| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2016/00466/И |
| Дугаар | 466 |
| Огноо | 2016-11-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 466
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо 11 дүгээр хороолол, Их тойруу гудамж 9-22 тоотод оршин суух, Олхонууд овгийн Дамдингийн Дүгэр
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сум 6 дугаар баг, Ягаан толгой 36-372 тоотод оршин суух, Амарбуян овгийн Очирын Баатарсүрэн
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сум 6 дугаар баг, Ягаан толгой 36-372 тоотод оршин суух, Баясгалан овгийн Янжингийн Оюунгэрэл нарт холбогдох
“Зээлийн гэрээний үүрэгт 1048042438 төгрөг, 66,959 ам доллар гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, О.Баатарсүрэн, Я.Оюунгэрэл нарын Н.Дүгэр, Н.Энхтуяа нартай байгуулсан зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай” сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Дүгэр, нэхэмждэгчийн өмгөөлөгч П.Төрбат, Б.Бүрнээ, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго, Г.Баянжаргал, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч О.Алтансүх, нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Дүгэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нараас нэхэмжилж буй нэхэмжлэлийн үнийн дүн нь зээлийн гэрээний дүнгээр 744800000 төгрөг гэрээний дагуу 48000 долларыг хариуцагч нараас нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн үнийн дүнгээ хариуцагч нартай тохиролцож гаргасан баримтыг нэхэмжлэлд хавсаргасан болно. Дээрх нэхэмжлэлд гаргасан хөрөнгө битүүмжлэх 29 айлын орон сууцнаас 196 мкв тайлбайг битүүмжлүүлэх хүсэлтэй байна. Иймд хариуцагч нараас Монгол мөнгөөр 744800000 төгрөг буюу 48000 долларыг хүүтэй нь нэхэмжилж , хариуцагч нарын 29 айлын орон сууцнаас 1296 мкв тайлбайг битүүмжилж дээрх мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Дүгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хариуцагч “Гэгээн суварга” ХХК-ийн захирал О.Баатарсүрэн, түүний эхнэр Я.Оюунгэрэл нарт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт Бүсийн оношилгоо эмчилгээний баруун талд байрлалтай 30 хувийн гүйцэтгэлтэй 29 айлын орон сууцны санхүүжилтэнд зориулж өөрсдийнх нь удаа дараагийн хүсэлтээр 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс уг барилгыг бүрэн хэмжээгээр нь ашиглалтанд ортол нь зээл олгосон. 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар 1.048.042.438 төгрөг, 66959 ам долларыг хариуцагч нараас нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд нэхэмжилж байна. Д.Дүгэр миний бие нь өөрийнхөө болон иргэн Н.Энхтуяа, “Итгэлт миллион ББСБ” ХХК, “Цэн шижир” ББСБ” ХХК-ийн өмнөөс хуульд заасны дагуу нэхэмжлэл гарган өнөөдрийн хуралд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин оролцож байна. Алданги болон нэмэгдүүлсэн хүүг гэрээнд заасан хувь хэмжээгээр хуулийн дагуу үнэн зөв тооцоолсон гэдэгтээ итгэлтэй байна. Хариуцагч нар нь зээл барьцааны гэрээнд заагдсан гэрээний үүргээ байнга зөрчин, бусдад сэтгэл санаа, эд материалын хохирол учруулж итгэл эвдсээр ирсэн. Дээрх зээлүүдэд харилцагч нар нь өөрсдийн “Гэгээн суварга” ХХК-аас баталгаа, батлан даалт гаргасан өгч, иргэн Д.Дүгэр надад Өвөрхангай аймаг Арвайхээр сумын 5 дугаар баг Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн баруун талд байрлалтай 29 айлын орон сууцыг бусдад худалдах бэлэглэх, зээлийн барьцаанд тавих, захиран зарцуулах гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, мөн Өвөрхангай аймаг Хархорин сумын Засаг даргын 2011 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 115 тоот шийдвэрээр олгогдсон газар эзэмших эрхийн 0278599 дугаартай орон сууц зочид буудал худалдааны төвийн зориулалттай 1 га бусдад шилжүүлэн газар эзэмших эрх, шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурах эрх, итгэмжлэл олгон итгэл үнэмшил төрүүлж биднээс их хэмжээний санхүүжилт авч 30 хувийн гүйцэтгэлтэй барилгыг дуусгасан. Гэтэл нэхэмжлэгч нар зөвхөн 5 давхарыг барьж дуусгасан мэтээр шүүхэд мэдүүлж байгаад үнэхээр гайхаж байна. Д.