| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2020/0006/Э |
| Дугаар | 06 |
| Огноо | 2019-12-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Г.Алдармаа
Улсын яллагч Т.Төмөртулга
Шүүгдэгч Х.Д нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Д-д холбогдох эрүүгийн 1922003150141 тоот хэргийг 2019 оны 12 сарын 24-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Олхонууд овгийн Х-ын Д
Шүүгдэгч Х.Д нь 2019 оны 11 сарын 9-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг, Аривжихын гэр хорооллын 0 тоотод иргэн Э.Б-ийг хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Х.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
2. Шүүгдэгч Х.Д яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: ‘’Би Э.Б-ийн биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний энэ үйлдсэн хэргийн шинж байдлыг харгалзан бага ял шийтгэл оногдуулж өгнө үү. Тухайн үед болчимгүй үйлдэл хийсэндээ гэмшиж байна. Цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ амлаж байна’’ гэх мэдүүлэг /хх-72-73/
3. Хохирогч Э. ‘’...2019 оны 11 сарын 9-ний өдөр би Аривжихад байдаг 10 жилд нэг ангид суралцаж байсан найз О-н гэрт 15 цагийн үед очсон. Намайг тэнд очиход О-н гэрт аав нь Д, А, Э, А, нар архи, пиво уугаад байж байсан. Төд удалгүй А согтоод З-р хүргүүлэхээр явсан, буцаж ирээгүй. Тэр хоёрыг явсны дараа 20 орчим минутын дараа Ө, О-н гэрт согтуу халамцуу ирээд архинаас ганц, хоёр удаа хундагаар уугаад унтсан. Тэгээд байж байтал А гэдэг залуу тэр гэрт ямар ч шалтгаангүй байхад уусан архиндаа согтоод агсам тавиад байсан. Тэгээд О А-г гэртээ харь, яв, зайл гэж хэлсэн. ...А ямар ч шалтгаангүй агсараад намайг баруун талд сууж байхад ирээд миний зүүн шанааруу гараараа цохьсон. Тэгтэл А гэрийн баруун хойд талд унтаж байсан Ө хөл, цээжрүү нь хөлөөрөө өшиглөөд, гараараа цээжрүү нь цохиод байсан. Би Ө өмөөрөөд яах гэсэн юм бэ, зүгээр мөрөөрөө унтаж байна шүү дээ гэж хэлсэн. ...Тэгтэл цаана унтаж байсан Д гэдэг залуу босож ирээд А, Ө нарыг хараагаад байсан. Тэгэхээр нь би дундуур нь ороод та нар яах гэсэн юм согтуу нэгнийгээ яах гэж ингэдэг юм бэ гэж хэлсэн чинь Д намайг гэрээс гараад ир гэж хэлсэн. Д гэрээс түрүүлж гарсан, би араас нь гарсан. Д-д би гэрлүү ороод гар утсаа аваад ирье гээд гэрлүү эргэж хартал миний ар нуруунаас Д ямар нэгэн зүйлээр хатгасан. Миний бие өвдөөд л эхэлсэн. Би өвдөлтөө мэдрээд шууд гэрт ороод гэрийн хойд хэсэгт очоод дээшээ харж хэвтээд хамт байсан Э-д хандаж найзыг нь дүрчихлээ эмнэлэг, цагдаа дуудаарай гэж хэлсэн. Тэр үед гэрт О, Э нар байсан. Ж гэдэг хүн маш их согтуу байсан. Э цагдаа, эмнэлэгт дуудлага өгсний дараа гэрт орж ирэхэд Д цагдаа дуудаад ямар ч нэмэргүйдээ, тэр цагдаа чинь надад үйлчлэхгүй дээ гэж хэлсэн гэсэн. Их удалгүй түргэн тусламж, цагдаа нар зэрэг ирсэн. Дуудлагаар ирсэн цагдаа намайг түшээд түргэний машинд суулгасан. Миний ар нуруунаас нэлээд их цус гарч байсан. Намайг юугаар хатгасныг мэдээгүй, миний баруун далны дор хутгалагдсан шарх байгаа. Энэ шарх Д-н учруулсан шарх. А-с үүссэн бэртэл байхгүй. Д-г сайн танихгүй, зүс үзэж байсан. Бид хоёрын хооронд өс хонзонгийн асуудал байхгүй. Одоо Д-тэй эвлэрсэн. Д энэ асуудлаас хойш байнга утсаар ярьж миний биеийн байдлыг асууж, уучлалт гуйгаад хийсэн хэрэгтээ гэмшиж байгаагаа хэлж байгаа. Миний эмчилгээний төлбөрт бэлнээр 800.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-17-19/
3. Гэрч Ж.О-н: ‘’...Би Аривжихын 0 тоот гэртээ байж байхад 11 цагийн үед манай найз Э нэг том пивотой ирээд түүнийг хувааж уусан. Дараа нь Э-н нөхөр Б 14 цагийн үед 2 том пиво авч ирээд пиво уучихаад удалгүй явсан. Дараа нь Х гэдэг залуу 17 цаг 30 минутын үед ирсэн. Тэгээд гэрт архи пиво ууж байтал манай гэрт найз А, А, Д нар нэлээд согтуу хроп пиво, 2 шил 0.75 грамын архитай ирсэн. Энэ хооронд манай аав Ж огт согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байж байгаад тэр гурвыг ирснээс хойш манай аав тэд нарын авчирсан архинаас уугаад согтсон. Д гэдэг залуу согтоод гэрт унтсан. А манай найз З-р гэрлүүгээ 17 цагийн үед хүргүүлсэн. Ө гэх залуу согтуу байдалтай 18 цаг өнгөрөөж ирээд унтаад өгсөн. А Ө-г сэрээх гээд хөлрүү нь өшиглөөд байсан. Тэгээд А найз нь явлаа гээд гэрээс гарчихаад буцаж орж ирээд Ө-г ална гээд хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд Х Ө-г өмөөрөөд боль гэж хэлсэн. Хажуунаас нь унтаж байсан Д сэрчихээд Х-тэй маргалдаж байсан. Би А-т хандаж чи түрүүнд явна гээд явахгүй яасан юм, чамаас болоод бөөн хэрүүл үүслээ гэж хэлээд галын хутгуур аваад А-руу шидсэн. Тэгээд гэрт байсан хүмүүс хоорондоо барилцаж авсан. Нэг мэдсэн чинь Х гэрийн хойд хэсэгт газар хэвтчихсэн ёолоод байсан. Би гэрээс гарсан чинь манай найз Э цагдаа, эмнэлэгт дуудлага өгсөн байсан. Удалгүй түргэн тусламж, цагдаа ирсэн. Тэгээд Х-г эмнэлэг, Д, А нарыг цагдаа аваад явсан. Х ёоё намайг шаачихлаа гээд л байсан. Х, Д рүү уурлаад л байсан. ....Цагдаа, түргэн ирэхээс өмнө гэрт бөөн бужигнаан болж байхад Д, Х хоёрын голоор би орсон. Би Ө, А нарын голоор ч орсон. Манай аав юу болоод байгааг ойлгохгүй согтуу байсан. Би Х-г хэн гэмтээснийг хараагүй. Би хашааны гадаа хутга байсныг үзсэн. Тэр хутга манай хутга байна лээ. Гэрийн хойд талд байгаа ширээн доор байсан түмпэн дотор байсан хутга. Х-г газар ёолоод хэвтэж байхад Д-н зүүн гарт нь хутга харагдсан. Тэгэхээр нь би тэр хутгыг Д-с найздаа хутгаа өг ингэж болохгүй гэж хэлээд гэрийн зүүн орон доогуур шидсэн.’’ гэх мэдүүлэг /хх-20-21/
4. Гэрч Б.А-н: ‘’2019 оны 11 сарын 9-ний өдөр би Д, А нарын хамтаар Р зочид буудалд архи ууж байгаад тэндээсээ гараад Аривжих хорооллын зүүн хойд хэсэгт байдаг хар Ж гэдэг айлд Д, А нарын хамт орсон. Тэр айлд О, түүний аав Ж, Э нар байсан. Би нэлээд согтуу байсан. Тэгээд тэнд архи ууж байгаад тасарсан. Нэг мэдсэн чинь миний толгойноос цус гарчихсан цагдаагийн газарт ирээд эмнэлэг рүү явж байсан. Тэр үед согтуу байсан болоод болсон асуудлыг мэдэхгүй байгаа. Миний толгойн шалбархай одоо эдгэрсэн. Хэн намайг гэмтээснийг мэдэхгүй байна. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй’’ гэх мэдүүлэг /хх-26/
5. Гэрч Б.Э-н: ‘’...2019 оны 11 сарын 9-ний өдөр 11 цагийн үед би Аривжих хороололд байдаг найз О-н гэрт очоод 1 том пиво хувааж уусан. ...О-н гэрт Д, А, А нар нилээд согтуу хроп пиво, архитай ирээд архи ууж эхэлсэн. Дараа нь Б-т гэдэг залуу О-н гэрт эрүүл ирсэн. Тэгээд бөөнөөрөө ууж байгаад З гэрлүүгээ хүргүүлэхээр яваад А, З хоёр эргэж ирээгүй. Тэрний дараа А, Д хоёр уусан архиндаа согтоод унтсан. Дараа нь О-н гэрт Ө гэдэг залуу согтуу ирээд гэрийн баруун талд унтсан. Д унтаж байгаад сэргээд Ө-г сэрээх гээд нүүр лүү нь гараараа цохиод байх шиг байсан. Тэгээд байж байтал Б-д Д, Ө хоёрын голоор ороод салгах гэж оролдсон. Ө-г унтах гээд байхад нь Д унтуулахгүй байсан. ...Б-т Д-г яах гээд байгаа юм бэ гэж хэлээд тэр хоёр маргалдсан. Юу гэж маргалдсаныг нарийн сайн мэдэхгүй байна. Тэгээд байж байгаад Д Б-г дагуулаад гэрээс гарсан. Тэгээд нэг их удалгүй Б-т гэрт орж ирээд гэрийн хойд хэсэгт газарт унаад дээшээ хараад хэвтсэн. Би Б-г татаад уначихав уу гэж болоод яасан юу болсон гэж асуухад Б-т намайг шууд хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд би Б-н өмсөж явсан цамцыг нь дээш сөхөөд харахад ар нуруунаас нь бага зэрэг цус гарч байсан. Тэгээд миний гар утсаар Ө эмнэлэг дуудсан. Цагдаа болон эмнэлэг хүрээд ирсэн. Би Б-г аваад түргэн тусламжийн алба хаагчидтай эмнэлэг орсон. Эмч нар Б-н биед дусал хийж эмчилгээ хийсэн. Д Б-г гэрээс дагуулж гараад хутгалсан байсан’’ гэх мэдүүлэг /хх-27-28/
7. Гэрч С.Ө ‘’...Би Ж гэдэг айлд найз О-тай уулзахаар очсон. Тэнд Э, А, Д, О, түүний аав Ж нар архи, пиво ууж байсан. Би тэнд очоод ганц, нэг лааз пиво уучихаад унтсан. Би өмнө нь уусан байсан болохоор улам их согтоод унтсан. Унтаж байхад миний цээж рүү хүн өшиглөөд бос гээд хараагаад, татаж чангаагаад байсан. Би сэрэх гээд сэрч чадахгүй байж байгаад сэрсэн чинь тэнд Б ирчихсэн Д, А нартай муудалцаад намайг өмөөрөөд боль, больцгоо гэж хэлээд байсан. Би босоод ирсэн чинь Д намайг түлхээд байсан. Б намайг өмөөрөөд л байсан. Тэгтэл Д Б-г гарая, зодолдоё гэсэн. Тэгээд тэр хоёр гарсан. Б гэрээс гараад удалгүй гэрт орж ирээд гэрийн хойд хэсэгт дээшээ хараад хэвтээд өгсөн. Б надад хандаж О ах та нуруу хараадахдаа гэхээр нь би ар нурууг нь харсан чинь ар нуруунаас нь цус гарч байсан. Би цусыг нь арчсан. Хамт байсан Э түргэн дуудсан. Араас нь Д орж ирсэн. Өөр асуудал болоогүй. Миний биед бэртэл гэмтэл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгохгүй, шаардлагагүй...’’ гэх мэдүүлэг /хх-29/
8.2019 оны 11 сарын 21-ний өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд: ‘’Хүрэн өнгийн модон бариултай, цагаан өгийн метал хийцтэй, нийт урт нь 26 см, бариулын урт 12.3 см, ажлын хэсгийн урт 14 см хутга байлаа’’ гэжээ /хх-7-8/
9.2019 оны 11 сарын 21-ний өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-9/
10. 2019 оны 11 сарын 9-ний өдөр Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-10-13/
11. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 сарын 12-ны өдрийн 292 дугаартай: ‘’ 1.Э.Б-н биед нуруунд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь бусдад хутгалуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байна.” гэсэн дүгнэлт /хх-31-33/
12.2019.11.09-ний өдрийн Яаралтай тусламжийн хуудас /хх-35-36/
13. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 сарын 25-ны өдрийн 25 дугаартай: ‘’1.Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй.” гэсэн дүгнэлт /хх-41-43/
14. Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтууд болон эд мөрийн баримтыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Х.Д нь 2019 оны 11 сарын 9-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг, Аривжихын гэр хорооллын 0 тоотод согтуурсан үедээ хохирогч Э.Б-тэй маргалдаж, түүнийг хутгалсан үйл явдал болсон болох нь тогтоогдож байна.
Үүний улмаас хохирогч Э.Б-н эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 сарын 12-ны өдрийн 292 дугаар дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Д хохирогч Э.Б-г хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Х.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Х.Д нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ
Шүүгдэгч Х.Д-д шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хохирогч Э.Б-д хохирол 800.000 төгрөгийг бэлнээр өгсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэргийг 77-78-рт авагдсан баримтаар тогтоогдож байх тул тус тус дурдав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Д аймаг дахь шүүхийн Тамгын газарт шилжүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.5, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Олхонууд овгийн Х-ийн Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Олхонууд овгийн Х-ийн Д-д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Х.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Д нь хохирогч Э.Б-д 800.000 төгрөгийг бэлнээр өгсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан цагаан өнгийн метал болон хүрэн өнгийн модон бариултай нийт урт 25.5 см, ажлын хэсгийн урт 14 см, бариулын урт 11.5 см хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