад түүнийг анхан шатны шүүх үнэлж, дүгнэхгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
2. Анхан шатны шүүх гуравдагч этгээд А.А намайг томилсон Нийслэлийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/221 дүгээр захирамжийг Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн гэдэг үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Гэвч өнөөдрийн нөхцөл байдалд улс орны хэмжээнд аюулт цар тахал гарч, онцгой нөхцөл байдал бий болсон цаг Улсын Их Хурлаас 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр батлагдсан Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу Төрийн албанд иргэнийг томилон ажиллуулах нөхцөл байгааг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.
Өөрөөр хэлбэл ямар ч үед төрийн алба тасралтгүй үргэлжилж, төрийн албаны залгамж халаа алдагдахгүй үргэлжилж байх ёстой.
Тэр тусмаа аюулт цар тахлын үед төрийн албаны хэвийн үйл ажиллагаа алдагдах учиргүй тул хууль тогтоогчоос онцгой нөхцөл байдлыг харгалзан хууль баталж, батлагдсан өдрөөсөө хэрэгжиж байгаа.
Гэвч анхан шатны шүүх хууль бусаар А.А намайг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын даргаар томилогдсон мэтээр дүгнэж байгаа нь хэт нэг талыг барьсан дүгнэлт гэж үзэж байна.
Нөгөөтэйгүүр шүүхийн эцсийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгч Д.Б-ийг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол бүрэн сэргэх байтал түүн рүү чиглээгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй Нийслэлийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/221 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа нь гуравдагч этгээд миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.
Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/46 дугаар захирамжаар Нийслэлийн Аялал жуулчлалын газрын даргаар С.Б-ыг томилсон бөгөөд нэхэмжлэгчээс тус захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсний дагуу гуравдагч этгээдээр С.Б-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан.
Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/46 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсан бөгөөд татгалзлыг анхан шатны шүүх хүлээн авч нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд С.Б-ыг гуравдагч этгээдээр татан оролцуулсан захирамжаа хүчингүй болгоогүй.
Энэ нь анхан шатны шүүхийн шийдвэр ойлгомжгүй болох нөхцөл байдлыг бий болгож байгаа бөгөөд гуравдагч этгээд А.А намайг томилсон Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон атлаа С.Б-ыг томилсон захирамжийг хэрхэх талаар дүгнэлт өгөөгүй.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 80 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, гуравдагч этгээд А.А нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхилоо.
Нэхэмжлэгч Д.Б-ээс “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/45, 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/221 дүгээр захирамжуудыг хүчингүй болгуулж, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Маргаан бүхий Б/45 дугаар захирамжаар холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ын 12.2, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн Д.Б-ийг “Бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг тайлагнахад гаргасан зөрчил дутагдлаа засаж, албан бичгээр хүргүүлсэн Хяналт шинжилгээ, үнэлгээний зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлээгүй, албан үүргээ удаа дараа зохих ёсоор биелүүлж ажиллаагүй” гэж үзэн төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар 48.1.1-48.1.4-т заасан сануулах, албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, төрийн албанаас халах, төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах зэрэг сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэхийг шаардахгүй ч хуульд өөрөөр заагаагүй бол тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дээр дурдсан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулахаар хуульчилсан.
Мөн Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтран баталсан 2019 оны 36/32 дугаар “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.4.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа дараахь зарчмыг баримтлана”, 1.4.2-т “Сахилгын шийтгэл зөрчлийн шинж байдалд тохирсон байх”, 1.4.5-д “Хууль зүйн үндэслэлтэй байх” гэж заажээ.
Засгийн газрын 2016 оны 121 дүгээр тогтоолоор батлагдсан “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хэрэгжүүлэхээр туссан нийт 230 арга хэмжээний 2019 оны хагас жилийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийгээд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсээс 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 10/4969 дугаартай албан бичгээр 125 дугаартай зөвлөмжийг Нийслэлийн Аялал жуулчлалын газарт хүргүүлсэн байна.
Уг зөвлөмжид “... Нийслэлийн Аялал жуулчлалын газар хариуцан хэрэгжүүлэх 6 арга хэмжээнээс 2 арга хэмжээ 70 хувийн, 3 арга хэмжээ 40 хувийн, 1 арга хэмжээ 0 хувийн, нийт 43,3 хувийн үнэлгээтэй байна” гэжээ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн тухай танилцуулгад “... мөн хөтөлбөрийн 2019 оны хагас жилийн хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний зөвлөмжийг биелүүлээгүй ... Нийслэлийн Аялал жуулчлалын газар ...-ын удирдлагад Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу “Сануулах” сахилгын шийтгэл ногдуулах” саналыг гаргасан байна.
Мөн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хурлын 04 дүгээр хуралдааны тэмдэглэлээс үзэхэд Нийслэлийн Аялал жуулчлалын газрын удирдлагад Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу “Сануулах” сахилгын шийтгэл ногдуулах саналыг гаргажээ.
Түүнчлэн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг нэмэлтээр авч тайлагнасан тухай тайлбарт “... Нийслэлийн Аялал жуулчлалын газраас ирүүлсэн тайлан хэрэгжүүлэх арга хэмжээтэй уялдаагүй, үр дүнг тодорхойлоогүй, явцын тайлан ирүүлсэн, хэт дэлгэрэнгүй, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн зөвлөмжийг дагуу тайлангаа ирүүлээгүй тул өмнөх оны тайлангуудыг нэмж оруулах, хийсэн ажлын үр дүнг 2019 оны зорилтот түвшинтэй уялдуулан гаргах чиглэлээр нэмэлт тайлан ирүүлэхийг ... нарт мэдэгдсэн, ... 3 удаагийн засвар хийсэн тайланг хүлээн авсан, ... уг тайланд дахин үр дүнгээ тодорхойлж нэмж өгсөн тайланг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 12 цагт ирүүлснийг хүлээн авсан” гэсэн байна.
Дээрх 125 дугаар зөвлөмж, танилцуулга, тайлбаруудаас үзвэл нэхэмжлэгч нь 125 дугаар зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлж ажиллаагүй, авч хэрэгжүүлэх арга хэмжээнээс 1 арга хэмжээ огт хийгдээгүй болох нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийг хариуцсан ажлаа 100 хувь, бүрэн дүүрэн хангалттай биелүүлсэн гэж үзэх боломжгүй ч хэрэгт авагдсан бусад бичгийн баримтууд болон түүний гаргасан уг зөрчил, алдаа дутагдлаа засаж залруулсан бодит байдлаас дүгнэхэд зөвхөн уг үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-д зааснаар төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах хууль зүйн үндэслэл бүрдсэн гэж шууд дүгнэх боломжгүй байна.
Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлын 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 22 дугаар хуралдааны тэмдэглэлд “... “Аялал жуулчлалын дэд хөтөлбөр”-ийн төслийг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Б танилцуулав. Энэ асуудалтай холбогдуулан хөтөлбөрийн төсөлд гишүүдийн саналыг тусган Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьж, хэлэлцүүлэхийг Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогчид үүрэг болгов” гэсэн, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй” гэж заасан байхад хариуцагчаас “... нийт 230 ажил байгаа, үүнээс 1 ажил буюу аялал жуулчлалын дэд хөтөлбөр батлагдаагүй. Ганцхан Нийслэлийн Аялал жуулчлалын газар хийгээгүйгээс шалтгаалаад Нийслэлийн Засаг дарга Засгийн газрын хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй байдлаар тайлагнасан. Дэд хөтөлбөр батлуулаагүй тул Д.Б-ийг халах үндэслэл бүрдсэн. Д.Б өөрөө араас нь хөөцөлдөх ёстой байсан” гэж тайлбарлаж байгаа нь зүйд нийцэхгүй.
Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ын 1.2-т зааснаас үзвэл хяналт шинжилгээ, үнэлгээний зорилго нь төрийн бодлого, төлөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэх, хэрэгжилт, хариуцлагыг сайжруулахад орших бөгөөд мөн журмын 12.1-д “Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны үнэлгээний дүнгээр хоёр удаа хангалтгүй үнэлгээ авсан, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт нь буурсан яамны Төрийн нарийн бичгийн дарга болон аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргыг Төрийн албаны тухай хуулийн 23.1-д заасны дагуу албан тушаал бууруулах саналыг эрх бүхий албан тушаалтанд уламжлах”, 12.2-т “Дараах зөрчил гаргасан албан тушаалтанд Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль болон холбогдох бусад хуульд зааснаар хариуцлага хүлээлгэнэ”, 12.2.1-д “Энэхүү журмын 3 дахь хэсэгт заасныг зөрчиж худал, зөрүүтэй мэдээллээр тайлагнасан”, 12.2.2-т “Өгсөн зөвлөмжийг биелүүлээгүй”, 12.2.3-д “Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүн, тайланг сайд, Засаг даргын зөвлөл, Засгийн газрын агентлагийн даргын хурлаар хэлэлцүүлээгүй” гэж заасан байна.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтран баталсан 2019 оны 36/32 дугаар “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ийн 2.1-д “Сахилгын зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйн талаар гомдол гаргасан, мэдээлсэн, холбогдох баримтыг ирүүлсэн шалгалт явуулах үндэслэл болно.”, 2.2-т “Энэ журмын 2.1-д заасан тохиолдолд албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл тухайн байгууллагын дотоод хяналт, шалгалтын нэгж, албан тушаалтан шалган тогтооно”, 2.5-д “Шалгагч сахилгын зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл, баримтыг шалгаад сахилгын шийтгэл ногдуулах эсэх талаар дараах дүгнэлтийн аль нэгийг гаргаж, албан хаагчийг томилсон эрх бүхий албан тушаалтанд танилцуулна” гэж заажээ.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол “удаа дараа” буюу 3 ба түүнээс дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн бол төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах шийтгэл ногдуулахаар, “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 6.1-д зааснаар албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэл ногдуулахаар тус тус зохицуулсан.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн “Нийслэлийн Аялал жуулчлалын газраас тайлагнасан бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн тухай” 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн танилцуулгад “... Нийслэлийн Аялал жуулчлалын газар хариуцан хэрэгжүүлэх 6 арга хэмжээнээс 5 арга хэмжээ 100 хувийн, 1 арга хэмжээ 0 хувийн, нийт 83,3 хувийн буюу “Тодорхой үр дүнд хүрсэн” үнэлгээтэй байна” гэснээс үзвэл нэхэмжлэгч хэдийгээр удаа дараа тайланг ирүүлсэн ч эцсийн байдлаар зөвлөмжид заасан зөрчлийг засаж, зөвтгөн гаргасны дараагаар үнэлгээ өссөн, зөрчлийн үр дагаврыг арилгасан байгааг шууд ажлаа хангалтгүй биелүүлсэн гэж үзэх боломжгүй тул хариуцагчаас Нийслэлийн Аялал жуулчлалын газрын зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлсэн тухайд тодорхой ажиллагаа явуулж, бүрэн нягтлан шалгалгүйгээр Б/45 дугаар тушаалыг гаргажээ гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгчийн хувьд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/63 дугаар захирамжаар “сануулах” сахилгын шийтгэл хүлээж байсан боловч Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцох талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Хавтаст хэрэгт нэхэмжлэгч нь чухам ямар ажил үүргийг, хэзээ, хэрхэн биелүүлээгүй, түүнийг шалган тогтоож, баримтжуулсан зэрэг “албан үүргээ удаа дараа зохих ёсоор биелүүлж ажиллаагүй” гэх байдлыг нотолсон үр дүнгийн гэрээний үнэлгээ, гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайлан, эсхүл дээр дурдсан хугацаанд сахилгын шийтгэл хүлээж байсан талаарх баримт авагдаагүй, хариуцагчаас үүнтэй холбоотой баримтыг ирүүлээгүй байна.
Хариуцагчийн тайлбар, гомдолдоо дурдсан Нийслэлийн Аялал жуулчлалын газрын 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 02/395 дугаар албан бичигт “... Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Аялал жуулчлалын тухай хуулийг шинэчлэн найруулж, Улсын Их Хуралд өргөн барихтай холбогдуулан тус “Дэд хөтөлбөр”-ийг эгүүлэн татах саналыг хүргүүлж байна”, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 02/943 дугаартай албан бичигт “... дээрх ирүүлсэн санал нь ... төсөл санаачлагчийн саналаар өргөн барьсан асуудлыг эргүүлэн татах Засаг даргын бүрэн эрхэд харшлах тул хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг хүсье” гэсэн байх боловч энэ үндэслэлээр нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулаагүй байна.
Дээр дурдсан үндэслэлүүдээр маргаан бүхий Б/45 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасан баталгааг зөрчиж түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан гэж үзэх үндэслэлтэй тул уг захирамжийг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “С.Б-ыг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын даргаар томилсон Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/46 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр татгалзсаныг шүүх баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тул С.Б-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгох шаардлагагүй. Иймд энэ талаарх гомдол үндэслэлгүй.
Шүүх Б/45 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан Нийслэлийн Аялал жуулчлалын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон тул гуравдагч этгээд А.А-ийг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын даргаар томилсон Нийслэлийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/221 дүгээр захирамжийг хүчингүй болгосны үндсэн дээр нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх, шүүхийн шийдвэр бодит байдалд биелэгдэх боломжтой талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын 7.а-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 80 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, гуравдагч этгээд А.А нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 48 дугаар зүйлийн 48.3-д тус тус зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН