| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2016/00554/И |
| Дугаар | 130/ШШ2016/00604 |
| Огноо | 2016-10-13 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 130/ШШ2016/00604
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт оршин суух, утас *****Д: **** Т овогт Дий Раягийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн *** дугаар цэцэрлэг /эрхлэгч Р.Е, утас ****/-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Р ая, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, хариуцагчийн өмгөөлөгч А.С, гэрч нар Х.К, Х.К, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Өлгий сумын хүүхдийн 18 дугаар цэцэрлэгийн гэрээт үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.
Нэхэмжлэгч Д.Р шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Өлгий сумын 13 дугаар багт шинээр 18 дугаар цэцэрлэг байгуулагдахад 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр цэцэрлэгийн эрхлэгчийн 15 тоот тушаалаар үйлчлэгчийн ажилд томилогдсон билээ. 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр цэцэрлэгийн үйл ажиллагаа зогстол ажиллаж байгаад 2016 оны 9 дүгээр сард цэцэрлэг нэгдсэн журмаар үйл ажиллагааг эхэлтэл амралтад явсан болно. Д.Р миний бие ажилд орох бэлтгэлийг хангаж, ажилд орох гэтэл 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж үүрэгт ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр эрхлэгч болох Р.Е дуудаж ирүүлж, ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэж, мэдэгдэх хуудас өгсөн. 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр буюу Ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг өгснөөс хойш 3 хоногийн дараа 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 28 тоот тушаалыг гардуулж өгч Д.Р миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн тул шүүхэд гомдол гаргаж байна. ажил олгогч буюу хариуцагч Өлгий сумын хүүхдийн 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Р.Е нь дараах үндэслэлээр хууль зөрчсөн гэж үзэж байна. 1. Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгт батлагдсан орон тооноос ямар нэгэн орон тоо бүтэц цомхтголд болон ажлын байрыг цөөрүүлээгүй байтал Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1-д зааснаар Зохиомлоор орон тоог цөөрүүлсэн нэрийдлээр ажлаас чөлөөлсөн. 2. 2016 оны 6 сарын 01-д болгон хуурамч мэдэгдэх хуудас бичиж, түүнийг 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр гардуулсан, мэдэгдэх хуудас өгч 3 хоногийн буюу 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлсөн тухай тушаал гардуулсан, уг тушаал нь 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 28 тоот тушаал байгаа нь тушаал хуурамч болохыг баталж байна. 3. 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Р.Еийн Д.Р намайг ажлаас чөлөөлсөн үйл ажиллагаа нь Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг ноцтой зөрчиж байна. Иймд Д.Р миний бие ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байгаа тул Өлгий сумын хүүхдийн 18 дугаар цэцэрлэгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Р шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Би 2016 оны 7 сарын 01-нээс эхэлж шинээр байгуулагдсан Өлгий сумын хүүхдийн 18 дугаар цэцэрлэгт үйлчлэгчээр байнгын ажлын байран ажилд орсон. 2016 оны 6 дугаар сарын 01-ний хүртэл цэцэрлэгт үйлчлэгчээр ажилласан ба 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж цэцэрлэгийн үйл ажиллагаа зогсож зууны амралтад шилжсэн болно. Намайг анх ажилд авахдаа ажилд томилсон тухай тушаал гардуулж өгөөгүй. Би ажилд орсноос хойш хамт олноороо очиж биднийг ажилд томилсон тушаалыг эрхлэгчээс шаардсан боловч хариуд нь эрхлэгч Р.Е нь юун тушаал асуугаад байгаа юм вэ?. Тушаалыг чинь өгөхгүй гээд загнаж ажилд томилсон тушаалыг өгөөгүй. Тухайн үед хөдөлмөрийн гэрээ ч байгуулалгүй ажиллуулсан. Тэгээд 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр байгууллагад хүрээд ир гэж эрхлэгч дуудаж байна гэж нябо Булбул хэлэхээр нь 18 дугаар цэцэрлэгт очсон. 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр эрхлэгч ажилчдын хурал хийсэн. Хурал эхлэхээс өмнө бүх ажилчдад хөдөлмөрийн гэрээ гэх 3 хуудас хөдөлмөрийн гэрээг тарааж өгөөд танилцаж гарын үсэг зураарай гэсэн. Бид бүгд 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр, 3 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан гэх гэрээнд гарын үсэг зурсан. Гарын үсэг зурсны дараа бидний хөдөлмөрийн гэрээг надад байх ёстой гэж хурааж аваад явсан. Бидэнд хөдөлмөрийн гэрээний нэг хувийг өгч байгаагүй, ажилд томилогдсон тушаалыг өгөөгүй. Тэрний дараа хурлыг нээж төсөв хүрэлцэхгүй байна, зарим ажилчид цомхтголд хамаарна гэж мэдэгдэх хуудас өгсөн. Мэдэгдэх хуудасны огноо нь 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр гэсэн байсан. Тэгээд би Ет хандаж таны мэдэгдэх хуудас 6 дугаар сарын 01-нд бичигдсэн байна. Та яагаад 8 дугаар сарын 30-нд өгч байгаа юм вэ гэхэд сар өдөр буруу байж болно гэсэн. Тэгээд уншиж үзэхэд 2016 оны 7 дугаар сарын 01-нээс эхэлж халсан гэж бичсэн тул би Еээс та ажлаас халсан бол ажлаас халсан тушаал, орсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, миний диплом, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн дэвтэр зэрэг бүх баримт бичгийг авъя гэхэд бүх баримт бичиг чинь манай гэрт байгаа. Яаралгүй авна биз дээ гэхээр нь би албаны бичиг баримт яагаад танайд байдаг юм вэ гэхэд уурлаад яваад өгсөн. 21016 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр дахиад цэцэрлэгт очиж эрхлэгч Еээс ажлаас чөлөөлсөн, томилсон тушаалын нэг хувь, хөдөлмөрийн гэрээ, эрүүл мэндийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрийг өг гээд очиход анх 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаартай тушаал, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн ажлаас чөлөөлсөн тухай 28 тоот тушаал, хөдөлмөрийн гэрээ зэргийг 2016 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн. Тэгээд шүүхэд гомдол гаргасан. Болсон асуудал ийм байсан бөгөөд одоо гомдлын талаар яръя. Өлгий сумын хүүхдийн 18 цэцэрлэг шинээр байгуулагдахад аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/208 дугаартай захирамжаар цэцэрлэгийн бүтэц, орон тоог баталсан. Уг бүтэц, орон тоог Засаг даргаас цомхтгосон асуудал байхгүй. Одоо хүртэл 20 хүний орон тоо хэвээр байна. Хэрэв цомхтгосон бол аймгийн Засаг даргаас дахиад захирамж гарах ёстой. Ийм учраас эрхлэгч Е нь өөрөө санаачилж цомхтгол нэрийдлээр ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар цомхтголоор чөлөөлсөн байна. Энэ нөхцөлд мэдэгдэх хуудсыг 1 сарын өмнө өгөх ёстой. Гэтэл мэдэгдэх хуудсыг 2016 оны 8 дугаар сарын 30-нд, ажлаас чөлөөлөх тушаалыг 2016 оны 9 дүгээр сарын 03-нд өгсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэж үзнэ. Надад 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн тушаалыг өгсөн ба 2016 оны 7 дугаар сарын 01-нээс эхэлж ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцэхгүй байна. Хөдөлмөрийн гэрээг 2016 оны 8 дугаар сарын 30-нд бидэнтэй байгуулсан ба тэр өдөр гарын үсэг зуруулсан. Гэтэл гэрээний 1 дүгээр зүйлийн 11-нд Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах ба өөрөөр хэлбэл 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гэж гарын үсэг зуруулсны дараа өөрөө тухайн хуудсыг дахин нөхөж гаргасан гэж үзнэ. Учир нь би уншиж гарын үсэг зурахдаа гэрээнд гарын үсэг зураагүй байсан. Орон тоо хэвээр байгаа тул ажилд эгүүлэн томилж өгөхийг хүсье гэв.
