Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 69

 

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2017/00069

 

Н.Цэрэндэжидийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2016/00792 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н.Цэрэндэжидийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт холбогдох

 

Гэм хорын хохиролд 158 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Амгалан, А.Эрдэнэбилэг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.Байгалмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.Цэрэндэжид шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Цэрэндэжид нь 1998 онд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн 1-2 тоот газар эзэмшээд 2002 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 274 тоот захирамжаар эзэмших эрх аваад 2007 онд 15 жилээр газрын эрхээ сунгуулсан ба үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй болно. Иргэний  өмчид хууль бусаар хэн ч халдаж болохгүй билээ. Үндсэн хууль, Иргэний хууль , Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Газрын тухай хуулийг зөрчиж  байшинг эвдэлж, газрыг хураан  авч бусдад худалдсан тул зохих газруудад нь гомдлоо гаргасан ба Улсын ерөнхий прокурорын газраас өгсөн хариу нь Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх Албанаас эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж хүний өмчлөх эрхэд халдсан агуулга бүхий албан бичгийг газрын албанд явуулж, ял шийтгэлгүй, хохирол төлбөргүй хүнийг хохироосон тул зохих арга хэмжээ авхуулахаар  албан тоот явуулсан. Гэтэл Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газраас Улсын Бүртгэлийн Ерөнхий газарт ирүүлсэн албан тоотод заагдсан зөрчлийг арилгахаас татгалзсан учир өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заагдсан эрх зүйн харилцаанд орсон ба миний зөрчигдсөн эрхийг хамгаалахаас  татгалзсан учир өөрийн газраа одоогийн зах зээлийн ханшаар 150.000.000 төгрөгөөр, байшингаа 8.000.000 төгрөгөөр тус тус үнэлж гэм хорын хохиролд нийт 158.000.000 төгрөгийг хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас нэхэмжилж байгааг гаргуулж  өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 239 дүгээр тогтоол, Нийслэлийн шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 503 дугаар магадлалаар Эрдэнийн Бат-Эрдэнээс 166.200.000 төгрөг гаргуулж Улаанбаатар хотын банкинд, Э.Бат-Эрдэнэ, Ц.Эрдэнэчимэг нараас 142.500.000 төгрөг гаргуулж нэр бүхий 24 хүнд тус тус олгохоор шийдвэрлэж, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Гүнтийн задгайд орших зуслангийн 1 давхар байшинг дуудлага худалдаанд оруулж, орсон орлогыг Э.Бат-Эрдэнэ, Ц.Эрдэнэчимэг нарын төлбөрт тооцож, хохирогч нарт тэнцүү хуваахыг даалгаж шийдвэрлэсэн. Дээрхи шийтгэх тогтоолд дурдсан Улсын мөрдөн байцаах газрын мөрдөн байцаагчийн 2007 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-оор нэг давхар зуслангийн байшинг битүүмжилж, эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг Н.Цэрэндэжидэд хариуцуулсан байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг нийт төлбөр авагч нарт санал болгох ажиллагаа явуулахад 23 иргэн төлбөрт тооцон авахаас татгалзаж, төлбөр авагч Улаанбаатар хотын банкинд 8.000.000 төгрөгийн төлбөрт тооцон шилжүүлсэн байна. Иргэн Н.Цэрэндэжид нь үл хөдлөх эд хөрөнгөтэй холбогдуулан явуулсан ажиллагааг эс зөвшөөрч шүүхэд удаа дараа нэхэмжлэл гаргасан байх бөгөөд түүний нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 534 дүгээр шийдвэр, мөн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 4137 дугаар шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т зааснаар шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт холбогдуулан гэм хорын хохиролд 158.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн Н.Цэрэндэжидийн нэхэмжлэлийг  бүхэлд  нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Цэрэндэжид нь төлбөл зохих 947.950 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх нэхэмжлэгч нь газар эзэмших эрхтэй болох нотлох баримтыг гаргаагүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Гэтэл хэргийн 15 дугаар хуудсанд газар эзэмших эрхийг 15 жилээр сунгаж 2023 он хүртэл эзэмших эрхтэйг нотолсон баримт авагдсан. Мөн Н.Цэрэндэжид нь маргаж буй зуслангийн байшин, газрыг өмчлөгч гэж маргах боловч зуслангийн байшингийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэж дүгнэсэн байх ба хэргийн 11 дүгээр хуудсанд эд хөрөнгийг зааж бүртгэлд бүртгүүлсэн тухай баримт авагджээ.

Шүүх хэрэгт авагдсан баримтыг авагдаагүй гэж дүгнэн, нотлох баримтыг дутуу үнэлсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Нэхэмжлэгч Н.Цэрэндэжид нь хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт холбогдуулан гэм хорын хохиролд 158 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “...шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй ” гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Н.Цэрэндэжид нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ  ”...миний өмчийг дур мэдэн дуудлага худалдаанд оруулж, бусдын өр төлбөрийг хаасан. Би бусдын өр төлбөрийг өөрийн өмчийн хөрөнгөөр хариуцах ёсгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дээрх үйлдэл нь Үндсэн хууль болон бусад хуулиар баталгаажсан миний өмчлөх эрхэд хууль бусаар халдаж, хохирол учруулсан үйлдэл” гэж тодорхойлжээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг өөрийн эрх, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан гэж үзэж байгаа бол тухайн дуудлага худалдаанд орж, төлбөр авагчид төлбөрт тооцон авахыг санал болгогдсон уг хөрөнгө өөрийнх нь өмчлөлийн зүйл гэдгийг эргэлзээгүй баримтаар нотлох ёстой юм.

 

Маргааны зүйл нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн 1-2 тоот газар эзэмших эрх, уг газар дээрх байшин гэж нэхэмжлэгч тодорхойлжээ. /х.х-ийн 1 дүгээр хуудас/ Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 239 дүгээр  шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 593 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Гүнтийн задгайд байрлах зуслангийн 1 давхар байшинг дуудлага худалдаанд оруулж, орсон орлогыг Э.Бат-Эрдэнэ, Ц.Эрдэнэчимэг нарын төлбөрт тооцож, хохирогч нарт тэнцүү хуваахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсэн, дээрх шийтгэх тогтоол, магадлалууд хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 31-50/

 

Нийслэлийн шүүхийн магадлалд “..,дуудлага худалдаанд оруулахаар” заасан хөрөнгийг нэхэмжлэгч өөрийнхөө хөрөнгө мөн бөгөөд газар эзэмших эрхээ 15 жилээр сунгуулсан, байшин нь өмчлөх эрхийн гэрчилгээтэй гэж тайлбарлажээ.

 

Хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол, магадлалыг үндэслэн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн гүйцэтгэх хуудас бичигдэж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан бөгөөд уг ажиллагаатай холбоотойгоор нэхэмжлэгч Н.Цэрэндэжид нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 534 дугаар шийдвэрээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчөөгүй болохыг тогтоожээ. /хх-ийн 110-111/

 

Шийдвэр гүйцэтгэх байгууллага нэхэмжлэлд дурдсан хөрөнгийн талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт хуулийн хүчин төгөлдөр байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай байвал дахин нотлохгүй юм.

 

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт газрыг уг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заажээ. Нэхэмжлэгч нь өмчлөх, эзэмших эрхээ нотлохоор хэргийн 8-18 дугаар хуудсанд нотлох баримтуудыг гаргасан. Газар эзэмших гэрчилгээгээр газар эзэмших эрхийн хугацаа 2006 оны 5 дугаар сарын 28-нд дууссан, цаашид сунгаж олгогдсон гэрчилгээ байхгүй, түүнчлэн уг гэрчилгээнд хугацаа сунгасан тухай тэмдэглэлгүй, байшинг өмчлөх эрхийг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт авагдаагүй, 2003 онд байгуулсан газар ашиглах гэрээнээс үзэхэд газар ашиглах хугацаа 3 жил гэж заасан, цаашид сунгагдсан тухай баримтгүй байна. “Мон Кан Консалтинг” ХХК-иар хийлгэсэн газрын кадастрын зургийн хавсралт баримтад газар эзэмших ашиглах хугацаа 15 жил гэж заасан нь эрх бүхий байгууллагын гэрчилгээ, гэрээгээр нотлогдоогүйгээс гадна Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 534 тоот шийдвэрт  “.., нэхэмжлэгч Н.Цэрэндэжид нь маргаж буй зуслангийн байшинг өөрийн өмчлөлийнх, газрыг өөрийн эзэмшлийнх гэж маргах боловч зуслангийн байшинг улсын бүртгэлд бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ аваагүй, газар эзэмших эрх нь дуусгавар болсон нь газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ зэргээр нотлогдож байгаагаас гадна уг зуслангийн байшинг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу албадан дуудлага худалдаанд оруулж, олсон орлогыг бусдын төлбөрт тооцож олгохоор заасан шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр байна” гэж заажээ.

 

Дээрх үндэслэлүүдээс хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрыг хууль бусаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан гэж үзэхээргүй байх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2016/00792 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Цэрэндэжид нь давж заалдах гомдолд урьдчилан төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

  ШҮҮГЧИД                                  Ц.ИЧИНХОРЛОО

     Ш.ОЮУНХАНД