Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 35

 

2016 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2017/00035

 

Д.Бямбаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2016/01153 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Бямбаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.Ариунтуяад холбогдох

 

Эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, өмгөөлөгч Ц.Гансүх нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Батболд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Бямбаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөговь аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаар Х.Ариунтуяа, Д.Бямбаа нарын хэргийг хэлэлцээд хохирогч, шүүгдэгч нар сайн дураар эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүх хуралдааны өмнө Х.Ариунтуяа нь өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч миний хохирлыг барагдуулна гээд 500 000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Х.Ариунтуяа нь тухайн үед 300 000 төгрөг байна, үлдэгдэл 200 000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлье гэсэн боловч өнөөг хүртэл өгөхгүй байна. Бид хохирол барагдуулах талаар шүүх хуралдаанаас өмнө ярилцаж тохироод, хохирол барагдуулах хэлцэл хийж нотариатаар баталгаажуулж эвлэрсэн юм. Иймд хариуцагчаас 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болох 200 000 төгрөг нь эмчилгээний зардал гэж байна.  Өмнөговь аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 119 тоот шийтгэх тогтоолоор Д.Бямбаа, Х.Ариунтуяа нарыг харилцан зодолдож бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан, гэм буруутай гэж тооцсон байдаг. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4-т бусдад төлөх төлбөр хохиролгүй, цагдан хоригдсон хоноггүй, болохыг дурдан, өөрөөр хэлбэл эмчилгээний зардал төлөх гэж дурдаагүй байна. Хэрвээ эмчилгээний зардал төлөх байсан бол хэргийг хэрэгсэхгүй болгохгүй байсан. Хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Ариунтуяагаас 200 000 төгрөгийг гаргуулан Нэхэмжлэгч Д.Бямбаад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгччийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Ариунтуяагаас 6 650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бямбаад олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, өмгөөлөгч Ц.Гансүх нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрт дурьдсан дүгнэлт нь нотлох баримтад тулгуурлаагүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна. "Хохирол авах тухай" хэлцэл байгуулсантай  маргахгүй. Харин Х.Ариунтуяа нь 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хурал болохоос өмнө "Хохирол авах тухай" хэлцэлд дурьдагдсан эмчилгээний зардлын үлдэгдэл болох 200 000 төгрөгийг төлсөн. Өөрөөр хэлбэл эмчилгээний зардал 200 000 төгрөгийг өгч, цаашид төлөх төлбөргүй болсон гэдэг нь Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 119 тоот хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор хангалттай тогтоогдоно гэж үзэж байна. Уг шийтгэх тогтоолд “...хохирогч (шүүгдэгч) Х.Ариунтуяа, Д.Бямбаа нар нь дараахь эвлэрлийн гэрээг байгуулж байна. Сайн дураараа тохиролцож, хохирогч холбогдогч нар нь бие биенээсээ уучлалт гуйж, эмчилгээний хохирол төлбөрийг төлж барагдуулсан болно. Цаашид ямар нэгэн гомдол саналгүй. Х.Ариунтуяа нь бусдад (Д.Бямбаад) төлөх төлбөр, хохиролгүй гэснийг тогтоосон. Мөн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн  шүүх хуралдаан дээр Х.Ариунтуяа болон Д.Бямбаа нарыг хохирогчоор тогтоон, хууль сануулж, үнэн зөв мэдүүлэх үүргийг нь тайлбарлан, санаатайгаар худал мэдүүлбэл хүлээлгэх хариуцлагыг тодорхой хэлж шүүх хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зуруулж авсан. Гэтэл Д.Бямбаа нь одоо болохоор огт өөр зүйл болсон мэтээр ярьж, иргэний журмаар нэхэмжлэл гаргаж байгаа явдлыг ойлгохгүй байна. Бямбаа нь  "Хохирол авах тухай" хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас учирсан хохирлоо  бус, харин гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо нэхсэн гэж ойлгохоор байна. Гэм хорын хохирол нэхэж байгаа тохиолдолд шүүх хамтын зарчмаар бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх ёстой байсан. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах, эсхүл нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Бямбаа нь хариуцагч Х.Ариунтуяад холбогдуулан эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирол болох эмчилгээний зардалд 200 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, “...хохирлыг бүрэн барагдуулсан, шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор өр төлбөргүй болохыг тогтоосон” гэж маргажээ.

 

Х.Ариунтуяа нь Д.Бямбаад 500 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, 300 000 төгрөгийг бэлнээр өгсөн талаар зохигчид маргаагүй. Харин 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар баталгаа гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн 200 000 төгрөгийг төлсөн эсэх тухайд талууд маргажээ. /х.х-ийн 14/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-т заасан гэм хор учруулснаар иргэний эрх зүйн харилцаа үүссэн байх бөгөөд уг маргаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан шүүгч дангаар хянан шийдвэрлэх эрх зүйн маргаанд хамаарахгүй тул уг хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэх ёстой байжээ.

 

Гэтэл анхан шатны шүүх хэргийг дангаар шийдвэрлэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байх тул мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2016/01153 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

             2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболдын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

                                                ШҮҮГЧИД                                     М.НАРАНЦЭЦЭГ

                                                                          Ш.ОЮУНХАНД