| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 106/2019/0006/э |
| Дугаар | 0006 |
| Огноо | 2019-12-23 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Пүрэвдагва |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 0006
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Энхтуул хөтлөн,
улсын яллагч Д.Пүрэвдагва,
шүүгдэгч Г.Мөнхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:
Монгол Улсын иргэн, 1994 оны 7 дугаар сарын 29-нд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхэд, эмээгийн хамт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 17-22 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:МЕ94072910/, Боржигон овогт Ганзоригийн Мөнхжаргалд холбогдох 1805064471210 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:
Г.Мөнхжаргал нь 2018 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Голд 999” нэртэй бааранд хамгаалагчийн ажил үүрэг гүйцэтгэж байхдаа үйлчлүүлэгч С.Наранчулуунтай маргалдан улмаар түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь зүүн талд хацар ясны духны сэртэнгийн зөрүүтэй хугарал, зүүн нүдний ухархайн доод хана гайморовын хөндий рүү цөмөрсөн, гайморовын хөндийн урд ханын цөмөрсөн хугарал, гайморовын хөндийн арын ханын зөрүүтэй хугарал, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн зовхи, хамрын нуруу, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал 1 шүдний сулрал, 1 шүдний эмтрэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Мөнхжаргал шүүхийн хэлэлцүүлэгт: Наранчулууныг би цохисноо хүлээн зөвшөөрч байна. Наранчулууныг Мөнхнасан цохиогүй. Би хохирогчийн хохиролыг нь төлнө гэв.
Хавтаст хэргээс:
Хохирогч С.Наранчулуун мөрдөн байцаалтанд: Би хар хорин худалдааны төвийн 2-1 гэх цайны газарт угтагч зөөгчөөр 2 жил шахуу ажиллаж байна. Уг цайны газрын хамт олны шинэ жил болоод манай ажлынхан 19 цагийн орчим Титэм караокед Баасанжаргал, Болормаа, Дөлгөөнтамир Янжинсүрэн нарын хамт ороод бид нар тэндээс гараад хамт диско бааранд оръё гэж ярилцаад замын цаана байрлах Голд 999 бааранд орохоор явсан. Ингээд орох гэж байхад Галмандах, Ариунболд, Дашка гэх манай найз нар ирээд бид нар хамт бааранд байхдаа 0,75 граммтай Соёрхол архи аваад түүнийгээ Галмандах, Ариунболд, Дашка, Бааска бид нар хувааж уусан бусад нь архи уугаагүй. Би бааранд байхдаа 2-3 хундага уусан. Ажлын шинэ жил юм чинь ажилчдадаа дуу захиалъя гээд дижи дээр очиж дуу захиалахад бэлэн мөнгөөр захиална гэсэн. Тэгээд би Янжинсүрэн дээр очоод бэлэн мөнгө байна уу гэхэд бэлэн мөнгө байхгүй карт байна гэхээр нь тэгвэл хоёулаа тооцоо хийгээд данс руу мөнгө шилжүүлээд илүү мөнгийг нь хариулж авъя гээд тек рүү очоод бармен залуутай уулзсан. Би очоод карт унших уу гэхэд карт уншихгүй харин мобайлдаж болно гэсэн тэгтэл мөнгө мойбалдая чи илүү гаргаад өгчих гэхэд чадахгүй гэсэн тэгээд би тэр залуутай үүнээс болоод маргалдсан. Тэгтэл хажууд нь сууж байсан настай тарган эгч байсан тэр эгч хамгаалагчаа гээд орилсон. Тэгтэл хоёр хамгаалагч залуу хүрч ирээд яасан гэсэн. Тэгтэл наад залуугаа аваад гар гэж хэлээд нөгөө хоёр хамгаалагч залуу ирээд миний хоёр талаас бариад намайг баарны коридорт гаргаад шар махлагдуу цагаан өнгийн подволктой залуу намайг чирээд татангуутаа бие засах өрөөний хажууд өлгүүрийн орчим нүүр рүү гараараа цохиод би хойшоо хана толгойгоороо мөргөөд ухаан алдсан. Миний нүүр рүү 1-2 удаа гараараа цохисон тэгээд би ухаан балартаад эхэлсэн. Ингээд хэсэг болж байгаад гэнэт сэрэхэд манай найз Ариунболд, Дашка, Галмандах хамт ажилладаг Баасанжаргал, Янжинсүрэн нар тойроод зогссон миний хамраас маш их цус гарсан зүүн талын нүүр хавдаж хөхөрсөн хөндүүр өвчин болсон байж байсан. Хамт явж байсан найз нар болон ажилчид цагдаа дууд та нар хүн алчихлаа гээд орилсон тэгтэл уг баарны зохион байгуулагч бололтой тарган эгч алсан ч яадаг юм бэ наад мууг чинь гэсэн хамгаалагч нар камерын бичлэгээ устга гэж орилоод хаана хэнд хандаж хэлээд байгааг би ойлгоогүй. Ингээд цагдаа дуудаад ирэхгүй нэг цаг гаруй болж байсан ба цагдаа иртэл би хамраас цус тогтохгүй сууж байтал нөгөө зохион байгуулагч бололтой эмэгтэй наад цусаа арилга гэхээр нь цагдаад үзүүлэх гэж байна гэхэд наадахыг чинь юуг нь харуулдаг юм бэ гээд байсан. Цагдаа нар ирээд бид нарыг авч явсан. Цагдаа намайг цохисон залуутай машинд суулгаад хамт авчирсан. Уг цагдааг Эрдэнэ-очир гэж хэлсэн. Махлаг шар тарган том нүдтэй Голд 999 баарны хамгаалагч залуу гараараа миний нүүрний зүүн хэсэг болон нүүр рүү 2-3 удаа цохиод би ухаан алдсан. Үүнээс хойш хэн нэмж яаж цохисныг бол мэдэхгүй. Миний мэдэх дээр хэлсэн залуу цохисон. Ухаан ороод харах үед хамгаалагч нар гурвуулаа болсон дайраад байсан. Тэр үед найзууд болон ажилчид салгаж байсан. Зодсон гэх хамгаалагчийн нэрийг мэдэхгүй хараад бол танина. Миний хувьд нүүрний зүүн хэсэгт нүдний доод ухархайн яс хугарсан гээд хагалгаанд орсон. Би дахин гуурсаа авахуулах мэс ажилбарт орно. Үүдэн хоёр шүд хөдөлсөн байдалтай байна. Мөн хамрын яс хугарсан гэсэн оноштой байгаа. Миний толгой хөдөлсөн халуураад байгаа. Миний хувьд маш их гомдолтой байна. Ойролцоогоор би эмнэлэгийн төлбөрт 1.300.000 төгрөгийн зардал гаргаад байна. Мөн сэтгэл санааны маш их хохиролтой байна. Энэ хэргийг хуулийн дагуу шийдэж өгнө үү. /хх-ийн 72/ гэх мэдүүлэг,
Хохирогч С.Наранчулуун дахин байцаалтаар”...Тэгээд хоёр хамгаалагч намайг үүд рүү гаргасан. Тэгтэл Мөнхжаргал гээд байгаа хамгаалагч залуу нь намайг хананд шахаж зогсоогоод зүүн талын нүд.хамар, хацар хэсэгт нэг удаа маш хүчтэй цохисон. Тэр үед би ухаан балартаад газар суусан. Ухаан балартсан байхад дахиад зүүн шанаа хэсэгт цохисон ч байж магадгүй юм...Мөнхжаргалаас өөр хүн намайг цохиж зодоогүй. Хажууд нь Мөнхнасан гэх хамгаалагч байсан. Гэхдээ тэр залуу намайг огт цохиж зодоогүй. Би тэр залууд ч гар хүрээгүй. Мөнхжаргал миний биед учирсан гэмтлийг учруулсан. Би 1 дүгээр эмнэлэгт хэвтэж хагалгаанд орсон. Эмчилгээний зардал баримтаар байгаа. Одоогоор эмчилгээний зардал 1.200.000 орчим төгрөг гарсан. Энэ талаарх баримт байгаа. Сүүлд эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй. Би шүүх дээр эмчилгээний зардлаа нэхэмжлэх болно. Би Мөнхжаргалаас хохирлын зардалд 1.200.000 төгрөг нэхэмжилж байна. Мөн өмгөөлөгчийн зардал болох 1.300.000 төгрөгийг гаргуулж авмаар байна. Энэ мөнгийг надад гаргаж өгсөн тохиолдолд өөр нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 75-76/ гэх мэдүүлэг,
Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх-ийн 21-24/,
Гэрч Д.Болормаа мөрдөн байцаалтанд: 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр манай цайны газрын ажилчид нийлээд шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулах гээд 19 цагийн орчим Цамбагарав төвийн хойд талд орсон. Ингээд бид нар караокед ороод эргэж 23 цагийн орчим гарч ирээд Кензо бааранд Янжинсүрэн, Наранчулуун, Дөлгөөнтамир, Баасанжаргал нарын хамт орсон. Бид нар бааранд ороод байж байхад Наранчулууны найз Ариунболд, Дашка, Галбадрах нар ирсэн. Ингээд бид нар хамт бүжиглэж байхад нилээд орой Наранчулуун, Янжинсүрэн нар тооцоо хийх гээд тек рүү явсан. Галбадрах, Дөлгөөнтамир бид гурав бүжиглэж байгаад эргээд харсан чинь баарны үүдний орчим бужигнаад тэр дунд нь Наранчулуун харагдахаар нь би гүйгээд очиход Наранчулууныг баарны Мөнхжаргал /нэрийг нь цагдаа дээр ирээд сүүлд мэдсэн/ гэх залуу Наранчулууны хамар нүд рүү гараараа цохиод Наранчулууны зүүн талынх нь нүд хамар руу цохиод хавдуулчихсан цус гарсан байсан. Тэр байдлыг нь хараад хүн аллаа гээд хэлээд салгасан. Наранчулуун босож чадахгүй хамраас нь цус гараад доошоо тонгойгоод сууж байгаад цусаа гоожуулсан чигээрээ цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд удахгүй цагдаа нар ирээл аваад явсан. /хх-ийн 25-26/ гэх мэдүүлэг,
Иргэний хариуцагч Э.Энхтөр мөрдөн байцаалтанд: Би Кензо баарыг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ажиллуулж байгаа. Тэр үед худалдан авсан боловч эзэн болох Аюушмаатай түр зуур түрээсийн гэрээ хийсэн байсан. Ингээд албан ёсоор 2018 оны 12 сардаа худалдаж авсан. Тухайн үед намайг уг баарыг ажиллуулж байхад уг баар нь Голд 999 нэртэй байсан. Тухайн нэрийг нь 2019 оны 02 дугаар сараас Кензо болгон өөрчилсөн. Би 2018 оны 12 дугаар сард дөнгөж аваад ажиллуулж эхэлж байсан болохоор хамгаалагч Мөнхжаргал, Мөнхнасан нартай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байсан. Ингээд үйл ажиллагаагаа явуулж байгаад 2019 оны 01 дүгээр сараас хөдөлмөрийн гэрээг ажилчидтайгаа байгуулж эхэлсэн. 2018 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө би уг бааранд байрлах оффисийн өрөөнд байсан. Тухайн үед манай баарны хамгаалагч Мөнхжаргал үйлчлүүлж байсан иргэнтэй маргалдаж зодоон үүсгэсэн талаар дараа нь сонссон. Зодоон гарах үед байгаагүй учир юу болсон талаар мэдэхгүй байна. Уг баарыг ажиллуулаад удаагүй байсан учир баарны хяналтын камерын бичлэг хадгалагдаагүй байсан. Гэхдээ камертай камер дээр юу болж байгаа нь харагддаг боловч уг бичлэгээ хадгалдаггүй байсан юм. Үүнийг манай ажилтан Алтансүх тухайн үед камерийн дэлгэцийн ард харж сууж байгаад зодоон болж байгааг хараад очсон байсан. Тэрнээс биш бичлэг хадгалагддаг эсэхийг мэдээгүй юм. /хх-ийн 60/ гэх мэдүүлэг
Гэрч Б.Дөлгөөнтамир мөрдөн байцаалтанд: Би сургуулийнхаа хажуугаар Хар хорин захын гуанзанд зөөгчөөр ажилладаг юмаа. Манай цайны газрынхан 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шинэ жилээ хийсэн. Манай ажлынхан 21 цагаас 23 цаг хүртэл караоке бааранд орсон. Ингээд баарнаас гараад Голд -999 нэртэй буюу одоо Кензо гэсэн нэртэй бааранд орсон. Ингээд бааранд орох үедээ хамт ажилладаг Янжинсүрэн, Наранчулуун, Болормаа, Галмандах, Дашка, Боогий, Баска бид нар орсон. Ингээд бааранд ороод 0,75 литрийн архи, 5 кола, 3 ус авсан. Ингээд бид нар бүжиглэсэн ба Янжинсүрэн, Болормаа, Боогий бид 4 архи огт уугаагүй эрүүл байсан бусад нь архийг хувааж уусан. Ингээд удаагүй Наранчулуун, Янжинсүрэн хоёр тооцоо хийх гээд явсан ба Болормаа, Галмандах бид гурав бүжиглээд, Боогий, Дашка хоёр гадаа гараад явж байсан ба би бүжиглэж байгаад эргээд хартал баарны хамгаалагч бололтой 2 залууг өлгүүрийн хананд шахаад хашаад зогссон байсан. Тэгэхээр нь бид гурав цаанаас