| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шарын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 147/2016/00375/И |
| Дугаар | 418 |
| Огноо | 2016-11-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 418
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэл би, Сүхбаатар аймгийн Асгат сумын 3-р багт оршин суух Зээрднүүд овогт Аабатын Мөнхбатын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6-р баг Төмөртэйн 8-1 тоотод оршин суух Намжил овогт Бөмбөөдоржийн Эрдэнэбаатарт холбогдох хашаа газрын үнэ 2.500.000 / хоёр сая таван зуун мянга / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Мөнхбат шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Эрдэнэбаатараас 2015 оны 09-р сард хашаа газар 6.500.000 төгрөгөөр худалдан авч, 2.500.000 төгрөгийг бэлэн өгсөн. Тус хашаанд айл буулгахад энэ газар гүйдэлтэй юм байна орой болохоор гэр шөргөөгөөд байна гэхээр нь ламд үзүүлэхэд танайд таарахгүй газар байна гэсэн. Тэгэхээр нь Б.Эрдэнэбаатарт учирлан хэлж, газрын гэрчилгээ миний нэр дээр болоогүй байгаа юм чинь наймаа буцъя, ажлыг чинь алдагдуулсан бол 500.000 төгрөгийг нь ав, 2.000.000 төгрөгөө авъя гэхээр тохирдоггүй. Газар нь Эрдэнэбаатарын өөрийнх нь нэр дээр байгаа. Иймд Эрдэнэбаатараас миний өгсөн 2.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А.Мөнхбат нь хашаа газрыг өөрийн нэр дээр авч 1.000.000 төгрөгийг 2017.01.14-ний өдөр, 2017.04.10-ны өдөр 500.000 төгрөгийг Б:Эрдэнэбаатарт тус тус төлөхөөр, Б.Эрдэнэбаатар нь хашаа газрын үнэ 1.500.000 төгрөгийг авч, хашааны модыг гүйцээж барьж өгч, газрын гэрчилгээг Б.Мөнхбатын нэр дээр шилжүүлэхээр тохиролцож эвлэрсэн гэжээ.
Хариуцагч Б.Эрдэнэбаатар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие хашаа газрын үнэ 1.500.000 төгрөгийг А.Мөнхбатаас 2016.04.10-нд авч, хашааны модыг гүйцээж барьж өгч, газрын гэрчилгээг Б.Мөнхбатын нэр дээр шилжүүлэхээр эвлэрэн хэлэлцсэн тул эвлэрлийн гэрээний дагуу асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Мөнхбат нь 2.500.000 төгрөгийг хариуцагч Б.Эрдэнэбаатартаас гаргуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч А.Мөнхбат нь хашаа газрыг өөрийн нэр дээр авч 1.000.000 төгрөгийг 2017.01.14-ний өдөр, 2017.04.10-ны өдөр 500.000 төгрөгийг Б:Эрдэнэбаатарт тус тус төлөхөөр, Б.Эрдэнэбаатар нь хашаа газрын үнэ 1.500.000 төгрөгийг авч, хашааны модыг гүйцээж барьж өгч, газрын гэрчилгээг Б.Мөнхбатын нэр дээр шилжүүлэхээр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, зохигчид эвлэрэн хэлэлцэж, тайлбараа бичгээр ирүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуулинд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 39.350 төгрөгийн 50 хувь болох 19.675 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 19.675 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагын эвлэрсэн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 38.950 төгрөгийн 50 хувь болох 19.475 төгрөгийг хариуцагч Б.Эрдэнэбаатараас гаргуулж нэхэмжлэгч А.Мөнхбатад тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч А.Мөнхбат нь хашаа газрыг өөрийн нэр дээр авч 1.000.000
төгрөгийг 2017.01.14-ний өдөр, 2017.04.10-ны өдөр 500.000 төгрөгийг Б:Эрдэнэбаатарт тус тус төлөхөөр, Б.Эрдэнэбаатар нь хашаа газрын үнэ 1.500.000 төгрөгийг авч, хашааны модыг гүйцээж барьж өгч, газрын гэрчилгээг Б.Мөнхбатын нэр дээр шилжүүлэхээр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн
59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 39.350 төгрөгийн 50 хувь болох 19.675 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 19.675 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагын эвлэрсэн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 38.950 төгрөгийн 50 хувь болох 19.475 төгрөгийг хариуцагч Б.Эрдэнэбаатараас гаргуулж нэхэмжлэгч А.Мөнхбатад тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОЮУНГЭРЭЛ