Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2018/01086

 

“” УТҮГ-ын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

  Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн    

          2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/03227 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 621 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: “” Улсын төсөвт үйлдвэрийн газар /УТҮГ/

          Хариуцагч: “Т” ХХК-д холбогдох

         Гэрээний үүрэгт 214.555.625 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, хариуцагчийн төлөөлөгч Ж.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

        Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн агаарын чанарын алба нь “Т" ХХК-тай “Үртсэн шахмал түлшний үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэх, угсарч суурилуулж ажиллуулах, бүтээгдэхүүн нийлүүлэх” гэрээг 2012-10-08-ны өдөр байгуулсан. Нийслэлийн агаарын чанарын алба 200 сая төгрөг төлөх, нийлүүлэгч Т ХХК нь үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэх, угсарч суурилуулах ажлыг 2012-12-20-ны өдөр дуусган, 2013-02-01-ны өдрөөс 2014-03-31-ны өдрийн дотор  1330 тн үртсэн шахмал түлшийг нийлүүлэх үүрэг хүлээсэн. Нэхэмжлэгч гэрээний урьдчилгаанд 60сая төгрөгийг 2012-12-24-ний өдөр, 130 сая төгрөгийг 2013-03-12-ны өдөр шилжүүлсэн. Нэхэмжлэгчээс гэрээний үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардаж байсан ч Т ХХК  гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Талууд 2014-05-21-ний өдөр төлбөр гүйцэтгэх гэрээг хийж, 2015-05- 30-ны дотор төлбөрийг буцаан төлүүлэхээр тохиролцсон ч биелүүлээгүй. Иймд гэрээгээр авсан 171.644.500 төгрөг, алданги 42.911.125 төгрөг, нийт 214.555.625 төгрөгийг Т ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

    Хариуцагч шүүхэд  гаргасан тайлбартаа: Захиалагч нь барааг гэрээндээ хоёр багц болгон хуваасан. Эхний үртсэн шахмал түлшний үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэх, угсарч суурилуулах ажлыг Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд 2013-01-28-ны өдөр хийсэн. Захиалагч 60сая төгрөг өгсөн. Нийлүүлэгч 2013-02-03-ны өдөр 200сая төгрөгийн гүйцэтгэлтэй гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзээд үлдэгдэл төлбөр болох 140сая төгрөгийн хүсэлтийг төлбөрийн нэхэмжлэх болон гэрээний ерөнхий нөхцөл, тусгай нөхцөлд заасан баримт бичгийн хамт захиалагчид хүргүүлсэн. Захиалагч 2013-03-12-ны өдөр 130сая төгрөгийг дансанд шилжүүлсэн. Үүнээс хойш ямар нэгэн санхүүжилт аваагүй. 2013-02-01-ний өдрөөс 2014-03- 31-ний өдөр хүртэлх хугацаанд нийлүүлэх 1.330 тн үртсэн шахмал түлшнээс 122.37 тн түлш нийлүүлсэн. 2014-04-14-ний өдөр түлшний нийлүүлэлтийг дүгнэх хурал дээр захиалагч нь түлшинд татаас өгөхгүй байх, цаашид зах зээлийн зарчмаар борлуулах шийдвэр гаргасныг танилцуулж, үртсэн шахмал түлш авахгүй болсноо мэдэгдсэн. Төлбөр гүйцэтгэх хэлцлийг 2014-05-20-ны өдөр байгуулсан. Хэдийгээр 2014-07-р сард Т ХХК-ийн захирал нь осолд орж хөдөлмөрийн чадвараа 69 хувиар алдсан ч графикийн дагуу 3.400.000 төгрөгийг шилжүүлж, төлбөрөө төлж эхэлсэн. 2014 оны намар хямд үртсэн болон нүүрсэн шахмал түлш нийлүүлэгдэж эхэлснээр шударга өрсөлдөөнөөр ажиллах боломжгүй болж, зун үйлдвэрлэсэн түлшээ өртгөөс нь хямд зарсан ба цаашдаа ч 2015, 2016 оны өвөл энэ ажил давтагдсан. Нэхэмжлэгчид 18.355.500 төгрөгийн үнэтэй 122.37 тн үртсэн шахмал түлш, дансаар 3.400.000 төгрөг шилжүүлсэн, ажлын гүйцэтгэлийн 10 сая төгрөгийн үлдэгдэл, нийт 31.755.500 төгрөгийн авлагатай. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/03227 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243.1-д зааснаар “Т” ХХК-иас нийт 214.555.625 төгрөг гаргуулах тухай “” УТҮГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 621 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/03227 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “Т” ХХК-с 168.244.500 төгрөгийг гаргуулан “” УТҮГ-т олгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлээс 42.911.125 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар “Т” ХХК-с улсын тэмдэгтийн хураамжид 999 172 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.” гэж өөрчлөн найруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

        Хариуцагч хяналтын гомдолдоо: Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж, хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн.  Нийслэлийн  нь 2012-10-08-ны өдрийн АЧА/12/02/03 дугаартай бараа бэлтгэн нийлүүлэх гэрээнээс татгалзаж гэрээний гүйцэтгэлийг буцаан шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж маргажээ. Зохигчид 2012-10-08-ны өдөр “Үртсэн шахмал түлшний үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэх, угсарч суурилуулах, ажиллуулах, бүтээгдэхүүн нийлүүлэх” нэртэй гэрээ байгуулсан. Талууд гэрээний тусгай нөхцөлдөө тоног төхөөрөмжийн өмчлөлийн харьяаллыг гэрээгээр зохицуулахаар заасан /хх 13, хх 34/ Иргэний хуулийн 198 дугаар зүйлд зааснаар гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарахаас гадна гэрээний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах, талуудын нэгдмэл санааг тодруулах, харилцан илгээсэн баримт бичиг тогтсон практик, заншил зэргийг анхаарах нь зүйтэй юм. Талуудын хооронд ердийн бараа нийлүүлэх Иргэний хуулийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үнэлж дүгнэжээ. 2012 оны А/302 дугаартай “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” Нийслэлийн Засаг даргын захирамжид: “...3,050.000.000 /гурван тэрбум тавин сая/ төгрөгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтыг нэгдүгээр, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог хоёрдугаар хавсралтаар баталсугай ” гэж, 3. “... хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг Нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт ашиглалтад нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт даалгасугай” гэсэн байгаа бөгөөд энэ дагуу “Нийслэлийн Засаг даргын А/302, А411 дүгээр захирамжаар байгуулагдсан Үнэлгээний хорооны зөвлөмж” /хх-6 талд/ мөн гарсан ба уг зөвлөмжид: “... Үртсэн шахмал түлшний үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэх, угсарч суурилуулж ажиллуулах, бүтээгдэхүүн нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хоёр удаагийн тендерт шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30.1.3 болон 34.2-т заасны дагуу шууд гэрээ байгуулж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг “Агаарын чанарын алба”-нд даалгасугай” гэсэн байдаг. Эдгээр баримт бичгийг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан гэрээ анх байгуулагдсан ба энэ нь давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн ердийн бараа нийлүүлэх гэрээ биш юм. Учир нь гэрээний нэр, гэрээний утга агуулгаар нь, мөн Иргэний хуулийн 198 дугаар зүйлд “Гэрээг тайлбарлах” гэж зааснаар авч үзвэл, мөн гэрээг байгуулах үндэслэл нь болсон дээрх Засаг даргын захирамж, Үнэлгээний хорооны зөвлөмж, хавтаст хэрэг /хх 23-33 дахь тал/-т авагдсан удаа дараагийн “Ажил хүлээлцэх акт”-ууд, “Хүлээн авсан тоног төхөөрөмжийн жагсаалт” гэсэн баримтууд, “Гэрээ дүгнэсэн протокол”-ууд, үүнийгээ үндэслээд санхүүжилт хүссэн “нэхэмжлэх”-үүд, “санхүүжилтийг баталгаажуулсан баримт”-ууд зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудтай холбоотойгоор тал бүрээс нь бүрэн дүүрэн, эргэлзээгүйгээр үнэлж дүгнэн тайлбарлах ёстой байна. Уг гэрээний дагуу 200 сая төгрөгөөр тоног төхөөрөмж нийлүүлж угсарч суурилуулж, ажиллуулах талаар нэхэмжлэгчийн өмнө хариуцагчийн хүлээсэн үүрэг биелэгдэж гэрээ дүгнэгдсэн, гэрээ ёсоор урьдчилгаагаар 35 хувийг буюу 60 сая төгрөгийг, дараа нь гүйцэтгэл 100 хувь гэж дүгнэн 60 хувь буюу 130сая төгрөгийг санхүүжүүлэн, үлдэгдэл 5 хувь буюу 10 сая төгрөгийг баталгаат хугацаанд авч үлдсэн дээрх үйл баримтууд /хх 22-33/-аар гэрээний энэ үүрэг бүрэн биелэгдэж, Нийслэлийн Засаг даргын захирамжид заасан “хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө /тоног төхөөрөмжүүд/-ийг захиалагч хүлээн авсан тул өмчлөгч нь болсон” гэж үзнэ. Харин гэрээний нэр дотор “... бүтээгдэхүүн нийлүүлэх” гэж орсон болон гэрээний агуулгад “... 1.330 тн үртсэн шахмал түлш нийлүүлэх” гэх энэ асуудлын талаар талууд нарийвчлан тохиролцоогүй, зохицуулалтгүй орхигдсон байдаг болно. Иймээс энэ гэрээ нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу байгуулагдсан ба хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.10-т “Бараа” гэх, 5.1.11-д “Ажил” гэх нэр томьёонуудыг тодорхойлсны дагуу мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасан “Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ” юм. Мөн энэ хуулийн 40.1-д “... гэрээтэй холбоотой харилцааг энэ хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хуулиар зохицуулна” гэж заасны дагуу шүүх гэрээг тайлбарлахдаа эдгээр нөхцөл, үйл баримтуудыг харгалзан үзэх ёстой бөгөөд уг гэрээ нь 1-рт: Гэрээний зүйл болох “тоног төхөөрөмжийг 200.000.000 төгрөгөөр нийлүүлэх буюу, худалдах-худалдан авах” тухай талуудын харилцаа байх ба энэ нь хэрэгт нотлох баримтаар авагдсан тендерийн баримт бичгийн дагуу захиалагч нь гүйцэтгэгчээс санал авч баталгаажуулсан тендерийн барааны үнийн хуваарь /хх 12/, Техникийн тодорхойлолт /хх 13/, гэрээний зохицуулалт зэргээр болон бусад бичгийн баримтууд /хх 22-33 дахь талд/- аар тогтоогдож байгаа, мөн тоног төхөөрөмж нийлүүлэх, худалдан авах тухай асуудал 100 хувь хэрэгжиж, талуудаас гэрээ дүгнэгдэн, ингэснээрээ уг бараа нь захиалагчийн өмч болсон, харин тухайн гэрээгээр зохицуулсан өөр нэг асуудал нь “...1.330 тн үртсэн шахмал түлш нийлүүлэх” гэж заасан нь гэрээний зүйл мөн боловч Иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээгээр зохицуулагдахаар байх ба энэ талаар гэрээнд нарийвчилсан зохицуулалт байхгүй, гэрээнд тодорхой тохиролцоо, зүйл заалтгүйгээс маргаан бүхий байдал үүссэн. Иймээс шүүх ердийн бараа бэлтгэн нийлүүлэх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ гэж хуулийг буруу тайлбарлаж алдаатай дүгнэсэн байна. Шүүх дүгнэхдээ гэрээний зүйл нь үртсэн шахмал түлш нийлүүлэх, 1 тн түлшийг 150.000 төгрөгөөр тохиролцсон, 199.500.000 /1.330*150.000/ төгрөгийн түлш нийлүүлэх үүргийг хариуцагч хүлээсэн, нэхэмжлэгч хариуцагчид 190.000.000 төгрөгийн үнийн дүнтэй мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн нь тогтоогдсон, Иргэний хуулийн 225 дугаар зүйлд заасан үр дүн гараагүй тул гэрээнээс татгалзсан нь хуульд нийцнэ гэж, ...тоног төхөөрөмжийн өмчлөлийн талаар талууд тухайлан тохиролцоогүй байна гэж, Тоног төхөөрөмж хариуцагчийн эзэмшилд байгаа ...талууд гэрээг дүгнэхдээ нэхэмжлэгч зөвхөн нийлүүлэгдээгүй түлшний үнийг буцаан авахаар тохиролцсон зэргээс үзэхэд гэрээний гүйцэтгэлд түлшний тоног төхөөрөмжийг оруулан тооцогдох боломжгүй гэж тус тус үнэлж дүгнэжээ.

        Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хууль буруу хэрэглэсэнд гомдол гаргах нь: Шүүх нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзсан гэж буруу дүгнэсэн ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь гэрээний дагуу үндэслэлгүйгээр төлбөр гаргуулахаар шаардсан. Гэрээний дагуу шилжүүлсэн 190 сая төгрөг нь үртсэн шахмал түлшний үнэнд шилжүүлэгдээгүй харин тоног төхөөрөмжийн үнэ болох нь хэрэг /хх 22-33/-т авагдсан баримтаар тогтоогдож байгааг шүүх буруу үнэлж дүгнэсэн, нэхэмжлэгчийн энэхүү гэрээ байгуулах үндэслэл нь болсон “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” 2012 оны А/302 дугаартай Нийслэлийн Засаг даргын захирамж, Үнэлгээний хорооны зөвлөмж, Гэрээ дүгнэсэн протокол /хх 7-8/ зэргээр, мөн тоног төхөөрөмж хүлээн авсан акт, гэрээ дүгнэсэн протокол гэх бичгийн баримтууд нь нэхэмжлэгч уг тоног төхөөрөмжүүдийн өмчлөгч гэж үзэх хангалттай баримт ба харин хариуцагч тоног төхөөрөмжийг хадгалж байгаа нь эзэмшигч өмчлөгч гэж үзэхгүй тул өмчлөлийн талаар тохиролцоогүй гэх шүүхийн дүгнэлт үндэслэлгүй, иймээс гэрээг зөрчсөн үүргээ биелүүлээгүй гэж үзэх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлага нь гэрээнээс татгалзах тухай биш бөгөөд ялангуяа гэрээний гүйцэтгэлд түлшний тоног төхөөрөмжийг оруулан тооцогдох боломжгүй гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь алдаатай болно. Шүүх дээр дурдсан байдлаар дүгнэж Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан гэж үзээд хэргийг шийдвэрлэсэн тул хуулийн энэхүү зохицуулалтаар “...аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн, гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу, мөн шүүх тоног төхөөрөмж хариуцагчийн эзэмшилд байгаагаас түүний өмч гэж үзсэн /үнэлсэн/ учир, Хариуцагчийн эзэмшил гэх энэхүү тоног төхөөрөмжүүд нь энэ гэрээний гүйцэтгэл яах аргагүй мөн учир хуулийн дээрх зохицуулалтаар түүнийг биет байдлаар нь буцаах ёстой болно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч гэрээний гүйцэтгэл болох тоног төхөөрөмжөө өөрөө хүлээн авсан баримттай тул авсан уг тоног төхөөрөмжүүдийг хариуцагчид биет байдлаар буцаан өгч, санхүүжилтийн мөнгөө авахаар ба тоног төхөөрөмжөө ийнхүү аваад, нэмж дахин 168.244.500 төгрөг гаргуулах тухай магадлал илт үндэслэлгүй байна. Үүгээрээ шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байсан болно. Хэргийн үйл баримтаас үзэхэд төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас хамаарч Монгол улсын нэг Аж ахуйн нэгж, хуулийн этгээд үйл ажиллагаагаа хэвийн явуулж, утаагүй түлш нийлүүлж байхад нь төр буюу Нийслэлийн  гэх нэхэмжлэгч өөрөө энэхүү төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхдээ тендерийн хуулийн дагуу шууд гэрээгээр “тоног төхөөрөмж нийлүүлж угсарч суурилуулж ажиллуулах, бүтээгдэхүүн нийлүүлэх”-ийг санаачлан гэрээ байгуулаад, гэрээний дагуу нийлүүлэгч уг хүссэн тоног төхөөрөмжийг нь, төсөвт хөрөнгөөр нь нийлүүлж, суурилуулж ажиллуулсан, захиалагч түүнийгээ хүлээн авсан, энэ дагуу гүйцэтгэлээр санхүүжүүлсэн баримтууд нь хэрэгт авагдсан, үүгээр нэхэмжлэгч нь тоног төхөөрөмжөө авсан хохироогүй атлаа, уг үнийн дүнгээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж Аж ахуйн нэгжийг буюу иргэнээ төр ийнхүү дампууруулж, тодруулбал нэг үнийн дүнг Тоног төхөөрөмжөөр болон мөнгөөр хоёр давхардуулан гаргуулахаар шүүхийн магадлал гарсан нь хуульд нийцэхгүй байна. Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлал нь хуулийн үндэслэлгүй хууль хэрэглээний алдаатай, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлж дүгнэсэн, хариуцагч нэг талыг илтэд хохироосон шударга ёсны, хууль ёсны зарчимд нийцээгүй тул магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Агаарын бохирдлыг буруулах газар 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргаж, Т ХХК-с гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрөөс 171.644.500 төгрөг, алданги 42.911.125 төгрөг нийт 214.555.625 төгрөг шаарджээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргасан байна. /хх 46/

      Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

      1. Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлээс 168.244.500 төгрөгийн шаардлагыг хангахдаа “...хариуцагч  шахмал түлш нийлүүлэх үүрэг хүлээсэн 122,37 тн түлш нийлүүлснээс гадна 3.400.000 төгрөг төлсөн байна...”  гэсэн дүгнэлт хийсэн боловч энэ нь баримтад үндэслэгдээгүй байх тул магадлалыг хүчингүй болгоно. 

      Тодруулбал, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа хэргийн 31, 35-38, 46-49, 114-118 дугаар талд буй баримтыг үндэслэсэн боловч энэ нь нэхэмжлэлийг нотлохгүй  байна. Хэргийн 31 дүгээр талд шахмал түлшний талаар бус, харин хариуцагч тоног төхөөрөмжийг нэхэмжлэгчид суурилуулсан буюу гэрээг дүгнэсэн протокол авагджээ. Хэргийн 35, 36 дугаар талд нэхэмжлэгчээс хариуцагчид хаягласан албан бичиг байх бөгөөд эдгээрийг Т ХХК хүлээн авсан баримтгүй байх тул энэ нь нэхэмжлэлийг хангах нөхцөл болохгүй. “Төлбөрийн гүйцэтгэлийн хэлцэл” /хх 37-38/-д  хариуцагч гэрээний дагуу шилжүүлсэн мөнгийг буцааж төлөх агуулга байхгүй, харин хохирлыг төлөх талаар заасан байна. Хэргийн 46-49 дугаар талд хариуцагчийн тайлбар,  114-118  дугаар талд шүүх хуралдааны тэмдэглэл авагджээ. 

        2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгоно.

  Нэхэмжлэлийн үндэслэл болсон “Үртсэн шахмал түлшний үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нийлүүлэх, угсарч суурилуулж, ажиллуулах, бүтээгдэхүүн нийлүүлэх” тухай гэрээний 4-т тоног төхөөрөмж нийлүүлэх, угсарч суурилуулах, 5-д шахмал түлш нийлүүлэх талаар дурдсан байна.

      Гэрээний талаар нэхэмжлэгч “...гэрээнд заасан мөнгөөр тоног төхөөрөмж худалдан авч, ажиллуулан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ түлш нийлүүлэх байдлаар гэрээнд заасан мөнгийг буцааж төлөх...”-р тохирсон гэж, харин хариуцагч “... тоног төхөөрөмжийг ажиллуулуулж, бүтээгдэхүүн нийлүүлсэн боловч нэхэмжлэгч түлшийг хүлээн аваагүй...” гэж маргажээ.

       Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

        Хэрэгт тоног төхөөрөмж хэний эзэмшилд байгаа, ажиллаж байгаа эсэх, уг эд хөрөнгийг хэний өмч гэж үзэх талаар баримт байхгүй, энэ талаар шүүх дүгнэлт хийгээгүй нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн зохицуулалтад нийцээгүй байна.   

        Хоёр шатны шүүх зохигчийн хооронд үүссэн харилцааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, өөрчлөлт оруулах боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/03227 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 621 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн 999.172 төгрөгийг захиражаар буцааж олгосугай.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                   Б.УНДРАХ