Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 130/ШШ2016/00608

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** дугаар багт оршин суух, Ж овогт Б-ийн Ны хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.Н, орчуулагч А.Е, нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн агуулга: Жн М 1969 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр гэр бүл болсныг тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч Б.Н шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 1950 онд төрсөн ба 1969 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр С овогт Жн М гэр бүл болж, улмаар бид хоёр анхны хүүхдээ 1970 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төрүүлсэн ба гэрлэснээс хойш хугацаанд 6 хүүхэдтэй болсон юм. Тухайн үед бид гэрлэлтээ бүртгүүлж, 1969 онд 111 дугаартай гэрчилгээ авч байсан боловч бид түүнийг гээгдүүлээд олохгүй байна. Тэр үед бидний гэрлэлтийг бүртгэхгүй зөвхөн гэрчилгээ бичиж өгсөн байна. Архивын лавлагаа авах гэсэн боловч бидний гэрлэлт бүртгэлгүй байна гэсэн.

Иймд Б.Н миний бие Ж.М 1969 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр гэр бүл болсон нь үнэн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Ны хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 266 дугаар албан бичигт Бити овогтой Ны /БЮ50100702/ Өлгий сумын 1968-1973 оны гэрлэлтийн бүртгэлийн журналаас шүүж үзэхэд гараагүй болно гэсэн боловч Битигийн Н, Жн М нар нь 1969 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр гэр бүл болсон болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.

Үүнд: -Ж.М, Б.Н нарын БӨ№****, БӨ№****дугаартай БНМАУ-ын паспортын 10 дугаар хуудасны гэрлэлтийн байдал гэх хэсэгт нөхөр Жн М, эхнэр Битигийн Н, гэрчилгээний дугаар 111, 1969 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр бүртгэсэн байдал,

-Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 272 дугаар албан бичгээр ирүүлсэн ХААТР-21 (Б) маягтанд: Жадик овогт Битигийн Н, 1950 онд төрсөн, эмэгтэй, ...14-рт гэрлэсэн байдал 1969 он, гэрчилгээний дугаар 111,

-Мөн албан бичгээр ирүүлсэн БНМАУ-ын иргэний паспорт авах маягтанд: эхнэр нөхөр Жн М, Битигийн Н, хүү Мийн М, Мейрбек, Сайрбек,

-Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэний бүртгэлийн албанаас 1971 онд олгосон Мийн төрсний гэрчилгээнд: Хүүхдийн овог нэр Мийн Г, эцэг Жн М, Битигийн Н,

-Хүсэлт гаргагч Б.Ны шүүхэд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтууд болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн Битигийн Н, Жн М нар нь 1969 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр гэр бүл болсныг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3-т зааснаар Битигийн Н, Жн М нар нь 1969 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр гэр бүл болж, 1969 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болохыг тус тус тогтоосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагч Б.Ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК