| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2019/0112/Э |
| Дугаар | 07 |
| Огноо | 2019-12-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Хаш-Эрдэнэ |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 07
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Г.Алдармаа
Улсын яллагч Г.Хаш-Эрдэнэ
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал
Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д-д холбогдох эрүүгийн 1922001910137 тоот хэргийг 2019 оны 12 сарын 27-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Лангандай овгийн Б-ийн Д
Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 7 сарын 8-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг, 0 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.А-тай маргалдаж, улмаар түүний биед халдаж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт: 2019 оны 7 сарын 8-нд D-0 тоотод Д.А-тай маргалдсаны улмаас нүүрэн хэсэгт нь цохиж А-д хохирол учруулсан. Хүнд гэмтлийг өөрөө гудамжинд цемент дээр унасан гэж хэлсэн. А-ыг хэвтээ байдлаар нэг, босоод нэг, нийт хоёр удаа цохьсон. Хохирогчид 1300000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
2. Хохирогч Д.А-ны: ‘’...2019.07.08-ны өдөр аймгийн наадам болж байсан. Би тэр өдөр аймгийн наадмын талбай дээр найз Б-тай явж байгаад орой 18:00 цагийн үед Б-тай зах дээр очоод дэлгүүрээс Тоодой гэдэг хүнтэй нийлж 1 шил 0,5л сававлгаатай архи аваад гурвуулаа хувааж уусан. Ингээд захад архи ууж дуусаад хойшоо гараад гэрлүүгээ явж байтал нийгмийн даатгалын хэлтсийн хажууд таньдаг Цагаан овогтой Б-ай тааралдсан. Ингээд Ц.Б бид хоёр хоорондоо ярилцаад нэг шил архи хамт хувааж уухаар тохиролцсон. Б бид хоёр захын хойноос алхаад залуус хороолол орж байтал манай Э гэдэг найз утсаар нэг юмтай хүрээд ирэх үү гэж утсаар дуудсан. Би за тэгье гэж хэлээд утсаа салгасан. Ингээд залуус хорооллын дэлгүүрээс 1 ширхэг 0,75л савалгаатай архи аваад такси бариад таксинд суунгуутаа найз Э-ын гар утасруу утсаар залгаад хаана байгааг нь асуухад Боржигонд Б хочит Д-ийн гэрт байна гэж хэлсэн. Ц.Б бид хоёр Боржигоны 0-р гудамны дээд хэсэгт байдаг бүдүүн хочит Д-ын гэрт нь очсон. Д-ын гэрт нь ороход тэнд Ж , Д , Э нар гурвуулаа архи ууж байсан. Тэр үед гадаа нар бууж байсан болохоор Д-ын гэрээс нь гараад гэрийнх нь гадаа машины сүүдэрт архи ууж эхэлсэн. Эхний ээлжинд тэд нарын ууж байсан архийг ууж дуусгаад дараа нь би дэлгүүрээс авсан байсан архиа тэд нарт задлаж өгсөн. Тэнд байсан хүмүүс өмнө нь архи уугаад согтоод унтаж байгаад босоод архи ууж байсан болохоор надад архи их хурдан ирж байсан. Тэр хүмүүс архи бага уугаад байсан. Би тэр хүмүүстэй архи уухаасаа өмнө захад архи уусан байсан болохоор нэлээд согтсон. Хамгийн сүүлд гадаа харанхуй болж байхад Д ахиад нэг архи гаргаж өгсөн. Тэрнээс хойш миний ухаан орж гараад эхэлсэн. Би нэлээд согтсон. Нэг мэдсэн чинь Д намайг гараараа цохиод авах шиг санагдсан. Би зөрүүлээд Д-ыг цохиод авч байсан. Би юунаас болж маргаснаа санахгүй байна. Тэрнээс хойш Д бид хоёр хоорондоо салсан. Би Д-ын хашаанаас гарахдаа “Д ” би чамайг хутгалж ална гэж хэлж байснаа санаж байна. Нэг мэдэхэд би Боржигоны 0-р гудамжны баруун үзүүрт нүүрээрээ газар таварцаглаад унаж байсан. Би дөрвөн хөллөн байж зам хөндлөн