Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 134/ШШ2016/00170

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны  танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: 1988 онд төрсөн, 28 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг 154 дүгээр  байрны 4-52 тоотод оршин суух, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуульд хими, биологийн багш ажилтай Тугчин овогт Ононгийн Мөнхцоожийн /РД:СЗ88062803/ нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуульд холбогдох

 

тус сургуулийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/23 дугаартай сахилгын арга хэмжээ авах тухай тушаалыг хүчингүй болгож, үндэслэлгүй суутгасан цалин 107 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Мөнхцоож, хариуцагчийн төлөөлөгч Т.Бадамцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.  

 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Мөнхцоож шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие О.Мөнхцоож нь тус сургуульд багшаар ажилладаг бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр захирал Т.Бадамцэцэгийн удирдлагаар тус сургуулийн багш ажилчид, 7-9 дүгээр ангийн сурагчид сургуулийн подволийн хогийг цэвэрлэсэн. Сургуулийн захирал бүх багш, ажилчдыг подволь дотор орж ажил хий гэж хэлсэн. Би орж чадахгүй, гаргаж ирсэн хогийг нь зөөж байна, дотор маш бохир, сумын удирдлага энэ хог, халаалт, дулааны асуудлыг шийдэж өгнө, наад ажлаа зогсоо гэж хэлсэн ш дээ гэж хэлэхэд захирал уурлаж, “чи муу подволь дотор ороогүй байж юу гэж хуцаад байгаа юм муу новш минь”  гэж хамт олон болон хүүхдүүдийн өмнө заналхийлж загнасан. Би захирлыг бохир подволь руу ор гэсэн шаардлагыг биелүүлээгүй боловч хог цэвэрлэх зөөх ажилд идэвхи гаргасан оролцсон байхад намайг үүрэг даалгавар биелүүлээгүй гэх шалтгаанаар цалингийн 20 хувиар сахилгын арга хэмжээ авсантай санал нийлэхгүй байна. Учир нь бидний хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, ажлын байрны  тодорхойлолтонд хог цэвэрлэх заалт байхгүй ба би 4-5 ндл бие давхар юм. Захирал надад буруу шаардлага тавьж, хэл амаар доромжилсонд гомдолтой байна. Иймд сургуулийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгож, цалингаас суутгасан 107000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч О.Мөнхцоож шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би захирлын гаргасан тушаалыг тухайн үед үндэслэлгүй гарсан гэж үзэж шүүхэд гомдол гаргасан. Гэхдээ одоо байгууллагын нэр хүнд, хамт олноо бодоод  шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзаж байна гэв.

 

     ҮНДЭСЛЭХ НЬ:

         

          Нэхэмжлэгч О.Мөнхцоож нь хариуцагч Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуульд холбогдуулан тус сургуулийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/23 дугаартай сахилгын арга хэмжээ авах тухай тушаалыг хүчингүй болгож, үндэслэлгүй суутгасан цалин 107 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдааны явцад өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр “...байгууллагын нэр хүнд, хамт олноо бодоод” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

          Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд мөн нэхэмжлэлээсээ татгалзсан тул хариуцагч шүүхийн зардлыг хариуцахгүй юм.

            

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нхэмжлэгч О.Мөнхцоож нь хариуцагч Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуульд холбогдуулан гаргасан тус сургуулийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Б/23 дугаартай сахилгын арга хэмжээ авах тухай тушаалыг хүчингүй болгох, үндэслэлгүй суутгасан цалин 107 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2.Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.НАРАНЧИМЭГ