Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 130/ШШ2016/00605

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт орших,****регистрийн дугаартай, *****улсын бүртгэлийн дугаартай Э ХХК /захирал Х.Ж, утас ****/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг Даргын Тамгын газар /дарга Х.К, утас ********/-д холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э ХХК-ийн захирал Х.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Хог ачиж, өөрөө буулгах Кама маркийн машины үнэ 32504000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 320450 төгрөг, нэхэмжлэл гаргахдаа материал бүрдүүлэхэд төлсөн 19000 төгрөг нийт 32843450 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Э ХХК-ийн захирал Х.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур Сумын Засаг даргын Тамгын газраас 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдөр зарласан хог ачиж, өөрөө буулгах машин худалдан авах ажлын тендер шалгаруулалтад оролцож ялалт байгуулсанаар 2014 оны 7 дугаар сарын 04-д гэрээ байгуулан, гэрээний дагуу уг машиныг 2014 оны 7 дугаар сарын 26-нд импортоор оруулсан. Бид тус машиныг Өлгийд оруулж ирсэн өдөр захиалагч байгууллагын төлөөлөл болох Ногооннуур сумын Засаг дага А.Мейрамхан ирж машинаа үзээд санхүүжилт өгөх талаар хэлээд явсан. Манай компани хог ачиж буулгах машинаа захиалагч байгууллагад 2014 оны 11 дүгээр сарын 05-д хүлээлгэн өгсөн юм. Уг хог ачиж буулгах машиныг захиалагч байгууллага ашиглаж байгаа. Гэвч Ногооннуур сумын ЗДТГазар нь гэрээний ерөнхий нөхцөлийн 14-р зүйлд заасан Захиалагч Монгол Улсын гаднаас санал болгосон барааны төлбөрийг нийлүүлэгчид нийлүүлэх журмыг ноцтой зөрчиж одоо болтол тендерээр худалдаж авсан машины үнийг төлж өгөөгүй. Одоогийн байдлаар манай компани их хэмжээний өр зээлтэй болж цаашдаа үйл ажиллагаа явуулах боломжгүй болтол хохирч байна. Бид уг машины үнийг төлөх талаар захиалагч байгууллагаас маш олон удаа хүсэж байсан боловч өнөө, маргааш өгнө гэсээр өдий хүргэсэн тул аргагүй эрхэнд шүүхэд хандаж байна. Иймд Ногооннуур сумын ЗДТГ-аас хог ачиж, өөрөө буулгах машины гэрээний үнэ болох 32504000 төгрөг улсын тэмдэгтийн хураамж 320450 төгрөг, нэхэмжлэл гаргахдаа материал бүрдүүлэхэд төлсөн 19000 төгрөг нийт 32843450 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Э ХХК-ийн захирал Х.Ж шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар өгсөн мэдүүлэгт: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг Даргын Тамгын газраас 2014 оны 5 дугаар сард тендер зарласан. Тэр тендерт 5 аж ахуйн нэгж оролцсон. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна гэж заасан. Тэр журмын дагуу Э ХХК тендерт шалгараад Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газартай гэрээ байгуулаад тэр гэрээний дагуу хог ачиж буулгах машин авчирч өгч хүлээлгэж өгсөн. Техникийн тодорхойлолтод бичихдээ 2000 онд үйлдвэрлэгдсэн, 3000 км явсан, 8-15 тн даацтай гэсэн байдаг. 2000 онд үйлдвэрлэгдсэн машин 3000 км зам явна гэж байхгүй. 2000 оны машинууд бүгд хуучин машинууд байсан. Би 2014 оны 7 дугаар сарын 07-нд үйлдвэрээс гарсан Хятад самосбаль машиныг нийлүүлсэн. Хүчин чадал нь 8-15 тн гэж бичсэн байдаг. 8-15 тн даацтай өөрөө буулгагч машинууд нь уул уурхайн зориулалттай, том хэмжээтэй, айлын хашаанд орж гарах ямар ч боломжгүй байдаг учраас зориулалтын 4.7 тн даацтай хогийн машиныг оруулсан. Захиалагч байгууллага техникийн тодорхойлолтыг бэлтгэхдээ тухайн барааны гадаад шинж чанарын үзүүлэлтээр бус зориулалтаар тодорхойлох ёстой. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-т барааны тэмдэг, нэр, хэлбэр маяг, төрөл, гарал үүсэл, үйлдвэрлэлийн арга, үйлдвэрлэгч буюу нийлүүлэгчийг тухайлан заасан шаардлага, нөхцөл тавихгүй байх гэж заасан. Би тэд нарыг техникийн тодорхойлолтыг боловсруулахдаа юуны зориулалтаар ямар машин авах гээд байгаагаа тооцоогүй байна гэж ойлгож байна. Хоёрдугаарт худалдан авах бараанд тохирсон төсвийг дээрээс баталж өгдөг. Тэрхүү баталж өгсөн төсвийн хүрээнд ямар зүйл авна гэдгийг тооцоолоогүй байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т зааснаар нийт төсөвт өртгийг үндэслэл болгоно захиалга өгөх ёстой. Гэтэл 8-17 тн уул уурхайн зориулалттай машиныг авна гэж заасан нь буруу гэж үзэж байна. Хог ачиж буулгах машин худалдан авахад 35 сая төгрөг төсөвлөгдсөн байсан. Би үнэ бууруулаад 32.5 сая төгрөгөөр хог ачиж буулгах зориулалтын машиныг нийлүүлсэн. Гэрээнд машин, тоног төхөөрөмжийг худалдан авахыг шууд худалдан авалт гэж үздэг юм. Яагаад гэхээр бэлэн мөнгөөр авдаг болохоор их хэмжээний мөнгө шаардагдах үед гэрээнд тэр талаар тусгаж өгөх ёстой. Эхлээд урьдчилгаа төлбөр болж 60-80 хувийг төлөх ёстой. Тэгээд бид нар шууд худалдан авалтаа хийгээд тоног, төхөөрөмжөө нийлүүлэх ёстой. Гэрээнд 60 хувь болон 19.5 сая төгрөг, машиныг нийлүүлсэн хойно 13 сая төгрөгийг авахаар заагаад машинаа 7 дугаар сарын 20-ны өдрөөс 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл нийлүүлж өгөхөөр тусгасан байгаа. Гэтэл захиалагч байгууллагаас мөнгө орж ирээгүй. Нэгэнт авч ирсэн болохоор шаардсан. Мөнгөний талаар ярихад маргааш, нөгөөдөр өгнө гээд явсаар 2 жил болж байна. Миний авчирсан машиныг одоо хэрэглэж байгаа. Би цоо шинэ, орчин үеийн загвартай, гялгар уут нь авагдаагүй, 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр үйлдвэрээс гарсан машиныг 8 дугаар сард Өлгийд оруулж ирсэн. 3 хүний суудалтай, суудлын ард унтлагын ортой орчин үеийн машин гээд аваад ирсэн. 100 км-т 14 литр шатахуун зарцуулдаг. Гэрээндээ машиныг оруулж ирэхдээ сэлбэг бусад зүйлсийг нь хамт авч ирэх ёстой гэсэн зүйл заагаагүй байсан. Гэхдээ бид нар урьд өмнө тендерээр машин, тоног төхөөрөмж нийлүүлж байсан. Тэгээд оруулж ирсэн машины энэ сэлбэгийг хаанаас авдаг юм вэ гээд асуугаад байдаг. Хоёрдугаарт тасралтгүй горимын дагуу ажиллах ёстой механизм дээр эхний 1,2 сард ч юм уу, богино хугацаанд ч юм уу тасралтгүй горимын дагуу ажиллаж байгаа механизм дээр запас, сэлбэг оруулж ирж нийлүүлдэггүй гэж бодоод зургаан зуун хэдэн мянган төгрөгийн запас, сэлбэг, дугуйтай хамт оруулж ирсэн. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газраас 6 дугаар сарын 07-ны өдөр танай компани тендерт оролцоод шалгарсан гэж мэдэгдсэн. Тэгээд 5 хоногийн дотор гэрээгээ байгуулах ёстой. Гэрээнд мөнгөний хуваарилалтыг зааж өгөх ёстой. Би тэрний дагуу 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргатай гэрээ байгуулаад машинаа авч ирээд 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газарт хүлээлгэж өгсөн акт нь байж байгаа. Актан дээр 6 сарын баталгаа гаргаж өгсөн. Аль дээр аймагт Авилгатай тэмцэх газраас хүмүүс ирэхэд тэд нартай уулзаж учир байдлаа танилцуулсан. Тэгэхэд шууд аймгийн Засаг даргыг дуудаж авч ирээд ийм байж болохгүй, энэ хүний мөнгийг шуурхай шийдвэрлэж өгөөрэй гэсэн даалгавар өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл мөнгө орж ирээгүй байна. Иймд хог ачиж, өөрөө буулгах машины үнэ 32504000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 320450 төгрөг, нэхэмжлэл гаргахдаа материал бүрдүүлэхэд төлсөн 19000 төгрөг нийт 32843450 төгрөгийг Ногооннуур сумын Засаг Даргын Тамгын Газраас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын дарга Х.К шүүхэд бичгээр өгсөн тайлбартаа: Тус сумын Засаг даргын Тамгын газраас захиалгаар авсан хог ачиж, өөрөө буулгах машин нь захиалагчийн техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй байгаа тул нэхэмжлэгч Э ХХК-ийн захирал Х.Жтай машины үнэ дээр тохиролцож мөнгийг нь төлөөд өгч болно гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар шүүх хуралдааны товыг утсаар хариуцагч Ногооннуур сумын Засаг Даргын Тамгын Газрын дарга Х.Кд мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хэргийг хариуцагчийн эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Э О ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, хавтаст хэрэгт авагдсан Ногооннуур сумын Засаг Даргын Тамгын Газрын дарга М.Т, Э О ХХК-ний захирал Х.Ж нарын гарын үсэг зурж баталгаажуулан 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан №БӨА-Ног.ЗДТГ-ХА-2014/02 дугаартай Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд хог ачиж өрөө буулгах машин худалдаж авах гэрээ, 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 80 дугаартай Ногоонуур сумын Засаг Даргын Тамгын Газрын дарга М.Тий Э О ХХК-ний захиралд тендер хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулахыг мэдэгдсэн албан бичиг, 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Ногооннуур сумд нийлүүлсэн Кама өөрөө буулгагч хогийн машиныг хүлээж авсан ажлын хэсгийн акт, 2014 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Ногооннуур сумд нийлүүлсэн Кама өөрөө буулгагч машины техникийн тодорхойлолт, гадна талын зураг, Гаалийн татвар төлсөн баримт, 2014 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Өөрөө буулгагч машины зардлын талаар итгэх хуудас, 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Кама өөрөө буулгагч машины гүйцэтгэлийн зардлын товчоо зэрэг нотлох баримтаар нэхэмжлэгч Э О ХХК нь хог ачиж, өөрөө буулгах Кама маркийн машиныг Ногооннуур суманд нийлүүлсэн болох нь нотлогдож байна.

Уг 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан №БӨА-Ног.ЗДТГ-ХА-2014/02 дугаартай Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд хог ачиж өрөө буулгах машин худалдаж авах гэрээний 2 дахь заалтад Захиалагч нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд Хог ачиж өөрөө буулгах машин нийлүүлэх №БӨА-Ног.ЗДТГ-ХА-2014/02 дугаар бүхий ажлыг /цаашид бараа гэх/ 32504000 төгрөгөөр /цаашид гэрээний үнэ гэх/ нийлүүлэхээр ирүүлсэн, нийлүүлэгчийн тендерийг үүгээр хүлээн зөвшөөрөв. Гэрээний үнэ нь санхүүжилтийн нийт гүйцэтгэл болно, 3 дахь заалтад захиалагч нь барааны нийлүүлэлтийг 32504000 төгрөгийг орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлнэ гэж тусгасан тул нэхэмжлэгч Э О ХХК-ний нэхэмжлэлийн шаардлага болох хог ачиж, өөрөө буулгах машиныг 32504000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ нь үндэслэлтэй байна.

Хариуцагч Ногооннуур сумын Засаг Даргын Тамгын газар нь уг захиалгаар авсан хог ачиж, өөрөө буулгах машин нь захиалагчийн техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй гэх боловч тухайн үед буюу 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Ногооннуур сумд нийлүүлсэн Кама өөрөө буулгагч хогийн машиныг хүлээж авсан ажлын хэсгийн актаар уг Кама өөрөө буулгагч хогийн машиныг хүлээн авсан болох нь нотлогдож байна. Иймд нэхэмжлэгч Э О ХХК-ийн хариуцагч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг Даргын Тамгын Газраас Кама өөрөө буулгагч хогийн машины үнэ 32504000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь , хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хувийг өгөх тул нэхэмжлэгч Э О ХХК-ний нотлох баримт бүрдүүлэхэд зарцуулсан гэх 19000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулах хуулийн үндэслэл байхгүй байна.

Иймд хариуцагч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг Даргын Тамгын Газрын санхүүгээс хог ачиж, өөрөө буулгах Кама маркийн машины үнэ 32504000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э О ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 19000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн нэхэмжлэгч Э О ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320565 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгээс нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээнд оногдох улсын тэмдэгтийн хураамж 320470 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-нд олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-ийг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгээс хог ачиж, өөрөө буулгах Кама маркийн машины үнэ 32504000 /гучин хоёр сая таван зуун дөрвөн мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 19000 /арван есөн мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д, Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлүүдэд зааснаар нэхэмжлэгч ЭХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320565 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын санхүүгээс нэхэмжлэлийн хангагдсан хэмжээнд оногдох улсын тэмдэгтийн хураамж 320470 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК -нд олгосугай.

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК