Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 0052

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Энхтуул хөтлөн,

улсын яллагч Н.Уранбайгаль

шүүгдэгч Л.Г

насанд хүрээгүй хохирогч /8 настай/ Ж.Маргад-Эрдэнийн хууль ёсны төлөөлөгч эцэг Д.Жанчив нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч: 

 

Гэд холбогдох эрүүгийн 1903011720508 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Л.Г нь 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 15 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 34 дүгээр байрны зүүн  замд өөрийн эзэмшлийн Хьюндай Грейс маркийн 35-26 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон ухрах үйлдэл хийхдээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын  тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т заасан Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 8 настай эмэгтэй Ж.М-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Г: Би мөрдөн байцаалтын явцад холбогдсон хэргийн талаар мэдүүлгээ үнэн зөв өгсөн.  Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй.  Өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас охин Ж.Маргад-Эрдэнийн биед гэмтэл учирсанд гэмшиж байна.  Охины эмчилгээнд 1.500.000 төгрөгийг мөрдөн байцаалтын явцад өгсөн. Шүүх хуралдааны өмнө хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Жанчивт 2.500.000 төгрөг хүлээлгэн өгсөн. Нийт 4.000.000 төгрөг өгсөн. Би ам бүл тавуулаа амьдардаг. Миний эдгээр байдлыг харгалзаж надад хамгийн бага ял оногдуулж өгнө үү гэж шүүхээс хүсэж байна гэв.

                                                                                          

Шүүхийн хэлэлцүүлэгт бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Жанчив: Охины эрүүл мэнд одоогийн байдлаар сайжирсан.  Л.Г осол болсны дараа охинд анхаарал тавьж эмчилгээний зардлыг төлсөн. Манай охины нүүрэн дээр сорви үүссэн. Тэр сорвийг арилгахад шүүгдэгчээс өгсөн 2.500.000 төгрөгийг зарцуулна.  Нэхэмжлэх зүйлгүй. Гомдол саналгүй гэв.

 

Хавтаст хэргээс:

Бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Жанчив мөрдөн байцаалтанд: Зам тээврийн ослыг би дараа нь мэдсэн. Манай эхнэр осол болсон үед над руу утсаар мэдэгдсэн. Ажил дээрээ байсан чинь манай охиныг 103 ирж үзээд гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан байсан. Би шууд гэмтлийн эмнэлэг рүү яваад очсон. Очиход биеийн байдал нь их эвгүй харагдаж байсан. Одоогийн байдлаар биеийн байдал нь сайн болсон. Жолооч эмчилгээний төлбөр төлсөн. 1 сая гаруй төгрөг төлсөн...Сараа дараа эмчилгээ хийлгэнэ. /хх-ийн 21/ гэсэн мэдүүлэг,

 

Бага насны хохирогч 8 настай Ж.М мөрдөн байцаалтанд: Гэрээсээ гараад явж байхад ээж намайг дүүгээ дуудаад  ир гэж хэлсэн. Дүү нөгөө байрны үүдэнд найзуудтайгаа зогсож байсан. Нэг том машиныг хараагүй байхдаа эхлээд хүн байна гэж бодсон. Хойшоо урагшаа ухарч байгаад мөргөсөн. Намайг яг ухаан алдах гэж байсан чинь жолооч машины доороос татаж гаргаж авсан. Тэгээд манай ээж ирсэн. Миний хөл, эрүү өвдөж байсан. Машин хурдтай явж байсан эсэхийг мэдэхгүй. /хх-ийн 23/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12514 дугаартай дүгнэлтэнд: Ж.Маргад-Эрдэнийн биед тархи доргилт, баруун гайморын хөндийн урд, ар хананы цөмөрсөн хугарал, баруун гайморын хөндийн цус хуралдалт, баруун нүдний доод зовхи, дотор булангийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, эрүүний зулгаралт, баруун хацар, уруулын язарсан шарх, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, баруун, зүүн өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 67/

 

Техникийн хяналтын үзлэгийн төвийн 073534 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Уг тээврийн хэрэгсэл техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. өнгө үзэмж ерөнхий байдал нь хойд гупер хагарсан, дунд хаалга хонхойсон нь стандартын шаардлага хангахгүй байна. Улсын дугаарын баруун талын тоормосны гэрэл байхгүй. Баруун талын хол ойрын гэрлийн тусгал стандартанд хүрэхгүй байна. эдгээр эвдрэл гэмтэл нь зам тээврийн осолд нөлөөлөхгүй. Уг эвдрэл гэмтэл нь ослоос өмнө үүссэн. Тоормосны систем нь шингэн, АВS-тэй тоормостой. Тоормос нь бүрэн ажиллаж байна. Уг тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат АВS тоормосны системтэй тоормос гишгэх үед тоормосны мөр зам дээр тасалдах байдлаар үүснэ. Уг тээврийн хэрэгслийн спидометр ажиллаж байна. /хх-ийн 71-74/

 

Яллагдагчаар Л.Г мөрдөн байцаалтанд: 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 15 цагийн үед би хувиараа борлуулалт түгээлт хийж байгаад ээжийндээ очихоор явж байгаад 34 дүгээр байрны зүүн талын замд буцаад урагшаа харж хойшоогоо ухрах үйлдэл хийж байгаад явган зорчигч 8 настай охиныг мөргөж харахгүй машин доогуураа оруулж зам тээврийн осол гаргасан.  Хоёр гурван удаа наашаа цаашаа хөдөлсөн. Тэгээд машиныг нь нэг л эвгүй болохоор буугаад харсан чинь хүүхэд доогуур орчихсон байсан. Хүүхдийг машин доороосоо голын хаалганы хажуу талын харалдаа тэврээд гаргаад ирэхэд амнаас нь цус гарчихсан мөн хүүхэд уйлчихсан байсан. Хоёр талын толинд харахад хүн харагдаагүй. Эмчилгээний төлбөрт одоогийн байдлаар 1.500.000 төгрөг төлсөн. /хх-ийн 87/

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-12/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, өвчний түүхийн хуулбар /хх-ийн 29-34, 36-43/,

шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Л.Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 54/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Л.Г нь 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 15 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 34 дүгээр байрны зүүн  замд өөрийн эзэмшлийн Хьюндай Грейс маркийн 35-26 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон ухрах үйлдэл хийхдээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын  тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т заасан Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 8 настай эмэгтэй Ж.М-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Жанчивын: ”... манай эхнэр осол болсон үед над руу утсаар мэдэгдсэн. би шууд гэмтлийн эмнэлэг рүү яваад очсон. Очиход биеийн байдал нь их эвгүй харагдаж байсан...” /хх-ийн 21/

хохирогч 8 настай Ж.Маргад-Эрдэнийн: “...нэг том машиныг хараагүй байхдаа эхлээд хүн байна гэж бодсон. Хойшоо урагшаа ухарч байгаад намайг мөргөсөн...” /хх-ийн 23/ гэсэн мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээчийн 12514 дугаартай дүгнэлт /хх-ийн 67/,  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-12/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18/,  өвчний түүхийн хуулбар /хх-ийн 29-34, 36-43/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. 

 

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхтэй шүүгдэгч Л.Гийн мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн”... 347 дүгээр байрны зүүн талын замд буцаад урагшаа харж хойшоогоо ухрах үйлдэл хийж байгаад явган зорчигч 8 настай охиныг мөргөж харахгүй машин доогуураа оруулж зам тээврийн осол гаргасан...” гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэл болно.

                                                                                                             

Зам тээврийн осол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой бөгөөд Л.Г тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас явган зорчигч 8 настай Ж.М-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно.

 

Л.Гийн дээрхи үйлдлийн улмаас Ж.Маргад-Эрдэнийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь үйлдэл, хохирол хоорондын шалтгаант холбоотой байна.

 

Гэм буруугийн шүүх хуралдаан дээр улсын яллагчаас шүүгдэгч Л.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг хэргийн оролцогчид зөвшөөрч гэм буруугийн талаар талууд маргаагүй болно.

Улсын яллагчаас гэм буруугийн талаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх тул  шүүх хүлээн авч;

шүүгдэгч Л.Гийг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохиролын тухайд бага насны хохирогч Ж.Маргад-Эрдэнийн хууль ёсны төлөөлөгч түүний эцэг Д.Жанчив шүүх хуралдаанд “ Л.Гээс 4 сая төгрөг авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг үндэслэн хохирогчийн зөрчигдсөн эрх сэргээгдсэн байна гэж шүүх дүгнэж шүүгдэгч Л.Гийг бусдад төлөх төлбөргүйд тооцлоо.

 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс, шүүгдэгч Л.Гийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн Шударга ёсны болон Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Л.Гэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Шүүгдэгч Л.Гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Хэрэгт хураагдсан сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.