Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2021/0114

 

Х.А-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгч Х.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 737 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлын дагуу Х.А-ын нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 737 дугаар шийдвэрээр:

“Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасны баримтлан нэхэмжлэгч Х.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хангаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/347 дугаар тушаалыг хүчингүй болгож, Х.А-ыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, цэргийн хурандаа цолыг буцаан олгож,

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчид 12,892,069.11 /арван хоёр сая, найман зуун ерин хоёр мянга, жаран есөн төгрөг, арван нэгэн мөнгө/ төгрөгийг олгохыг, ийнхүү олгохдоо хуульд заасан холбогдох суутгалуудыг хийхийг, нэхэмжлэгчийн ажиллаагүй хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлөхийг тус тус хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад даалгаж...” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С давж заалдах гомдолдоо:

“...1. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...удирдлага зохион байгуулалтын үйл ажиллагааг дээрх учралтай шууд холбон буруутгах боломжгүй” гэж шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулалгүй буруу үнэлж дүгнэсэн. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 268 дугаар зүйлийн 268.1-д “Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэж, 268.1.2-т “согтуурах ,мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх” гэж заасан.

Х.А-ын албан тушаалын тодорхойлолтын 4 дүгээр зорилтын 4.2-т “Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх эмнэлгийн зарим үйл ажиллагаанд хяналт тавих”, 4.3-т "Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг удирдлага зохион байгуулалтаар хангах” гэж тус тус заасныг бүрэн хэрэгжүүлж ажиллаагүй, Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт албадан эмчлүүлж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангах, тэдний дундаас гэмт хэрэг, зөрчил, осол гарахаас урьдчилан сэргийлэх талаар тодорхой үүрэг, даалгавар өгч удирдлага, зохион байгуулалтаар бүрэн хангаж ажиллаагүйн улмаас хүний амь нас хохирсон болох нь Хорих ял эдлүүлэх албаны 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн албаны шалгалт явуулсан баримтаас тодорхой харагдаж байна.

2. Анхан шатны шүүх прокурорын удаа дараагийн шаардлагуудыг буруу дүгнэсэн тухайд:

Нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 268 дугаар зүйлийн 268.1.1–д “хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээг гүйцэтгэх талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хяналт тавих, нэгдсэн тоо бүртгэл хөтлөх", 268.1.5-д “... хуульд заасан зарим төрлийн албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа бусад байгууллагын ажиллагаанд хяналт тавих, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах" гэж тус тус заасныг хэрэгжүүлж ажиллаагүйгээс прокурорын шаардлагаар удаа дараа зөрчил заагдсан.

Өөрөөр хэлбэл хариуцагч тал нэхэмжлэгчийг прокуророос ирсэн шаардлагуудыг хангалтгүй биелүүсэн гэж буруутгаагүй бөгөөд харин нэхэмжлэгч хуулиар олгогдсон чиг үүргийн дагуу салбар нэгжийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, зөрчил, дутагдал гаргахаас урьдчилан сэргийлж ажиллаагүйн улмаас прокуророос ирсэн албан шаардлагуудад удаа дараа зөрчил заагдсан гэж халсан байхад шүүх Прокурорын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт "аймаг, нийслэл, дүүргийн прокурорын албан шаардлага болон түүний агуулгад дурдсан асуудлаар нэхэмжлэгч Х.А нь хугацаатай үүрэг авч, тодорхой ажлуудыг зохих ёсоор нь гүйцэтгэж байсан болох нь үйл баримтаар тогтоогдож байх..." гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан байна.

Түүнчлэн Засгийн газрын 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-ын 2.1-д “...Нэгжийн даргын гүйцэтгэлийн төлөвлөгөө нь тухайн байгууллагын нэгжийн төлөвлөгөө болно” гэж заасны дагуу 2019 онд Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны төлөвлөсөн ажлын гүйцэтгэлд нь тухайн жилийн эцэст өгсөн үнэлгээ бөгөөд нэхэмжлэгч хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт чиг үүргээ хангалтгүй биелүүлсний улмаас прокурорын шаардлагуудад зөрчлүүд гарсан байхад анхан шатны шүүх тэдгээр зөрчлүүдийг төсөв санхүү, хөрөнгө оруулалттай холбож буруу тайлбарлан дүгнэсэн.

3. Шийдвэрийн үндэслэх хэсэгт“...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/37 дугаар “Хүч нэмэгдүүлсэн хамгаалалтад шилжин ажиллах тухай” тушаалд заасан хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг зохих ёсоор хэрэгжүүлэн ажиллаагүйн улмаас ноцтой үр дагавар үүссэн нөхцөл байдал бий болсон, байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүргэсэн зэрэг зүйлгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.1-д “шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгтгэн зохион байгуулж, захиргааны болон мэргэжлийн удирдлагаар хангах", 262.1.3-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд болон хорих байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэст онцгой дэглэм тогтоох, албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, цуцлах" гэж тус тус заасан бүрэн эрхийн хүрээнд дээрх тушаалыг гаргаж, хавсралтаар үүрэг гүйцэтгэх алба хаагчдын хийж гүйцэтгэх ажил, үүргийн хуваарийг баталсан.

Нэхэмжлэгч дээрх тушаалаар өгсөн үүрэг болон Төрийн албаны тухай хуулийн 37.1.6-д “харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” гэж, Цэргийн албаны тухай хуулийн 6.1-д “Цэргийн алба хаагч дараах нийтлэг үүрэгтэй” гээд 6.1.4-д “албан тушаалын үүргээ биелүүлэх” гэж, 6.1.5-д “захирах, захирагдах зарчмыг мөрдөх” гэж тус тус заасан үүргээ биелүүлээгүй нь Хяналт шалгалтын газрын 2020.03.16-ны өдрийн албаны шалгалтаар тогтоогдсон байхад шүүх зохих ёсоор үүргээ биелүүлээгүйн улмаас байгууллагын хэвийн үйл ажиллагаа заавал алдагдсан байхыг ойлгож, буруу дүгнэсэн.

4. Мөн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байхад нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн болно.

Эцэст нь маргаан бүхий захиргааны актыг Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 228 дугаар тогтоолоор Төрийн албаны тухай хууль зөрчөөгүй болохыг тогтоож, нэхэмжлэгчид 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06/1166 дугаар албан бичгээр түүнд хүргүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн дүүрэн үнэлээгүй буруу үнэлсэн, хэт нэг талыг барьсан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасан шаардлагыг хангаагүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2020/0737 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд Д.О давж заалдах гомдолдоо:

“...1. Нэхэмжлэгч Х.А нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн байхад шүүх илтэд хууль зөрчин, нэхэмжлэлийг хүлээн авч, хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Х.А нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/347 дугаар тушаалыг хянуулахаар Төрийн албаны зөвлөлд хандсан байдаг. Төрийн албаны зөвлөл 3 сарын турш холбогдох ажиллагааг явуулж 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 228 тоот тогтоолоор тушаал хууль зөрчөөгүй болохыг тогтоосон. Уг тогтоолоо 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06/1166 тоот албан бичгээр Х.А-д хүргүүлсэн болох нь хавтаст хэргийн 8 дугаар талд авагдсан баримтаас тодорхой харагдана.

Харин Х.А нь элдэв шалтаг тоочин 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг дахин хянуулах хүсэлт гаргасныг “...өмнө хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй ...”, “Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 228 тоот тогтоол хүчин төгөлдөр байх тул гомдлыг дахин шийдвэрлэх үндэслэлгүй” гэж буцаасан байна. Гэтэл анхан шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хугацаа хэтрүүлэн гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “...захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж, 54 дүгээр зүйлийн 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж тус тус заасныг зөрчин байж хүлээн авсан байна.

Шүүх хэрэгт авагдсан баримтыг үл тоомсорлон, хэт нэг талыг барин хэргийг шийдвэрлэсэн нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “ ... маргааныг хэнээс ч хараат бус, зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шүүгчийн ёс зүйг чанд сахиж явахаа ард түмэндээ батлан тангараглая” гэж Төрийн сүлдэнд тангараг өргөснөө мартсан хэрэг гэж ойлгож байна .

2. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан. Гэтэл хууль зөрчин захиргааны хэрэг үүсгэсэн төдийгүй тушаалтай холбоотой дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байх тул дараах нэмэлт тайлбарыг гаргаж байна.

Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” нь төрийн албанаас халах үндэслэл болохоор заасан. Анхан шатны шүүх тушаалд заасан хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг зохих ёсоор хэрэгжүүлэн ажиллаагүйн улмаас ноцтой үр дагавар үүссэн нөхцөл байдал бий болсон, байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүргэсэн зүйлгүй байна” гэж Х.А-ыг албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Хэрэгт авагдсан баримтаар ч энэ нь нотлогдож байна. Тухайлбал:

2.1. Нэхэмжлэгч нь Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны даргын ажлыг танилцуулж байсан боловч зөрчил дутагдал арилаагүй байсан нь удаа дараагийн хашиж байх хугацаанд прокурорын шаардлагуудыг биелүүлсэн мэтээр удирдлагад хяналт шалгалтын явцад тодорхой болсон. Тухайлбал, удирдлагын зохион байгуулалт, ямар ч хяналтгүй байсны улмаас хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн, албадлагын арга хэмжээ авагдсан эрэн сурвалжлагдаж буй ялтан, хорих ялаас хугацааны өмнө суллаж хяналт тогтоосон этгээдийн нэгдсэн бүртгэл хийгдээгүй, 50 гаруй этгээд олон сараар ямар ч бүртгэлгүй, хяналтгүй оргон зайлсан байдалтай байсан.

Урьд илэрсэн зөрчил, дутагдал арилахгүй байсан нь Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 9148 тоот шаардлага, Нийслэлийн прокурорын газрын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 35 тоот шаардалага, мөн Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 6/02 тоот шаардлага Мэргэжлийн хяналтын байгууллагын шаардлага зэргээс харагддаг. Эдгээр албан шаардлагад дурьдагдсан зөрчлүүд нь ажлын байрны тодорхойлолт заасан албаны даргын удирдлага, хяналт шалгалт, зохион байгуулалттай холбоотой ажлууд байдаг.

2.2. Согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлэх газарт албадан эмчлүүлж байсан этгээд амиа хорлосон учралд албаны хэд хэдэн зөрчлөөс үүдэлтэй болох нь Прокурорын шаардлага болон албаны шалгалт явуулсан илтгэх хуудас зэргээр нотлогдоно.

2.3. Сар шинийн баярын өдрүүдэд ноцтой үр дагавар үүсэхээс сэргийлэх, алба хаагчдын сонор сэрэмж алдагдах, хоригдогч, хоригдлын зүгээс үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх зорилготой “Хүч нэмэгдүүлсэн хамгаалалтад шилжих ажиллагааны тухай” тушаалын 6 дугаар зүйлд “... өдөрт ерөнхий эргүүл 3-аас доошгүй хорих анги, байгууллагыг шалгах” гэж заасны дагуу Х.А ганц өдөр ажиллах хуваарьтай байсан. Гэтэл энэ үүргээ огт биелүүлээгүй болох нь Ц.Төмөрчөдөр, Б.Мөнхбаясгалан болон өөрийнх нь тайлбараар нотлогдож байна. Шүүх “ноцтой асуудал гарахгүй бол утсаар мэдээлэл аваад сууж байж болно” гэсэн нь байгууллагын үйл ажиллагаанд халдсан төдийгүй баримтаар бус үзэмжээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасны дагуу Х.А-ын нэхэмжлэлтэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.  

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Б/347 дугаар тушаалыг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны даргын албан тушаалд эгүүлэн томилж, цэргийн хурандаа цолыг буцаан олгон, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэмэгдлийн хамт бүрэн хэмжээгээр нөхөн олгох, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Анхан шатны шүүх “... 3 ба түүнээс дээш албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх хуулийн шаардлагыг хангаагүй байхад түүнийг төрийн албанаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй ... бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүргээ хэлбэрийн төдий хэрэгжүүлсэн” гэсэн дүгнэлт хийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Маргаан бүхий актаар хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолт, удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг хангалтгүй биелүүлж хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх чиглэлээр прокурорын шаардлагад удаа дараа зөрчил заагдсан, Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх газрыг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллаагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны “Хүч нэмэгдүүлсэн хамгаалалтад шилжин ажиллах тухай” А/37 дугаар тушаалыг хэрэгжүүлж ажиллаагүй гэсэн үндэслэлүүдээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас дутагдлаар халж, цэргийн хурандаа цолыг хурааж шийдвэрлэжээ.

1. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Төв аймгийн прокурорын газрын прокуророос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Д-д 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 21 дугаар прокурорын шаардлага, Нийслэлийн прокурорын газрын прокуророос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Д.Д-д 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1/48 дугаар прокурорын шаардлага, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокуророос Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, дэд хурандаа Р.Энхтайванд 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн прокурорын шаардлага, Монгол Улсын Ерөнхий прокуророос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Д-д 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 6/02 дугаар прокурорын шаардлагыг тус тус хүргүүлж байсан бөгөөд уг прокурорын шаардлагуудаар нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 268 дугаар зүйлийн 268.1.1-д “хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээг гүйцэтгэх талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хяналт тавих, нэгдсэн тоо бүртгэл хөтлөх", 268.1.5-д “... хуульд заасан зарим төрлийн албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа бусад байгууллагын ажиллагаанд хяналт тавих, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах" гэж тус тус заасныг хэрэгжүүлж ажиллаагүйгээс зөрчил, дутагдал гаргахаас урьдчилан сэргийлж ажиллаагүй, прокурорын шаардлагаар удаа дараа зөрчил заагдсан гэж хариуцагчаас тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан прокурорын шаардлагуудаар нэхэмжлэгчийн буруутай үйлдлийн улмаас дээрх зөрчлүүд үйлдсэн болохыг бүрэн тогтоогоогүй ба зөвхөн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Х.А-д хаяглагдаагүй, тус албаны үйл ажиллагаатай бүгд хамааралтай биш, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бусад үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг дурьдсан байна.

Харин эсрэгээр нэхэмжлэгчээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд хорих ял эдлүүлэх албаны дарга Ш.Б-д 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Шаардлагын мөрөөр зохион байгуулсан ажлын талаар” 3а/730, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Шаардлагын мөрөөр зохион байгуулсан ажлын талаар” 3а/797 албан бичгээр тус тус шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах ажлын биеэлэлтэд хяналт тавьж ажилласан талаар мэдэгдэж, шаардлагатай ажиллагааг хийн прокурорын шаардлагад дурдсан зөрчил дутагдлыг арилган, зөрчил гарах болсон эдийн засгийн болон бусад боломжгүй нөхцөл байдлыг тайлбарлан мэдэгдэж байжээ.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны даргын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Үүрэг хүргүүлэх тухай” 03/144 албан бичгээр үүрэг, даалгавар өгч 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор шуурхай зохион байгуулж, үр дүнд хүрч ажилласан талаар танилцуулахыг шаардсанд нэхэмжлэгчээс 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 3а/106 албан бичгээр тус үүрэг даалгаврыг бүрэн хяналт тавьж хэрэгжүүлсэн талаар танилцуулан мэдэгдсэн байна.

Мөн дахин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны даргын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Үүрэг хүргүүлэх тухай”03/919 албан бичгээр прокурорын шаардлагад заасан зөрчлүүдийг арилгах чиглэлээр төлөвлөгөө гарган удирдлага зохион байгуулалтаар тогтмол хангаж, үр дүнтэй бодитой ажлыг шуурхай зохион байгуулан биелэлтийг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн дотор танилцуулахыг даалгажээ. Үүнд нэхэмжлэгчээс 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “Үүргийн биелэлт хүргүүлэх тухай” 3а/143 албан бичгээр дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн талаар танилцуулсан байна.

Түүнчлэн хэрэгт авагдсан Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Х.А-ын 2017, 2018 оны үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг дүгнэх илтгэх хуудас дээр удирдлагын зүгээс 96.5, 91,0 гэж хангалттай сайн үнэлсэн, Байгууллагын зохион байгуулалтын нэгжийн жилийн эцсийн гүйцэтгэлийн тайлан /2019/-д Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албыг Бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, арга хэмжээний хэрэгжилт, хүрсэн үр дүн, Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилт, арга хэмжээний хэрэгжилт, Хуулиар олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээний хэрэгжилт гэх 3 үндсэн арга хэмжээнүүдийг хэрхэн зохион байгуулж хэрэгжилтийг шалгаж, 100 хувь буюу “хангалттай” гэж дүгнэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Д.Д гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан  атлаа 3 сарын дараа буюу 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/347 дугаар тушаалаар ажлаас халахдаа “нэхэмжлэгчийг прокуророос ирсэн шаардлагуудыг хангалтгүй биелүүлсэн гэж буруутгаагүй, харин хуулиар олгогдсон чиг үүргийн дагуу салбар, нэгжийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, зөрчил дутагдал гаргахаас урьдчилан сэргийлж ажиллаагүйн улмаас прокуророос ирсэн албан шаардлагуудад удаа дараа зөрчил заагдсан гэж халсан байхад Прокурорын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.

Харин Хорихоос өөр ял эдлүүлэх албанаас “Архидан согтуурахтай тэмцэх сангийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгах санал, техникийн үзүүлэлтийг 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр боловсруулсан, мөн Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 3а/15, мөн сарын 16-ны өдрийн 3а/25, 2 дугаар сарын 03-ны өдрийн  3а/78 тоот албан бичгүүдээр тус тус мэдэгдэл, чиглэл, үүргийг өгсөн ба хийж гүйцэтгэсэн үйл ажиллагааны тайланг тухай бүр авч холбогдох мэдээллийг удирдлагад хүргүүлж байсны зэрэгцээ Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Нийслэлийн Засаг даргад Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын шинэ байр барих төсвийн асуудлыг шийдвэрлүүлэхээр уламжлуулж байжээ.

Ийнхүү хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч нь хариуцагч буюу дээд шатны байгууллагаас өөрт оноон өгсөн үүрэг даалгаврыг албан үүргийн дагуу тогтмол, цаг хугацаанд нь биелүүлж, танилцуулж байсан нь нотлогдож байх бөгөөд ямар үүрэг даалгаврыг хэрэгжүүлээгүй нь тодорхой биш байх тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх нотлох баримтыг зөв үнэлж үндэслэл бүхий дүгнэлт гаргасан байна.

2. Маргаан бүхий актын Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх газрыг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллаагүй гэх үндэслэлийн тухайд хариуцагчаас 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Баян сум дахь Хөдөлмөр, эмчилгээ, асрамжийн газарт эмчлүүлж байсан иргэн Ц.Э амиа боомилж хорлосон хэрэг учралаар нэхэмжлэгчийг буруутган давж заалдах гомдолдоо тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгчийн удирдлага зохион байгуулалтын үйл ажиллагааг дээрх үйл явдалтай шууд холбон буруутгах боломжгүй буюу иргэн Ц.Э амь эрсдсэн шалтгаан, нөхцөл байдлыг бүрэн тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй байхад нэхэмжлэгчийг Ц.Э-г амиа боомилж хорлоход хүргэсэн мэтээр тайлбарлан буруутгах нь үндэслэлгүй.

Нөгөөтэйгүүр үүнээс гадна Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх газрыг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллаагүй нэхэмжлэгчид хамаарах ямар зөрчил дутагдал байгаа талаар хариуцагчаас тайлбарлах, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д зааснаар хариу тайлбарын үндэслэлийг нотлох баримтыг заах үүргээ хэрэгжүүлээгүй байх тул хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны “Хүч нэмэгдүүлсэн хамгаалалтад шилжин ажиллах тухай” А/37 дугаар тушаалыг хэрэгжүүлж ажиллаагүй гэсэн үндэслэлийн тухайд тус тушаалаар шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор цагаан сарын баярын өдрүүдэд алба хаагчдын сонор сэрэмж, албаны бэлэн байдлыг дээшлүүлж, хоригдогч, хоригдогчийн зүгээс үйлдэгдэж болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэмжээнд 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 09.00 цагаас 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 09.00 цаг хүртэл хугацаанд хүч нэмэгдүүлсэн хамгаалалтад шилжин ажиллуулах шийдвэр гаргажээ.

Тухайн тушаалын хавсралтаар Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны дарга, хурандаа Х.А нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ерөнхий эргүүлээр ажиллах хуваарь гаргаж, мөн тушаалын 6 дахь заалтад өдөрт ерөнхий эргүүл болон хариуцлагатай эргүүлийг 3-аас доошгүй хорих анги, байгууллагыг шалгахаар үүрэг болгосон байна.

2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хүч нэмэгдүүлсэн хамгаалалтад шилжин ажилласан талаар илтгэх хуудсанд “...Х.А нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон Хорих ял эдлүүлэх албаны байрлалд ирж ажиллаагүй, ...тушаалын 6 дахь заалтад ...өдөрт ерөнхий эргүүл болон хариуцлагатай эргүүлийг 3-аас доошгүй хорих анги, байгууллагыг шалгахаар... гэж заасныг хэрэгжүүлээгүй. Илтгэх хуудсыг шуурхай удирдлагын оператор жижүүр ахмад П.Ц-тэй гар утсаар холбогдон бичүүлсэн...” гэжээ.

Харин нэхэмжлэгчийн хамт хүч нэмэгдүүлсэн хамгаалалтад ажилласан Л.Н, Б.М, П.Ц, Ц.Т нарын мэдүүлсэн илтгэх хуудаснаас үзвэл нэхэмжлэгчийн би “...Ажлын байрандаа ирсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих анги нэгж албаны хорих ангийн дарга нарын 90 хувьтай нь 13.00-23.00 цагийн хооронд утсаар ярьсан...” гэх тайлбар нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл хэдийгээр нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар дээр ирж ажиллаагүй, өөрийн ажлын байран дээр ажиллаж шийдвэрт заасныг биелүүлээгүй, хариуцлага алдсан нь тогтоогдож байх боловч дээрх тушаалын хэрэгжилтыг хангуулан хүч нэмэгдүүлсэн хамгаалалтын хариуцлагатай эргүүл, жижүүрийн бүрэлдэхүүнтэй утсаар ярьж, удирдлага зохион байгуулалтаар хангаж, хянан шалгах хорих ангиудын хэвийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажилласныг  үгүйсгэх боломжгүй тул хариуцагчийн тайлбарласанчлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны “Хүч нэмэгдүүлсэн хамгаалалтад шилжин ажиллах тухай” А/37 дугаар тушаалыг огт хэрэгжүүлж ажиллаагүй гэж үзэхгүй. Харин нэхэмжлэгчийг илтгэх хуудсанд гарын үсэг зураагүй болохыг гэрч нар мэдүүлдэг боловч тухайн илтгэх хуудсан дээр нэр бүхий хүмүүс мөн гарын үсэг зураагүй болохыг дурьдах нь зүйтэй.

4. Гуравдагч этгээд гомдолдоо “... бүртгэл хийгдээгүйн улмаас 50 гаруй этгээд олон сараар ямар ч бүртгэлгүй, хяналтгүй оргон зайлсан байдалтай байсан” гэж дурьдсан боловч нэхэмжлэгчийг уг асуудлаар шууд буруутгаж, ажлаас халах үндэслэл болгоогүй, хэрэгт авагдсан Хорихоос өөр ял эдлүүлэх албаны даргын ажлын байрн ы тодорхойлолтод хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн, албадлагын арга хэмжээ авагдсан эрэн сурвалжлагдаж буй ялтан, хорих ялаас хугацааны өмнө суллаж хяналт тогтоосон этгээдийн бүртгэлийг үндсэн анхан шатны нэгж салбар байгууллагууд хөтөлж, нэгдсэн бүртгэлд оруулах ба уг бүртгэлийг хөтлөх үүрэг тус албаны даргын хувьд ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй байх тул энэхүү гомдолд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

5. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргахад 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Маргаан хянан шийдвэрлэх тухай” 228 дугаар тогтоолоор гомдлыг хангахгүй орхижээ.

Улмаар нэхэмжлэгч Х.А дээрх тогтоолыг мөн эс зөвшөөрч Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.2-т “Энэ хуулийн 93.1-д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно” гэж зааснаар дахин гомдол гаргасныг 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хариу өгсөн бөгөөд 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргасанд нэхэмжлэгчийг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн, хариуцагчийн гаргасан уг акттай маргах эрхгүй гэж үзэх боломжгүй.

Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д зааснаар хариуцагчийн сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг эс зөвшөөрч, гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг мэдсэнээс хойш 30 хоногын дотор нэхэмжлэл гаргасан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох гомдлуудыг хангах хууль зүйн үндэслэлгүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 737 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, гуравдагч этгээд Д.О нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                          Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                          Д.ОЮУМАА