Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 34

 

                                      

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Одончимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Б.М

Улсын яллагч М.О

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Л

            Шүүгдэгч И.Ч нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар

 

      Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т овогт И.Ч-д холбогдох эрүүгийн 2022000200020 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    Монгол Улсын иргэн, 1970 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “Ган Илч” ХХК-д галч ажилтай, ам бүл 1, Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 2 дугаар баг, Хараатын 4-5 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /регистрийн дугаар ЗН ....................... / ............. овогт И.Ч

 

   Яллах дүгнэлтэд дурдсанаар:

   Шүүгдэгч И.Ч нь 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 2 дугаар баг Хараатын 4-5 тоотод Ө.Т баруун гарын бугалганы орчимд хутгалж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ  НЬ:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

    Шүүгдэгч И.Ч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр сумын төвд байх гэртээ хоол унд бэлдээд ганцаараа байж байтал орой 20 цагийн үед манай сумын иргэн Д.А, Ө.Т нар мотоцикльтой манай гэрт нэлээд халамцуу орж ирсэн. Тэгээд надаас тамхи гуйхаар нь би тэр 2-той тамхилаад сууж байгаад гэрт байсан нэг шил 0,75 литрийн архи гаргаж өгөөд тэр архиа мах идэнгээ ойр зуурын юм ярилцаж байгаад хуваагаад ууж дуусч байхад Ө.Т надад хандаж, чи хөгшин кобра минь надад томроод байхгүй шүү, шоронгийн хулгайч гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би Ө.Т ойлгуулж хэлэх санаатай өөрт нь хандаж хоёулаа гаръя гээд би гэрээсээ дагуулаад гарсан. Би гэрээсээ түрүүлж гарахдаа үүдний амбаарт шалан дээр байсан хар иштэй хутгыг гартаа бариад гарсан юм. Тэгээд Ө.Т араас гарч ирэхэд нь би айлгах санаатай далайх гэтэл миний барьж байсан хутга Ө.Т-ийн баруун гарынх нь бугалга орчимд нь хүрсэн. Би гэртээ ороод Д.А-д ах нь Ө.Т-ийг дүрчих шиг боллоо гэж хэлэхэд араас Ө.Т орж ирэхэд дээлнийх нь баруун ханцуйнаас цус гарч байсан.Тэгээд би зүүн хашаанд байх өөрийн төрсөн дүү И.Э-ыг гэрээс нь дуудаад Ө.Т-ийг машинд нь суулгаад эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн. Ө.Т-ийн биед надаас өөр хүн халдаагүй ба Д.А-д бид 2 арай гайгүй, Ө.Т их согтсон байсан.Тухайн үед Ө.Т-ийг хутгалах үед бидний хажууд хэн ч байгаагүй. Уг нь Ө.Т, Д.А бид нар архи ууж байх хугацаандаа хоорондоо маргалдаж, муудалцсан асуудал огт болоогүй гэв.

      Хохирогч Ө.Т-ийн “Би 2020 оны 01 дүгээр  сарын 04-ний өдөр би өөрийн найз Д.А-той тааралдаад гэрт нь очиж архи хувааж уусан. Тэгээд бид 2 тамхи авах гээд И.Ч ахын гэрт очсон. Тэгээд мах идэж байх зуур И.Ч ах 1 шил архи гаргаж ирсэн. Тэр архинаас нь ууж байснаа муухан санаад байгаа юм. Тухайн үед би их согтсон байсан. Нэг мэдэхэд би сумын эмнэлэгт ирчихсэн байсан. Яг яагаад сумын эмнэлэгт хүргэгдэж ирснээ сайн мэдэхгүй байгаа юм. Дараа нь сонсоход И.Ч ах намайг хутгалсан гэдгийг мэдсэн. И.Ч намайг гэрийн гадна хутгалсан гэсэн. Намайг ямар шалтгааны улмаас хутгалах хутгалсныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-рт/

 

        Гэрч Н.А “2020 оны 01  дүгээр сарын 04-ны өдрийн 16 цагийн үед Т, Д хоёртой 2 шил 0.5 литрийн архи манайд хувааж уусан. Бид гурваас өөр хүн байгаагүй. Архиа уугаад дууссаны дараа Д гэрлүүгээ яваад өгсөн. Бид хоёр гэрт байж байгаад 21 цагийн үед манайхаас хойно байдаг Ч ахынд очиж тамхи сурахаар очсон юм. Ч ах 0.75 литрийн шилтэй хараа архи гаргаж, архиа уугаад дуусах дөхөж байхад хоорондоо тоглоод байгаа үгүй нь мэдэгдэхгүй, маргалдаад инээгээд байхаар нь та 2 яагаад байгаа юм маргалдаад байгаа юмуу гэхэд бид 2 яав л гэж дээ гэж хэлээд гараад явсан.Удалгүй Т-ийн баруун гарыг дагаад цус гоожсон байдалтай ороод ирэхээр нь юу болов яав хийв гэж асуухад Ч ах ёстой муухай юм боллоо ах нь Т хутгалчихлаа эмнэлэг явъя гээд хажуу хашааныхаа дүү Э-г дуудаж эмнэлэг рүү бид 3 явцгаасан. Эмнэлэг дээр очоод үзүүлээд байж байтал сумын цагдаа хүрээд ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-рт/

 

         Гэрч О.Э “2020 оны 01 сарын 04-ний орой 22 цаг 30 минутын үед Цагаандэлгэр сумын эрүүл мэндийн төвд баруун гар талаас цус алдсан байдалтай хүнийг хоёр хүн оруулж ирээд мотоциклоос унасан хүн авчирлаа гэснийг хүлээн авахад баруун гараа бүсээр ороосон нэлээн цус алдсан байдалтай Т гэх хүн байсан. Энэ хүнд эмнэлгийн анхан шатны тусламжийг үзүүлж ажиллах явцад нэлээн удсан шинжтэй цус бүлхэн байдалтай байсан.Тэгээд сумын хэсгийн цагдаад мэдэгдсэн” гэх мэдүүлэг /х-ийн 23-24-рт/

 

- Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 23 дугаартай дүгнэлтэд:

  1. Ө.Т-ийн биед баруун бугалганд шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь бусдад хутгалуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. /хх-ийн 33-34-рт/ гэжээ.

- Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-рт/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37-рт/

- Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримт /хх-ийн 39-43-рт/ зэрэг бичгийн баримтууд болно.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч И.Ч нь 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 2 дугаар баг Хараатын 4-5 тоотод Ө.Т-ийн баруун гарын бугалганы орчимд хутгалж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Хохирогч Ө.Т-ийн “ ...  гомдол санал, хүсэлт, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт гаргасан байх тул бусдад төлөх төлбөргүй /хх-ийн 63-рт/ гэж үзлээ.

 

 Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн шүүгдэгчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж чанарыг харгалзан түүнд шүүхээс торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

 Шүүгдэгч  И.Ч  Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Шүүгдэгч И.Ч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хураасан болон битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. 

 

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 12 см урт ажлын хэсэгтэй, 3 ширхэг цагаан өнгийн хадаасаар тавлагдсан 12 см урт, хар өнгийн хуванцар иштэй, ажлын хэсэг дээр “Stainless stell” гэсэн бичиглэл бүхий хутга 1 ширхэгийг устгуулахаар Дундговь аймаг дахь Шүүхийн тамгын газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч Т овогт И.Ч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

             2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч И.Ч-ыг  500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч И.Ч- оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч        И.Ч-д шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг тайлбарласугай.

   5. Шүүгдэгч И.Ч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хураан авсан битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 12 см урт ажлын хэсэгтэй, 3 ширхэг цагаан өнгийн хадаасаар тавлагдсан 12 см урт, хар өнгийн хуванцар иштэй, ажлын хэсэг дээр “Stainless stell” гэсэн бичиглэл бүхий хутга хутга 1 ширхэгийг устгуулахаар Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

 7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Ч авсан хувийн  баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

        

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