Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 130/ШШ2016/00609

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Толбо сумын** дугаар багт оршин суух, Б овогт Уы Кгийн хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч У.К, орчуулагч Х.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн агуулга: 1978 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс 1984 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн Толбо сумын Улаан туг нэгдлийн зочид буудалд үйлчлэгчээр, 1984 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл тус сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар, 1988 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1989 оныг дуустал тус тус ажиллаж байсныг тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч У.К шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие Баян-Өлгий аймгийн Толбо сумын Улаан туг нэгдэлд зочид буудлын үйлчлэгчээр 1978 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс 1984 оны 11 дүгээр сарын 01-ний хүртэл, мөн Худалдаа бэлтгэлийн ангид 1984 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1989 он хүртэл ажилласан. Тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажилд орсон, гарсан тушаал байхгүй. Иймд нийгмийн даатгалын байгууллага ажилласан жилийг шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн учир миний ажилласан 11 жилийг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч У.К шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Би ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Миний хөдөлмөрийн дэвтэр байгаа, бичилт хийгдсэн боловч ажилд орсон гарсан тушаал байхгүй тул 11 жилийн ажилласан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Хоёр байгууллагад ажиллаж байсан ба тэдгээр хүмүүсийн тодорхойлолтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Би 1978-1984 оны хооронд Улаан туг нэгдэлд зочид буудлын үйлчлэгчээр, 1984-1989 он дуустал Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байсан гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн хүсэлтээр шинжлэн судалж

 ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч У.Кгийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 407 дугаартай албан бичигт Толбо сумын Улаан туг нэгдлийн 1978-1984 онуудын баримтыг шүүн үзэхэд иргэн У.Кд холбогдох баримт гараагүй болно. Мөн тус сумын Худалдаа бэлтгэлийн ангийн баримтыг архивт шилжүүлээгүй болно гэсэн боловч хүсэлт гаргагч У.К нь 1978 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс 1984 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн Толбо сумын Улаан туг нэгдлийн зочид буудалд үйлчлэгчээр, 1984 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл тус сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар, 1988 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1989 оныг дуустал Хэрэглээний хоршоонд худалдагчаар тус тус ажиллаж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ. Үүнд:

-Баян-Өлгий аймгийн Толбо сумын Улаан туг нэгдлээс 1978 оны 2 дугаар сарын 20-ны өдөр У.Кд олгосон хөдөлмөрийн дэвтэр,

-Баян-Өлгий аймгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос 1979 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр У.Кд олгосон №416882 дугаартай Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх,

-Хамт ажилласан Бн Б /******/, Б-ийн Д /*****/, А-ийн С  /****/, Х-ы М /*****/, С-ын Х /******/ нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтууд,

-Баян-Өлгий аймгийн Архивын тасгийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хуулбар үнэн болохыг баталгаажуулж ирүүлсэн хүсэлт гаргагч У.Кд Баян-Өлгий аймгийн Толбо сумын Улаан туг нэгдлээс 1983, 1984 оны хөдөлмөрийн хөлс олгож байсан цалингийн тооцооны хүснэгт болон хүсэлт гаргагч У.Кгийн шүүхэд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтууд болно.

Иймд хүсэлт гаргагч У.К нь 1978 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс 1984 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн Толбо сумын Улаан туг нэгдлийн зочид буудалд үйлчлэгчээр, 1984 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл тус сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар, 1988 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1989 оныг дуустал Хэрэглээний хоршоонд худалдагчаар ажиллаж байсныг тус тус тогтоох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар У.К нь 1978 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс 1984 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн Толбо сумын Улаан туг нэгдлийн зочид буудалд үйлчлэгчээр, 1984 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл тус сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар, 1988 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 1989 оныг дуустал Хэрэглээний хоршоонд худалдагчаар ажиллаж байсныг тус тус тогтоосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагч У.Кгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК