| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2020/0002/Э |
| Дугаар | 02 |
| Огноо | 2019-12-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Г.Алдармаа
Улсын яллагч Т.Төмөртулга
Хохирогчийн өмгөөлөгч Л.Банзрагч
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам
Шүүгдэгч П.С нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.С-д холбогдох эрүүгийн 1922003180143 тоот хэргийг 2019 оны 12 сарын 23-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Сүндэв овгийн П-ын С
Шүүгдэгч П.С нь 2019 оны 10 сарын 31-ний өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 4 дүгээр багийн нутаг ‘’Л ’’ гэх газарт иргэн С.Г-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч П.С шүүхийн хэлэлцүүлэгт: 2019 оны 10 сарын 31-ний өглөө 09 цаг болж байхад саахалт айлд мал тэмдэглэлцээд орой 15 цаг 30 минутын үед дуусаад, Л гэдэг айлаас гэр рүүгээ Г-ийн гэрийн урдуур явж байсан юм. Г ‘’мотоциклийн гинж тасарсан’’ гэж өмнө нь ярьж байсан юм. Тэгээд гэрийнх нь урдуур явж байтал дуудахаар нь мотоциклийнхоо гинжээ янзлуулах гэж байгаа юм байх гэж бодоод очсон. Тухайн үед манай адуу ус уугаад баруун урагшаа гарч байсан юм. Тэгсэн чинь өөдөөс агсам тавиад ‘’адуугаа холуур гарга’’ гээд байсан. Тэгэхээр нь би ‘’бэлчээр нь баруун урдаа юм чинь, баруун урагшаа л гарч байна шүү дээ’’ гэхэд ‘’би энэ хороог авсан, би энэ хонхорыг мэднэ’’ гээд байсан. Тэгтэл намайг эхлээд нударгаараа шавхархаар нь би зүүн гараараа нүүр рүү нь цохиод, мотоциклиосоо бууж очоод нэг өшиглөчихөөд дэргэд нь сууж байгаад ‘’согтох болгондоо битгий ингэж агсам тавьж бай’’ гэхэд эхнэр бие засах гээд явсан байснаа ирээд согтуу хүнтэй юу ярьдаг юм, явъя гээд явсан. Хохирогчид одоогоор 311150 төгрөг төлсөн. Одоо өмгөөллийн хөлсийг нь төлж чадахгүй, бусад гарсан зардлыг бол төлнө. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
2. Хохирогч С.Г-ийн: ‘’...2019 оны 10 сарын 31-ний өдөр Адаацаг сумаас оторлож явсан айл манайд хоночихоод урагшаа хөдлөхөөр нь хоол, цай араас нь хүргэж өгөх гээд эхнэр Д-ийн хамт очоод хоол цайгаа хүргэж өгчихөөд буцаад гэрлүүгээ явах замд манай гэрийн урдхан талд С-ийн адуу байхаар нь зам дагуулаад сигнаалдаж хөөж байгаад гэртээ очоод байж байтал манай хүүхэд Ж болон Д-ийн хүү Б хоёр давхиж ирээд ‘’С ах адуу хөөгөөд байх юм, юм хэлэхгүй байхад давраад байна гэж байна лээ’’ гэж хэлсэн. Тэгээд гэрийнхээ гадаа мотоциклийнхоо гинжийг янзлаад сууж байтал С урдуур давхиж байгаа харагдахаар нь даллаад дуудсан чинь С ирээд зогстол эхнэр Б нь мотоциклиасаа буугаад урд талд нь зогсохоор нь би С-д хандаж ‘’хөгшин чинь адуу малыг чинь их хөөгөөгүй замын урд руу гаргаад орхиж байхад чи хүүхдүүдэд юу яриад байгаа юм бэ’’ гэж хэлсэн чинь С өөдөөс ‘’чи адуу мал хөөдөг биздээ’’ гэж хэлсэнээ гарынхаа ар талаар шавхархаар нь би хойшоогоо ар талаараа газар уначихаад өндийгөөд суутал С мотоцикль дээрээсээ бууж ирээд миний баруун талын хавирган тус газар нэг удаа өшиглөчихөөд эхнэрээ сундлаад яваад өгсөн.