Хариуцагч Өлгий сумын хүүхдийн 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Р.Е шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Р аяг цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 15 дугаартай тушаалаар Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгт 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл үйлчлэгчээр түр хугацаагаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дах заалт, Боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дах заалт, СӨБ-ийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дах заалтуудыг үндэслэн хугацаатай ажилд томилсон юм. Иргэн Д.Р аятай 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан юм. Анх ажилд томилсон 15 дугаартай тушаалд түүний ажиллах хугацааг тодорхой зааж өгсөн, гэрээний хугацаа дуссан, мөн байгууллагын хурал дээр үйлчлэгчээр түр хугацаагаар ажиллаж байгаа хүмүүс хугацаа дууссаны дараа ажлаас чөлөөлөгдөх талаар удаа дараа сануулж байсан. Мөн төсөв хүрэлцэхгүй, орон тоо илүү гэдгийг удаа дараа хурал дээр анхааруулж байсан юм. Манай цэцэрлэгт 50 хүүхэд, 2 бүлэгтэй учир 12 хүн ажиллах орон тоотой байна. хөдөлмөрийн гэрээний хугацаа 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болж байгаа тул 7 дугаар сарын 01-ний өдөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлөх тухай 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 28 дугаартай тушаал гаргасныг Д.Р миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн гэсэн байна. Гэтэл би Д.Р аяг хөдөлмөрийн хуулийн дагуу хугацаатай ажилд авч, хугацаа дууссан тул ажлаас чөлөөлсөн нь түүний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн асуудал огт байхгүй юм. Д.Р аягийн зохиомлоор орон тоог цөөрүүлсэн гэдэг нь үндэсгүй худлаа юм. Хуурамч мэдэгдэх хуудас өгсөн гэжээ. Гэхдээ Д.Р аяд мэдэгдэх хуудас өгөх шаардлагагүй юм. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх хуудас өгөх ёстой юм. Гэтэл Д.Р аягийн албан тушаалд дээрх үндэслэлүүдийн аль алинд хамаарахгүй юм. Тийм учраас мэдэгдэх хуудас өгөх шаардлагагүй юм. Иймд Д.Р аягийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Өлгий сумын хүүхдийн 18 дугаар цэцэрлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Нэхэмжлэгч Д.Р аяаг 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаартай тушаалаар хугацаатай гэрээ байгуулж ажилд авсан. Ажилд авахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үйлчлэгчээр түр хугацаагаар тохиролцож ажилд авсан. Д.Р аяг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан байсан. Д.Р аягийн ажилд орсон тушаалд түүний ажиллах хугацааг тодорхой зааж өгсөн. Гэрээний хугацаа дууссан тул 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс тасалбар болгож үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаартай эрхлэгчийн тушаал гарсан. Нэгэнт хугацаа дуусаж байгаа учраас ажлаас чөлөөлсөн. Чөлөөлөх шалтгаан нь төсөв хүрэлцэхгүй, мөн орон тоо илүү байсан талаар хамт олны 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн, 4 дүгээр сарын 11-ний өдрийн, 6 дугаар сарын 02-ны өдрийн бүх ажилчид оролцсон хурал дээр гэрээт ажилтнууд хугацаа дуусах үед ажлаас чөлөөлөгдөнө, илүү орон тоогоор ажиллаж байгаа гээд удаа дараа сануулж хэлж байсан. Хүүхдийн 18 цэцэрлэг нь 50 хүүхэдтэй, 2 бүлэгтэй. 12 хүн ажиллах ёстой. Ингэж ажлаа хийж байтал 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр өөрөөр хэлбэл цэцэрлэгүүдэд ажилд орно гээд олон хүн талбайд жагсаал хийсэн. Тэр үед аймгийн Засаг дарга сандраад энэ хүмүүсийг ажиллуулах зорилгоор 18 дугаар цэцэрлэгийн бүтэц, орон тоог нэмсэн тухай А/208 дугаартай захирамж гаргасан. Тийм учраас энэ захирамж бол хууль бус захирамж байсан. Энэ цэцэрлэг байгуулагдсанаас хойш байнга энэ улсуудыг ажилд ав гээд шахалт шаардлага тавьсан. Эрхлэгч төсөв хүрэлцэхгүй, ажилд авах гэж байтал 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр захирамж гаргаж 12 хүнтэй цэцэрлэгт 7 хүнийг автоматаар нэмж өгсөн. Тийм учраас цэцэрлэгийн эрхлэгч нь Засаг даргын захирамжийг биелүүлэхээс өөр аргагүй болсон. Сая нэхэмжлэгч хэлэхдээ Засаг даргын захирамжийн дагуу 20 хүн одоо хэвээрээ ажиллаж байгаа гэсэн. Энэ талаар 12 сар хүртэлх цэцэрлэгийн санхүүжилт, төсвийн талаарх материалыг өгсөн. Өөрөөр хэлбэл 28 дугаартай тушаал дээр Хөдөлмөрийн тухай хуулийн бүх заалтыг хангасан. Аймгийн Засаг даргаас хүчээр өгсөн орон тоо илүү байсан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-ийг баримталж чөлөөлсөн. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар энэ хүнийг ажлаас чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл 7 хүн илүү нэмэгдээд ороод ирсэн. Хавтаст хэрэгт бүх саруудын цалингийн цэсийг гаргаж өгсөн. Нэг жишээ хэлэхэд 2016 оны 5 сард 50 хүүхэдтэй, 2 бүлэгтэй байхад энэ дээр 12 хүн ажиллах ёстой байтал 7 хүн нэмэгдсэний дараа цалингийн сан 7127610 төгрөг болж байгаа. Зүй нь 12 ажиллавал 640848 төгрөг болж өөрөөр хэлбэл 1 сая төгрөг илүү гарч байгаа. Тийм учраас энэ жилийн эцэс хүртэл цалингийн сан хүрэхгүй байдалтай байгаа. Илүү орон тоо байхгүй, нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөртэй байгаа. Тийм учраас цаашид гэрээт ажилтнуудыг ажиллуулах боломжгүй байгаагүй. Өөрөөр хэлбэл Засаг даргын захирамжийн хавсралтад гэрээт ажилтан гэж оруулж өгсөн учраас, мөн төсөв байхгүй учраас аргагүй эрхэнд энэ асуудлыг хугацаатай гэрээгээр ажиллуулж хугацаа нь дууссаны дараа энэ хүнийг ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 33 дугаар тогтоолд Ажлаас чөлөөлөх хүний хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримтлах ёстой гэсэн. Цэцэрлэгийн эрхлэгч үүнийг баримталсан. Орон тоо байхгүй, хугацаа дууссан, цаашид төсөв хүрэлцэхгүй гээд заалтыг оруулж өгсөн. Д.Р аяг ажлаас чөлөөлсөн 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 28 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн бүх заалтыг баримталж хуулийн дагуу гарсан тушаал байгаа. Д.Р аягийн нэхэмжлэл дээр Е нь Өлгий сумын хүүхдийн 18 цэцэрлэгт батлагдсан орон тооноос ямар нэгэн бүтэц, орон тоо, ажлын байрыг цөөрүүлээгүй байтал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг зохиомлоор оруулж цөөрүүлсэн нэрийдлээр ажлаас чөлөөлсөн гэж гомдол гаргасан гэсэн. Энэ талаар тайлбараа хэлсэн. Монгол улсын хэмжээнд бүр олон улсын хэмжээнд эдийн засгийн хямралд орж байгаа учраас танах, эдийн засгийг зохистой байдлаар ашиглах ёстой. Баталж өгсөн орон тооноос илүү орон тоогоор ажиллуулах ямар ч боломжгүй байхгүй учраас зохиомлоор орон тоо хасаагүй гэдгийг хэлмээр байна. Мөн надад 1 сарын өмнө мэдэгдэх хуудас өгөөгүй. Ийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн. Ийм асуудал байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдасаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ гэсэн заалт байгаа. Гэтэл энэ дотор байнгын орон тоонд байсан хүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар орон тоог хасаж алга болгож байгаа юм биш. Илүү орон тоог түр хассан учраас энэ дээр мэдэгдэх хуудас өгөх шаардлага байхгүй. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь, хавтаст хэрэгт авагдсан Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Р.Еийн 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар тус цэцэрлэгийн гэрээт үйлчлэгчээр Д.Р аяг 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түр томилон, хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь, мөн 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч Д.Р ая, хариуцагч Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Р.Е нарын гарын үсэг зурж баталгаажуулсан Хөдөлмөрийн гэрээ-ний 1.10-д ажил үүрэг гүйцэтгэж эхлэх хугацаа 2016.03.01; 1.11-д Хөдөлмөрийн гэрээний хугацаа 2016.07.01-ний өдөр туршин ажиллуулна гэсэн хугацаатай гэрээ байгуулсан нь нотлогдож байна.
Хариуцагч Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Р.Еийн гаргасан 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаартай Д.Р аяааг ажлаас чөлөөлөх тухай тушаалд тус цэцэрлэгийн цалингийн сан хүрэлцэхгүй тул орон тоог цөөрүүлж байгаа учраас гэрээтээр, хугацаатай хөдөлмөрийн гэрээгээр үйлчлэгчийн албан тушаалыг гүйцэтгэж ирсэн Д.Р аяг хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж байгаатай холбогдуулан 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж байна гэсэн ба энэ тушаалыг нэхэмжлэгч Д.Р аяд хэзээ гардуулсан болохыг хариуцагч нотолж чадаагүй болно.
Иймээс нэхэмжлэгч Д.Р нь ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн тушаалыг 2016 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр гардаж авснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж мэдүүлж байгаа ба хариуцагч тал үүнийг үгүйсгэж чадаагүй тул нэхэмжлэгч Д.Р нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хуулийн хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна гэж дүгнэлээ.
Хариуцагч Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Р.Е нь 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаартай Д.Р аяг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар нэхэмжлэгч Д.Р аяг ажлаас чөлөөлөхөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-ийг баримталсан боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Өлгий сумын Хүүхдийн 18 дугаар цэцэрлэгийн орон тоог цөөрүүлсэн нь нотлогдохгүй байна. Хариуцагч талын гаргаж өгсөн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хүүхдийн 18 дугаар цэцэрлэгийн 2016 оны төсөв, санхүүжилтийн сар, улирлын хуваарийн өөрчлөлт нь тус цэцэрлэгийн орон тоо цөөрүүлсэн байдлыг нотолж чадахгүй болно.
Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр А/206 дугаартай Бүтэц орон тоог батлах тухай захирамжаар Өлгий сумын хүүхдийн 18 дугаар цэцэрлэгийн орон тоог хавсралтаар баталсан ба хавсралтад гэрээгээр гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний орон тоонд үйлчлэгчийн орон тоо 1 гэсэн ба энэ орон тоог цөөрүүлсэн гэх нотлох баримт байхгүй байна.
Мөн Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч Ш.Хын 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2-01/1783 дугаартай Цэцэрлэгийн эрхлэгч нарт гэсэн албан бичиг нь 50 хүүхдийн цэцэрлэгт ажиллах үндсэн орон тооноос бусад гэрээгээр ажиллагсдад олгох сарын цалин хөлсийг дахин тооцоолж төсвийн хуулийн дагуу бүрэн эрхийнхээ хэмжээнд шийдвэрлэхийг мэдэгдэн чиглэл өгсөн болохоос энэ нь гэрээт ажилчдыг ажлаас чөлөөлөх үндэслэл болж чадахгүй болно.
Хариуцагч Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Р.Е нь нэхэмжлэгч Д.Р аятай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасан үүргээ зөрчиж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах тухайгаа бичгийн хэлбэрээр ажилтан Д.Р аяд мэдэгдээгүй, мэдэгдэх хуудас өгөөгүй байна. Хариуцагч Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Р.Е нь Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгийн багш ажилчдын 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн нийт ажилчид 100 хувь оролцсон хурлаар гэрээт ажилчдыг 7 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас нь чөлөөлөх тухайгаа мэдэгдсэн гэх боловч энэ хуралд нэхэмжлэгч Д.Р болон гэрч Х.К, Х.К нар оролцоогүй, хурал болсон гэдгийг сонсоогүй гэж үгүйсгэж байгаа тул ажлаас чөлөөлөх тухайгаа хариуцагч Д.Р аяд мэдэгдсэн гэж үзэх боломжгүй болно.
Нэхэмжлэгч Д.Р нь Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгт 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 7 дугаар сард тус цэцэрлэгт гэрээт үйлчлэгчээр ажиллаж байсан нь шүүх хуралдаанд оролцсон гэрч Х.К, Х.К нарын мэдүүлгээр нотлогдож байна. Хариуцагч талын гаргаж өгсөн Өлгий сумын Хүүхдийн 18 дугаар цэцэрлэгийн ажилчдын 3-5 дугаар сарын цалингийн цэст нэхэмжлэгч Д.Р гарын үсгээ зурсан ба бусад цалингийн цэсүүд хэдэн сарынх болох нь тодорхойгүй, ажилчдын гарын үсэг зурагдаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.
Хариуцагчийн өмгөөлөгч А.С нь шүүх хуралдаанд Шинжлэх ухаан Боловсролын сайд, Сангийн сайдын 1995 оны 227/119 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан Хүүхдийн цэцэрлэгийн захиргаа, үйлчилгээний ажилтны орон тооны үлгэрчилсэн норматив-ыг баримталж, хүүхдийн цэцэрлэгийн бүтэц орон тоог тогтоох ёстой байтал Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр А/208 дугаартай захирамж гаргаж, Өлгий сумын хүүхдийн 18 дугаар цэцэрлэгийн бүтэц орон тоог баталсан нь хууль зүйн үндэслэлгүй энэ талаар аймгийн Засаг даргад захирамжийг хүчингүй болгуулахаар хандсан гэх боловч энэ захирамжийн хууль зүйн үндэслэлтэй эсэх нь нэхэмжлэгч Д.Р аягийн хөдөлмөрийн маргаанд хамааралгүй болно.
Нэхэмжлэгч Д.Р аягийн нэхэмжлэлийн шаардлага нь Өлгий сумын хүүхдийн 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Р.Еийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаартай Д.Р аяааг ажлаас чөлөөлөх тухай тушаалд гаргасан гомдол болно.
Иймд дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч Д.Р аяг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нь нотлогдож байгаа тул түүнийг Өлгий сумын хүүхдийн 16 дугаар цэцэрлэгийн гэрээт үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.
Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх маргаан тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Өлгий сумын хүүхдийн 18 дугаар цэцэрлэгийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан РД:****Т овогт Дий Раяг Өлгий сумын Хүүхдийн 18 дугаар цэцэрлэгийн гэрээт үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Р нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Өлгий сумын хүүхдийн 18 дугаар цэцэрлэгийн санхүүгээс 70200 /далан мянган хоёр зуун/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК