Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 0047

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Зулаа

Улсын яллагч: С.Оюунжаргал /томилолтоор/,

Хохирогчийн төлөөлөгч: Р.Б, түүний өмгөөлөгч Б.Лхагвасүрэн,

Шүүгдэгч: Б.М, түүний өмгөөлөгч Д.Мядагбадам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигин овогт Биндэръяагийн Мад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803010510122 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигин овогт Биндэръяагийн М, 1970 оны 3 дугаар сарын 30-нд Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, “Жет” ХХК-д инженер ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 14 дүгээр байрны 38 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ХД-70033077 тоот регистртэй,

Шүүгдэгч Б.М нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өглөөний 07 цаг 40 минутын орчим Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Бүрэн плаза төвийн урд замд Тоёота Приус маркийн 1489 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасч, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчин явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Д.Рг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                         ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.М шүүх хуралдаанд: “ Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогчийн төлөөлөгч Р.Б шүүх хуралдаанд: “ Энэ гэмт хэргийн улмаас эрдэнэт хүний амь нас хохирсонд гомдолтой байна. Нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

Амь хохирогч Д.Ргийн гэрчээр мөрдөн байцаалтад өгсөн: “...Би гэрээсээ гараад Аминаа гэх ачийгаа 40 дүгээр сургуульд хүргэж өгөөд “Бүрэн плаза” төвийн урд талд ертөнцийн зүгээр урдаас хойш чигт явган хүний гарцаар гарч явтал миний зүүн гар талаас нэг юм хүчтэй цохих шиг болсон тэрнээс хойш болсон үйл явдлыг санахгүй байна. Одоо миний бие цээжнээс доод хэсэгт ямар ч мэдээ байхгүй, хүний асаргаанд орсон маш хэцүү байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 87/,

 

Шинжээчийн 515 тоот дүгнэлтэд: “...Д.Ргийн биед дух ясны хугарал, зүүн духны дэлбэнгийн урд хэсгийн тархины эдийн цэгчилсэн цус хуралт, зүүн ухархайн дээд хананы хугарал, хүзүүний 6-р нугалмын хажуугийн цул, сээрний 1, 2-р нугалмын арын сэртэнгийн хугарал, баруун шуу, богтос ясны доод хэсгийн далд хугарал, хамар ясны хугарал, нүүрний зулгаралт, цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 93-94/,

 

Шинжээчийн 249 тоот дүгнэлтэд: “...Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын дух яснаас суурь ясны зүүн урд хонхор хүрч үргэлжилсэн далд хугарал, тархины хоёр тал бөмбөлгийн дагзны хэсгийн аалзан хальсны доорх голомтлог цус харвалт, хүзүүний 6-р нугаламын их бие, баруун талын хөндлөн сэртэн, сээрний 1, 2-р нугаламын арын сэртэнгийн хугарал, нугасны эдийн няцрал, үхжил, баруун шуу, богтос яс, зүүн нүдний ухархайн хана, хамар ясны далд хугарал, дух, баруун, шуу, богтос яс, зүүн нүдний ухархайн хана, хамар ясны далд хугарал, дух, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа, чих орчим, хамрын нуруу, эрүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Талийгаачид цөсний хүүдийн чулуужилт, ерөнхий судас хатуурал, нойр булчирхайн архаг үрэвсэл зэрэг архаг хууч өвчин эмгэг тогтоогдсон бөгөөд эдгээр нь үхэлд нөлөөлөхгүй болно. Талийгаач нь дээрх хавсарсан хүнд гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ. Талийгаач нь 2019.01.06-ны оройн 18 цаг 30 минутад нас барсан байна /өвчний түүхэнд тэмдэглэснээр/. Талийгаач нь В /III/-р бүлгийн цустай байна. Талийгаачийн цусанд спиртийн зүйл илрээгүй байна” гэсэн дүгнэлт /хх-н 118/,

 

Техникийн шинжээчийн 58 тоот дүгнэлтэд: “...Toyota Prius маркийн 14-89 УНО улсын дугаартай автомашины жолооч Биндэръяа овогтой М нь Замын хөдөлгөөний дүрмийн 16.1.-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Дамдинжавын Р нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэсэн дүгнэлт /хх-н 112/,

 

Гэрчээр Б.Мын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 19-ний өглөө гэрээсээ гараад ...явган хүний гарцан дээр зогсож хэдэн хүүхэд гаргаад хөдөлтөл түс гээд чимээ гарсан. Би машинаа зогсоогоод машинаас буугаад машины урд талаар тойрч хартал нэг хүн газарт хэвтэж байсан. Өндийлгөж суулгаад “зүгээр үү, та яасан” гээд асуугаад шууд 102, 103-т дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 88-89/,

 

Яллагдагчаар Б.Мын мөрдөн байцаалтад өгсөн: “...Одоогийн байдлаар хохирогчийн ар гэрээс хэлсний дагуу би 22.377.751 төгрөгийг бүрэн төлсөн байгаа. ...Тухайн үед хурд хэтрүүлээгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй явж байгаад ийм осол болсонд маш их харамсаж байна. Хохирогчийн эмчилгээний зардлыг төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 132-133/,

 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, Тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-н 6/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 8-14/, Цогцосонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 15-17/, Хохирлын баримтууд /хх-н 29-85/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 146-165/, Хохирлын мөнгө хүлээлцсэн баримт, шилжүүлсэн баримт /хх-н 169, 171/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

  

Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.М нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өглөөний 07 цаг 40 минутын орчим Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Бүрэн плаза төвийн урд замд Тоёота Приус маркийн 14-89 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасч, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчин явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Д.Рг мөргөж амь насыг нь хохироосон гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, амь хохирогч Д.Ргийн: “...Бүрэн плаза төвийн урд талд ертөнцийн зүгээр урдаас хойш чигт явган хүний гарцаар гарч явтал миний зүүн гар талаас нэг юм хүчтэй цохих шиг болсон тэрнээс хойш болсон үйл явдлыг санахгүй байна. Одоо миний бие цээжнээс доод хэсэгт ямар ч мэдээ байхгүй, хүний асаргаанд орсон маш хэцүү байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 87/, шинжээчийн 515, 249 тоот, техникийн шинжээчийн 58 тоот дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Б.Мын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.М нь амь хохирогч Д.Рг явган хүний гарцаар гарч байхад нь мөргөж амь насыг нь хохироосон үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал  дүгнэлт нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь хохирогчийн төлөөлөгчид 22.377.751 төгрөг төлсөн нь мөнгө хүлээлцсэн баримт /хх-н 165/, Хас банкны орлогын баримт /хх-н 171/, хохирогчийн төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Б.Мыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн Шударга ёсны болон Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч Б.Мад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, талийгаачийн ар гэрт бусад туслалцаа үзүүлж оршуулгын зардалд нийт 22.377.571 төгрөг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна. 

 

Шүүхээс, Б.Мын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ буюу хүний амь нас хохирч хүнд хохирол, хор уршиг учирсан байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулав.

 

Шүүгдэгч Б.М үйлдсэн хэргийн талаар шударгаар мэдүүлж, гэмшиж байгаа хувийн байдлыг нь харгалзан эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.