Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 0026

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Энхтуул хөтлөн,

улсын яллагч Д.Агар

хохирогч Ц.Ц, түүний өмгөөлөгч Ч.Наранцэцэг

шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Л.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Бд холбогдох эрүүгийн 1903010650481 дугаартай 1 хавтаст хэргийг  2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Н. Б нь 2019 оны 9 дүгээр сарын 12-ны 22 цаг 21 минутын орчим Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугаар эмийн сангийн уулзварын баруун замд 27-47 УБУ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалт, мөн дүрмийн 3.4 дэх хэсэгт заасан “... б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх,  хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч  тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас замаас гарч замын хашлага мөргөсөний улмаас зорчигч 23 настай эмэгтэй Ц.Цийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б: Мөрдөн байцаалтанд би мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Прокурорын яллах дүгнэлтийг би зөвшөөрч байгаа. Өөрийн гэм буруутай үйлдэл дээр маргах зүйлгүй тул шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Ц:  Хэрэгт гаргасан хохиролтой холбоотой нийт зардлаас 2.006.000 төгрөг авсан. Одоо үлдэгдэл 1.362.200 төгрөг нэхэмжилж байна. Үүнээс 500.000 төгрөг нь өмгөөллийн хөлс, 762.200 төгрөг нь эм тарианы зардал юм. Цаашид хагалгаанд орох шаардлагатай байгаа тул холбогдох зардлаа нэхэмжилнэ гэв.

 

         Хавтаст хэргээс:

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэмжилтийн бүдүүвч зураглал /хх-ийн 2-14/,

 

Хохирогч Ц.Ц мөрдөн байцаалтанд: Би 2019 оны 9 дүгээр сарын 12-ны оройн 21 цаг 40 минутын үед гэртээ харих гээд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нисдэг машин худалдааны төвийн урд замаас такси барих гээд гараа өргөөд зогсож байхад 27-47 УБУ улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашин зогсоод таксинд явна гэхээр нь би уг машины хойд суудалд баруун хаалганы талд суугаад 21 дүгээр хороолол хүргүүлэхээр хөдлөөд явсан. Тэгээд тэр жолооч явж байгаад 25 дугаар эмийн сангийн уулзвараар гарахдаа найз охинтойгоо утсаар яриад явж байсан ба 2, 3 дугаар эгнээ нь түгжрээд байсан чинь 1 дүгээр эгнээ рүү ороод цааш хурдтай яваад байхаар нь зөөлөн яваач гэсэн чинь тэр жолооч зөөлөн явж байна ш дээ гэж хэлээд утсаар ярьж дөнгөж дуусаад цааш явж байхад 2 дугаар эгнээнээс нэг цагаан машин миний сууж явсан машины урдуур эгнээ байраа өөрчлөөд ороод ирэхэд нь хүүе машин гээд хэлэхэд жолооч сандарсандаа баруун гар тал руугаа дараад замын хашлага мөргөөд замаас гараад зогссон.  Хашлага мөргөх үед нь би урд сандал мөргөсөн. Тэгээд миний баруун гар эвгүй болоод гар хөдлөхгүй байсан болохоор жолоочид хэлээд түргэн тусламж дуудсан чинь ирэхгүй байсан. Тэгээд манай нөхөр ирээд намайг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн чинь гар хугарсан байсан. Ослын улмаас миний баруун гарын атгаал яс хугараад баруун хацар шалбарч хавдсан байсан. Би гарны хагалгаанд ороод гар хөдөлж болохгүй, толгой өвддөг болсон. Би тухайн үед хамгаалалтын бүс зүүгээгүй байсан. Би одоогийн байдлаар эмчилгээнд 998.630 төгрөг зарцуулсан. Миний эмчилгээний зардалд 300.000 төгрөг, мөн өвчин намдаах эм, хагалгаанд орох үед сувилагчид 50.000 төгрөг өгсөн. Би одоо эмчилгээний зардлаа нөхөн төлүүлмээр байна. Мөн өвчтэй байх үеийн цалингаа нэхэмжилнэ. /хх-ийн 17-18/ гэх мэдүүлэг,

 

 

         Гэрч Б.Мөнх-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд: 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр би Бын хамт түүний Тоёота Приус-20 маркийн машинтай Багануур дүүрэгт манай гэрт очоод буцаад хотод ирсэн. Тэгээд Нисдэг машин худалдааны төвийн зогсоол дээр бид хоёр Ган-Эрдэнэтэй уулзаад ажлыг нь тарахыг хүлээгээд бид хоёр машин дотор сууж байхад нэг эмэгтэй хүн такси барих гээд гараа өргөөд зогсож байхаар нь бид хоёр тэр хүнийг хүргэж өгчихөөд ирье гээд машины хойно суулгаад 21 дүгээр хороолол руу хүргэж өгөх гээд явсан. Тэгээд явж байгаад 25 дугаар эмийн сангийн гэрлэн дохион дээр очиж зогсоод ногоон гэрэл асахаар нь хөдлөөд 2 дугаар эгнээгээр явж байгаад 1 дүгээр эгнээ рүү шилжиж ороод цааш явж байхад 2 дугаар эгнээнээс нэг Тоёота Приус-30 маркийн автомашин эгнээ байраа өөрчлөөд манай машины урдуур ороод ирсэн. Тэгэхэд Б баруун гар тал руугаа дараад замаасаа гараад бородюр мөргөөд зогссон. Тэгэхэд хойно сууж байсан эгч ёолоод явчихаар нь яасан эгчээ гэсэн чинь гар хугарсан юм шиг байна гэж байсан. Тэгээд миний гар утсаар түргэн тусламж, цагдаад дуудлага өгөөд зогсож байхад хойно сууж байсан эгчийн нөхөр ирээд аваад явсан. Тэгээд байж байхад Баянгол дүүргийн хоёр цагдаа ирээд хэмжилт хийгээд Бын машиныг журмын хашаа руу ачуулсан. Тухайн үед 30-40 км/ цагийн хурдтай явж байсан байх. /хх-ийн 53/ гэх мэдүүлэг,

 

        Яллагдагчаар Н.Б мөрдөн байцаалтанд: 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр би Нисдэг машин худалдааны төвийн урд зам дээр автобусны буудлын зогсоол найз охин Ган-Эрдэний ажлыг нь тархыг хүлээгээд зогсож байхад замын цаана нэг хүн гараа өргөөд такси барих гээд зогсож байхаар нь би машинтайгаа очоод хаа хүрэхийг асуухад 21 дүгээр хорооллын Депо орно гэсэн хол газар явах болохоор нь хойд суудалд суулгаад явж байхад 25 дугаар эмийн сангийн уулзвар өнгөрөөд 1 дүгээр эгнээгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй явж байхад 2 дугаар эгнээнээс нэг машин гэнэт огцом урдуур дараад ороод ирэхээр нь би айсандаа баруун гар тийш дарахад замаас гараад хашлага мөргөөд зогссон. 2 дугаар эгнээнээс дарж орж ирсэн машин руу  чигээрээ явсан бол жолооч хаалга руу мөргөх боломжтой байсан болохоор би баруун гар тал руугаа дарсан. Осол 22 цаг өнгөрч байхад болсон ба гадаа харанхуй болсон байсан ба машины хөдөлгөөн түгжирсэн байсан. Би 40 орчим км/цагийн хурдтай явж байсан. Би эмчилгээний зардалд нийт 1.200.000 төгрөг зарцуулсан байгаа. Үүнээс хойш 300.000 төгрөгийг хагалгаа хийсэн эмчид өгсөн. 900.000 төгрөгийг хохирогчийн данс руу шилжүүлсэн байгаа. /хх-ийн 75/ гэх мэдүүлэг,

 

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11150 дугаартай дүгнэлтэнд: Ц.Цийн баруун атгаал ясны далд хугарал, баруун хацрын төвгөрийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 56-57/ гэсэн дүгнэлт,

 

Техникийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 418 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Тоёота Приус-20 маркийн 27-47 УБУ улсын дугаартай автомашины жолооч Н.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” мөн дүрмийн 1.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ. б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх...” гэсэн дүрмийн заалтуудыг тус тус зөрчсөн байна. /хх-ийн 63-65/ гэсэн дүгнэлт,

 

Хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 34-41, 44-45, 50-51/,

Өвчний түүх /хх-ийн 42-43/,

       

         Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 77/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 76/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 93/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Н.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 12-ны шөнийн 22 цаг 21 минутын орчимд 27-47 УБУ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож хувиараа таксины үйлчилгээнд явж байхдаа Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  25 дугаар эмийн сангийн уулзварын баруун замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” мөн дүрмийн 1.3-т Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 3.4-т Жолооч дараах үүргийг хүлээнэ. б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх...” гэсэн дүрмийн заалтуудыг тус тус зөрчиж замын хашлага мөргөсний улмаас тухайн автомашинд сууж явсан зорчигч Ц.Цийн эрүүл мэндэд  “баруун атгаал ясны далд хугарал, баруун хацрын төвгөрийн зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь:

зам тээврийн осол, хэргийн үзлэгээр  тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

хохирогч Ц.Цийн“...жолооч сандарсандаа баруун гар тал рууга дараад замын хашлага мөргөөд замаас гараад зогссон. Би хашлага мөргөх үед нь урд сандал мөргөсөн. Тэгээд миний баруун гар эвгүй болоод гар хөдлөхгүй байсан. Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн чинь гар хугарсан байсан. Ослын улмаас миний баруун гарын атгаал яс хугараад баруун хацар шалбарч хавдсан байсан. Би гарны хагалгаанд ороод гар хөдөлж болохгүй, толгой өвддөг болсон...” /хх-ийн 17-18/  гэсэн мэдүүлэг,

       гэрч Б.Мөнх-Эрдэнийн”...нэг Тоёота Приус-30 маркийн автомашин эгнээ байраа өөрчлөөд манай машины урдуур ороод ирсэн. Тэгэхэд Б баруун гар тал руугаа дараад замаасаа гараад бородюр мөргөөд зогссон. Тэгэхэд хойно сууж байсан эгч ёолоод явчихаар нь яасан эгчээ гэсэн чинь гар хугарсан юм шиг байна гэж байсан...”/хх-ийн 53/ гэсэн мэдүүлэг,

        шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11150 дугаартай “Ц.Цийн баруун атгаал ясны далд хугарал, баруун хацрын төвгөрийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо...гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” /хх-ийн 56-57/ гэсэн дүгнэлт,

техникийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 418 дугаартай дүгнэлт /хх-ийн 63-65/, хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 34-41, 44-45, 50-51/, өвчний түүх /хх-ийн 42-43/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. 

 

Зам тээврийн осол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой бөгөөд Н.Б тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас зорчигч Ц.Цийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно.

 

Н.Бын дээрхи үйлдлийн улмаас Ц.Цийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь үйлдэл, хохирол хоорондын шалтгаант холбоотой байна.

 

Гэм буруугийн шүүх хуралдаан дээр улсын яллагчаас шүүгдэгч Н.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг хэргийн оролцогчид зөвшөөрч гэм буруугийн талаар талууд маргаагүй болно.

 

Улсын яллагчаас гэм буруугийн талаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх тул  шүүх хүлээн авч;

шүүгдэгч Н.Быг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохиролын талаар

Хавтаст хэрэгт хохирол, хор уршигтай холбоотой нийт 3.300.000 төгрөгийн үнийн дүн бүхий баримтууд авагдсан байна.

 

Үүнээс өмгөөллийн хөлсөнд  500.000 төгрөг нэхэмжилснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Засгийн газар батлахаар хуульчилсан байх ба хохирогч өөрийн хүсэл зоригоо илэрхийлж  хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч, сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын хоорондоо харилцан тохиролцсон  төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцогдохгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зайлшгүй зардалд хамаарахгүй үндэслэлээр,

        хоол хүнсний зардалтай холбоотой нийт 163.343 төгрөгийн нэхэмжлэл нь энэ хэрэгт хамааралгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэлээ.

 

         Хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан баримтын хэмжээнд 2.006.000 төгрөгийг хохирогч Ц.Цид төлсөн байгааг үндэслэн шүүгдэгч Н.Быг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

        Харин бусад буюу шатахууны зардалд нэхэмжилсэн нийт 604.900 төгрөгийн нэхэмжлэлийг шүүх хэлэлцэхгүй орхиж үүнтэй холбогдох болон хохирогч Ц.Ц цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй. 

 

        Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс, шүүгдэгч Н.Быг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн  Шударга ёсны болон Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Н.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт  заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Шүүгдэгч Н.Бын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх  ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

 Хэрэгт хураагдсан “Авто прайм” ХХК-ийн өмчлөлийн 27-47 УБУ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн 02395786 дугаартай гэрчилгээ нэг ширхэг, Н.Бын В ангиллын жолоочийн үнэмлэх нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгохоор тогтов.