...Би эмийн сангаас 2019 оны 11 сарын 8-ны өдөр 131.100 төгрөгөөр эм тариа авсан зардал, 2019 оны 11 сарын 7-ны өдөр эмнэлэгт үзүүлсэн, Дундговь аймаг руу явахад 74850 төгрөгөнд бинзен хийсэн баримтаа алга болгосон болохоор хавсаргаагүй. Харин аймагт ирээд би өөрөө эмнэлгийн байгууллагаар үзүүлж чадахгүй байсан тул тус аймгийн Луус сумаас дүү болох М-г авч ирэх гэж явсан бинзений баримт 20000 төгрөгний баримт, аймагт ирж рентгэн зураг авхуулчихаад 11 сарын 8-нд буцахдаа 50000 төгрөгөнд бинзен хийсэн. Мөн хэргийн материалтай танилцахад ирсэн зардал 50000 төгрөг, буцсан зардал 40000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 300000 төгрөгийг нэхэмжилж байна. Би өөрөө бичиг үсэг мэдэхгүй учраас өмгөөлөгч авсан. Хохиролд нийт 686750 төгрөгийг нэхэмжилж байна...’’ гэх мэдүүлэг /хх-6-8, 10-12/
3. Гэрч Н.Б-ын ‘’...2019 оны 10 сарын 31-ний өдөр С бид хоёр хажуу Л гэх айлд бага мал тэмдэглэлцээд байж байтал Л худаг дээр ус уугаад гарч байсан адууг цааш нь сигнаалдаад байгаа харагдаж байсан. Тэгээд бид хоёр тэр айлын малыг нь тэмдэглэж дуусчихаад гэрийнх нь урдуур замаар гэрлүүгээ явж байтал Г гэрийнхээ гаднаас даллаад дуудхаар нь яваад очтол ‘’бэлчээрээ хамгаалмаар байна, адуугаа холуур явуулаач’’ гэсэн чинь С өөдөөс нь ус уугаад гарч байна шүү дээ гэсэн чинь мотоциклийн үрүүлээс нь барьчихаад тавихгүй болохоор нь С явмаар байна гээд цааш түлхтэл Г бөгсөөрөө газар суугаад өгсөн. С урд талд маягтай суугаад Г чи намайг түлхээд унагаачихлаа гэтэл С чи өөрөө үрүүлээс барьчихаад тавихгүй байсан биздээ гээд суугаад байхаар нь би С-ийн гуян тус газар нь явъя гээд өшиглөтөл С босож ирээд бид хоёр мотоциклио асаагаад гэрлүүгээ харьсан. Тэрнээс хойш нилээн хэд хоногийн дараа сумын эрх зүйн хөтөч багийн хурал болох үеэр Г-ийн ээж О гэх хөгшин манай нөхөр С-д манай хүүгийн хавирга хугарсан юм шиг байна, явж үзүүлнэ гэж ярьж байсан. Тухайн үед С , Г бид гурав байсан. Г-ийн эхнэр Д, С бид хоёрыг хөдлөхөд гарч ирж байсан. С эрүүл байсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, харин Г халамцуу байсан. ...Манай нөхөр Г-ийн хавирганд нь өшиглөж байгааг хараагүй. Бие засах гээд авсан хойгуур ямар ч байсан Г , манай нөхөр С хоёр газар суучихсан байсан...’’ /хх-15-16, 21-22/
4. Гэрч Ц.Д-ийн ‘’2019 оны 10 сарын 31-ний өдөр Адаацаг сумаас нүүдэлж яваа айл ирээд нэг хоночихоод урагшаа хөдлөх гээд манай гэрээр ороод хоол идчихээд 0.5 грамын Алтантүрүү нэртэй архи хувааж уучихаад өдөр 16 цагийн орчимд замд оруулж өгчихөөд буцаад гэрлүүгээ харих гээд явж байгаад гэрийн урд талын овооны хойд руу орж ирээд замын хажуу талд байсан С-ийн адууг сигнаалдчихаад гэрийнхээ гадаа ирээд машинаасаа буугаад гэртээ ороод сууж байтал манай урдуур мотоцикльтой ирж яваа харагдсан. Би тэгээд буцаад гэрлүүгээ ороод хүүхдээ хөхүүлчихээд гэрээс гараад хартал С , Г хоёр хоорондоо маргалдаад байхаар нь хэсэг харж зогсож байгаад гэрлүүгээ буцаж ороод байж байтал мотоцикль асаад С , Б хоёр яваад өгөх шиг болсон. Тэгтэл Г гаднаас ороод ирэхээр нь хартал зүүн талын нүд улайгаад нулимс гүйчихсэн байсан. Тухайн үед маргалдаж муудалцахад өөр хүн байгаагүй. Б , С хоёр эрүүл байх шиг байсан. Г Адаацагаас явж байсан оторын хүмүүстэй 2 шил архи хувааж уусан, нилээн халамцуу байсан.’’ гэх мэдүүлэг /хх-17-18/
5. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 сарын 13-ны өдрийн 293 дугаартай: ‘’ 1.С.Г-ийн биед баруун 10-р хавирганы далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйчлэлээр үүссэн байх боломжтой байна. 4. Дээрх гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-25-26/
