| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 134/2016/00187/И |
| Дугаар | 134/ШШ2016/00171 |
| Огноо | 2016-11-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 134/ШШ2016/00171
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1956 онд төрсөн, эрэгтэй, 60 настай, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг 10 дугаар байрны 67 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй Еншөөбү овогт Эрэнжидийн Цэрэнгийн хүсэлттэй /РД:КЮ56123031/
Цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Цэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Цэрэн нь цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.
Нэхэмжлэгч Э.Цэрэн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Цэрэн би Батлан хамгаалах яамны сайдын 1976 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн н/177 тоот тушаалаар Өмнөговь аймгаас 1976 оны 07 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанд татагдаж, Ардын армийн 126 дугаар ангид алба хааж 1979 оны 06 дугаар сарын 30-нд н/364 тоот тушаалаар халагдсан. Миний цэргийн батлах эцэг Дашбалжингаар овоглогдсон, харин бусад бичиг баримтууд ээж Эрэнжидээр овоглосон байдаг. Одоо би өндөр насны тэтгэвэр тогтоолгохын тулд цэргийн 3 жилийг ажилласан жилд тооцуулах гэтэл цэргийн батлахын овог зөрүүтэй гэх шалтгаанаар тооцуулж чадахгүй байна. Иймд 289738 дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь намайг мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Цэрэн нь цэргийн батлахын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Нэхэмжлэгч Э.Цэрэн нь 1956 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрөхдөө өөрийн төрсөн эх Д.Эрэнжидээр овоглож төрсний бүртгэлд бүртгэгдсэн боловч 1974 онд Өмнөговь аймгийн АДХГЗахиргааны цэргийн хэлтсээс түүнд Дашбалжингийн Цэрэн гэсэн овог нэртэй, 289738 тоот цэргийн батлахыг олгосон болох нь:
Батлан хамгаалах яамны батлан хамгаалахын төв архивын 2016 оны 10 дугаарс арын 03-ны өдрийн 000007443 тоот хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Өмнөговь аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 072/001095 тоот төрсний бүртгэлийн лавлагаа, Э.Цэрэнгийн иргэний үнэмлэхний хуулбар, Монголын Ардын армийн 126 дугаар нэгтгэлээс Өмнөговь аймгийн Баяндалай сумын 8 жилийн дунд сургуулийн уран зохиолын багш Э.Хархүүд хүргүүлсэн хүндэтгэлийн захидлын хуулбар, нэхэмжлэгчийн цэрэг хувцастай фото зураг, Д.Сумъяагийн иргэний үнэмлэх болон төрсний гэрчилгээний хуулбар, Э.Цэрэнгийн хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Говийн мэдээ сонины зарлалын хуулбар, Д.Цэрэнгийн сургууль төгссөн тухай магадлах бичгийн хуулбар, Д.Цэрэнгийн боловсролын үнэмлэх, сурагчийн хувийн хэргийн хуулбар, Э.Цэрэнгийн иргэний паспорт, гэрч Д.Сумъяагийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна гэж үзлээ.
Учир нь хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Э.Цэрэн нь Ерөнхий боловсролын сургуульд байхдаа аав Б.Дашбалжингаар овоглож байсан бөгөөд цэргийн алба хааснаас хойш ээж Д.Эрэнжидээр овоглож бусад бичиг баримтууд нь олгогдсон болох нь түүний төрсөн газар, он, сар, өдрийг бусад баримтуудад тэмдэглэсэнтэй тохирч байгаа байдал, мөн түүний төрсөн эгч Д.Сумъяагийн төрсний гэрчилгээнд эх, эцгийн нэр хамтдаа бичигдсэн зэргийг тал бүрээс нь харьцуулан дүгнэхэд 1974 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн АДХГ Захиргааны цэргийн хэлтсээс Дашбалжингийн Цэрэнд олгосон 289738 дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь Еншөөбү овогт Эрэнжидийн Цэрэн мөн болох нь тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлийн 134.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар 1974 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн АДХГ Захиргааны цэргийн хэлтсээс Дашбалжингийн Цэрэнд олгосон 289738 дугаартай цэргийн батлахын жинхэнэ эзэмшигч нь Еншөөбү овогт Эрэнжидийн Цэрэн мөн болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Э.Цэрэнгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр, Дорноговь аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.НАРАНЧИМЭГ