Дүгэр миний бие нь өөрөө газар дээр нь очиж шалгасан үеийн барилгын зураг хавтаст хэрэгт байгаа. Нэхэмжлэгч нар чадлаараа бусдаас мөнгө зээлж уг барилгыг 2014 оны 04 дүгээр сард бүрэн ашиглалтанд оруулсан боловч улсын комисс хүлээн авангуут харилцагч нар зугатааж олдохгүй, биднийг Улаанбаатар хотоос удаа дараа Өвөрхангай аймагт ирэхэд утсаар бид Баянхонгор аймагт явж байна, Байруудаа үзээд яв, хөдөө ажилтай явна гэх мэтээр уулзахгүй байсан. О.Баатарсүрэн, Я.Оюунгэрэл нар барилга санхүүжүүлэх үед гурван айлаас урьдчилгаа авсан байсан. Гэвч бидэнд мэдэгдэлгүй 12 айлыг гэрээний үүргээ зөрчиж байрандаа хууль бусаар оруулсан мөртлөө нэг ч төгрөгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээ хангаагүй биднийг хуурч мэхэлсэн мөн барилгын 30 хувийн гүйцэтгэлтэй гэрчилгээ өөр хүний өмч гэдгийг хожуу мэдээд арга буюу шүүхэд хандаж эрхээ хамгаалуулахаас өөр аргагүйд хүрч шүүхэд хандсан юм. Тухайн хүмүүсийн буруутай үйлдлээс болж хувь хүн болон Банк бус санхүүгийн байгууллагууд маш их эрсдэлд орж хохирч байна. О.Баатарсүрэн, Я.Оюунгэрэл нар хууль бусаар орон сууцандаа айлууд оруулсан. Нэхэмжлэгч тал урьдчилгаа авсан 12 айлынхаа мөнгөөр амьдраад яваад байгаа мөртлөө бидэнд нэг ч төгрөг өгөөгүй. Ийм байж Д.Дүгэр битүүмжилсэн байна гэдэг. Гэрчилгээ аваагүй байж миний утасны дугаар байхгүй, зар гаргасан байсан. Би энэ байранд орсон айлуудын хаалгыг тогшоод явалтай нь биш дээ. Байранд оруулсан айлуудаасаа доод тал нь 30 сая төгрөг авсан мөртлөө нэг ч төгрөг өгөхгүй биднийг хохироож байгаад гомдолтой байна гэв
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний зүгээс нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын ярьсан тайлбарын хүрээнд хариу тайлбараа өгнө. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Гэхдээ мөнгө авснаа бол хүлээн зөвшөөрдөг. Харин зээлийн хүү, алдангийг бол хүлээн зөвшөөрөхгүй. Үнийн дүн дээр маргаан үүсдэг. Хариуагч О.Баатарсүрэн, Я.Оюунгэрэл нар нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах 29 айлын орон сууцыг 30 хувийн гүйцэтгэлтэй болтол нь барьж нэхэмжлэгч Д.Дүгэрээс санхүүжилт авсан байдаг. Санхүүжилт авсан талаар бол маргадаггүй. Тухайн үед Д.Дүгэр нь зээл олгох шийдвэр бичсэн байдаг. Энд зээлдэгчийн буруутай болгоомжгүй байдал байдаг. Хариуцагч тал яагаад хүнээс мөнгө авчихаад зээлийнхээ үүргийг гүйцэтгэхгүй яваад байна гэхээр нэхэмжлэгчийн нэхээд байгаа үнийн дүн бол зээлдэгч нарт хэтэрхий хохиролтой дүн байгаа. Зээлдүүлэгч зээлдэгч нарын санхүүгийн аргагүй байдалд орсон сул талыг ашигласан. Зээлдэгч нарын өөрсдийн тооцоогоор 423.273.000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Дүгэрээс авсан байдаг. Үүнээс 180.981.370 төгрөгийг төлсөн байдаг. “Бизкон Аудит” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гаргасан үнэн дүн хоёр хол зөрүүтэй байдаг. Яагаад “Бизкон Аудит” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм бэ? гэхээр Аудитын газраас эдийн засгийн тооцоолол талаас бичсэн гэж гаргаж өгсөн байдаг. Зээлдүүлэгч нь хүссэнээр гэрээ хийж гарын үсэг зуруулсан. Банк бус санхүүгийн байгууллага болон иргэний олгосон мөнгө холилдож байгааг шүүх шинжилгээнээс тогтоох боломжгүй. Төлөгдөөгүй зээлийг үндсэн зээл рүү нь оруулна гэсэн. Нотлох баримтыг хангаж, хангахгүй байгааг шүүх шинжилгээ тогтоох боломжгүй. Хүсэл зоригийн илэрхийлэл бол зээлдэгч тухайн хүнээс мөнгө зээлэхдээ дутуу барьсан орон сууцанд мөнгө өгөх зорилготой байсан. Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангаж өгсөн. Зээлдэгч нарыг орон сууцаа барьж мөнгөгүй болох боломжийг хааж зарж борлуулахгүйгээр орон сууцыг битүүмжилсэн байгаа. Тухайн орон сууцыг улсын комисс 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээж авсан. О.Баатарсүрэн, Я.Оюунгэрэл нар нь барилгын бичиг баримтаа бүрдүүлээд гэрчилгээгээ авах гэтэл Д.Дүгэр наад хүмүүстээ гэрчилгээг өгч болохгүй гэсэн байдаг. Гэрээ байгуулах явцад буюу 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 07 цаг 30 минутын үед Д.Дүгэр нь зээлдэгч нар луу утасдаад “Гэгээн суварга” ХХК-ийн гэрчилгээг өг, Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр би өөрийхөө нэрийг оруулна гэж хэлсэн байсан. Өнөөдрийн байдлаар Д.Дүгэр нь тэрбум төгрөгийн зээлдэгч нараас нэхэмжилж байгаа. Үүнийг хавтаст хэргээс харахад улсын тэмдэгтийн хураамжинд 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төлсөн. Үүнээс 741 дүгээр захирамж гарсан байдаг. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-д зааснаар хэсэгчилэн төлөх хүсэлтийг хангасан байдаг. Зээлдэгч нар нь өөрсдөө боловсролын хувьд өндөр биш хүмүүс байдаг. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-д зааснаар хэсэгчилэн төлөх хүсэлтийг шүүх хангаж тодорхой заагаад өгсөн байдаг. 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгээд битүүмжлэл цуцлах хурал болсон байдаг. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-д зааснаар итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж тамга тэмдэг дарсан байх гэж заасан байдаг. Энэ шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Гэрээ тус бүр дээр Г.Баянжаргал санхүүгийн тооцоолол ярина. О.Баатарсүрэн, Я.Оюунгэрэл нарын өргөдөлд Санхүүгийн Зохицуулах хороо хариу өгсөн байгаа. Иргэн Д.Дүгэр Энхтуяа нар О.Баатарсүрэн, Я.Оюунгэрэл нартай Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулсан байна гэсэн хариу өгсөн байдаг. Эдгээр гэрээнүүд Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус гэрээ байгаа. Энэхүү зээлийн гэрээ нь 2012 оны 02 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдаад Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар мөнгийг шилжүүлснээр тооцдог. Цувуулж авсаар байгаад хэн хэдийг өгсөнөө сайн мэдэхгүй байгаа шиг харагдаад байна. Мөн Иргэний хуулийн 216 зүйлийн 216.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч нь хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч нь аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй гэж заасан. Ийм болохоор 108981300 төгрөгөө тооцууулъя гэдэг нь хариуцагчийн эрх байгаа. Иргэний хуулийн 451, 281 дүгээр зүйлүүд өөр өөр байгаа. Зээлийн гэрээний хувьд 80 хувийг нь иргэд хоорондын зээлийн гэрээгээр тооцоод хуульд өөрөөр заагаагүй бол аман гэрээ хийсэн гэж үзээд зээлийн гэрээ тус бүр дээр тооцоолол хийсэн байдаг. Би ахиад хэлэхийг хүсч байна. Зээлдэгч нар бол мөнгө авснаа хүлээн зөвшөөрдөг. Зээлийн гэрээ хийгээд ахиж нэмж хийсэн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Манай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Г.Баянжаргал зээлийн гэрээ тус бүр дээр тайлбараа хэлнэ гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баянжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийт зээлдүүлэгч зээлдэгч нарын хооронд хийсэн 14-15 зээлийн гэрээ байна. Үүнийг тус бүр нь тайлбарлахад нилээд цаг орно. Тийм болохоор нотлох баримт шинжлэн судлахад тайлбар хэлээд явъя гэж бодож байна. Нийт 15 гэрээ байгаа. Жишээ нь 2 долларын гэрээ, бусад нь төгрөгийн гэрээ байгаа. Гэрч А.Занахүү сая хэлсэн 36000000 төгрөг өгсөн гэж байна. Тэр 200000000 төгрөг дээр 36000000 төгрөгийг нэмчихээр нийт 226000000 төгрөг болоод нөгөө 200000000 төгрөгнөөсөө давж яваад байгаа иймэрхүү зүйлүүд харагдаад байна. Мөн 45000000 төгрөгийн зээлийн гэрээ, 57000000 төгрөгийн зээлийн гэрээ, 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 70000000 төгрөгийн зээлийн гэрээнүүд орж ирсэн байгаа. Сая нотлох баримт шинжлэн судлахад тэр 70000000 төгрөгийн зээлийн гэрээг огт дурдагдаагүй алга болчихлоо. Эдгээр зээлийн гэрээг хийсэн процесс нь өөрөө тиймэрхүү гүйцэтгэл нь хойно урдаа, суварсан харагдаж байна. Нэхэмжлэгч тал тооцоогоо бодохдоо өөрсдийн төсөөлөлөөр бодсон байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонготой адил сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дүгэр нь хариуцагч О.Баатарсүрэн, Я.Оюунгэрэл нараас 2012 оны 12 дугаар сарын 20-оос 2014 оны 04 дүгээр сарын 14-ний хооронд нэхэмжлэгч Д.Дүгэр, Н.Энхтуяа, Итгэлт миллион ББСБ, Цэншижир ББСБ нартай байгуулсан зээлийн гэрээнүүдийн биелэгдээгүй үүрэг болох нийт 1048042438 төгрөг, 66959 америк долларыг гаргуулахаар тус шүүхэд хандсан.