гараад дүү М-ийн гэрт нь очоод хүнгүй байхаар нь гэрт нь унтсан. Ингээд би Мөнхдаваагийн гэрт нь унтаж байхад М эхнэр хүүхэдтэйгээ ирээд намайг яасан ийсэн юм бэ? үхлээ хатлаа цагдаад мэдэгдье гэж хэлсэн. Би зөвшөөрөөгүй. Миний гэдэс өвдөөд байхаар нь өвчин намдаах эм уугаад унтсан. Манай эхнэр Ө ирээд намайг яасан юм бэ эмчид үзүүлье гээд байсан. Би эхнэрээ харь гэж хэлээд гэрлүү явуулсан. Шөнө дунд миний бие өвдөөд болохоо байгаад эмнэлэгт ирсэн. Би эмнэлэгт ирээд өвчин намдаах тариа хийлгээд М-ийн гэрт буцаж ирсэн. М-ийн гэрт унтаж байсан чинь ахиад миний бие тэвчишгүйгээр өвдөөд эмнэлэгт буцаж очсон. Тэгтэл миний шээс гарахаад больсон. Би эмнэлэгт зураг авхуулаад тэгээд хагалгаанд орсон. Эмч нар нарийн гэдэс хоёр газар цоорсон, чацархай хоёр газар няцралттай гэж манай эхнэрт хэлсэн байсан. Би Д-д нүүрэндээ цохиулснаа санаж байна. Д-ын гэрээс гарч явахдаа хөл алдаад газар бүдэрч унаад байснаа санаж байна. Боржигоны 0-р гудамжны үзүүрт нь ирээд бүдэрч унаад зүүг хөмсөгний дээд хэсэгт нэлээд том урсанаа санаж байна. Д хамт газар сууж байгаад намайг гараараа нүүрэнд цохисон. Би зөрүүлээд цохисон. Дараагийн цохилт нь Д миний дээр гарчихсан намайг цохиж байсан. Миний нүүрэнд Д нэг гараараа цохиж байсан. Д миний гэдсэнд хөлөөрөө өшиглөж гараараа цохиж байсныг огт санахгүй байна. Д-ын гэр овоон дээр байдаг. Би овоон дээрээс доошоо уруудаж явахдаа бүдэрч унаад байсан. Яг элгээрээ буюу нүүр хэвлийн хэсгээрээ бүдэрч унаад байсан. Боржигоны 0-р гудамжны баруун үзүүрт их эвгүй юманд таварцаглаж унасан. Тэр үед миний хэвлийд маш их өвдөлт өгөөд би газраас босож чадахгүй байж байгаад хэсэг хугацааны дараа газраас боссон. Би маш их согтсон байсан...” гэх мэдүүлэг /хх-5-6/
3. Хохирогч Д.А-ны дахин өгсөн ‘’...Би Д-д нүүрэндээ цохиулснаа санаж байна. Д-ын гэрээс гарч явахдаа хөл алдаад газар бүдэрч унаад байснаа санаж байна. Боржигоны 0 дүгээр гудамжны үзүүрт ирээд бүдэрч унаад зүүн хөмсөгний дээд хэсэгт нэлээн том урсанаа санаж байна. ...Д миний гэдсэнд хөлөөрөө өшиглөж гараараа цохиж байсныг огт санахгүй байна. Д-ын гэр овоон дээр байдаг. Би овоон дээрээс доошоо уруудаж явахдаа бүдэрч унаад байсан. Яг элгээрээ буюу нүүр, хэвлийн хэсгээрээ бүдэрч унаад байсан. Боржигоны 0 дүгээр гудамжны баруун үзүүрт их эвгүй юманд таварцаглаж унасан. Тэр үед миний хэвлийд маш их өвдөлт өгөөд би газраас босож чадахгүй байж байгаад хэсэг хугацааны дараа газраас боссон... ’’ гэх мэдүүлэг /хх-71-72/
3. Гэрч Ж.Ө-ын: “...2019.07.08-ны орой 23:30 минутанд манай манай нөхрийн хамаатны дүү болох Д миний гар утасруу залгаад А “М” ах манайд цусандаа хутгалдсан хүнд зодуулсан байдалтай байж байна. Та үүнийг мэдсэн үү хүрээд ир гэж хэлсэн. Би Д-ийн Арвижих хороололд байдаг гэрт нь очиход манай нөхөр хүнд зодуулаад нүүр ам нь танигдахын аргагүй, хувцас хунар нь нилэнхүйдээ цус болсон байсан. Би нөхрөөсөө юу болсон талаар асуухад гайгүй хамаагүй чимээгүй бай битгий хэл ам хий гээд хэнд зодуулсанаа надад хэлээгүй. Би дахин дахин нөхрөөсөө хэнд зодуулсан бэ гэж асуухад надад чи тэр хүнийг танина, битгий хэл ам хий гээд надад зодуулсан хүнээ зааж өгөөгүй. Би нөхрийгөө эмнэлэг явж яаралтай үзүүлье гэхэд надад зөвшөөрөөгүй эрс татгалзсан. Манай нөхөр нүүр гараа Д-ийн гэрт угаагаад тэнд хоносон. Манай нөхөр надад хандаж би зүгээрээ чи гэртээ харьж амар гэж хэлээд байсан. Тэгээд байхаар нь ганцаараа гэртээ харьж унтсан. Анх би Д-ийн гэрт ирээд нөхрийгөө харахад манай нөхрийн хоёр нүд нь битүү хавдсан, хацар шанаа нь хавдсан толгой нь хоёр гурван газраа хагарсан байсан. Тэгээд манай нөхөр давсаган нь дээр өвдөөд байна гэж хэлсэн. Тэгээд нөхөртөө өвчин намдаах эм өгөөд явсан. Өглөө 04:00 цаг өнгөрөөгөөд Д минийг гар утасруу залгаад А ах ерөөсөө болохгүй байна. Өвдөөд байгаа юм шиг байна. Эмнэлэг явъя гэнэ гэж хэлсэн. Би Д-д эмнэлэг дээр А-ыг аваад ир гэж хэлээд би өөрөө эмнэдэг дээр хүрээд очсон. Ингээд эмнэлгийн яаралтай тусламж дээр ирээд жижүүр эмч дуудаад нөхрөө эход харуулахад одоогоор ялгарч харагдах юмгүй байна. Өвчин намдаах тариа хийгээд харзная 10:00 гээд ир гэж хэлсэн. Манай нөхөр намайг гэртээ харь гэж хэлсэн. Тэгээд Д-ийн гэрт манай нөхөр буцаж очоод ахиад өвдөлт өгөөд шоконд орсон. Би буцаад Д-ийн гэрт очоод нөхрөө аваад эмнэлэг дээр очсон. Тэгтэл манай нөхрийн шээс нь гарахгүй маш их өвдөлт өгөөд эмч катетр тавьж манай нөхрийг шээлгэсэн. Тэр үедээ рентгэнд харуулсан. Тэрнээс хойш мэс заслын тасагт хэвтээд байж байтал манай нөхрийг хагалгаанд орох боллоо гэж хэлсэн. Манай нөхөр надад Боржигонд байдаг Бүдүүн Ж гэдэг хүнд зодуулсан гэж шоконд орсон хойно хэлсэн. Өглөө 07:00 цагийн үед Бүдүүн Ж гэдэг хүний гэрийг манай нөхөртэй хамт архи уусан гэх жижиг Б гэдэг хүнээр заалгаад хашааных нь гадаа зогсоод Д , Б хоёр машинаас буусан. Тэр Ж гэдэг хүн өөрөө машинтайгаа хашааруугаа орж таарсан. Би машинаасаа буугаад тэр Ж гэдэг хүнтэй уулзахад тэр Ж гэдэг хүн надад хандаж баларсан юм боллоо би А-ныг дээр нь гараад зодож байснаа санаж байна. Бие нь гайгүй юу гэж биеийн байдлыг нь асууж байсан. Би тэр Ж гэдэг хүний хашааруу нь орж нөхрийнхөө гар утсыг Ж-ийн байшингийн урд талаас нь олж аваад явсан. Би Ж-аас юугаар манай нөхрийг золдсон гэж асуухад тэр Ж гэх хүн би гараараа зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-9-10/
4. Гэрч Р.М-ийн ‘’ 2019.07.08-ны орой аймгийн төв талбай дээр задгай шоу үзэж байгаад 23:30 минутын үед би Арвижихын 0 тоотод байх гэртээ ирсэн чинь манай эхнэр Н гэр цоожгүй байна гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр гэрт түрүүлж ороод гэрэл асаагаад А “М ” ах гэрт ирсэн байна гэж хэлсэн. Би гэртээ орсон чинь манай гэрт оронд дээр А ах наашаа хараад унтаж байсан. Нүүр ам нь нилэнхүйдээ цус нөж болчихсон байсан. Тэгэхээр нь сэрээх гэсэн чинь А ах сэрэхгүй байсан. Би А ахын эхнэр Ө руу утсаар залгаад М ах манай гэрт хүнд зодуулсан байдалтай унтаж байна гэж хэлсэн. Ө манай гэрт удалгүй ирсэн. Ө ирээд А ахыг сэрээгээд түргэн дуудаж үзүүлье гэсэн чинь А ах өөрөө дургуйцаад хэнд зодуулснаа хэлэхгүй байсан. Би А ахыг босгож нүүрийг нь угаалгаад буцаагаад орон дээр нь хэвтүүлээд нүүрэнд нь хүйтэн жин тавьсан. Тэр үед нь би А ахаас та хэнтэй хаана зодолдов гэж асуухад чамд ямар хамаатай юм гээд уурлаад надад юм хэлэхгүй байсан. Ө эгч А ахад өвчин намдаах эм өгөөд явсан. А ах Ө эгчийг яв гэж хэлээд байсан. Шөнө А ах ёолж яраглаад унтаж чадахгүй байсан. 02:00 цагийн үед би ахиад өвчин намдаах эм өгсөн. Давсаг өвдөөд байна гэхээр нь давсаганд нь хүйтэн жин тавьж өгсөн. А ах цээжнээс доошоо голруу татаж өвдөөд байна гэж хэлээд байсан. Тэгээд би эргээд унтсан. 04:00 цагт гэгээ оруулаад А ах өвдөөд болохгүй байна гэхээр нь би Ө эгч рүү утсаар залгаж хэлсэн. Ө эгч бид хоёрыг эмнэлэгт очиж бай гэж хэлсэн. Ингээд би А ахыг аваад эмнэлэг рүү явж байхад А ах замдаа өчигдөр би залуус хороолол руу гэрлүү явж байсан чинь жижиг Б гэдэг хүн надруу утсаар залгаж дуудсан. Тэгэхээр нь би залуус хорооллын хүнсний дэлгүүрээс нэг шил архи аваад бүдүүн Ж гэдэг айлд очсон. Тэндээ дэлгүүрээс авч очсон архиа уусан. Тэнд очиход бүдүүн Ж , колонк Б , жижиг Б , Ж нар байсан. А ах тэнд очихдоо бас нэг хүнтэй хамт очсон гээд хамт очсон хүний нэрийг нь хэлсэн. Ямар ч байсан Ж-тай нэр хэлсэн. Тэгээд тэнд би Бүдүүн Ж гэдэг хүнд зодуулсан. Бүдүүн Ж гэдэг хүн миний дээр гараад намайг зодоод байсан гэж хэлсэн. Бүдүүн Ж-д зодуулаад ухаан орж гараад намайг Б намайг чирээд гудмаар уруудаж байсан гэж хэлж байсан. Дахиад нэг сэргэхэд би гудамны ард элсэн дээр хэвтэж байсан гэж хэлсэн. Тэгээд би тэр элсэн дээрээс сэргээд мөлхөөд хашаа түшиж явж байгаад манай хашаанд ирсэн гэж хэлж байсан. Тэгээд эмнэлэг дээр очоод жижүүр эмч дуудаад эход харуулаад эмч өвчин намдаах тариа хийгэсэн. Гэмтлийн эмч жаахан харзная ор гарахаар 10:00 цагт хүрээд ирээрэй гэж хэлсэн. А тэр үедээ надад хандаж утас малгай хоёр бүдүүн Ж-ийн тэнд байгаа аваад ир гэж хэлсэн. Тэгэхээр нь А-ыг эмнэлэг дээр үлдээгээд би Ө- тай хамт яваад жижиг Б-ын гэрт нь очоод жижиг Б-ыг босгож аваад Бүдүүн Ж-ийн гэрт нь очсон. Тэр үед Ж гэдэг хүн машинтайгаа хашааруугаа орж байсан. Би машинаас буухад Ж өөдөөс тосож ирээд М ах нь гайгүй юу асуусан. Машинаас Ө буугаад А ахын малгай гар утсыг нь Ж-аас сурсан. Ж архи ууж байсан газраасаа А-ны гар утсыг нь олж өгсөн. Ө Ж-д хандаж юунаас болсон юм бэ гэж асуухад тэр Ж гэдэг хүн Алдарсайхан намайг хутга шаана шүү гэж хэлэхээр нь хутга байж магадгүй гэж урьтаад цохисон гэж хэлсэн. Би юугаар цохисон юм бэ нүүр ам нь жигтэйхэн болсон байна лээ ш дээ гэхэд би дээр нь сууж байгаад гараараа нүүрэнд нь балбасан гэж хэлж байсан. Тэгээд малгайг нь хайж байгаад ололгүй явсан. Тэгээд би эмнэлэг дээрээс А ахыг аваад гэртээ аваачаад ажил дээрээ очсон чинь араас манай эхнэр утсаар залгаад А ахын бие нь болохгүй байна ир гэж хэлсэн. Тэгэхээр нь Ө руу утсаар залгаад А ахыг очиж ав гэж хэлсэн. 3өвхөн Бүдүүн Ж муу хулгайч намайг зодсон гэж хэлж байсан. Энэ үйл явдал оройн 22:00 цагийн үед болсон байх гэж бодож байна. Намайг анх гэрт ирэхэд нүүрнээс нь гарсан цус нь хатсан байсан...’’ гэх мэдүүлэг /хх-11-12/
5. Гэрч Ё.Э-ын ‘’... Өчигдөр буюу 2019.07.08-ны өдөр би Ж гэдэг хүний хашаанд машины сүүдэрт наадам гээд архи уучихсан байж байсан чинь А гэдэг хүн миний гар утасруу залгаад хаана байна гэж асуусан. Би Ж-ийн гэрт байна гэж хэлсэн. Тэгтэл А өө за та нарыг бөөнөөрөө байж байхад чинь наадмын юм авч өгье гэж хэлсэн. Тэр үед Ж-ийнд М , Жагаа бид гурав байж байсан. Тэгээд удалгүй А Дэлгэрцогт сумын З хочит Ж гэдэг хүнийг дагуулаад ирсэн. Ингээд А архи задлаад уусан. Би өмнө нь юм уусан байсан болохоор согтоод гадаа машины сүүдэрт унтсан. Тэгээд юу болсоныг мэдэхгүй байна. Би өнөөдөр өглөө гэртээ сэрээд зодоон болсоныг мэдсэн. А гэдэг хүний эхнэр Д гэдэг залуутай ирээд А-ыг зодуулсан гэж хэлсэн. Би согтуу байсан болохоор хэдэн цаг байсныг огт мэдэхгүй байна...’’ гэх мэдүүлэг /хх-13/