харчихаад болиулах гээд алхаад ирж байтал өндөр махлаг бүлтгэр нүдтэй, шар залуу /Мөнхжаргал болон, хамраа цохиулсан гээд байгаа Мөнхнасан гэх хамгаалагч нартай хамт байсан/ хананд толгойг нь хавсаргаад нүүр рүү нь гараараа хоёр удаа цохисон. Наанаас нь Болормаа, Галмандах бид гурав болиоч хүн аллаа гээд гүйгээд очтол яасан ч яадаг юм бэ гээд дайраад байсан. Бид нар салгах гээд тэнд бужигнаж байхад хамар руугаа цохиулсан гээд байгаа хамгаалагч залуу бие засах өрөөнөөс гарч ирсэн. Тэгээд бид нар нийлж уг маргааныг салгаад Янжинсүрэн цагдаа дуудаад Наранчулууны хамраас цус гараад нүд нь хавдаад шалаар нэг цус болсон байхад зохион байгуулагч гэх настай тарган эмэгтэй цусыг нь арч алаач наадахаа алсан ч яадаг юм гэж орилж хашгираад байсан. Наранчулуун юунаас болж маргалдсаныг бол мэдэхгүй ямар ч байсан текэн дээр тооцоо хийх гээд явсан. Тэгээд бид нар бүжиглэж байгаад харахад хамгаалагч хоёр залуу хана руу шахаж байгаад нэг нь нүүр рүү нь хоёр удаа цохиод хамраас нь цус гарахыг хараад бид нар хүн аллаа гээд болиулах гэхэд дахиад цохих гээд байсан. Миний харсанаар өндөр, махлаг бүлтгэр, том биетэй залуу нүүр рүү нь гараараа хоёр удаа толгойгоор нь ханатай хавсарч цохисоноос болж Наранчулуун ахын хамраас их хэмжээний цус гарч улмаар нүүр нь тэр дороо хавдсан. Уг хамгаалагч залуу гэмтэл учруулсан. Одоо хамар руугаа цохиулсан гэх Мөнхнасан бол биш, Мөнхжаргал гэх хамгаалагч хамт Наранчулуун ахтай зогсож байсан хамгаалагч залуу цохисон. Би уг залууг хараад танина. Уг хүмүүсийн нэрийг хэрэг болсноос хойш мэдсэн. /хх-ийн 35/ гэх мэдүүлэг,
Гэрч Б.Янжинсүрэн мөрдөн байцаалтанд: Манай байгууллагын шинэ жил болоод байгууллагын хүмүүс нарын хамт бааранд орсон. Тухайн бааранд нилээн байж байгаад Наранчулуун бид хоёр тооцоо хийх гээд текэн дээр очиход бид нарын тооцоо 60 гаран мянган төгрөг болсон гэхээр нь 100.000 төгрөг мобайлаар шилжүүлээд үлдэгдэл мөнгийг нь бэлнээр авч болох уу гэхэд бармен болно гээд тооцоо хийгээд байж байхад Наранчулуун баарны барментэй маргалдсан. Тэгэхэд тэнд сууж байсан эгч хамгаалагч гэж орилоход хоёр хамгаалагч ирээд Наранчулууныг аваад явсан. Би тооцоогоо дуусгаад араас нь гарахад Наранчулуун хамраа дараад сууж байсан бөгөөд хамарнаас нь их цус гарсан байсан. Мөнхжаргал гэх хамгаалагч Наранчулууныг цохисон гэж сонссон. /хх-ийн 45-46/ гэх мэдүүлэг,
Гэрч Б.Мөнхнасан мөрдөн байцаалтанд: 2018 оны 12 дугаар сарын 16-ны орой 21 цагийн үед Голд 999 нэртэй байсан одоо Кензо нэртэй болсон бааранд хамгаалагчаар ажиллаж байхад Наранчулуун /цагдаа дээр ирээд нэрийг нь мэдсэн/ гэх залуу 5-6 хүнтэй хамт орж ирээд үйлчлүүлсэн. Ингээд шөнийн 01 цагийн үед Наранчулуун гэх залуу барментай маргалдаад байхаар нь Мөнхжаргал бид хоёр очоод барменаас холдуулах үед сарвагнаж байгаад хажууд байсан залууг санамсаргүй цохиод авсан. Тэр залуу өөдөөс нь дайрах үед Мөнхжаргал түлхээд холдуулсан. Би Наранчулууныг цаашаа холдуулсан. Тухайн үед тэнд олон согтуу залуучууд энд тэнд маргалдаад байсан. Наранчулууныг түлхээд холдуулах үед миний хамар хэсэгт нэг хүн цохисон. Гэхдээ Наранчулуун яг цохисон гэдгийг мэдэхгүй байна. Би чи намайг цохичихлоо гээд хэлэхэд би цохиогүй гээд байсан. Миний хамар бага зэрэг шалбарсан байсан. Би бөгжтэй гараар цохисон байна гэтэл Наранчулуун миний гарт бөгж байхгүй гээд байсан. Би тухайн үед Наранчулуун байх гэж бодсон. Өөр тэнд байсан согтуу залуучууд андуураад цохисон ч байж болно. Яагаад гэхээр би Наранчулууныг түлхээд доошоо тонгойсон байсан учир яг хэн цохисоныг мэдэхгүй байна. Би цагдаад өргөдөл, гомдол өгөөгүй. Яагаад гэвэл миний биед гэмтэл учраагүй байсан юм. Наранчулуун барментай маргалдаад байсан. /хх-ийн 51/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 410 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд “С.Наранчулууны биед зүүн талд хацар ясны духны сэртэнгийн зөрүүтэй хугарал, зүүн нүдний ухархайн доод хана гайморовын хөндий рүү цөмөрсөн гайморовын хөндийн урд ханын цөмөрсөн хугарал, гайморовын хөндийн арын ханын зөрүүтэй хугарал, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн зовхи, хамрын нуруу, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрад, 1 шүдний эмтрэл бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл эрүүл мэндийг удаан хугацаагара сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. /хх-ийн 79/ гэх дүгнэлт,
Шинжээч Г.Ханхүү мөрдөн байцаалтанд: С.Наранчулууны биед учирсан гэмтлүүд нь нэг болон хэд хэдэн удаагийн цохилтоор үүсгэгдэх боломжтой. Нэг удаагийн цохилтоор үүсэх бүрэн боломжтой гэж хэлж болно. Гэмтлүүд нь нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой байсан тул дүгнэлтэнд хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэж тусгасан байна. С.Наранчулууны биед учирсан 1 шүдний сулрал, 1 шүдний эмтрэл гэмтэл нь зүүн талын хацар, хацар шүдний хэсгийг хамааруулан цохих үйлчлэлийн үед үүсэх бүрэн боломжтой. Гайморовын хөндийн цөмөрсөн хугарал гэмтэл нь гэмтсэн шүдтэй бэхлэгдсэн байгаа ясны нэг хэсэг юм. /хх-ийн 57/ гэх мэдүүлэг,
Хохирлын баримтууд /хх-ийн 82-88/,
Гэрчээр Г.Мөнхжаргал мөрдөн байцаалтанд: 2019 оны 12 дугаар сарын 16-ны орой 21 цагийн үед Голд 999 бааранд хамгаалалт хийхээр ирсэн. Ирээд ажлаа хийж байтал гаднаас хэсэг улсууд орж ирж үйлчлүүлсэн бөгөөд шөнийн 01 цаг өнгөрч байхад тэр хүмүүстэй хамт явж байсан нэг залуу ирээд текэн дээр бас нэг үйлчлүүлж байсан залуутай маргалдсан...Тэгэхээр нь би хажуунаас нь очоод татаж сапгаад болил доо чи яагаад хүн, хүн рүү үсчээд дайраад байгаа юм гэж хэлсэн. Тэгтэл Наранчулуун намайг мөргөх гээд зангасан. Тэгэхээр нь би цочоод нүүр хэсэгт нь баруун гараараа зүүн талын нүд, хацар, хамар хэсгийн дамнуулаад цохисон чинь хана мөргөөд газар унасан. Хана мөргөхдөө ар дагз хэсгээрээ мөргөх шиг болсон. Би Наранчулуун гэх хүнийг цохиж биед нь гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хэргээ хүлээж байгааг минь харгалзан үзээд хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Би хөдөө ажлаар яваад сүлжээгүй газар байсан тул дуудсан цагт ирж чадаагүй. /хх-ийн 40-41/ гэх мэдүүлэг,
Яллагдагчаар Г.Мөнхжаргал мөрдөн байцаалтанд “Хохирогч Наранчулуун надаас 1.200.000 төгрөг нэхэмжилсэн. Би уг хохирлыг барагдуулах болно. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Энэ хэрэгт надад хөнгөн ял оногдуулж өгөхийг шүүхээс хүсэж байгаагаа илэрхийлж байна. Өөр хэлэх зүйл байхгүй” /хх-ийн 102/ гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Г.Мөнхжаргалын иргэний үнэмлэхийн лавлага /хх-ийн 107/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 112/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 113/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохирлын талаар шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Г.Мөнхжаргал 2018 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Голд 999” нэртэй бааранд хамгаалагчийн ажил үүрэг гүйцэтгэж байхдаа үйлчлүүлэгч С.Наранчулуунтай маргалдан улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж зүүн талын хацар ясны духны сэртэнгийн зөрүүтэй хугарал, зүүн нүдний ухархайн доод хана гайморовын хөндий рүү цөмөрсөн, гайморовын хөндийн урд ханын цөмөрсөн хугарал, гайморовын хөндийн арын ханын зөрүүтэй хугарал, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, зүүн зовхи, хамрын нуруу, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал нэг шүдний сулрал, нэг шүдний эмтрэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч С.Наранчулууны”...Мөнхжаргал миний биед учирсан гэмтлийг учруулсан...” /хх-ийн 75-76/ гэсэн мэдүүлэг,
гэрч Д.Болормаагийн”...бужигнаад тэр дунд нь Наранчулуун харагдахаар нь би гүйгээд очиход Наранчулууныг баарны Мөнхжаргал гэх залуу Наранчулууны хамар нүд рүү гараараа цохиод Наранчулууны зүүн талынх нь нүд хамар руу цохиод хавдуулчихсан цус гарсан байсан.....” /хх-ийн 25-26/ гэсэн мэдүүлэг,
гэрч Б.Дөлгөөнтамирын”...миний харсанаар өндөр, махлаг бүлтгэр, том биетэй залуу нүүр рүү нь гараараа хоёр удаа толгойгоор нь ханатай хавсарч цохисоноос болж Наранчулуун ахын хамраас их хэмжээний цус гарч улмаар нүүр нь тэр дороо хавдсан...” /хх-ийн 35/ гэсэн мэдүүлэг,
гэрч Б.Янжинсүрэнгийн”...Мөнхжаргал гэх хамгаалагч Наранчулууныг цохисон гэж сонссон...” /хх-ийн 45-46/ гэж тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх-ийн 21-24/, хохиролын баримтууд /хх-ийн 82-88/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 410 дугаартай дүгнэлт /хх-ийн 79/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Г.Мөнхжаргал нь С.Наранчулууны бие махбодид халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдох ба уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Улсын яллагчаас Г.Мөнхжаргалыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.
Иймд шүүгдэгч Г.Мөнхжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.
Гэвч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ялын төрөл, хэмжээг заасан бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад”...энэ хуулийн тусгай ангид зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тогтоосон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно ....гэж заасан байх бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Г.Мөнхжаргалд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусчээ.
Иймд Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Г.Мөнхжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, мөн хуулийн 2 дахь заалтыг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэлээ.
Хохирол төлбөрийн тухайд
Хавтаст хэрэгт авагдсан хохирогч С.Наранбаатарын эмчилгээтэй холбогдох нийт 932.060 төгрөгийн үнийн дүн бүхий баримтуудаас нотлох баримтын шаардлага хангасан энэ хэрэгт хамааралтай 862.560 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шүүгдэгч Г.Мөнхжаргалаас гаргуулж хохирогчид олгохоор шүүх шийдвэрлэв.
Үлдэх 69500 төгрөгийн /хх-ийн 86/ нэхэмжлэлтэй холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхиж үүнтэй холбоотой болон бусад зардлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах” хохирогчийн эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Г.Мөнхжаргал энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг дурдаж байна.