Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 0057

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн хөтлөн

улсын яллагч Б.Батсайхан

шүүгдэгч Н.С, түүний өмгөөлөгч Б.Тэнгис нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Сд холбогдох эрүүгийн 1905005311245 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Н.С  2019 оны 01 дүгээр сарын 15-нд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт байрлах “Амтат цамхаг” ХХК-д няравын ажил эрхэлж байхдаа өөрт нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу тус компанийн өмчлөлийн суурин Делл 15 брэндийн 8 дугаар үеийн компьютерийг завшиж 1.879.233 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.С шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтанд өгсөн миний мэдүүлэг үнэн зөв.  Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Хохиролоо төлж барагдуулсан гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.М мөрдөн байцаалтанд: “2018 оны 12 дугаар сарын дундуур манай байгууллага шинээр нягтлангийн ажилд хүн авахаар зар байршуулсан. Тэгээд удалгүй хэд хоногийн дараа шинээр Нармандахын С гэх нэртэй 30-35 орчим насны эрэгтэй ирээд ярилцлаганд ороод манай ажилд шинээр няравын ажилд орохоор болсон. Н.Сын хувьд 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ажилд орохоор болсон. Манай байгууллага Сын нэр дээр делл маркын ай5, 8 дугаар үеийн иж бүрэн персонал компьютер өгсөн. Тэрнээс хойш тэр ажлаа хийж байгаад 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгууллагаас гарахдаа ажлын компьютерыг хувьдаа авч байгууллагын өмчийг сайн дураараа дур мэдэж хувьдаа завшиж авч явсанд нь гомдолтой байна” /хх-ийн 12/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрчээр ломбардны ажилтан Б.Цолмонтунгалаг мөрдөн байцаалтанд: “...Н.С гэх хүн Дэлл брэндийн...рам 8, хард 500.0 багтаамжтай суурин компьютерийг 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 7 хоногийн хугацаатай 500.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Манай ломбард барьцаанд тавьсан эд зүйлийн хугацаа дууссан тохиолдолд манай өмч болдог. Уг компьютерийг барьцаанд тавьсан хүн хугацаа сунгаагүй тул  бусдад худалдагдаж манайх мөнгөө гаргаж авсан” /хх-ийн 39/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Р.Амгалан мөрдөн байцаалтанд:”...С нь манайд няраваар ажилд орсон ба ажилд орсоных нь 2 хоногийн дараа М нь РС мall дэлгүүрээс шинээр Dell брэндийн иж бүрэн суурин компьютер 2 ширхэгийг худалдаж аваад, нэгийг нь Сыг ажилдаа ашиглаж бай гээд хүлээлгэж өгсөн юм. Ингээд С нь манай компанид нярав хийж, бараа материалыг тоолох, орлого зарлага хариуцах зэргээр ажилладаг байсан ба ажилдаа сайн биш, хойргодуу, ажлаа хий гээд шаардлага тавихаар биелүүлдэггүй хойшоо сууж, тайлбар их тавьдаг байсан юм. Ингээд Сыг ажиллаж байх үед 2018.12.23-ны өдрөөс ажилласан хоногийн цалин гэж 290.323 төгрөгийг 2019.01.04-ний өдөр бэлнээр би олгож өгсөн юм. Тэгээд С нь он гарсанаас хойш ажилдаа их тааруу, бараа материалаа дутуу тоолоод, ажлаа хий гэхээр хийхгүй байсан юм. 2019.01.15-ны өдөр буюу хэрэг гардаг өдөр миний бие Барс-2 зах дээр ажилтай явж байтал С нь надтай ирж уулзахаар нь тооллогоо юу болгож байгаа талаар асуухад би тэрийг чинь хийж чадахгүй гэхээр нь юу яриад байгаан, тооллогоо хурдан дуусга гэж хэлсэн юм. Ингээд надтай уулзаад явсаны дараа С нь БГД 20 хороо ТЭЦ-4 зүүн талд байрлах Амтат цамхаг ХХК-ний агуулах дээр очиж нягтлан бодогч Амгалан надад маш их ажил даалгаж үлдээсэн, түүнийг сууж хийхгүй бол болохгүй байна гээд оффисийн түлхүүрийн агуулахыг түр хугацаанд хариуцаж байсан Батхуяг гэж хүнээс авч үлдсэн байсан. Ингээд агуулахыг хариуцаж байсан Батхуягыг агуулахаас явсаны дараа Сыг ажилдаа ашиглаж бай гээд компаниас хүлээлгэж өгсөн суурин компьютерийг хэн нэгний зөвшөөрөлгүйгээр С нь аваад явсан юм. Ингээд уг асуудлыг хуулийн дагуу шалгуулахаар цагдаагийн байгуулагад М нь хандсан юм. М нь анх Сыг ажилд авч байсан, ажилд авсан хүн нь компаниас олгож өгсөн суурин компьютерийг аваад явсан гэж үзээд, компани Моос суурийн компьютерийн төлбөр болох 1.879.233 төгрөгийг сүүлд гаргуулж авсан байгаа”  /хх-ийн 59/ гэсэн мэдүүлэг,

 

Яллагдагчаар Н.С мөрдөн байцаалтанд: Би 2018 оны 12 сард Үнэгүй.мн дээрээс зарж харж байтал Амтат цамхаг ХХК-аас нярав ажилд авна гэсэн байхаар нь 2018.12.11-ний өдөр зарын дагуу утсаар холбогдож ярьж байгаад Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Амтат цамхаг ХХК-ний хаягаар очиж байгаад М гэдэг хүнтэй уулзаж ажилд орох анкет бөглөсөн. Ингээд надтай утсаар холбогдоно гэсний дагуу 2018.12.12-ны өдөр надтай утсаар холбогдоод ажилдаа ороорой гэж хэлсэн. Ингээд 2018.12.12-ны өдөр ажил дээрээ ирж уулзаад “Амтат цамхаг” ХХК-ний агуулах цэвэрлэх зэрэг ажил хийж байгаад 2018.12.13-ны өдрөөс эхэлж ажлаа хүлээж авч няраваар ажилласан. Ингээд ажиллаж байхад 2018.12.15-ны өдөр шиг санагдаж байна, компанид 3 ширхэг Dell брэндийн суурин иж бүрэн компьютер ирсэн бөгөөд надад нэг нь болох Dell 15 брэндийн 8 дугаар үеийн иж бүрэн суурин компьютерийг ажилдаа хэрэглэж байгаарай гээд өгсөн. Ингээд би ажилдаа хэрэглэж байгаад ажилд орсон цагаас хойш 1 сарын хугацаанд буюу 2018.12.13-ны өдрөөс 2019.01.15-ны өдрийг хүртэл 33 хоног байгаагаас амралтын өдөр гэж байхгүй, өдөр болгон ажиллаж байсан. Шинэ жилийн 2018.12.30-ны өдөр /хагас ажилласан/ 2018.12.31, 2019.01.01-ны өдөр гээд өдрүүдэд амарсанаа хасвал ажлын 30 хоног ажилласан. Сарын 1 сая төгрөгний цалин гэж ярилцаж ажилд орсон бөгөөд ажилласан хугацааны мөнгө гэж нэхүүлж байж 2019 оны 01 дүгээр сар дөнгөж гараад 190.000 төгрөг авсан. Үүнээс хойш цалин хөлсөө өгөхгүй байгаад, цалингаа авъя гэхээр нягтлан бодогч Энх-Амгалан ажилласан үр бүтээл чинь юу байгаа юм бэ, хийсэн ажил байхгүй байна гээд цалин өгөхгүй байгаад байсан. Ингээд цалин хөлс өгөхгүй байсан учраас цалингийнхаа оронд ажлын суурин компьютероо барьцаа байдлаар авах санаа төрөөд 2019.01.15-ны өдөр ажил тарсаны дараа компани надад өгсөн байсан суурин компьютерыг авч явсан. Ингээд би авч явсаныхаа дараа 2019.01.16-ны өдөр Мтой утсаар холбогдож цалин өгөхгүй байгаа учраас цалиндаа бодож компьютерийг авч явлаа гэж хэлсэн Ингээд үүнээс хойш М болон компани ямар нэгэн хүнтэй ярилгүй салгаж алга болсон бөгөөд 2019.01.15-ны өдрийн оройхон шиг Сансарын тунелийн ертөнцийн зүгээр зүүн талд замын хажуу талд байрлах Оранж нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт өөрийнхөө нэрээр 500.000 төгрөгний барьцаанд, 7 билүү 14 хоногийн хугацаатай барьцаанд тавьсан. Ингээд дахиж ломбардны газраар очилгүй хугацааг дуусгасан ба ингээд намайг компьютер авч явсанг цагдаагийн байгууллагад хандсан мэдэж байсан боловч миний хийж байгаа үйлдэл маань гэмт хэрэг биш байх гэж бодоод, мөн хөдөө гадаа ажилтай байсан учраас ирээгүй байж байгаад сүүлд цагдаад баригдсан юм...Анх ажилд орохдоо хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ба ажилд орох анкет бөглөж орсон. “Амтат цамхаг” ХХК-ний Мтой уулзаж хөдөлмөрийн гэрээ байгуулах эсэх талаар лавлаж асуухад 3 хоногийн дараа байгуулна гэж байгаад хугацаа хойшилж явсаар байгаад гэрээгээ байгуулаагүй байсан юм. Сарын үндсэн цалин 1 сая төгрөг гэдгийг аман байдлаар Мтой ярьж тохиролцсон. Нэгэнт ажилд орсон юм чинь байгуулах байх гэж бодоод он гарах дөхөөд ажил ихтэй байсан учраас оны дараа болоё гэхээр хүлээж байсан. Энэ үедээ цалингаа өгөхгүй байхаар нь тэсгэл алдаад компьютерийг аваад явчихсан юм. ....Хэн ч мэдээгүй. Би хайрцганд нь хийж байгаад аваад гарчихсан юм. Цалингаа өгөхгүй байсан учраас барьцаалж авъя гэж бодоод аваад явчихсан юм. Барьцаалж авчихаад шууд барьцаалан зээлдүүлэх газар тавьж алга болсон маань миний хамгийн гол буруу болсон юм. Би нэгэнт хэнд ч хэлэлгүй хууль бусаар авчихсан болохоор бүр буруутан болох байх гэж бодоод тэр чигээрээ явчихсан юм.  /хх-ийн 46/ гэсэн мэдүүлэг,

 

Тэнцвэр эстимэйт ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 25-27/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 24/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 36/

шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 15/,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 16/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Н.С нь 2019 оны 01 дүгээр сарын 15-нд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт байрлах “Амтат цамхаг” ХХК-д няравын ажил эрхэлж байхдаа албан ажлын хэрэгцээнд зориулан өөрт нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу тус компанийн өмчлөлийн суурин Делл 15 брэндийн 8 дугаар үеийн компьютерийг завшиж 1.879.233 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Мын:”...манай байгууллага Сын нэр дээр делл маркийн ай5, 8 дугаар үеийн иж бүрэн персонал компьютер өгсөн. Тэрнээс хойш тэр ажлаа хийж байгаад 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгууллагаас гарахдаа ажлын компьютерийг хувьдаа гаргасан байсан...” /хх-ийн 12/

гэрч Б.Цолмонтунгалагийн: “...Н.С гэх хүн Дэлл брэндийн...рам 8, хард 500.0 багтаамжтай суурин компьютерийг 7 хоногийн хугацаатай 500.000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан...” /хх-ийн 39/,

гэрч Р.Амгалангийн:”...Сыг ажилдаа ашиглаж бай гээд компаниас хүлээлгэж өгсөн суурин компьютерийг хэн нэгний зөвшөөрөлгүйгээр С нь аваад явсан...” /хх-ийн 59/ гэж мөрдөн байцаалтанд тэдгээрийн мэдүүлсэн мэдүүлгүүд болон камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 24/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 25-27/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 36/  зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Н.С “Амтат цамхаг” ХХК-д няравын ажил эрхэлж байхдаа өөрт нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдох ба уг гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд хяналтын прокуророос Н.Сд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Н.Сыг “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцов. 

 

Улсын яллагчаас Н.Сыг “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгч Н.С гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.879.000 төгрөг төлсөн нь хохирогчийн зөрчигдсөн эрх сэргээгдсэн гэж үзнэ.  

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Н.Сыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч Н.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

 

Шүүгдэгч Н.С бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо  нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...3 жил хүртэл тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж  шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод нийцүүлэн Шүүх, шүүгдэгч Н.Сд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нэмж хэрэглэх нь зүйтэй. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.