6. Гэрч Д.Т-ын ‘’... 2019.07.08-ны өдрийн орой 21:00 цаг өнгөрч байхад манай хашаанд манай аавтай хамт архи ууж байсан хүмүүс чангаар орилж хашхиралдаад эхэлсэн. Тэр үед би юу болсон талаар мэдэхээр гэрээсээ гарсан. Тэгтэл манай хоёр настай хүүхэд намайг дагаж орилсон. Би гэрээс гартал манай гэрийн урд талд манай аавтай хамт архи ууж байсан нэг хүн аавтай заамдалцаад байж байсан. Манай аавтай заамдалцаад байж байсан хүн нь би чамайг хутгалж ална чамайг хаа явсан газар чинь хутгалж ална гээд байсан. Би тэр хоёр дээр очоод та нар болиочээ, явцгаа, та нар юу болоод байгаа юм бэ? гэж хэлээд тэр хоёрыг салгасан. Тэр хоёр хоёр тийш болсон. Манай ааваас салсан ах манай аавыг ална гээд манай аав руу гараа чичлээд байсан. Тэгж байгаад манай аав тэр хүн хоёр маргалдах нь арай гайгүй болсон. Гэрт манай хүүхэд уйлаад ээрээд огиж бөөлжөөд байхаар нь тэр хэдийг гэрийн гадаа үлдээгээд гэрлүүгээ орсон. Тэгээд би хүүхдээ дуугүй болгоод байж байсан чинь хашаанд нөгөө хэд чинь ахиад хашхираад орилолдоод эхэлсэн. Нэг цонхоор харсан чинь манай аавтай маргалдаж байсан хүн хашааны хаалгаар гарч байхдаа манай хашааны хаалганы хажуу талын төмрийг мөргөөд унасан. Тэгээд тэр хүн хашааны гадаа хашхираад л манай аавыг хутгална, чамайг хаана явсан газар чинь хутгална гээд байсан. Би өөр юм үзэж хараагүй. Би гэрээс гарч ирээд л тэр хоёрыг хоёр тийш салгасан...’’ гэх мэдүүлэг /хх-16/
7. Гэрч Ш.М-ын ‘’... Би тэр өдөр Боржигоны 10-10 тоотод байдаг гэртээ байж байтал 16:00 цагийн үед намайг утсаар Д гэртээ байж байна чи манай гэрт хүрээд ирэх үү гэж хэлсэн. Тэр үед наадам болж байсан болохоор би хүүхдүүдийнхээ хамтаар гадуур явж байгаад тэгээд Д-ын гэрт нь очсон. Дэлгэржаргалын гэрт очиж хуушуур худалдаж авахаар явсан. Тэгээд би унаж явсан машинаа хүргэндээ өгөөд явуулсан. Д-ынх тэр өдөр хуушуур хийж зарж байсан. Ингээд Д-ын гэрт очиход Дэлгэржаргал өөрийнхөө гэртээ Ж , Ц овогтой Б , А , Э нартай архи угаад байж байсан. А архи авчирсан гээд задлаад сууцгааж байсан. Би тэд нартай нийлээд задалсан архинаас нь ууж эхэлсэн. Тэгж байгаад бөөнөөрөө гарч уухаар шийдээд нар нэлээд буусан байхад Д-ын гэрээс нь гараад машины сүүдэрт архи ууж эхэлсэн. ...Цаг нэлээд орой болоод нар жаргаж байсан тэр үед би согтоод унтсан. Тэр өдрийн урьд өдөр нь би ажил дээрээ ээлжтэй хоносон байсан болохоор их ядарсан байсан. Тэгээд унтаж байсан чинь хүмүүс хашхиралдаад эхэлсэн. Тэр үед гадаа бүрэнхий болсон эд юмс муу үзэгдэж байсан. Би сэрээд харахад А, Д хоёр хоорондоо заамдалцаад зогсож байсан. Би тэр хоёрыг салгах санаатай унтаж байсан газраасаа босоод тэр хоёр дээр очих үед Д , А-ны нүүрэнд нь гараараа цохиж байгаа харагдсан. Би тэр хоёр дээр очоод дундуур нь орж зууралдаж байгаад тэр хоёрыг салгасан. Д-ын охин нь бас хажууд ирээд салгаж байсан. Тэгээд би тэд нарыг салгаад Д-ыг салгаж аваад Д-ын гэрт нь орсоноо санаж байна. Тэгээд Д-тай гэрт нь юм яриад сууж байхад А Д-ын гэрийнх нь гадаа хашхираад байсан. Тэгж байгаад А яваад өгөх шиг болсон. Би тэр үед нэлээд их согтсон байсан. Унтаад сэрэх үед Э , Ц.Б нар тасраад унтаж байсан. Ц.Б огт сэрэлгүй унтаж байсан. Энэ үйл явдлын талаар юу ч мэдээгүй. Э-ыг үйл явдал болоод дууссан хойно сэрээсэн. Хэн сэрээсныг нь мэдэхгүй байна. Д, А нарыг юунаас болоод маргалдсаныг мэдээгүй. Би унтаж байгаад сэрээд салгах санаатай очих хооронд нь нүүрэнд нь гараараа цохиж байсан. А зөрүүлээд Д-ыг гараараа цохиж байсан. Намайг харж байхад лав хөлөөрөө өшиглөөгүй. Ямар нэгэн эд зүйлсээр цохиогүй...’’ гэх мэдүүлэг /хх-17-18/
8. Гэрч Г.Б-ийн ‘’...Одоогоос 5 жилийн өмнө идэшний цагаар би нөхрийн найз А-д идэш гээд сэтгэлээрээ нэг хонины мах өгсөн. Тэгтэл А ахиад нэг хонины мах зээлчих гэж хэлээд хонины мах зээлж авсан. Тэгээд удахгүй идэш хоолоо хийгээд өгнө гээд авсан. Тэгээд одоог хүртэл тэр зээлсэн малыг А өгөөгүй байгаа. Тэр хооронд би нэг л удаа А-аас нөгөө махаа яалаа гэж нэхэж байснаа санаж байсан. Тэрнээс хойш мартагдсан байж байгаад манай нөхөр А хоёрын зодолдсон үйл явдлаар сэргээгдээд тэр хоёр маргалдаад зодолдсон байсан. А-аас тэр малыг нэхэмжпэхгүй. Мартагдсан зүйл. Тэр өдөр манай гэрийн гадаа хумүүс архи ууж байсан. Аймгийн баяр наадам болж байсан орой задгай шоутай гэж байсан болохоор шоу үзэхээр хүүхдүүдийн хамтаар явсан байсан. Орой гэртээ ирээд манай хашаанд зодоон болсон талаар охиноосоо мэдсэн. Мөн Д-аас мэдсэн. Үйл явдлыг нүдээр үзээгүй. Согтуу нь согтуу архи уугаад байж байсан. Бүгдээрээ л архи ууж байсан. Хэн хэнийг нь ялгаж хараагүй....’’ гэх мэдүүлэг /хх-73/
9. Гэрч О.Ж-ийн ‘’... Нэг мэдэхэд М буюу А нэг шил архи авчраад задлаад ууж байсан. Тэгээд архи ууж байгаад гадаа харанхуй болсон байхад М, Д хоёр дээр доороо орсон байгаа харагдсан. Би тэр үед нэлээд согтсон байсан. Гадаа ч харанхуй болж байсан. Тэр хоёрын хэн нь дээр нь хэн нь доор нь байсныг анзаараагүй. Би тэр үед гэрийнх нь урд талд тавьсан байсан бонго маркын автомашины зүүн талд нь дугуй түшээд нойр хүрээд доошоо хараад сууж байсан. Надаас зүүн тийш Д-ын байшингийн үүдэнд А , Д нар дээр доороо орсон байсан. Тэгээд би тэр хоёрыг салгах санаатай газраас бостол Д-ын байшингаас Д-ын охин нь гарч ирээд Д-ыг аваад эргэсэн. М хашааны үүдээр гараад явж байгаа харагдсан. Би Д-ын байшингийн урд талд тавьсан байсан Бонго маркын автомашины урд талын нэг дугуйг нь түшсээр байгаад нэг цаг орчим суугаараа унтаж байгаад айлд очиж унтсан. Яалт ч үгүй нэг нь дээр нь, нэг нь доор нь байсан. Нэг нэгнийгээ цохиж байгаа чимээг би сонсоогүй...’’ гэх мэдүүлэг /хх-74/
10. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 7 сарын 16-ны өдрийн 177 дугаартай: ‘’ 1.Д.А биед хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний язарч урагдсан шарх, мэс заслын дараах байдал, баруун нүдний алимны цус хуралт, дух, баруун хөмсөг, зүүн чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Архаг хууч өвчинийг тогтоох боломжгүй. 4.Учрах үедээ амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-20-22/
11.Шинжээч Д.Д-ийн ‘’...Д.А-ны биед үүссэн хэвлийн битүү гэмтэл нарийн гэдэсний язарч урагдсан шарх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, баруун нүдний алимны цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт, дух баруун хөмсөг зүүн чамархайд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. А-ны биед үүссэн хэвлийн битүү гэмтэл нарийн гэдэсний язарч урагдсан шарх гэмтэл нь унаж ойчих үед үүсэх боломжгүй, хэвлийгээрээ зөөлөн газар унаж ойчих үед үүсэх боломжгүй. Хүчтэй цохилт өшиглөлтын үед үүсэх боломжтой. Нарийн гэдэсний язарч урагдсан шарх гэмтэл энэ нөхцөлд үүсэх боломжгүй. Хүчтэй цохилт өшиглөлтын үед үүсэх боломжтой....’’ гэх мэдүүлэг /хх-30/
12. Шинжээч Д.Д-ийн ‘’...Хохирогч Д.А ингэж унахад энэ нарийн гэдэсний язарч урагдсан шарх, нарийн гэдэсний цооролт үүсэх боломжгүй. Энэ шархны хажууд цус хуралт үүссэн байгаа. Хэрэв энэ цементэн хавтангийн үзүүрт хэвлийгээ цохиод шарх үүссэн байх юм бол чацархайн угт олон тооны цус хуралт үүсэх боломжгүй. Дүгнэж хэлэхэд энэ шарханууд нь тус ажиллагааны 7 дугаараар дугаарласан зурагт үзүүлсэн цементэн хавтан дээр унаад үүсэх боломжгүй...’’ гэх мэдүүлэг /хх-59/
13. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2019 оны 10 сарын 31-ний өдрийн 1368 дугаартай: ‘’ 1.Д.А-ны биед хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний язарч урагдсан шарх, мэс заслын дараах байдал, баруун нүдний алимны цус хуралт, дух, баруун хөмсөг, зүүн чамархайд зулгаралт гэмтэл учирчээ. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Дээрхи гэмтлийг авсан даруйд өвдөлт, хэвлийн булчингийн чангарал, хордлогын болон цус алдалтын шинжүүд илэрч нарийн гэдэсний язарч урагдсан шархны улмаас агуулагдахуун хэвлийн гялтангын үрэвсэл үүсэх хугацаа нь харилцан адилгүй ба тухайн хүний биеийн онцлог, идэж ууссан зүйл, архи болон өвчии намдаах эм хэрэглэсэн зэргээс шалтгаалан харилцан адилгүй байдаг.” гэсэн дүгнэлт /хх-102-104/
14. Шинжээч Г.Х-ийн ‘’...Д.А-ны биед учирсан хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний язарч урагдсан шарх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчиллээр үүсэх бөгөөд дээр дурьдсан байдлаар буюу хэвлийн хэсэгт хүчтэй өвдөглөж унах хүчний үйлчиллээр үүсч болно. Энэ тохиолдолд хэвлий битүү гэмтэл, нарийн гэдэсний язарч урагдсан шарх үүсэх боломж багатай...’’ гэх мэдүүлэг /хх-113-114/
15. Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 сарын 25-ны өдрийн 01 дугаартай: ‘’1.Д.А-ны биед хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний язарч урагдсан шарх, мэс заслын дараах байдал, баруун нүдний алимны цус хуралт, дух, баруун хөмсөн, зүүн чамархайл зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 2.Д.А-ны биед үүссэн хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний язарч урагдан шарх гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэг, баруун нүдний алимны цус хуралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэг, дух, баруун хөмсөг, зүүн чамархайн зулгаралт гэмтлүүд гэмтлийн зэрэгт хамаарахгүй.’’ гэсэн дүгнэлт /хх-181-183/
16. 2019.07.09-ний өдрийн Яаралтай тусламжийн хуудас /хх-24-26/
17. Хохирогч Д.А-ны өвчний түүх /хх-34-48/
18. 2019.08.18-ны өдөр, 2019.11.09-ний өдөр Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл /хх-52-58, 107-110/
19.5454044955 дугаарт 1000000 төгрөг, 120000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-66-67/
20.Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар хохирогч Д.А нь 2019 оны 07 сарын 08-ны оройн 22 цагийн орчим бусдад зодуулсан шинжтэй дүү М-ийн гэрт унтаж байсан бөгөөд эрүүл мэндийн байдлаас шалтгаалан маргааш өдөр нь хагалгаанд орсон үйл явдал тогтоогдож байна.
Тухайн үед хохирогч Д.А-ны эрүүл мэндэд “ хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний язарч урагдсан шарх, баруун нүдний алимны цус хуралт, дух, баруун хөмсөг, зүүн чамархайд зулгаралт гэмтэл учирсан” байсан болох нь шинжээчийн 2019 оны 12 сарын 25-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдож байна.
Хохирогчид учирсан дээрх гэмтлүүдээс хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний язарч урагдсан шарх нь амь насанд аюултай шинжээрээ гэмтлийн хүнд зэрэгт, баруун нүдний алимны цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт, дух баруун хөмсөг зүүн чамархайд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй болох нь шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Хохирогчийн эрүүл мэндэд учирсан амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл буюу хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний язарч урагдсан шарх нь шүүгдэгч Б.Д-ын үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь тогтоогдоогүй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Д нь хохирогчийн хэвлий хэсэгт цохих, өшиглөх зэргээр халдсан идэвхитэй үйлдэл гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн туршилтаар хохирогч Д.А нь шүүгдэгч Б.Д-тай заамдалцаж байгаад өөр рүүгээ татах үедээ дэвсээтэй байсан бризентэд тээглэн арагшаа давхаралдаж унасан, энэ үед шүүгдэгч Б.Д нь хохирогч Д.-ны дээр буюу хэвлий хэсэгт нь өвдөглөх байдалтай унасан гэх үйл баримт тогтоогдсон байна.
Харин хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Б.Д нь 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Сайнцагаан сумын төв, Боржигоны 0 тоот хашаанд архидан согтуурсан үедээ хохирогч Д.А-тай маргалдсан, хохирогчийн нүүрэн тус газар нь 2 удаа цохьсон болох нь тогтоогдсон бөгөөд хохирогчийн нүүрэн хэсэгт учирсан гэмтэл буюу баруун нүдний алимны цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчид холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ. Учир нь: Шүүгдэгч Б.Д нь хохирогч Б.А-ны эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай болон болгоомжгүй үйлдлээр учруулсан гэх хангалттай баримт хэрэгт цуглараагүй бөгөөд тухайн үйл явдал болох үед хамт байсан гэрчүүд болон хохирогч өөрөө архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсний улмаас болсон үйл явдлыг санахгүй байгаа нөхцөл байдал тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Б.Д нь хохирогч Д.А-ны нүүрэн тус газар нь 2 удаа цохьсон гэдэг нь тогтоогдож байгаа боловч хохирогчийн хэвлий хэсэгт учирсан хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний язарч, урагдсан шүүгдэгч Б.Д учруулсан гэдэг нь хангалттай нотлогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Д нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 -т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Д нь Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 6 сарын 12-ны өдрийн 83 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан, мөн хуулийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 60000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан болох нь хэрэгт авагдсан таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тус тус тогтоогдож байна.
Дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Д-д шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Д нь хохирогч Д.А-д хохирол 1300000 төгрөгийг бэлнээр өгсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэргийн 143, 146-рт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.5 дугаар зүйлийн 1, 2, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Лангандай овгийн Б-ийн Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Лангандай овгийн Б-ийн Д-д 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Б.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Д нь хохирогч Д.А-д хохирол 1300000 төгрөгийг бэлнээр өгсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