Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 0056

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн хөтлөн

улсын яллагч Н.Анхбаяр

насанд хүрээгүй хохирогч Н.О, түүний хууль ёсны төлөөлөгч эх Ц.Цэрэнханд, өмгөөлөгч П.Амгаланбаатар

өсвөр насны шүүгдэгч О.У, түүний хууль ёсны төлөөлөгч эх П.Оюун, өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Ут холбогдох эрүүгийн 1905041541314 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Өсвөр насны О.У нь 2019 оны 10 дугаар сарын 15-нд Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 141 дүгээр сургууль дотор Н.Оын биед халдаж, түүний биед хамар ясны хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Өсвөр насны шүүгдэгч О.У шүүхийн хэлэлцүүлэгт: О бид хоёр нэг ангид сурдаг.  2019 оны 10 дугаар сарын 15-нд биеийн тамирын хичээл дээр О бөмбөг залж байгаад над руу муухай хараад байсан. Тэгэхээр нь би заалнаас гараад явчихсан чинь араас О гарч ирээд “чи юу чадах юм бэ, хошного чинь” гэж хэлээд над руу гараа далайхаар нь би нүүр рүү алгадсан. Оын биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч Н.О шүүхийн хэлэлцүүлэгт: Би Ут цохиулснаас болж хагалгаанд орсон. Гэртээ гам бариад хичээлдээ явахгүй байгаа. У сургуулийн зааланд тоглож байгаад намайг хоёр удаа цохисон. Заалнаас гарч ирээд намайг дахиад хоёр удаа цохисон. Би хохиролоо авчихвал гомдолгүй гэв.

 

Өсвөр насны хохирогч Н.Оын хууль ёсны төлөөлөгч эх Ц.Цэрэнханд шүүхийн хэлэлцүүлэгт: Манай хүү Н.Оын хагалгааны болон эмчилгээний зардалд нийт 2.523.505 төгрөгийн зардал гарсан. Үүнээс О.Уын ар гэрээс 2.000.000 төгрөгийг төлсөн. Одоо үлдсэн 523.505 төгрөгөө нэхэмжилнэ гэв.

 

Өсвөр насны шүүгдэгч О.Уын  хууль ёсны төлөөлөгч эх П.Оюун шүүхийн хэлэлцүүлэгт: Би хоёр хүүхэдтэйгээ амьдардаг. Миний том хүү У бол сайн хүүхэд. Би өөрөө элэгний өвчтэй болохоор ажил хийж болдоггүй гэртээ байдаг.  Манай хүү У барс зах дээр бараа зөөж шөнийн цагаар ажиллаж  хохирогчид хохиролыг нь төлж байна. Үлдсэн хохиролыг нь төлнөө гэв.

 

Хавтаст хэргээс:

Насанд хүрээгүй хохирогч Н.О гэрчээр мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 11:40 цагт биеийн тамирын хичээл орж байсан сагс тоглож байхад У манай эсрэг багт тоглож байсан. Тэгээд миний хажуугаар гарахдаа миний гар руу тохойгоороо цохиод явсан. Би араас нь Ут зөөлөн тоглооч ээ гэсэн У над руу яасан гэнээ чи гэж ирээд миний хамарны баруун хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд дахиад зүүн эрүү хэсэгт нэг удаа цохисон...тэгээд намайг заамдаад намайг түлхээд унагаасан. Бат-Оргил салгасан...чи яагаад намайг цохиж байгаа юм гэхэд тэгээд чи яах юм гээд миний хамар руу хоёр удаа цохисон. /хх-ийн 12/ гэсэн мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй гэрч Б.Жаргалан мөрдөн байцаалтанд:2019 оны 10 дугаар сарын 15-нд биеийн тамирын хичээл ороод зааланд сагс тоглож байгаад У, О хоёр хоорондоо бөмбөг булаацалдаад Түшиг гээд хүүхэд Оын гарт хүрчихсэн. Тэгээд О бөмбөг аваад сагсны шийд рүү дайрахад У хаасан. Тэгэхэд О, Уыг чи яаж хаагаад байгаа юм юу чадахын чи яах юм гэж хэлээд О, У руу бөмбөг шидэхэд У бултсан. О тэгэхэд Уыг цохих гээд байсан. Тэгээд У, О хоёр хоорондоо зууралдаад ноцолдсон тэгээд салгаад заалнаас гараад ангийн үүдэн очоод байж байгаад О чи муу хошного юу чадах юм гээд орилсон хэл амаар доромжлоод байсан. У, Оыг нэг удаа алгадсан Оын хамарнаас нь цус гарсан.  /хх-ийн 26/ гэсэн мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй гэрч Е.Бат-Ирээдүй мөрдөн байцаалтанд: 2019 оны 10 дугаар сарын 15-нд зааланд У, О хоёр хоорондоо маргалдсан Тэгээд заалнаас гараад ангийн үүдэнд очоод О, Уыг чи юу чаддаг юм бэ гээд толгойгоороо нэг нэгнээ тулсан.  Тэгээд У, Оыг алгадахад  Оын хамарнаас нь цус гараад 00-н өрөө ороод У араас нь очоод уучлалт гуйгаад эвлэрсэн. /хх-ийн 31/ гэсэн мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй гэрч Г.Дашням мөрдөн байцаалтанд: 2019 оны 10 дугаар сарын 15-нд сагс тоглож байгаад бөмбөгийг У, О хоёр хоорондоо булаацалдаад Түшиг гээд хүүхэд Оын гарт нь хүрсэн тэгээд О бөмбөг аваад шийд рүү дайрч байгаад У хаасан. Тэгэхэд О, Уыг чи юу чадахын чи яах юм гэсэн. Тэгээд О, У руу бөмбөг шидэхэд У бултсан тэгээд би эргэж хараад буцаад харахад У, О хоёр хоорондоо зууралдаад ноцолдсон. Тэгээд салгаад заалнаас гараад ангийн үүдэн дээр очоод байж байгаад О чи муу хошного юу чадах юм гээд орилсон У, Оыг зүүн гараараа алгадсан Оын хамарнаас нь цус гарсан. /хх-ийн 35/ гэсэн мэдүүлэг,

