| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шарын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 147/2016/00372/И |
| Дугаар | 396 |
| Огноо | 2016-11-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 396
Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунгэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багт оршин суух Хүрэлбаатарын Хангалтуяагийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг, Цоорхойн говь гэдэг газарт нутаглах Адъяагийн Амгалантуяад холбогдох
“3 үхэр, 3 тугал, 2 бяруу” гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016.10.18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Хангалтуяа, хариуцагч А.Амгалантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Хангалтуяа шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би гаргасан нэхэмжлэлээсээ татгалзахгүй. Харин би нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрчилж тугалтай үнээ 2-ыг авна гэв.
Хариуцагч А.Амгалантуяа шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Эдний 2 тугалтай үнээ байгаа нь үнэн. Энэ үнээгээ авна гээд очихоор нь ээж өгөхгүй гэсэн байсан. Өгөхгүй гэдэг нь Хангалтуяаг аваад юу ч үгүй болгочих байх гээд тэгж хэлсэн. Харин жилдээ нэг бяруугаа идээд хүүг нь насанд хүрэхээр нь үлдсэн малыг нь тасалж өгнө. Харин хүүгээ манайхантай холбоотой байлгах саналтай байна. Энэ саналыг хүлээн авбал эвлэрнэ гэв.
Нэхэмжлэгч Х.Хангалтуяа хариуцагчийн тайлбарыг сонсоод дахин гаргасан тайлбартаа: Надад жилд нэг бяруу идэш хоолонд хэрэглүүлээд хүүг маань 18 нас хүрэхээр малыг нь өгье гэсэн саналыг зөвшөөрч байна. Мөн хүү цэцэрлэгт явж байгаа болохоор амралтаар нь явуулж байна. Би А.Амгалантуяагийн саналыг зөвшөөрч эвлэрч байна. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Х.Хангалтуяа нь “3 үхэр, 3 тугал, 2 бяруу” гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм. Зохигчид шүүх хуралдаан дээр эвлэрч А.Амгалантуяа нь Х.Хангалтуяад жил бүр 1 бяруу идэшинд хэрэглүүлж, хүү Г.Ганхөлөгийг 18 нас хүрэхээр малыг тасалж өгөх, Х.Хангалтуяа хүү Г.Ганхөлөгийг зуны амралтаар нь аавынх нь ээж болон ах дүү рүү нь явуулж байхаар болж эвлэрсэн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуулинд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болох үндэслэлтэй байна.
Х.Хангалтуяаг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болно. Харин хариуцагч А.Амгалантуяагаас улсын тэмдэгтийн хураамжид 2.500.000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 54.950 төгрөгийн тал хувь болох 27.475 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Зохигчид шүүх хуралдаан дээр эвлэрч А.Амгалантуяа нь Х.Хангалтуяад жил бүр 1 бяруу идэшинд хэрэглүүлж, хүү Г.Ганхөлөгийг 18 нас хүрэхээр малыг тасалж өгөх, Х.Хангалтуяа хүү Г.Ганхөлөгийг зуны амралтаар нь аавынх нь ээж болон ах дүү рүү нь явуулж байхаар болж эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталсугай.
2. Х.Хангалтуяаг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тэхай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан А.Амгалантуяагаас улсын тэмдэгтийн хураамжид 54.950 төгрөгийн тал хувь болох 27.475 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