Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 0068

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Энхтуул хөтлөн,

улсын яллагч А.Дүүрэнбилэг

шүүгдэгч Ч.Н, түүний өмгөөлөгч Г.Тамир нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Нт холбогдох эрүүгийн 1805050731344 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Ч.Н нь 2018 оны 9 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Х.Бг өшиглөж, биед нь баруун дагзны суурь ясны хугарал, их тархины баруун тал бөмбөлөгийн тархины эдийн цус хуралт, тархи доргилт, дагзны хуйханд зулгаралт үүсгэн, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ч.Н шүүхийн хэлэлцүүлэгт: Намайг  түцнээс тамхи авах гээд зогсож байхад нэг танихгүй ах над руу хуруугаараа чичээд гараараа намайг цохих гээд байсан. Тэгэхээр нь би өмнө нь бэртэж байсан хөлөө гэмтээчих байх гэж бодоод тэр ахыг нэг удаа өшиглөсөн чинь тэр ах газар уначихсан юм. Би өөрийн хийсэн үйлдэлд их гэмшиж байна. Хохирогч Б ахад 4.000.000 төгрөг өгсөн. Намайг хорихоос өөр төрлийн торгох ял оногдуулж өгнө үү гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Х.Б мөрдөн байцаалтанд: “2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 20 цагийн орчим Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны дэвсгэрт байрлах Уулзвар төвийн баруун талын пабад ганцаараа 200 гр архи, 2 шил пиво уугаад согтсон.  23 цагийн орчим тэр пабаас гараад хойшоо гэр рүүгээ Баянгол дүүргийн 10 дугаар хороо хорооллын эцсийн 22 дугаар байр руу явж байснаа санаж байна. Тэгээд гэртээ 00 цагийн орчим ороход уруулнаас цус гарсан, саарал өнгийн футболк бага зэргийн цус болсон байдалтай байсан гэсэн би сайн санахгүй байна. Тэгээд гэртээ 3 хоног хэвтээд бариачаар толгойгоо бариулаад 3 хоногийн дараа буюу 9 дүгээр сарын 29-ний өдөр ГССҮТ-д очих үзүүлээд хэвтэн эмчлүүлсэн. Тархины үргэлжилсэн шугамын хугарал, духны баруун хэсэгт 2 жижиг хэмжээтэй цус хуралттай гэсэн оноштой байсан. Одоогоор эмчилгээний зардалд 1000.000 төгрөг зарцуулсан. Цаашдаа эмчилгээ хийлгэх шаардлагатай, дүүргийн хяналтанд  3-6 сарын хугацаатай байна гэсэн” /хх-ийн 33/

Дахин мэдүүлгээр хохирогч Х.Б”...нөгөө талаас надад хохирол барагдуулж 4000.000 төгрөг өгсөн. Надад  одоо гомдол санал байхгүй...нөгөө хүнтэйгээ эвлэрсэн. Хохирол гомдол байхгүй”  /хх-ийн 35/  гэсэн мэдүүлэг,

                                           

Гэрч Х.Биндэръяа мөрдөн байцаалтанд: “2018 оны 9 сарын сүүлээр би Завхан аймгаас эхнэртэйгээ Цэрэнмягмар гээд найзтайгаа хамт Улаанбаатар хотод ирээд Лу гэдэг хочтой Цэрэнмягмарын найзтай уулзаад зочид буудалд орсон. Манай эхнэр зочид буудалд ороход явсан байсан,. БГД-ийн 9-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Боржигон зочид буудлын 5 давхарт 505 тоот өрөөнд хоногийн 40.000 төгрөгөөр орсон. Боржигон зочид буудалд нэг хонохдоо Экс нэртэй архи хувааж уугаад хоносон, өдөр 15 цагийн орчим Лу Цэрэнмягмар бид гурав дээр Н гээд манай эгчийн хүүхэд ирсэн. Шөнө 21 цагийн орчим Лу явсан байсан, яагаад явсан гэдгийг мэдэхгүй байна. Цэрэнмягмар, Н бид гурав зочид буудлаас гараад буудлын үүдэнд би зогсож байтал Цэрэнмягмар, Н хоёр түц рүү яваад би буцаж зочид буудал руу орсон. Удалгүй араас Цэрэнмягмар, Н хоёр орж ирсэн. Бид гурав үлдээсэн экс архиа хувааж уугаад унтсан. Тухайн үед  Н нэг хүнийг цохиж унагаасан хөгшин ах байсан гэж ярьж байсан, би цохиход нь хажууд нь байгаагүй ярьж байхыг нь сонссон” /хх-ийн 20/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Цэрэнмягмар мөрдөн байцаалтанд: “2018 оны 9 дүгээр сарын 25-нд ...Биндиръяа Н бид нар ганц хоёр шил архи уугаад нэлээд орой болсон тэгээд Н  бид хоёр гарч тамхи авах гээд гарсан. Би түцний араар шээгээд эргээд гараад ирсэн Н нэг согтуу ахыг унагаасан байсан. Тэгээд би татаж босгох гээд босохгүй байсан. Тэгээд би ах зүгээр үү гээд асуусан зүгээр гэхээр нь орхиод буудал руугаа орсон тэгээд жаахан байж байгаад эргээд гадаа ирэх үед нөгөө ах байхгүй байсан. Намайг тойроод гараад ирэхэд нөгөө ах газар хэвтэж байсан тэгээд Н нэг өшиглөсөн гэж хэлсэн. /хх-ийн 95/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11833 дугаартай: “Х.Бгийн биед баруун дагзны, суурь ясны хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн тархины эдийн цус хуралт, тархи доргилт, дагзны хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь  эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” /хх-ийн 46/ гэсэн дүгнэлт,

Ч.Н мөрдөн байцаалтанд: “2018 оны 9 дүгээр сарын 25-нд Цэрэнмягмар, Биндэръяа хоёр Завхан аймгийн Алдархаан сумаас 18 цагийн үед ирсэн гээд надтай уулзсан. Бид гурав БГД-ийн 9-р хорооны нутаг дэвсгэрт байрлах хорооллын эцсийн Боржигон зочид буудлын 5 давхрын 505 тоот өрөөнд ороод Экс нэртэй 0,75 литрийн архи хувааж уугаад ярьж сууж байгаад 22 цагийн орчим Боржигон зочид буудлаас гараад тамхи авахаар Боржигон зочид буудлын үүдний ТҮЦ-н дээр зогсож байтал шар үстэй согтуу ах би юм авна гээд урдуур дайраад байсан. Тэгэхээр нь би дарааллаараа авчихаач ээ ахаа гэсэн. Надаас ахимаг насны хүн байсан. Тэгсэн тэр ах намайг чи чинь тэнэг юм уу хаашаа юм бэ гээд намайг хуруугаараа чичээд үгээр идээд зүгээр зогсоохгүй байсан. Тэр ах нилээн согтуу байсан. Намайг шууд барьж аваад зодох гээд цохих гээд байсан намайг бодвол том биетэй ах байсан. Би өөрөө хөл муутай, хөлөө 2016 онд хугалаад хадуулсан болохоор дахиад хугалчих байх гэж айгаад өөрөөсөө холдуулах гээд жийж унагаасан. Тэр ах засмал зам дээр саваад унасан.  Би тэр ахыг зодож цохино гэж бодоогүй. Энэ үйл явдал яг Боржигон зочид буудлын үүдэнд болсон. Тухайн үед бид гурваас өөр хүн байгаагүй. Гэхдээ машин тэрэг замаар яваад хүн явж л байсан хөдөлгөөн тасраагүй байсан” /хх-ийн 53/ гэсэн мэдүүлэг,

 

Х.Бгийн эмнэлгээс өвчтөн илгээх хуудас, хохиролын баримтууд  /хх-ийн 41-44/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 72/,  зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ч.Н нь 2018 оны 9 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Боржигон зочид буудлын үүдэнд иргэн Х.Бтэй маргалдан түүнийг өшиглөж газар унагаснаас  биед нь баруун дагзны суурь ясны хугарал, их тархины баруун тал бөмбөлөгийн тархины эдийн цус хуралт, тархи доргилт, дагзны хуйханд зулгаралт бүхий  эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Х.Б“... гэртээ 00 цагийн орчим ороход уруулнаас цус гарсан, саарал өнгийн футболк бага зэргийн цус болсон байдалтай байсан гэсэн би сайн санахгүй байна. Тархины үргэлжилсэн шугамын хугарал, духны баруун хэсэгт 2 жижиг хэмжээтэй цус хуралттай гэсэн оноштой байсан...”/хх-ийн 33/, гэрч Х.Биндэръяа“...тухайн үед  Н нэг хүнийг цохиж унагаасан хөгшин ах байсан гэж ярьж байсан. Би цохиход нь хажууд нь байгаагүй ярьж байхыг нь сонссон...” /хх-ийн 20/, гэрч Б.Цэрэнмягмарын“...би гадаа байсан ТҮЦ-ний араар шээгээд эргээд гараад ирсэн. Н нэг согтуу ахыг унагаасан байсан...Н нэг өшиглөсөн гэж хэлсэн...” /хх-ийн 95/ гэж тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон Ч.Нын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...тэр ах нилээн согтуу байсан, тэр ах намайг шууд барьж аваад зодох гээд цохих гээд байсан намайг бодвол том биетэй ах байсан би өөрөө хөл муутай, хөлөө 2016 онд хугалаад хадуулсан болохоор дахиад хугалчих байх гэж айгаад өөрөөсөө холдуулах гээд жийж унагаасан, тэр ах засмал зам дээр саваад унасан...” /хх-ийн 53/ гэсэн мэдүүлэг, шинжээчийн 11833 дугаартай дүгнэлт /хх-ийн 46/ Х.Бгийн эмнэлгээс өвчтөн илгээх хуудас, хохиролын баримтууд  /хх-ийн 41-44/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Ч.Н  гэм буруугийн санаатай хэлбэрээр Х.Бгийн бие махбодид “баруун дагзны, суурь ясны хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн тархины эдийн цус хуралт, тархи доргилт, дагзны хуйханд зулгаралт” бүхий хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно. 

 

Иймд хяналтын прокуророос Ч.Нт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Ч.Ныг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцов. 

 

Улсын яллагчаас Ч.Ныг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөx маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хохирол төлбөрийн тухайд хохирогч Х.Б “Ч.Наас 4000.000 төгрөг хүлээж авсан тул гомдол саналгүй” гэснийг үндэслэн Ч.Ныг бусдад төлөх төлбөргүйд тооцож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Ч.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч Ч.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Ч.Нын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг нь харгалзаж түүнд торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Ч.Нт шүүхээс торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэх бөгөөд түүний ШУТИС-д суралцдаг болон хичээлийн бус цагаар Доной трейд ХХК-д  цагийн ажил эрхэлдэг байдлыг нь харгалзан торгох ялын биелүүлэх хугацааг нийт гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.