 

Өсвөр  насны О.У мөрдөн байцаалтанд: 2019 оны 10 дугаар сарын 15-нд биеийн тамирын хичээл ороод сагс тоглож байхад Оыг  манай ангийн Баттүшиг хааж байгаад бөмбөгийг нь гартай нь цохисон. Тэгээд О намайг чи яаж хаагаад байгаа юм пизда минь гэсэн би юу би цохисон юм уу гэсэн. Тэгэхэд О над руу хараагаад ирэхээр нь би алгадсан. Тэгэхэд над руу бөмбөг шидэхээр нь би суугаад бултсан тэгээд зууралдаад ноцолдсон. Тэгээд намайг заалнаас гараад явахад О чи юу чадах юм хошного минь гээд инээгээд доромжлоод байсан тэгээд гараад ангийн үүдэн дээр ирсэн. О над руу хараад намайг цохихоор нь би бултаад оногдоогүй. Тэгээд би түүнийг алгадахад Оын хамарнаас нь цус гарсан тэгээд О 00-н өрөө рүү явсан. Би араас нь 00-н өрөө ороод яасан гайгүй юу уучлаарай уурласан байсан гээд уучлалт гуйгаад гар барьсан. /хх-ийн 15/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12544 дугаартай шинжилгээнд: Н.Оын биед хамар ясны хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалданд нөлөөлөхгүй. хх-ийн 40/ гэсэн дүгнэлт,

Хохиролын баримтууд /хх-ийн 36/

 

Өсвөр  насны шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52/, сургуулийн тодорхойлолт /хх-ийн 53/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Өсвөр  насны шүүгдэгч О.У нь 2019 оны 10 дугаар сарын 15-нд Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 141 дүгээр сургуулийн спорт зааланд биеийн тамирын хичээл дээр сагс тоглож байхдаа нэг ангийн  Н.Отой харилцан маргалдсаны улмаас  нүүрэн тус газарт нь гараараа цохиж биед нь хамар ясны хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

насанд хүрээгүй хохирогч Н.Оын “...У...миний хамарны баруун хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд дахиад зүүн эрүү хэсэгт нэг удаа цохисон...” /хх-ийн 12/, насанд хүрээгүй гэрч Б.Жаргалангийн“...О чи муу хошного юу чадах юм гээд орилсон хэл амаар доромжлоод байсан. У, Оыг нэг удаа алгадсан Оын хамарнаас нь цус гарсан...”  /хх-ийн 26/,  насанд хүрээгүй гэрч Е.Бат-Ирээдүйн“...У, Оыг алгадсан тэгээд Оын хамарнаас нь цус гараад 00-н өрөө ороод У араас нь очоод уучлалт гуйгаад эвлэрсэн” /хх-ийн 31/, насанд хүрээгүй гэрч Г.Дашнямын “...О чи муу хошного юу чадах юм гээд орилсон У, Оыг зүүн гараараа алгадсан Оын хамарнаас нь цус гарсан” /хх-ийн 35/ гэж тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шинжээчийн 12544 дугаартай дүгнэлт  хх-ийн 40/, хохиролтой холбогдох баримтууд /хх-ийн 36/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Өсвөр насны шүүгдэгч О.Уын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Өсвөр насны шүүгдэгч О.У нь насанд хүрээгүй хохирогч  Н.Оын нүүрэн тус газарт гараараа цохиж хамар ясны хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Өсвөр насны шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал  дүгнэлт нь хуулийн  үндэслэлтэй байна.

О.У нь гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас 4 сар 24 хоногтой байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн субъект болно.

Иймд өсвөр насны шүүгдэгч О.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хэрэгт авагдсан хохиролтой холбогдох нийт 2.523.505 төгрөгийн үнийн дүн бүхий баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан байх ба эдгээрээс О.У нь нийт 2.000.000 төгрөгийг төлсөн байна. 

О.У нь Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан “насанд хүрээгүй буюу 14-өөс 18 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай байна” гэсэн хуулийн зохицуулалтанд хамаарах ба насанд хүрээгүй шүүгдэгчийн бусдад учруулсан хохирлыг түүний хууль ёсны төлөөлөгч буюу эцэг, эх, харгалзан дэмжигч Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.5., 503.6.-д заасан үндэслэл, журмын дагуу хариуцан арилгана.

 

Иймд хохиролоос төлөгдөөгүй үлдсэн 523.505 төгрөгийг О.Уын хууль ёсны төлөөлөгч П.Оюунаас гаргуулж хохирогч Н.От олгохоор шүүх шийдвэрлэв.  

Эрүүгийн хариуцлагын талаар:

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон О.Ут шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан,  мөн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “торгох болон нийтэд тустай ажил хийлгэх ял” О.Ут оногдуулахгүйгээр түүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Өсвөр насны шүүгдэгч О.Ут хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж байгаатай холбоотойгоор түүнд гэм бурууг нь ухамсарлуулах, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс сэрэмжлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ”Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.