Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 130/ШШ2016/00607

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 9 дүгээр багт оршин суух, М овогт Зы Кы хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн агуулга: Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1984 оны 4 дүгээр сарын 15-наас 7 дугаар сарын 21-ний өдөр хүртэл, мөн тус аймгийн Дэлүүн сумын Ахуй үйлчилгээний газарт 1984 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл оёдолчноор ажиллаж байсныг тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч З.К шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Би 1984 хавар Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт оёдолчны курст дагалдангаар 45 хоногийн курст явж эцэст нь шалгалт өгч мэргэжлийн үнэмлэх авсан билээ. Тухайн үед би ар гэрийн гачигдлын улмаас аймгийн төвд ажиллах боломжгүй байсан тул өөрийн хүсэлтээр Дэлүүн сумын ахуй үйлчилгээнд ажиллахаар шилжсэн юм. Үүгээр би 1984 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газраас шилжин очиж Дэлүүн сумд оёдолчноор ажиллаж эхэлсэн.

Энэхүү Дэлүүн сумын ахуй үйлчилгээний газар нь 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхэлж хувьчлагдан "Игилик" хоршоо болж байгуулагдсан юм. Тус хоршооны үйл ажиллагаа 1995 онд бүрэн зогсож тарсан билээ. Би аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1984 оны 4 дүгээр сарын 15-наас 7 дугаар сарын 21-ний өдөр хүртэл, Дэлүүн сумын Ахуй үйлчилгээний газарт 1984 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл тасралтгүй улсад ажиллаж байсан юм.

Миний хөдөлмөрийн дэвтрийг хоршоо болсны дараа Казакстан улсад эхэлсэн их нүүдэл үед хадам аавын баримт бичгүүдийн хамт байсан хэвээрээ явж тэр чигээрээ алга болсон. Учир нь хадам ээж бид хоёр хамт оёдолчноор ажилладаг байсан билээ. Хадам аав, ээж Казакстанд очиж бурхан болсон. Одоогоор надад Үйлдвэрчний батлахын баталгаажсан хуулбар, аймгийн төвөөс шилжсэн тушаал бусад нотлох баримтууд байгаа.

Иймд шүүхээс хүсэхэд миний аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1984 оны 4 дүгээр сарын 15-наас 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 3 сар 6 хоног, Дэлүүн сумын Ахуй үйлчилгээний газарт 1984 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 7 жил 11 сар 10 хоног, улсад нийт 8 жил 2 сар 16 хоног ажиллаж байсан байдлыг минь нотлох баримтыг үндэслэн тогтоож, шүүхийн шийдвэр гаргаж өгөхийг хүсч байна гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: З.К нь оёдолчин мэргэжилтэй бөгөөд Дэлүүн сумын 9 дүгээр багт оршин суудаг. З.К нь 1984 онд Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт оёдолчны курст дагалдангаар 45 хоногийн курст сууж, шалгалт өгөөд мэргэжлийн хоёрдугаар зэргийн үнэмлэх авсан. Тухайн үед ар гэрийн гачигдлын улмаас аймгийн төвд ажиллах боломжгүй болсон тул Дэлүүн сумын Ахуй үйлчилгээнд ажиллахаар шилжсэн. Тус Ахуй үйлчилгээнд 1984 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 1992 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл оёдолчноор ажилласан. 1992 онд Ахуй үйлчилгээнд хувьчлал явагдсан, түүнчлэн өөрөө хүүхэдтэй болсон тул тэр хугацаанд ажиллаад ажлаас гарсан. Үүнээс өмнө 1984 оны 04 сарын 15-ны өдрөөс 07 дугаар сарын 21-ний өдөр хүртэл аймгийн төвийн Нийтийн аж ахуйн үйлчилгээнд ажиллаж байсан. Тухайн үед хамт ажиллаж байсан хадам ээж нь Казахстан улсад нүүхэд хадам аав ээжийнхэн бичиг баримттай хамт бичиг баримт нь яваад алга болсон байна. Хүсэлт гаргагчийн үйлдвэрчний эвлэлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг шүүхэд гаргаж өгсөн. З.Кы 1991 онд төрсөн төрөлтийн түүхэнд энэ хүний ямар ажил хөдөлмөр эрхэлж байсан талаар бичигдсэн тул үүнийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Иймд З.К нь Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт 1984 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, Дэлүүн сумын Ахуй үйлчилгээний газарт, 1984 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл оёдолчноор ажиллаж байсныг тогтоож өгөхийг хүсэж байна гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч З.Кы хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 20 дугаартай албан бичигт Дэлүүн сумын Ахуйн үйлчилгээний төвийн баримтыг архивт шилжүүлээгүй тул иргэн З.Кд холбогдох архивын лавлагаа өгөх боломжгүй байна гэсэн боловч хүсэлт гаргагч З.К нь Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1984 оны 4 дүгээр сарын 15-наас 7 дугаар сарын 21-ний өдөр хүртэл, мөн тус аймгийн Дэлүүн сумын Ахуй үйлчилгээний газарт 1984 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл оёдолчноор ажиллаж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ. Үүнд:

-Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын боловсон хүчин А.Жы 1984 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2/168 дугаартай албан бичигт: Манайд ирж оёдлын мэргэжил эзэмшээд ажиллаж байсан З овогтой К нь ар гэрийн гачигдлаар танай суманд шилжин сууж байна. Иймд З.Кыг түүгээрээ мэргэжлийн дагуу авч ажиллуулахыг мэдэгдье гэжээ.

- Баян-Өлгий аймгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос 1990 оны 6 дугаар сарын 18-ны өдөр З.Кд олгосон №769341 дугаартай Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх,

-Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Хүн эмнэлгээс 1992 оны 6 дугаар сарын 24-ний өдөр нээсэн төрөлтийн түүхт: овог нэр Зы К, эрхэлсэн ажил Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар оёдолчин, яс үндэс казах хэмээн тэмдэглэсэн байдал,

-Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газраас 1984 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Зы Кд оёдолчин мэргэжлийн 2-р зэрэг олгосон үнэмлэх,

-Хамт ажиллаж байсан Хын К /РД:*****/, Жын А /РД:****/, Мн А /РД:*****/ нарын хүсэлт гаргагч З.Ктай хамт ажилласан болохыг нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон хүсэлт гаргагч З.Кы шүүхэд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтууд болно.

Иймд хүсэлт гаргагч З.К нь Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1984 оны 4 дүгээр сарын 15-наас 7 дугаар сарын 21-ний өдөр хүртэл, мөн тус аймгийн Дэлүүн сумын Ахуй үйлчилгээний газарт 1984 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл оёдолчноор ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар З.К нь Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1984 оны 4 дүгээр сарын 15-наас 7 дугаар сарын 21-ний өдөр хүртэл, мөн тус аймгийн Дэлүүн сумын Ахуй үйлчилгээний газарт 1984 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл оёдолчноор ажиллаж байсныг тогтоосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагч З.Кы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК