| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2020/0130/Э |
| Дугаар | 154 |
| Огноо | 2020-01-28 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Н.Уранбайгаль |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 154
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,
улсын яллагч Н.Уранбайгаль,
шүүгдэгч Н.Ц, түүний өмгөөлөгч Б.Чинбат,
хохирогчийн өмгөөлөгч Г.Нямсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Цд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1903 01225 0548 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Н.Ц,
Холбогдсон хэргийн талаар:
Н.Ц нь 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 16 цаг 50 минутын орчимд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Саруул тэнгэр-2 хотхоны зүүн замд Г.Эын эзэмшлийн Mitsubishi Airtrek маркийн 80-49 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул,саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн зөрчсөний улмаас явган зорчигч 55 настай эмэгтэй С.Уийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... гэв.
Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-9-р тал/,
Явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 12-13/ явган зорчигч С.У согтууруулах ундаа хэрэглээгүй байна гэжээ.
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 14-15/ жолооч Н.Ц согтууруулах ундаа хэрэглээгүй байна гэжээ.
Хохирогч С.У мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: ...2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 16 цаг өнгөрч байх үед би ганцаараа хүү Х.Түмэндэлгэрийнд очих гээд Баянзүрх дүүргийн нутаг Саруул Тэнгэр-2 хотхоны зүүн замд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо чиглэлтэй зам хөндлөн гараад бараг л дуусч явтал араас буюу зүүнээсээ баруун чиглэлтэй явсан хөх өнгийн суудлын машин нь мөргөсөн. Энэ үед би зам дээр унасан. Тэгтэл тухайн машины жолооч нь машинаасаа бууж ирээд хүүе эгч ээ босоорой, босоорой гэж хэлснээ уг жолооч нь намайг босгоод машиндаа оруулж суулгасан. Тэгтэл тухайн машины жолооч машиндаа 2 настай хүүхэдтэй хамт явж байсан ба намайг аваад Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр авч очсон. Тэгээд манай охин Х.Түмэнчимэг нь уг эмнэлэг дээр ирсэн. Ингээд би биеэ уг эмнэлэг дээр үзүүлчихээд бид нар шууд Гэмтлийн эмнэлэг дээр явж очсон. Тэгээд гэмтлийн эмнэлэг би нуруу, толгой, томографийн зураг тус тус авахуулсан. Тэгтэл бид нарыг цагдаагийн байгууллагаас дуудаж, тэгээд бид нар бүгд Тээврийн цагдаагийн албан дээр явж очсон. Ингээд цагдаа нар нь хэргийн газарт үзлэг хийнэ гэж хэлээд бид нарыг хэргийн газар руу явуулж, бид нарын араас цагдаа нар ирж хэргийн газарт хэмжилт, хэргийн газрын үзлэгийг хийсэн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 17-22-р тал/,
Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-ийн 24-р тал/,
Гэрч С.Нямцогт мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: ...Хүү маань төлөв даруу, дуу цөөтэй, ажилсаг, хөдөлмөрч хүн байгаа юм. Хүү маань урьд өмнө нь цагдаагийн байгууллагаар ямар нэгэн хэргийн учир шалгагдаж байсан удаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 28-р тал/,
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх-ийн 30-р тал/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 12930 тоот шинжээчийн дүгнэлт:
1. С.Уийн биед бүсэлхий 4-р нугалмын зүүн талын сэртэнгийн хугарал, баруун сарвуу чигчий хуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Ганзориг гэх дүгнэлт /хх-ийн 31-р тал/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 32-р тал/,
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 36-р тал/,
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-н Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-41-р тал/ ...Эдгээр гэмтлүүд нь ашиглалтын явцад үүссэн хуучин гэмтлүүд бөгөөд зам тээврийн осолд нөлөөлөхгүй гэжээ.
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 42-44-р тал/,
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 45-р тал/,
Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 528 тоот дүгнэлт:
1. ММС Эйртрэйк маркийн 80-49 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Нямцогт овогтой Цогтгэрэл нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.18. “замын зэргэлдээх нутаг дэвсгэр” гэж замын ойролцоох зогсоол, талбай, хашаа, хороолол, шатахуун түгээгүүр, үйлдвэр, албан байгууллага зэрэг тээврийн хэрэгслийн дамжин өнгөрөх хөдөлгөөнд зориулагдаагүй нутаг дэвсгэрийг Замын зэргэлдээх нутаг дэвсгэр дотор энэ дүрмийг заалт, шаардлагыг мөрдөнө.
Иймд 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна – гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч Сономдагва овогтой Уранчимэг нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтэл нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. Цагдаагийн ахмад Л.Гансүх гэх дүгнэлт /хх-ийн 46-47-р тал/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 48-49-р тал/,
Шүүгдэгч Н.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: ...2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр би 16 цаг 50 минутын орчимд би өвөө Г.Эын эзэмшилд байдаг хөх өнгийн ММС Эйртрэйк маркийн 80-49 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон кабиндаа хүү Ц.Мөнхгэрэл /3 настай/-ийн хамт Да хүрээ захаас Цайз зах орж машинаа янзлуулах зорилгоор Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул тэнгэр-2 хотхоны зүүн замд ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр ойролцоогоор 20-30 орчим км/цагийн хурдтай явж байтал эсрэг урсгалаас нэг машин нь миний явж буй эгнээ рүү бага зэрэг шахаж орж ирэхээр нь хурдаа хэсэг сааруулаад баруун тал руугаа дартал тухайн машины араас нэг эмэгтэй хүн урдаасаа хойшоогоо чиглэлтэй алхаад гараад ирсэн. Тэгэхээр нь би харсан даруйдаа тоормозоо гишгэсэн боловч машиныхаа урд хэсгээр тухайн эмэгтэй хүний биеийн баруун хажуу хэсэг рүү мөргөөд зогссон. Тухайн үед тэр эмэгтэй хүн машинд мөргөгдөж зам дээр унасан. Тэгээд би машинаасаа бууж очоод тэр эмэгтэй хүнээс биеийн байдлыг нь асуухад нуруу өвдөөд байна гэж ярьж байсан. Тэгэхээр нь би тэр эмэгтэй хүнийг машиндаа оруулж суулгаад Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр очоод байж байтал ар гэрийнхнээс нь охин нь гэх хүн ирсэн. Улмаар уг эмнэлгээс бид нар гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлсэн. Тэгээд дараа нь цагдаад мэдэгдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 72-75-р тал/,
Эд зүйл, бичиг баримт,гомдол,мэдээлэл,бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэлд: Хохирогч С.Уээс эмчилгээний зардалд зарцуулсан 3 хуудас 608.300 төгрөгийн 2019.12.13-ны хүлээн авав гэжээ. /хх-н 81-84-р тал/,
Н.Цийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 132/, жолоочийн лавлагаа /хх-ийн 51/, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 134-р тал/,
Н.Цд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 66/, прокурорын тогтоол /хх-ийн 67-69/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 72-75-р тал/,
Н.Цд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 72-р тал/ зэрэг болно.
Н.Ц нь 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 16 цаг 50 минутын орчимд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сарууул тэнгэр-2 хотхоны зүүн замд Г.Эын эзэмшлийн Mitsubishi Airtrek маркийн 80-49 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул,саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн зөрчсөний улмаас явган зорчигч 55 настай эмэгтэй С.Уийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 12930 тоот шинжээчийн дүгнэлтээр С.Уийн биед бүсэлхий 4-р нугалмын зүүн талын сэртэнгийн хугарал, баруун сарвуу чигчий хуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэж тогтоогдсон.
Хохирогч С.Уийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... Баянзүрх дүүргийн нутаг Саруул Тэнгэр-2 хотхоны зүүн замд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо чиглэлтэй зам хөндлөн гараад бараг л дуусч явтал араас буюу зүүнээсээ баруун чиглэлтэй явсан хөх өнгийн суудлын машин нь мөргөсөн. Энэ үед би зам дээр унасан. Тэгтэл тухайн машины жолооч нь машинаасаа бууж ирээд хүүе эгч ээ босоорой, босоорой гэж хэлснээ уг жолооч нь намайг босгоод машиндаа оруулж суулгасан.Би биеэ уг эмнэлэг дээр үзүүлчихээд бид нар шууд Гэмтлийн эмнэлэг дээр явж очсон. Тэгээд гэмтлийн эмнэлэг би нуруу, толгой, томографийн зураг тус тус авахуулсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-22-р тал/,
Шүүгдэгч Н.Цийн өгсөн...Саруул тэнгэр-2 хотхоны зүүн замд ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр ойролцоогоор 20-30 орчим км/цагийн хурдтай явж байтал эсрэг урсгалаас нэг машин нь миний явж буй эгнээ рүү бага зэрэг шахаж орж ирэхээр нь хурдаа хэсэг сааруулаад баруун тал руугаа дартал тухайн машины араас нэг эмэгтэй хүн урдаасаа хойшоогоо чиглэлтэй алхаад гараад ирсэн. Тэгэхээр нь би харсан даруйдаа тоормозоо гишгэсэн боловч машиныхаа урд хэсгээр тухайн эмэгтэй хүний биеийн баруун хажуу хэсэг рүү мөргөөд зогссон. Тухайн үед тэр эмэгтэй хүн машинд мөргөгдөж зам дээр унасан. Тэгээд би машинаасаа бууж очоод тэр эмэгтэй хүнээс биеийн байдлыг нь асуухад нуруу өвдөөд байна гэж ярьж байсан. Тэгэхээр нь би тэр эмэгтэй хүнийг машиндаа оруулж суулгаад Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр очоод байж байтал ар гэрийнхнээс нь охин нь гэх хүн ирсэн. Улмаар уг эмнэлгээс бид нар гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 72-75-р тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Н.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогчийн нэхэмжилсэн 608.300 төгрөгийг хохирогчид төлсөн ба хохирогч нэмж нэхэмжлэл гаргаагүй учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогч С.У нь цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.
Энэ хэргийн улмаас Н.Ц нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Н.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Цийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Ц нь торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Ц нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугцаанд биелүүлэхгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Н.Ц нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Н.Ц бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Хохирогч С.У нь цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.