6.Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч П.С нь 2019 оны 10 сарын 31-ний өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 4 дүгээр багийн нутаг ‘’Л ’’ гэх газарт иргэн С.Г-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч П.С-ийн хохирогч С.Г-ийг зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч П.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч П.С-ийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ
Шүүгдэгч П.С-д шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.С нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид 311150 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдав.
Хохирогч болон түүний өмгөөлөгчөөс 686750 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн тайлбарыг гаргасан бөгөөд хохирогч талаас эмчилгээ болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 308350 төгрөгийн, өмгөөлөгчийн хөлс 300.000 төгрөгийн буюу нийт 611.150 төгрөгийн баримтыг ирүүлжээ. Үүнээс шүүгдэгч П.С нь эмчилгээ болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 311.150 төгрөгийг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн дүнгээс хамч тооцох үндэслэлтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч С.Г нь бичиг үсэг мэдэхгүйн улмаас өмгөөлөгч Л.Б-тай гэрээ байгуулан үйлчилгээний хөлсөнд 300.000 төгрөг төлсөн болох нь хэргийн 47-48-р авагдсан баримтаар тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “...бичиг, үсэг мэдэхгүй бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй...” гэж заасан бөгөөд хохирогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зайлшгүй өмгөөлөгчтэй оролцох шаардлагатай нөхцөл байдал тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д ‘’эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал ...өмгөөлөгчид төлөх зардлаас ...бүрдэнэ.’’ гэж, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ‘’шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна’’ гэж тус тус заасан байна.
Иймд хохирогч С.Г-ийн өмгөөлөгчийн зардалд төлсөн 300000 төгрөгийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гэж үзэж шүүгдэгч П.С-ээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогчийн нэхэмжлэлээс /686.750-311.150-300.000=/ 75.600 төгрөгийн зардал нь юунд зарцуулсан нь тодорхойгүй, энэ талаархи баримт байхгүй байх тул шүүхээс хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийн талаархи нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг заав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.7, 36.8, 36.10, 38.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Сүндэв овгийн П-ын С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сүндэв овгийн П-ын С-д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч П.С нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид 311.150 /гурван зуун арван нэгэн мянга нэг зуун тавин/ төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.С-ээс 300.000 /гурван зуун мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 4 дүгээр баг ‘’Л ’’ гэх газарт оршин суух Бор овгийн С-ын Г-т олгож, хохирогч С.Г-ийн нэхэмжлэлээс 75.600 /далан таван мянга зургаан зуун/ төгрөгөнд холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхисугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Г нь шүүхээс хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч П.С-ээс нэхэмжлэх эрхтэйг заасугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