Хариуцагч нар нь нэхэмжлэгч Д.Дүгэр, Н.Энхтуяа, Итгэлт миллион ББСБ, Цэншижир ББСБ нартай 2012.12.20, 2013.02.05, 2013.03.05, 2013.05.06, 2013.05.31, 2013.07.08, 2013.07.29, 2013.08.15, 2013.09.12, 2013.09.20, 2013.10.01, 2013.10.09, 2013.10.28, 2013.11.08, 2013.11.20-ны өдрүүдэд байгуулсан 15 зээлийн гэрээ, 2014.05.01-ны өдөр байгуулсан зээлийн нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Д.Баатарсүрэн, Я.Оюунгэрэл нар нь нэхэмжлэгч Д.Дүгэр, Н.Энхтуяа, Итгэлт миллион ББСБ, Цэншижир ББСБ-аас 2012 оны 12 дугаар сарын 20-оос 2014 оны 04 дүгээр сарын 14-ний хооронд нийт 578000000 төгрөг, 41700 америк долларыг зээлж, хүүгийн төлбөрт нийт 62127330 төгрөг, 1533 америк доллар төлж, зээлийн гэрээнүүдийн биелэгдээгүй үүрэг нь 751509212 төгрөг, 50525 америк доллар байгаа нь хэрэгт авагдсан зээлийн гэрээнүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна гэж үзлээ.
Талууд зээлийн гэрээ хүчин төгөлдөр эсэх, зээлийн гэрээний биелэгдээгүй үүргийн хэмжээний талаар харилцан маргаантай байгаа боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 199 дугаартай Шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэлээ. /III ХХ-182-205/
Иргэний хуултийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана”, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”, түүнчлэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж,төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус зааснаар хариуцагч О.Баатарсүрэн, Я.Оюунгэрэл нар нь нэхэмжлэгч Д.Дүгэрт 383903792 төгрөг, 50525 доллар, нэхэмжлэгч Н.Энхтуяад 162245975 төгрөг, “Цэншижир” ББСБ-д 18618630 төгрөг, “Итгэлт Миллион” ББСБ-д 186740814 төгрөгийн зээлийн гэрээний биелэгдээгүй үүргийг гүйцэтгэх үүрэгтэй гэж дүгнэлээ.
Өвөрхангай аймгийн Сум дундын 17 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 768 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртлэх хугацаанд хүчинтэй байхыг дурдах нь зүйтэй.
Хариуцагч О.Баатарсүрэн, Я.Оюунгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго нар “Зээлийн гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай” сөрөг нэхэмжлэлийг гаргасан байгаа ч зээлийн гэрээнүүд нь Иргэний хуульд нийцсэн, хүчин төгөлдөр байх тул сөрөг нэхэмжлэлүүдийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан Өвөрхангай аймгийн Сум дундын 17 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 768 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамжаар битүүмжлэгдсэн орон сууцнаас 5 дугаар давхарын 26-31 тоотуудад байрлах орон сууцнуудыг битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай хүсэлтийг шүүх хангахаас татгалзсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт “Шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй” гэж зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдтэй холбоотой асуудлыг хэлэлцээгүй болно.
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухайхуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч О.Баатарсүрэн, Я.Оюунгэрэл нараас 383903792 төгрөг, 50525 долларыг гаргуулан нэхэмжлэгч Д.Дүгэрт, 162245975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Энхтуяад, 18618630 төгрөгийг гаргуулан “Цэншижир” ББСБ-д, 186740814 төгрөгийг гаргуулан “Итгэлт Миллион” ББСБ-д тус тус олгож нэхэмжлэлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч О.Баатарсүрэн, Я.Оюунгэрэл нарын гаргасан сөрөг нэхэмжлэл мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонгийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.Баатарсүрэн, Я.Оюунгэрэл нараас 4374840 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Дүгэрт олгож, нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6094145 төгрөг, хариуцагчаас Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 891150 төгрөгийг орон нутгийн орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА